Skip to content

ИТГЭЛИЙН ЖИШЭЭ | ИОВ

Ехова түүнийг эдгээсэн

Ехова түүнийг эдгээсэн

 Эрчүүд сүүлдээ юу ч дуугарахаа болив. Арабын цөлийн бүлээн салхины исгэрээнээс өөр чимээ анир үгүй. Удтал маргалдсаны эцэст Иов ядарч, үг нь барагджээ. Елифаз, Билдад, Зофар хэмээх гурван танил руугаа хилэнтэйгээр ширтэж байгаа нь өөр хэлэх юм байна уу гэж өдөх мэт. Харин нөгөө хэд түүн рүү эгцэлж ч харсангүй. Баахан цэц булаалдаж, Иов руу хоосон үг чулуудаж, дайрч давшлаад ямар ч үр дүнд хүрээгүйдээ бухимдан сууна (Иов 16:3). Иов үнэнч байхаар урьд урьдынхаасаа улам бат шийджээ.

 Үнэнч байхаас бусад бүх юмаа алдлаа гэж Иов бодсон ч байж мэднэ. Эд баялгаа, арван сайхан хүүхдээ, найз нөхөд, хөрш саахалтынхныхаа тусламж дэмжлэг, хайр хүндэтгэлийг алдаж, эцэст нь биегүй болжээ. Өвчнөөс болж арьс нь харлаж, хамаг бие нь яр шарханд баригдаж, өт хорхойд идэгдэж гүйцэв. Амьсгал нь ч жигшмээр муухай байлаа (Иов 7:5; 19:17; 30:30). Өөр лүү нь үг хэлээр дайрч буй гурван эрээс болж Иовын уур хүрэв. Тэдний хэлээд байгаа шиг завхарсан нүгэлтэн биш гэдгээ батлахаар шийджээ. Иов хамгийн сүүлд хэлсэн үгээрээ амыг нь тагласан. Хатуу ширүүн үгээр хайр найргүй бөмбөгдөж байсан тэдний үг барагдсан ч, Иовын зовлон барагдсангүй. Түүнд яах аргагүй тусламж хэрэгтэй байлаа!

 Иов ямархуу янзтай байгаагаа зөв дүгнэж чадахгүй болсонд гайхах хэрэггүй. Буруу бодлыг нь засаж, зөв тийш нь залж чиглүүлэх шаардлагатай болжээ. Бас түүнийг жинхэнэ ёсоор тайвшруулах хүн хэрэгтэй байв. Уг нь гурван танил нь тайтгаруулах ёстой атал тэгсэнгүй. Хэн нэг нь намайг тайвшруулж, удирдан чиглүүлж өгөхгүй бол би өөрөө юу ч хийж чадахгүй юм байна гэж бодогдох үе танд байсан уу? Найз гэж бодож байсан хүмүүстээ гомдож гутарч явсан уу? Ехова Бурхан өөрийн үйлчлэгч Иовд хэрхэн тусалж, Иов тусламжийг нь хэрхэн авсныг судалбал танд итгэл найдвар төрж, тийм нөхцөлд биеэ хэрхэн авч явахаа мэдэж авна.

Сайхан сэтгэлт андын үг

 Иовын түүхийн энэ хэсгээс санаанд оромгүй зүйлийг мэдэж болно. Тэр бүх хугацаанд Елиху гэдэг залуу ойрхон байсан бөгөөд ахмадуудын яриаг таслалгүй, чимээгүй сонсож суужээ. Харин сонссон бүхэн нь түүнд огтхон ч таалагдсангүй.

 Иовын хэлснийг сонсоод Елихугийн урам хугарчээ. Өөрийгөө Бурхнаас илүү зөв гэж батлахыг оролдож байгаа нь түүний сэтгэлийг зовоосон. Гэлээ ч Иовыг үнэн сэтгэлээсээ өрөвджээ. Яаж зовж шаналж байгааг нь, хэчнээн чин сэтгэлтэй хүн болохыг нь, түүнд сайхан сэтгэлийн үүднээс зөвлөгөө өгч тайвшруулах хүн хэрэгтэй байгааг ойлгож байлаа. Тиймээс хуурамч гурван тайтгаруулагчаас болж Елихугийн тэвчээр барагдсан нь гайхах зүйл биш! Иовын итгэл, нэр төр, үнэнч байдлыг бусниулах гэж тэд яаж дайрч давшилж байгааг Елиху харсан. Хамгийн аймшигтай нь, тэдний ярианаас Бурхан бузар муу гэсэн санаа цухалзаж байв. Елиху энэ удаа дуугүй өнгөрч болохгүйгээ ойлголоо! (Иов 32:2–4, 18).

 Тэрбээр: «Би насаар залуу, та нар ахмад билээ. Тиймээс ч би өөрийн бодлыг та нарт хэлэхээс айн эмээж байлаа» хэмээн яриагаа эхлэв. «Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд ахмадууд ч үнэн шударгыг ухаарах албагүй юм байна» (Иов 32:6, 9). Энэ үг үнэн гэдгийг батлан цааш ярихдаа Елифаз Билдад Зофар нараас өөр байв. Иовыг доромжлохгүй, зовлон дээр нь зовлон нэмэхгүй гэдгээ батлан хэллээ. Иовыг нэрээр нь дуудаж байсан нь ихэд хүндэлж буйн илрэл юм. Үүний зэрэгцээ яаж доромжлуулж байсныг нь хэлсэн. a Тэрбээр: «Иов оо, одоо миний яриаг сонс[оно уу]» хэмээн хүндэтгэлтэй хэлэв (Иов 33:1, 7; 34:7).

Елиху Иовыг нэрээр нь дуудсан ба сайхан сэтгэл өвөрлөн хүндэтгэлтэй харьцсан

 Елиху Иовд «Чи миний чихэн дээр [ингэж] ярьсан. ... “Би цэвэр, гэм нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй. Харагтун, Тэрээр л миний эсрэг өс хонзон сана[ж байна]”» хэмээн шулуухан хэлсэн. Асуудлын гол нь юунд байгааг илчилж «Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу? Чи “Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлэх үү?» хэмээн асуув. Тэрбээр ийм буруу бодолтой байсан Иовыг зүгээр орхихыг хүсээгүй учир «Үүнд чи буруутаж байна» гэлээ (Иов 33:8–12; 35:2). Иов хамаг юмаа алдсандаа харамсан гашуудаж, өөрт нь шударга бус хандаж буй хуурамч нөхдөдөө уурласныг Елиху мэдэж байв. Гэлээ ч уурандаа өш хонзон санахгүй байхыг Иовд анхааруулсан (Иов 36:18).

Елиху Еховагийн сайхан сэтгэлийг онцолсон нь

 Елиху хамгийн гол нь Ехова Бурхныг өмөөрч ярьсан. Энгийн хэр нь жинтэй үгээр маш чухал зүйлийг тайлбарлав. «Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг. ... Төгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй» (Иов 34:10, 12). Иов гоомой үг хэлж, Еховаг үл хүндэтгэсэн ч Ехова түүнийг шийтгээгүй нь энэрэнгүй, шударгын шинж байсан. Елиху үүнийг Иовд сануулжээ (Иов 35:13–15). Мөн тэрбээр бүх асуултын хариуг мэддэг хүн шиг байх гэж оролдоогүй. Харин ч даруу байж, «Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй» хэмээн хэлсэн (Иов 36:26).

 Елиху ийнхүү шулуухан хэлсэн ч хар буруу санаагүй. Ехова үнэнч үйлчлэгч Иовоо нэг л өдөр эрүүл саруул болгоод «Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг» гэж хэлнэ дээ гэж түүнийг тайвшруулсан. Елиху сайхан сэтгэл өвөрлөж байгаа нь өөр нэг зүйлээс харагддаг. Юу гэвэл, Иовд сургаал айлдахын оронд үг хэлэх боломж олгож «Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учраас ярь» гэсэн (Иов 33:25, 32). Харин Иов дуугүй л байлаа. Ийм сайхан, халуун сэтгэлийн зөвлөгөө өгч байхад өөрийгөө өмөөрөх шаардлага алга гэж бодсон байх. Тайвшраад уйлсан ч байж болох.

 Энэ үнэнч хүмүүсээс маш чухал юм сурч авах хэрэгтэй. Яаж зөвлөгөө өгч, тайвшруулахыг Елихугаас сурцгаая. Жинхэнэ найз ноцтой алдааг эсвэл аюултай замаар явж байгааг нь хэлж өгөхөөс айдаггүй (Сургаалт үгс 27:6). Бид тийм л найз байх учиртай. Гоомой үг хэлж буй хүнд ч сайхан сэтгэл гаргаж, урамшуулан зоригжуулдаг байх нь чухал. Хэрэв бидэнд сануулга өгвөл Иовыг дуурайн даруу байж, зөвлөгөөг анхаарч сонсоцгооё. Бид бүгдэд сануулга, зөвлөгөө хэрэгтэй. Сануулгыг авбал аминд тустай (Сургаалт үгс 4:13).

«Шуурган дундаас»

 Елиху яриандаа салхи, үүл, аянга, цахилгааны тухай үе үе дурддаг. Еховагийн тухай ярихдаа «Түүний дуу хоолойн аянгыг ... сонс» гэжээ. Тэгснээ «хуйлрах салхи» гэдэг үгийг хэлсэн (Иов 37:2, 9). Елихуг ярьж байх үед үүл хуралдаж, салхи ширүүсэж эхэлсэн байж болох юм. Эцэст нь хүчтэй шуурга дэгдсэн. Тэгтэл ер бусын юм болов. Ехова өөрөө ярьж эхлэх нь тэр! (Иов 38:1).

Орчлонт ертөнцийг бүтээсэн Бүтээгчийн лекцэнд суугаад байгаль дэлхийн талаар ярихыг нь шимтэн сонсож байна гээд төсөөл дөө!

 «Иов» номыг уншиж байгаад Ехова Бурхан Иовтой ярьсан тухай бүлгүүд рүү орохоор маш их тайвширдаг. Елифаз Билдад Зофар гурвын худал үг, хоосон яриа үнэний шуурганд хийсэн одов уу гэлтэй. Ехова тэдэнтэй ярьсангүй, харин Иовтой ярилаа. Хайртай үйлчлэгчтэйгээ харьцахдаа аав нь хүүгээ сургаж байгаа мэт ярьсан.

 Ехова Иовын зовлонг ойлгож байлаа. Хайртай хүүхэд нь зовоход өрөвддөг шиг Иовыг өрөвдсөн (Исаиа 63:9; Зехариа 2:8). «Мэдлэггүй үгсээр» ярьж, байдлыг улам хүндрүүлж байгааг нь ч мэдэж байв. Тийм учраас Иовд янз бүрийн асуулт тавьж, нэгийг бодуулсан. Эхлээд, «Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа? Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч» гэв. Бүх юмыг бүтээж эхлэх үед «өглөөний одод» буюу тэнгэрийн элч нар гайхамшигтай олон бүтээлийг хараад «баярлалдан уухайлсан» (Иов 38:2, 4, 7). Мэдээж Иов юу ч мэдэхгүй учраас хэлэх ч үггүй болсон.

Ехова шуурган дундаас Иовтой ярьж, буруу бодлыг нь хайрын сэтгэлээр зассан

 Ехова бүтээлийнхээ тухай цааш нь ярив. Байгалийн шинжлэх ухаан гэж өнөөгийн бидний нэрлэдэг астрономи, биологи, геологи, физикийн талаар Иовд зах зухаас нь тайлбарлаж өгсөн. Жишээ нь тухайн үед тэр хавьд элбэг байсан амьтдыг дурдсан. Арслан, хэрээ, янгир, зэрлэг илжиг, зэрлэг бух, тэмээн хяруул, морь, шонхор, бүргэд, усны үхэр, левиатан руу (матар бололтой) Иовын анхаарлыг хандуулсан. Орчлонт ертөнцийг бүтээсэн Бүтээгчийн лекцэнд суугаад байгаль дэлхийн талаар ярихыг нь шимтэн сонсож байна гээд төсөөл дөө! b

Даруу зан, хайрын тухай заасан нь

 Энэ бүхэн ямар учиртай вэ? Иовд даруу зан дутаж байгааг Ехова олж харжээ. Иов Еховад гомдоллож, өөрт нь шударга бус хандсан гэсэн. Ингэснээрээ халамжтай Эцгээсээ хөндийрч, өөрийгөө улам хүнд байдалд оруулсан. Тийм учраас Ехова орчлонт ертөнц дэх гайхамшигтай бүхнийг бүтээх үед хаана байсныг нь Иовоос дахин дахин асуужээ. Иов энэ бүх амьтдыг тэжээж, захирч, номхруулж чадна гэж үү? Бүтээлийг нь эрхшээлдээ оруулж чадахгүй байж, Бүтээгчид юу хийхийг нь зааж чадах уу? Еховагийн арга ухаан, бодол санааг шүүмжлэхэд Иовын мэдлэг дэндүү нимгэдэхгүй гэж үү?

Иов Еховатай маргаагүй, өөрийгөө өмөөрөөгүй, зөвтгөөгүй

 Ехова Иовыг ямар их хайрлаж байсан нь хэлсэн үг болгоноос нь харагддаг. Ехова Иовд «Хүү минь дээ, би энэ бүхнийг бүтээж, санаа тавьдаг хэр нь чамд санаа тавьж чадахгүй гэж үү? Үнэхээр чамайг хөсөр хаяж, үр хүүхэд, эрүүл мэнд, амар тайван амьдралаас чинь салгана гэж үү дээ? Алдсан бүхнийг чинь эргүүлж өгөөд, чамайг аймшигт өвчнөөс ангижруулж чадах Нэгэн надаас өөр байна уу?» гэж хэлсэнтэй адил юм.

 Иов Еховагийн асуултуудын хоёрт нь л хариулсан. Маргаагүй, өөрийгөө өмөөрөөгүй, зөвтгөөгүй. Даруу байж, мэдэх юмаар маруухан гэдгээ хүлээн зөвшөөрч, гоомой юм ярьсандаа гэмшсэн (Иов 40:4, 5; 42:1–6). Эндээс Иовыг маш их итгэлтэй хүн байсныг харж болно. Иов тэр бүх зовлонг туулж гарсныхаа дараа ч Еховад итгэхээ болиогүй. Буруугаа ухаарч, Еховагийн сануулгыг сэтгэл зүрхэндээ хадгалсан. Дараах асуултаар өөрсдийгөө шалгацгаая. «Би зөвлөгөө, сануулгыг хүлээж авдаг даруу хүн мөн үү?». Бүх хүнд ийм тусламж үе үе хэрэгтэй байдаг шүү дээ. Тусламжийг авбал бат итгэлтэй Иовыг дуурайж байгаа хэрэг.

«Та нар Миний тухай ... зөвийг ярьсангүй»

 Ехова Иовын сэтгэлийн шархыг анагааж эхэллээ. Хуурамч гурван тайтгаруулагчийн ахмад нь бололтой Елифазад «Миний уур чиний эсрэг болоод хоёр найзын чинь эсрэг асжээ. Учир нь та нар Миний тухай Миний зарц Иов шиг зөвийг ярьсангүй» гэв (Иов 42:7). Ехова энэ гурван хүний хэлсэн бүхнийг худлаа, Иовын хэлсэн бүхнийг зөв гэсэн үү? Үгүй. c Иов буруу зөрүү ярьсан нь үнэн. Гэхдээ Елифаз Билдад Зофар гурав шиг яриагүй. Зовлонд нэрвэгдэж уй гашууд автсан Иов тэр гурвын гүтгэлэг доромжлолыг сонсоод ихэд гутарчээ. Тийм учраас үе үе гоомой үг хэлж байсан нь гайхмаар зүйл биш юм. Харин Елифаз болон түүний хоёр найз Иовынх шиг зовлон амсаагүй хэр нь итгэл дутмаг, бардам хүмүүс байсан болохоор Иовыг зориуд гомдоосон. Энэ гэмгүй хүн рүү дайраад зогсохгүй Еховаг гүтгэн доромжилж харгис, муу санаатай Бурхан мэтээр буруутгасан!

 Ехова тэр гуравтай хариуцлага тооцсон нь зүйн хэрэг юм. Тэд тахил өргөх ёстой болсон. Долоон бух, долоон хуц гэдэг бол тийм ч бага юм биш байв. Хожим гарсан Мосегийн хуулиар бол, нүгэл үйлдсэн тэргүүн тахилчаас болж ард түмэн бүхэлдээ буруутгагдахад хүрвэл уг тахилч бухаар тахил өргөх ёстой байжээ (Левит 4:3). Хуулийн дагуу тахил болгон өргөдөг амьтдаас хамгийн үнэтэй нь бух байсан. Түүнээс гадна, Иовыг тэдний төлөө эхлээд залбирсан цагт л өргөлийг нь хүлээж авна гэдгээ Ехова энэ хуурамч тайтгаруулагчдад хэлсэн d (Иов 42:8). Бурхан өөрөө Иовыг зөвтгөж, шударга ёсыг баримтлахад Иов ямар их тайвширсан бол оо!

«Миний зарц Иов та нарын төлөө залбирна» (Иов 42:8).

 Иов өөрийнх нь хэлснийг биелүүлж голд нь ортол гомдоосон гурван эрийг уучилна гэдэгт Ехова итгэж байсан. Иов ч Эцгийнхээ итгэлийг хөсөрдүүлээгүй (Иов 42:9). Ийнхүү дуулгавартай байснаараа Еховад үнэнчээ тодоос тод нотолсон. Ехова ч дуулгавартай үйлчлэгчээ арвин ихээр ивээжээ.

«Их өрөвч, өршөөнгүй»

 Ехова Иовд «их өрөвч, өршөөнгүй» сэтгэл гаргасан (Яаков 5:11). Энэ нь юунаас харагддаг вэ? Ехова Иовын өвчнийг эдгээсэн. Елихугийн хэлж байснаар, бие нь «залуу үеийнхээс ч илүү сэргэг» болохыг мэдрээд Иов ямар их догдолсон бол оо! Гэр бүл, найз нөхөд нь түүнийг асарч тойлон, өрөвдөн тайвшруулж, бэлэг сэлт өгцгөөсөн. Ехова Иовд өмнөхөөс нь хоёр дахин их эд хөрөнгө өгчээ. Тэгвэл шархалсан сэтгэлийг нь хэрхэн тайвшруулсан бол? Арван сайхан хүүхдээ алдсан шүү дээ. Иов болон түүний эхнэр дахин арван хүүхэдтэй болоод сэтгэл нь жаахан ч гэсэн уужирсан биз ээ! Ехова Иовын насыг гайхамшгаар уртасгаж өгсөн. Иов 140 гаруй жил амьд явж, дөрвөн үеэ үзжээ. «Иов хөгширч, өдрүүдээ гүйцээгээд үхэв» гэж Библид байдаг (Иов 42:10–17). Иов болон түүний эхнэр диваажинд бүх үр хүүхэдтэйгээ, ялангуяа Сатаны хөнөөсөн арван хүүхэдтэйгээ уулзаж халуун ам бүлээрээ дахин цуглана (Ёохан 5:28, 29).

 Ехова Иовыг яагаад тийм ихээр ивээсэн бэ? «Иов хэрхэн тэвчсэнийг та нар сонссон» гэж Библид бичжээ (Яаков 5:11). Иовын туулсан зовлонг бидний ихэнх нь дөнгөн данган л төсөөлж чадах байх. «Тэвчсэн» гэдэг үгээс харахад Иов сорилтыг даван туулаад л болчихсон юм биш ээ. Еховаг гэсэн хайр нь лавширч, итгэл нь батажсан. Хатуу сэтгэл өвөрлөөгүй, өш санаагүй. Харин ч өөрийг нь санаатайгаар гомдоосон хүмүүсийг дуртайяа уучилсан. Иов гайхамшигтай ирээдүйгээ байнга санадаг байсан бөгөөд Бурханд л үнэнч байхыг эрхэмлэж иржээ (Иов 27:5).

 Бид бүгдэд тэвчээр хэрэгтэй. Сатан Иовыг унагах гэж хамаг байдгаараа оролдсон шиг биднийг ч унагах гэж оролдох нь зайлшгүй. Гэхдээ Еховад бат итгэж, даруу байж, бусдыг дуртайяа уучилж, цаг ямагт үнэнч байвал бидэнд ч бас сайхан ирээдүй бий (Еврей 10:36). Бид Иов шиг бат итгэлтэй байвал Еховаг баярлуулна, Сатаныг уурлуулна!

a Елифаз Билдад Зофар гурав Иовд зөндөө юм хэлсэн ч (Библид бараг есөн бүлэг болсон) нэг ч удаа нэрээр нь дуудаагүй.

b Ехова юмыг бодитоор дүрсэлж байснаа уран сайхны аргаар дүрсэлсэн байдаг (Жишээ нь Иов 41:1, 7, 8, 19–21-ийг үзээрэй). Хамгийн гол нь Бүтээгчээ улам их бишрэн хүндлэх сэтгэлтэй болоход нь туслах зорилготой байв.

c Хожим нь элч Паул Елифазын үгийг эш татсан удаатай (Иов 5:13; 1 Коринт 3:19). Елифаз хэдийгээр үнэн үг хэлсэн ч тэр нь Иовд огт хамаагүй байсан.

d Иов эхнэрийнхээ төлөө бас ийм тахил өргөх ёстой болсон гэж Библид бичээгүй.