ИТГЭЛИЙН ЖИШЭЭ | ИОНАТАН
Сэтгэл нэгтэй хоёр
Дайн дуусаж Елагийн хөндий анир чимээгүй боллоо. Оройн салхинд дэрвэх хуарангийн майхнуудын дунд Саул хааны дайчин эрс залуу хоньчин хүүгийн сэтгэл хөдөлгөм яриаг сонсож суув. Саулын ууган хүү зоригт дайчин Ионатан ч тэнд байжээ. Идэвх зүтгэлтэй, эрч хүчтэй залуу хоньчин хүүгийн алдар нэр Давид. Саул Давидын нэг ч үгийг алдалгүй чих тавин сонсож байв. Харин Ионатанд ямар санагдсан бол? Тэрээр Еховагийн цэрэгт олон ч жил алба хааж, олон ч ялалт байгуулжээ. Гэхдээ өнөөдрийн ялалт Ионатаных биш залуу хоньчин хүүгийнх байлаа. Давид аварга биет Голиатыг алжээ! Хүмүүс Давидыг шагшин магтаж буйг сонсоод Ионатан атаархсан уу?
Ионатан энэ явдлыг хэрхэн хүлээж авсныг мэдээд та лав гайхах байх. Библид «Давид Саултай ярилцаж дуусахад, Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа» гэж байдаг. Ионатан Давидад өөрийн зэвсэг төдийгүй нум сумыг хүртэл өгөв. Хавтай харваач Ионатаны нум сум Давидын хувьд онцгой бэлэг байлаа. Бас Ионатан Давидтай гэрээ байгуулж, андын тангараг өргөн үнэнч нөхөд болцгоожээ (1Самуел 18:1–5).
Библид гардаг хамгийн агуу анд нөхрийн холбоо ингэж эхэлсэн түүхтэй. Бурханд үнэнч хүмүүсийн хувьд андын холбоо маш чухал. Бид хэнтэй нөхөрлөхөө ухаалгаар шийдэж, найздаа үнэнч байж, дандаа дэмждэг бол хайраар дутагдаж буй энэ ертөнцөд ч итгэлээ бэхжүүлж чадна (Сургаалт үгс 27:17). Одоо Ионатаны жишээнээс нөхөрлөлийн талаар юу сурч болохыг мэдэж авцгаая.
Нөхөрлөлийн үндэс
Тэр хоёр яаж тийм хурдан анд нөхөд болж чадсан юм бол? Нөхөрлөлийн үндсийг нь бодож үзье. Ионатаны амьдарч байсан цаг үе тийм ч амар тайван биш байлаа. Хаан эцэг Саул нь өдөр ирэх тусам өөрчлөгдөж зан ааш нь бүр мууджээ. Өмнө нь Бурханд дуулгавартай, бат итгэлтэй, даруу нэгэн байсан Саул, ихэмсэг бардам, дуулгаваргүй хаан болчихсон байв (1Самуел 15:17–19, 26).
Эцэгтэйгээ маш дотно харьцаатай байсан Ионатан өөрчлөгдөж буй эцгээ хараад их шаналсан нь лавтай (1Самуел 20:2). Тэрээр Саул Хаан Еховагийн сонгосон ард түмэнд ямар гай зовлон учруулах тухай бодож санаа зовж байсан бололтой. Хаан нь дуулгаваргүй загнаснаас болж ард түмэн нь буруу замаар орж Еховагийн сайшаалыг алдчихвал яана? Еховагийн үнэнч үйлчлэгч Ионатанд энэ бүхэн сэтгэлийн зовлон авчирсан нь эргэлзээгүй.
Ийм нөхцөлд байсныг нь бодож үзвэл яагаад Ионатаны сэтгэл залуу хүү Давидад татагдсаныг ойлгож болно. Ионатан Давидын агуу итгэлийг харсан. Давид Саулын цэргүүдээс тэс өөр, аварга биет Голиатаас огт айж сүрдэхгүй байлаа. Давид, Еховагийн нэрээр дайтвал бүрэн зэвсэглэсэн Голиатаас ч хүчтэй байж чадна гэдэгтээ бат итгэлтэй байсан биз ээ (1Самуел 17:45–47).
Хэдэн жилийн өмнө, Ионатан ч бас тэгж боддог байжээ. Тэрээр зэвсэг баригчтайгаа хоёулхнаа бүхэл бүтэн цэргийн анги руу дайрч ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Яагаад тэр вэ? Ионатан «аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй» гэжээ (1Самуел 14:6). Тийм ээ, Ионатан Давид хоёр олон талаараа төстэй байлаа. Тэд Еховад бат итгэдэг төдийгүй их хайрладаг байжээ. Энэ бол байж болох хамгийн сайн нөхөрлөлийн үндэс юм. Ионатан тухайн үед 50 шүргэж буй цэргийн хүчирхэг жанжин, Давид 20 хүрээгүй даруухан хоньчин байсан ч энэ ялгаа тэдний хувьд юу ч биш байлаа. a
Тэдний байгуулсан гэрээ анд нөхрийн харьцааг нь хамгаалж байв. Яаж? Давид өөрт нь өгсөн Еховагийн амлалтыг мартаагүй. Тэрээр Израйлын дараагийн хаан болох гэж байлаа! Давид тэр тухайгаа Ионатанаас нуусан уу? Яалаа гэж дээ! Илэн далангүй ярилцдаг, нуух хаах юмгүй, бие биеэ хуурч мэхэлдэггүй байж гэмээ нь тэдэн шиг сайн анд нөхөд байж чадна. Давид дараагийн хаан болно гэдгийг мэдээд Ионатан яасан бэ? Хэрвээ Ионатан өөрөө хаан болж эцгийнхээ алдааг засаж залруулах зорилготой байсан бол яах вэ? Ионатан энэ талаар бодож шаналдаг байсан эсэхийг Библид бичээгүй. Хамгийн чухал зүйл болох Ионатаны үнэнч байдал болон итгэлийн талаар л бичжээ. Тэрээр Еховагийн агуу хүч Давид дээр байгааг харсан (1Самуел 16:1, 11–13). Тиймээс Ионатан тангаргаа бат сахиж, Давидыг өрсөлдөгчөө биш анд нөхрөө гэж үзсээр байжээ. Ионатан Еховагийн хүсэл таалал биелэх цагийг хүлээж байсан.
Ионатан Давид хоёр хоёулаа Еховад итгэж найддаг, Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг байжээ
Тэдний андын холбоог Ехова арвин ихээр ивээсэн. Ионатаны итгэлээс бид юу сурч болох вэ? Бурхны үйлчлэгчид анд нөхдийн холбоог өндрөөр үнэлдэг. Бидний анд найзууд насны хувьд зөрүүтэй, амьдралын нөхцөл байдал өөр байсан ч тэр нь тийм ч чухал биш, харин жинхэнэ итгэлтэй байж гэмээ нь бие биедээ сайнаар нөлөөлж чадна. Ионатан Давид хоёр олон ч удаа бие биеэ урамшуулан зоригжуулж байсан. Удахгүй бүр ч хэцүү сорилт тулгарах гэж байсан тэдэнд дотнын найзынх нь тусламж хэзээ хэзээнээс илүү чухал байлаа.
Хэнд үнэнч байх вэ?
Саул эхэндээ Давидад их сайнаар хандаж цэргийн жанжин болгосон. Гэхдээ Ионатанаас ялгаатай нь удалгүй атаархах сэтгэлдээ автаж, түүнийгээ дарж чадаагүй. Давид Израйлын дайсан болох филистчүүдийн эсрэг тулалдан олон удаа ялалт байгуулсан. Тийм учраас ард олны магтаал, хүндлэлийг хүртжээ. Зарим израйл эмэгтэй «Саул мянгыг алж, Давид түмийг алав» хэмээн дуулсан. Энэ дуу Саулын дургүйг хүргэжээ. Библид цааш нь бичихдээ «Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов» гэж байдаг (1Самуел 18:7, 9). Тэрээр хаан ширээг нь хүртэл Давид булааж авах байх гэж айсан. Уул нь Саул тэгж бодох ч шаардлагагүй байв. Давид өөрийгөө Саулын дараах хаан болно гэдгээ мэддэг байсан ч Еховагийн томилсон хааныг шахан зайлуулж, хаан ширээг нь булаан авах тухай бодож ч байсангүй!
Саул Давидыг хорлуулахаар төлөвлөсөн ч бодсоноор нь болж өгөхгүй л байв. Давид ялалт байгуулсаар хүмүүсийн хайр, хүндэтгэлийг улам бүр хүлээж байлаа. Тиймээс Саул бүх зарц болон ууган хүү Ионатандаа Давидыг алах санаатай байгаагаа дуулгаж, дэмжлэг хүсжээ! Ионатан эцгийнхээ энэ төлөвлөгөөг мэдээд хэчнээн их жигшсэн бол! (1Самуел 18:25–30; 19:1) Ионатан эцгийнхээ үнэнч хөвгүүн ч гэсэн Давидын үнэнч анд билээ. Гэтэл хоёуланд нь зэрэг үнэнч байх аргагүй боллоо. Ионатан хэнд нь үнэнч хэвээр үлдэх бол?
Ионатан эцэгтээ хандан «Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бөгөөд түүний үйлдсэн нь танд их ашигтай болж байсан хойно хаантан та өөрийн боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэгтүн. Учир нь тэр амиа үл хайрлан, филист хүнийг цохин устгаж, ЭЗЭН бүх Израйльд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ?» гэжээ. Хачирхалтай нь Ионатаны үгийг сонсоод ухаарсан Саул Давидыг зүгээр орхино гэж амлажээ. Гэвч Саул хэлсэн үгэндээ хүрдэг хүн биш байлаа. Дараа нь Давид илүү их амжилтад хүрч буйг хараад Саул сэтгэлдээ хорсож, уур хилэнд автан түүн уруу жадаа шиджээ (1Самуел 19:4–6, 9, 10). Давид Саулын ордноос зугтав.
Танд хэнд үнэнч байхаа сонгох хэрэгтэй үе байсан уу? Хэн нэгнийг сонгох маш хэцүү байдаг. Тийм үед зарим хүн гэр бүлээ л сонгох ёстой гэдэг. Харин Ионатан яах ёстойгоо мэдэж байв. Еховагийн үнэнч, дуулгавартай үйлчлэгч Давидаас урваж эцгээ дэмжинэ гэж байх уу? Ионатан Еховад үнэнч байж, зөв шийдвэр гаргасан. Тиймээс Давидын талд бат зогссон. Еховад үнэнч байхыг эн тэргүүнд тавьдаг байсан ч эцэгтээ ч мөн үнэнч байлаа. Тэрээр эцгийнхээ сэтгэлд нийцэх зүйлийг л яриад байлгүй чин сэтгэлээсээ зөвлөж туслахыг хичээсэн. Ионатаны үнэнч байдлаас бид бүгдээрээ суралцах боломжтой.
Үнэнч байхын үнэ цэн
Ионатан Саулыг Давидтай эвлэрүүлэхийг дахин хичээсэн ч энэ удаа Саул түүний үгийг ерөөсөө сонссонгүй. Давид нууцаар Ионатантай уулзаж, «Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй» гэж хэлснээс харвал амиа алдахаас айж байсан нь дамжиггүй. Ионатан эцгийнхээ бодол санааг тандаж мэдээд Давидад хэлнэ гэж амлажээ. Тэгээд Давид хээр талд нуугдаж, Ионатан нум сумаа харваж тодорхой тэмдэг үзүүлэхээр тохирчээ. Мөн Давидаас нэг зүйлийг батлан тангараглахыг гуйв. Тэрээр «ЭЗЭН Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд салгахгүй байх болтугай» хэмээн өгүүлэв. Давид ч Ионатаны гэрийнхэнд үргэлж санаа тавихаа амлажээ (1Самуел 20:3, 13–27).
Ионатан Саул хаанд хандан Давидын тухай сайнаар ярихад хаан ихэд хилэгнэв! Ионатаныг «Бузар тэрслүү эмийн хүү!» гэж доромжлоод Давидад үнэнч байснаараа гэрийнхнийгээ ичгүүр болгож байна гэжээ. Мөн өөрийнхөө эрх ашгийг бодохыг сануулж «Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй» гэв. Гэвч Ионатан энэ үгийг огт тоогоогүйн дээр бүр дахин гуйж «Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ?» хэмээв. Тэгэхэд нь Саул дэлбэртлээ уурлав! Хэдийгээр нас ахисан ч эрэлхэг дайчин хэвээр байсан тэрээр хүү рүүгээ жадаа шидэв! Хэчнээн чадалтай байлаа ч оносонгүй. Ийм доромжлол амссан Ионатан ихэд уурлан холдон явжээ (1Самуел 20:24–34).
Ионатан аминч үзэлд автаагүй
Маргааш өглөө нь Ионатан Давидын хоргодож байсан хээр тал уруу явав. Тохирсон ёсоороо сумаа харваж Саулын Давидыг алах санаа хэвээрээ байгааг мэдүүлжээ. Ионатан зарцаа хот уруу буцаав. Ийнхүү Давидтай хоёулхнаа ярилцах багахан цаг гарлаа. Хоёулаа тэврэлдэн уйлж, Ионатан хайрт дүү Давидаа гунигтайгаар үдэж өгөв. Давидын оргодол босуул мэт амьдрал ийнхүү эхэлжээ (1Самуел 20:35–42).
Ионатан өөрийн ашгийг бодолгүй чин үнэнч гэдгээ баталсан. Үнэнч хүмүүсийн дайсан Сатан Ионатаныг эцэг Саулынхаа мөрөөр дагаж эрх мэдэлтэй, сүр жавхлантай нэгэн болох хүсэлдээ хөтлөгдөөсэй гэж хүссэн нь ойлгомжтой. Сатан хүмүүсийн аминч үзлийг ашигладаг гэдгийг санаарай. Энэ аргаар анхны хос Адам Ева хоёрыг хазайлгаж чадсан билээ (Эхлэл 3:1–6). Гэхдээ Ионатаныг хазайлгаж чадаагүй. Сатаны дургүй хэчнээн их хүрсэн бол оо! Та аминч үзэлд автахгүй байхыг хичээдэг үү? Бид аминч үзэлд автсан хүмүүсийн дунд амьдарч байна (2Тимот 3:1–5). Та бусдыг гэсэн чин үнэнч сэтгэлтэй Ионатаныг дуурайдаг уу?
«Та надад маш тааламжтай байв»
Саул Давидыг үзэн ядах сэтгэлээр мөрдөн мөшгөх болов. Хэдийнээ солиорсон эцгээ Ионатан яаж ч чадсангүй. Саул цэрэг дайчлан ганц гэмгүй хүнийг алах гэж нутаг даяараа хайжээ (1Самуел 24:1, 2, 12–15; 26:20). Ионатан тэр аянд оролцсон уу? Сонирхолтой нь энэхүү мунхаг аянтай холбоотой үйл явдалд Ионатаны тухай нэг ч удаа гардаггүй. Еховад болон Давидад, андын гэрээндээ чин үнэнч Ионатаны хувьд тийм аянд оролцох нь төсөөлшгүй хэрэг байлаа.
Ионатан залуу найздаа санаа тавьсаар байв. Хожим нь «Ой модтой газар» гэсэн утгатай Хорешт Давидтай дахиад уулзах боломж олджээ. Хореш бол Хеброноос баруун урагшаа хэдэн километрт байдаг зэрлэг уулархаг нутаг юм. Ионатан яагаад оргодол босуултай уулзахын тулд аюулыг үл ажран явсан юм бол? Ионатан «Бурханы дотор Давидыг зоригжуулав» гэж Библид бичжээ (1Самуел 23:16). Хэрхэн зоригжуулсан бэ?
Ионатан найз Давиддаа хандан «Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй» хэмээн батлан хэлсэн. Юунд үндэслэж тэгж хэлсэн бэ? Ехова хэлсэн үгэндээ заавал хүрнэ гэсэн баттай итгэлд үндэслэжээ. Мөн «чи Израилийн хаан болно» гэсэн нь хэдэн жилийн өмнө зөнч Самуелаар дамжуулан Еховагийн хэлсэн үг байлаа. Ийнхүү Ехова амласандаа заавал хүрнэ гэдгийг Давидад сануулжээ. Өөрийнхөө ирээдүйг Ионатан хэрхэн төсөөлсөн бэ? «Би чиний дараа зогсох хүн болно» гэжээ. Хэчнээн даруу зантай хүн бэ! Тэрээр өөрөөсөө 30 насаар дүү хүнд захирагдаж түүний шадар туслах болохыг хүсжээ! Ионатан яриагаа дүгнэж, «Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа» гэж хэлэв (1Самуел 23:17, 18). Еховагийн томилсон дараагийн хааны эсрэг ялалт байгуулах нь огт боломжгүй гэдгийг Саул дотроо мэддэг байжээ!
Цаг хугацаа өнгөрсөн ч Давид энэ уулзалтын тухай байнга дурсан санаж байсан нь эргэлзээгүй. Тэр уулзалт хамгийн сүүлийнх байлаа. Харамсалтай нь, Давидын дараагийн хүн болох гэсэн Ионатаны хүсэл биелээгүй юм.
Ионатан эцгийнхээ цэргүүдийг удирдан өштөн дайсан филистчүүдийн эсрэг дайнд оролцжээ. Хэдийгээр эцэг нь буруу замд орсон ч гэсэн өөрөө Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавьдаг байсан учраас эцэгтэйгээ хамтран дайнд оролцоход мөс чанар нь өвдөхгүй байлаа. Өмнөх шигээ зоригтой, үнэнчээр тулалдсан ч израйлчууд энэ удаа ялагдав. Саул чөтгөрүүдтэй холбоо тогтоох хүртлээ доройтжээ. Энэ нь Ехова Бурхны хуулиар бол ноцтой нүгэл байсан тул Ехова Саулыг ивээхээ больсон юм. Ионатанаас гадна Саулын хоёр хөвгүүн дайнд амь эрсдэв. Эцэст нь Саул бас хүнд шархдаж амиа егүүтгэжээ (1Самуел 28:6–14; 31:2–6).
Ионатан «чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно» гэжээ (1Самуел 23:17).
Давид ихэд гашуудав. Тэрээр сайхан сэтгэлтэй, өршөөнгүй хүн учраас өөрт нь их зовлон зүдүүр, хүнд бэрхийг учруулсан Саулын төлөө бас гашууджээ! Саул, Ионатан хоёрыг дурсаж Давид гашуудлын дуу зохиосон юм. Хайртай зөвлөгч, дотнын андынхаа талаар Давидын хэлсэн үг үнэхээр сэтгэл хөдөлгөдөг. «Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна. Та надад маш тааламжтай байв. Намайг гэсэн таны хайр надад бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байв» (2Самуел 1:26).
Давид Ионатантай байгуулсан гэрээгээ хэзээ ч мартаагүй. Хэдэн жилийн дараа тэрээр Ионатаны хөгжлийн бэрхшээлтэй хүү Мефибошетыг хайж олоод тэжээдэг болсон (2Самуел 9:1–13). Давид Ионатаны үнэнч байдал, хүндэтгэлтэй харьцаа, хэцүү нөхцөлд ч найздаа үнэнч хэвээрээ байж дуртайяа дэмжсэнээс нь ихийг сурсан нь лавтай. Бид ч бас үүнээс сургамж авч болно. Та Ионатан шиг найзтай болмоор байна уу? Өөрөө тийм үнэнч найз байж чадах уу? Хэрэв бид найздаа Еховатай дотно байж итгэлээ бэхжүүлэхэд нь тусалдаг, өөрөө ч Еховад үнэнч байхыг эн тэргүүнд тавьж, өөрийн ашиг сонирхлыг хайхгүйгээр найздаа үнэнч байдаг бол Ионатантай адилхан сайн найз болж чадна. Ийнхүү түүний итгэлийн жишээг дуурайцгаая.
a Библид Ионатаны тухай анх тэмдэглэхдээ Саул Хааны засаглалын эхэнд цэргийн жанжин байсан гэжээ. Тиймээс хамгийн багадаа 20 хүрсэн байсан бололтой (Тооллого 1:3; 1Самуел 13:2). Саул 40 жил хаанаар захирсан. Эндээс бодож үзвэл, Саул нас барахад Ионатан 60 орчим настай байсан байж таарна. Тэр үед Давид 30 настай байжээ (1Самуел 31:2; 2Самуел 5:4). Тиймээс Ионатан Давидаас бараг 30 насаар ах байсан нь лавтай.