Бурхны Үг гэж хэн эсвэл юу вэ?
Библид юу гэж байдаг вэ?
«Бурхны үг» гэдэг нь ихэвчлэн Бурхнаас ирсэн мэдээ эсвэл тэдгээр мэдээний цуглуулгыг хэлдэг (Лук 11:28). Харин Библийн цөөн хэдэн зүйлд, «Бурхны Үг» эсвэл «Үг» гэж оноосон нэр болгон бичсэн байдаг (Илчлэл 19:13; Ёохан 1:14).
Бурхнаас ирсэн мэдээ. Зөнчид мэдээ тунхаглахдаа ихэвчлэн «Бурхны үгийг дамжуулж байна» гэж хэлдэг байв. Жишээлбэл Иеремиа зөгнөлийн утгатай мэдээ тунхаглахдаа «ЭЗЭНий үг над уруу ирж» хэмээн хэлдэг байжээ (Иеремиа 1:4, 11, 13; 2:1). Бурхан Саулыг хаан болгон сонгосныг зөнч Самуел Саулд хэлэхдээ «Чи энд зогсож бай. Би чамд Бурханы үгийг мэдүүлье» гэжээ (1 Самуел 9:27).
Нэр, цол: Түүнээс гадна Библид «Үг» гэдэг оноосон нэрээр Есүс Христийг төлөөлүүлж хэлдэг. Тэнгэрт байхад нь ч, хожим дэлхийд ирж амьдрахад нь ч ийнхүү нэрлэдэг байжээ. Яагаад ингэж хэлэх болсон зарим шалтгааныг авч үзье.
Үг нь бусад бүх бүтээлээс бүр өмнө амьдарч байсан. «Эхэнд Үг байсан ... эхэнд Бурхантай хамт байв» (Ёохан 1:1, 2). Есүс бол «бүх бүтээлийн анхных нь юм. Хүү бүх юмнаас өмнө байсан» (Колосай 1:13–15, 17).
Үг нь хүн болж дэлхийд ирсэн. Библид «Үг нь хүн болж бидэн рүү ирсэн» гэж бий (Ёохан 1:14). Христ Есүс «байсан бүхнээ орхиод боолтой адил болж, хүн болсон юм» (Филиппой 2:5–7).
Үг нь Бурхны Хүү юм. «Үг нь хүн болж бидэн рүү ирсэн» хэмээн хэлснийхээ дараа элч Ёохан: «Бид түүний алдрыг харсан. Энэ нь хүн болж төрсөн цорын ганц хүүгийн алдар юм» гэжээ (Ёохан 1:14). Ёохан бас «Есүс бол Бурхны Хүү» гэж бичсэн байдаг (1 Ёохан 4:15).
Үг нь Бурхныхтай адилхан зан чанар, үзэл бодолтой. «Үг нь бурхан байсан» эсвэл «бурхан шиг нэгэн байсан» (Ёохан 1:1, зүүлт). Есүс бол «Бурхныг яг таг дуурайсан, алдрынх нь тусгал» юм (Еврей 1:2, 3).
Үг нь хаан болсон. «Тэргүүн дээр нь олон титэм байна» гэж Библид бичсэн байдаг (Илчлэл 19:12, 13). Бас «хаадын Хаан, эздийн Эзэн» гэж бий (Илчлэл 19:16). «Тэр бол хаадын Хаан, эздийн Эзэн» гэж өөр зүйлд бас хэлсэн байдаг (1 Тимот 6:14, 15).
Үг нь Бурхныг төлөөлж ярьдаг. Есүс Христ, Бурхны мэдээ болон зааврыг дамжуулах үүрэг хүлээдэг учраас ийм нэртэй болсон нь дамжиггүй. Энэ үүргийнхээ талаар тэрээр: «Намайг явуулсан Эцэг юу тушаасныг би хэлдэг. ... Тиймээс би юу ч хэлсэн, Эцгийн тушааснаар л хэлдэг» гэжээ (Ёохан 12:49, 50).