Тэд сайн дураараа үйлчилдэг—Албани болон Косовод
«Би Еховагийн төлөө ийм их ажил хийж чадна гэж төсөөлж ч байгаагүй». Англиас Албанид ирээд үйлчилж байгаа Гвен дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийн сайхныг ийнхүү хэлжээ. a
Гвен бол Албанид «бүх үндэстний эд баялгийг» цуглуулахаар ирсэн олон Гэрчийн нэг юм (Хаггаи 2:7). Тэд яагаад энд ирэхээр шийдсэн бэ? Нүүж ирэхийн тулд ямар өөрчлөлт хийсэн бэ? Тэд бэрхшээл тулгардаг ч юунд баяр хөөртэй байдаг вэ?
Нөхцөл өөр ч нэг хүсэлтэй
Албанид дэлгэрүүлэхээр ирсэн бүх хүн Еховаг хайрладаг учраас хүмүүсийг Еховатай танилцуулах гэсэн чин хүсэлтэй.
Тэд эх орондоо байхдаа үйлчлэлээ өргөжүүлсэн нь гадаадад үйлчлэхэд учрах бэрхшээлийг даван туулахад тустай байсан. Гвен: «Би эхлээд өөрийнхөө хотын Албани хэлний бүлэгт шилжсэн. Бас Албанид очиж чуулганд суусан. Дараа нь хэлээ сайн сурахын тулд Албанид дахин очиж түр үйлчилсэн» гэжээ.
Мануэла 23 настайдаа цөөхөн дэлгэрүүлэгчтэй хуралд туслахын тулд Италийнхаа өөр дүүрэгт нүүж очжээ. Тэрбээр: «Би тэндээ 4 жил үйлчилсэн. Дараа нь Албанид хэрэгцээ ихтэй байгааг дуулаад тэнд хэдэн сар эхлэгчээр үйлчлэхээр шийдсэн» гэж хэлсэн.
Фэдэрика 7 настай байхдаа чуулганд сууж Албанийн тайланг сонссон. Тэрбээр: «Тайлан тавьж байсан ахын хэлснээр олон хүн Библийн хичээл заалгаж эхэлсэн бөгөөд маш олон сонирхогч цуглаанд ирсэн. Тэгээд би аав ээждээ Албани руу явмаар байна гэж хэлдэг болсон. Тэгэхэд тэд гайхсан. Гэхдээ аав: “Залбир. Хэрэв Еховагийн хүсэл бол сонсоно” гэж хэлсэн. Үүнээс хойш хэдэн сарын дараа манайхныг гэр бүлээрээ Албанид ирж үйлчлээч гэж урьсан» гэв. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Одоо Фэдэрика нөхөр Оргэстойгоо Албанид бүрэн цагаар үйлчилж байна.
Жанпиэро тэтгэвэрт гарсныхаа дараа эхнэр Глориатайгаа хамт Албанид нүүж очсон. Тэрбээр: «Бид хөвгүүдээ Италидаа өсгөсөн. Гурав нь дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар үйлчлэхээр гадаад руу нүүсэн. “Харуулын цамхаг” сэтгүүлд гарсан “Та «Македонд» очиж чадах уу?” (англи) гэсэн өгүүлэл бидний сэтгэлийг их хөдөлгөсөн. Бид тэтгэврийнхээ мөнгийг яаж бүх юмандаа хүргэхээ Албанид очихоосоо өмнө тооцоолж үзсэн» гэжээ.
Сайтар төлөвлөсөн нь
Хэрэгцээ ихтэй газар үйлчлэх хүсэлтэй хүмүүс нүүхээсээ өмнө сайтар төлөвлөж бүх юмаа зохицуулах шаардлагатай (Лук 14:28). Бас яаж амь залгуулахаа төлөвлөсөн байх ёстой. Дээр дурдсан Гвен Англид байхдаа мөнгөө хэмнэхийн тулд эгчийндээ амьдарч байсан. Бас Англиас ирсэн Софиа Кристофэр хоёр: «Бид машинаа, бас зарим тавилгаа зарсан. Албанид ядаж нэг жил үйлчилнэ гэж тооцоолсон» гэжээ. Гэхдээ тэд нэг жилээс илүү хугацаагаар үйлчилж чадсандаа баяртай байна.
Зарим дэлгэрүүлэгч Албанид хэдэн сар үйлчилж байгаад мөнгө олохын тулд нутагтаа очиж ажил хийдэг. Тэгээд Албанид буцаж ирдэг. Элизэо Мириам хоёр бас ингэдэг. Элизэо: «Мириам урьд нь Италид аялал жуулчлал хөгжсөн газар амьдарч байсан. Тэнд улирлын ажил олоход амархан байдаг. Бид зуны 3 сар ажил хийгээд 9 сар Албанид үйлчилдэг байв. Ийм маягаар 5 жил үйлчилсэн» гэжээ.
Дасан зохицсон нь
Хэрэгцээ ихтэй газар нүүж очоод тэндхийн нөхцөлд дасан зохицоход нутгийн Гэрчүүдийн зөвлөгөө болон тэдний жишээ тустай байдаг. Дээр дурдсан Софиа: «Албанид өвлийн цагт байрнууд нь Английнхаас илүү хүйтэн байдаг. Хүйтэнд яаж хувцаслахыг нутгийн Гэрч эмэгтэйчүүдийг ажиглаад мэдэж авсан» гэжээ. Гжегож болон эхнэр Сона нь Польшоос Косовогийн үзэсгэлэнтэй газар Призрен рүү нүүж очсон. b Гжегож: «Тэндхийн дэлгэрүүлэгчид маш даруу, эелдэг, тэвчээртэй хүмүүс юм. Тэд хэл сурах болон бусад олон зүйлд тусалдаг. Жишээлбэл хямдхан бараатай дэлгүүрүүдийг болон захаас яаж хүнсээ цуглуулахыг зааж өгсөн» гэж ярьсан.
Баяр хөөртэй байх олон шалтгаан
Гадаадад үйлчилдэг хүмүүс орон нутгийн ах дүүстэй дотносож, тэдний үүх түүхийг нь сонсоод ач тус хүртдэг. Сона: «Еховагийн хайр ямар агуу болохыг би мэдэрсэн. Ах дүүс маань Еховагийн тухай мэдээд итгэл үнэмшил болон амьдралаа бүрмөсөн өөрчилсөн нь миний итгэлийг батжуулсан. Бид энд хэрэгтэйгээ, хэрхэн туслахаа ч мэдэж авсан. Бид жинхэнэ ах дүүтэйгээ хамт үйлчилдэг» гэж ярьсан (Марк 10:29, 30). Глориа: «Гэрч биш хөршүүдийн эсэргүүцэл, хүчирхийллийг тэвчсэн олон эгч дүүсийг би мэддэг. Тэдний Еховаг гэсэн хайр маш их хүчтэй байдаг нь сэтгэлийг минь хөдөлгөсөн» гэжээ.
Хэрэгцээ ихтэй газар үйлчлэхээр нүүж ирсэн хүмүүс урьд нь мэддэггүй байсан олон юманд суралцсан. Жишээлбэл дасан зохицсон амьдралаа орхиод Еховагийн төлөө илүү ихийг хийвэл баяр жаргал амсдагийг мэдэж авсан. Энэ тухай Стефано: «Би нутагтаа дэлгэрүүлэхдээ голдуу домофоноор хүмүүстэй ярьдаг байсан. Оршил үг маань ч богинохон. Харин албаничууд кофе уунгаа ярих дуртай. Би ичимхий учраас эхэндээ тэд нартай юм ярихад амаргүй байсан. Юу ярихаа ч мэдэхгүй. Гэхдээ яваандаа хүмүүст хэрхэн санаа тавихаа мэддэг болж тэдэнтэй ярилцах дуртай болсон. Би одоо дэлгэрүүлэх ажлын амтанд орсон» гэж ярьжээ.
Лиа нөхөр Виллиамтайгаа АНУ-аас Албанид нүүж ирсэн. Тэрбээр: «Энд үйлчлээд нүд минь нээгдэж, илүү өргөнөөр сэтгэдэг болсон. Бид зочломтгой, хүндэтгэлтэй, нөхөрсөг байх гэдгийг илүү сайн ойлгосон. Шинэ аргаар дэлгэрүүлж, Библид үндэслэн хүмүүстэй ярилцаж, бодол санаагаа тодорхой илэрхийлж сурсан» гэжээ. Виллиам: «Албанид ирсэн хүмүүс далай тэнгисийн эрэг хэчнээн үзэсгэлэнтэйг хараад бүр дурлачихдаг. Харин би хад ихтэй Альпын нуруугаар явган аялах дуртай. Гэхдээ эндхийн хүмүүст нь бүр их хайртай. Олон тосгоны хүмүүс зөвхөн тусгай аяны үеэр л үнэний талаар бага сага сонссон байдаг. Тэнд очоод өдөржингөө дэлгэрүүлэхдээ цөөхөн айлын хүмүүстэй л ярилцаж амждаг» гэжээ.
Үнэнийг мэдэж авч байгаа хүмүүсийг харах шиг баяр баясгалан гэж үгүй (1 Тесалоник 2:19, 20). Залуухан, ганц бие байхдаа Албанид нүүж ирсэн Лора гэдэг Гэрч эмэгтэй: «Би Фиер гэдэг хотод нэг хэсэг үйлчилж байсан. Хоёр жил хагасын дотор 120 шинэ дэлгэрүүлэгчтэй болж, тэдний 16-д нь би хичээл зааж байсан» гэжээ. Сандра гэдэг бас нэг Гэрч эмэгтэй: «Би зах дээр ажилладаг нэг эмэгтэйд дэлгэрүүлсэн. Хожим нь тэрбээр Гэрч болоод төрсөн тосгон руугаа буцсан. Сүүлд түүнтэй холбогдоход 15 Библийн хичээлтэй гэж ярьж байсан» хэмээн дурсжээ.
Тэвчээртэй дэлгэрүүлэгчдийг Ехова ивээдэг
Албанид дэлгэрүүлэхээр нүүж очсон зарим ах дүүс маань одоо ч баяр хөөртэй үйлчилсээр байна. Тэдний аль эрт суулгасан үнэний үр ургаж жимс гарсныг хожим сонсоод гайхдаг (Номлогчийн үгс 11:6). Дээр дурдсан Кристофэр: «Би Албанид ирээд удаагүй байхдаа Библийн хичээл зааж байсан хүнтэйгээ хожим нь санамсаргүй тааралдсан. Библийн тухай ярьсныг минь нэг бүрчлэн санаж байсныг сонсоод сэтгэл их хөдөлсөн. Тэр хүн болон түүний эхнэр баптисм хүртэж Еховад үйлчилж байна» гэжээ. Бас дээр дурдсан Фэдэрика: «Өөр хуралд очиход нэг Гэрч эмэгтэй над дээр ирээд “Та намайг таньж байна уу” гэж асуусан. Тэгээд “Та надад 9 жилийн өмнө дэлгэрүүлсэн” гэв. Тэгээд би тэр хотоос нүүсэн. Харин тэр эмэгтэй Библи судлаад баптисм хүртсэн юм байна. Албанид үйлчилсэн эхний он жилүүд үр дүнгүй мэт санагдаж байсан. Харин тийм биш гэдгийг ойлгосон» хэмээжээ.
Албани, Косовод нүүж очсон ах дүүс хичээл зүтгэлийг нь ивээж, амьдралыг нь утга учиртай болгосон Еховад их талархдаг. Элизэо Албанид олон жил үйлчилсний дараа «Тав тухтай амьдаръя гэвэл энэ ертөнцийнхний зөв гэж үздэг зүйлд найдах хэрэгтэй гэж бодож болох юм. Гэхдээ энэ бол худлаа. Харин Бурхны зарчмыг дагадаг бол тав тухтай, сайхан амьдарч чадна. Би хэрэгцээ ихтэй газар үйлчилж байгаа учраас үүнийг тод санаж явдаг. Хурлынхандаа хэрэгтэйгээ, үнэ цэнтэй хүн гэдгээ мэдэрдэг. Бас надтай адилхан зорилготой жинхэнэ найзуудтай болсон» гэжээ. Сандра ч бас «Би аль эртнээс миссионер болох хүсэлтэй байсан юм. Энд нүүж ирсэн хойноо хүслээ биелүүлэх боломжийг Ехова надад олгосныг мэдэрсэн. Албанид нүүж ирэх шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсдаггүй. Би хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй» гэж ярьжээ.
a Албани дахь дэлгэрүүлэх ажлын түүхийн талаар илүү ихийг мэдье гэвэл 2010 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-оос уншаарай (англи).
b Косово нь Албани улсын зүүн хойд хэсэгт оршдог. Энд амьдардаг олон хүн албани аялгаар ярьдаг. Албани, Европын хэд хэдэн улсаас болон АНУ-аас Косовод ирсэн Еховагийн Гэрчүүд албани аялгаар ярьдаг хүмүүст дэлгэрүүлдэг. 2020 онд 8 хурал, 3 бүлэг, 2 бэлтгэл бүлэгт 256 дэлгэрүүлэгч үйлчилсэн.