Еховагийн Гэрч болохын тулд би яах ёстой вэ?
Еховагийн Гэрч болохын тулд ямар алхам хийж болохыг Матай 28:19, 20-д Есүс тайлбарлаж хэлсэн. Товчхон хэлбэл, Христийн шавь болохыг хүсвэл Еховагийн тухай ярьдаг, гэрчилдэг байх учиртай.
Алхам 1: Библийн сургаалыг мэдэж авах. Есүс дагалдагчдадаа «шавь болгогтун. ... тэдэнд заа» гэж захисан (Матай 28:19, 20). Сэтгэл хангалуун, утга учиртай амьдрахын тулд яах ёстойг Библиэс, ялангуяа Есүс Христийн айлдсан сургаалаас мэдэх боломжтой (2 Тимот 3:16, 17). Библийн сургаалыг мэдэж авахад тань бид дуртайяа тусална. Бид Библийг үнэ төлбөргүй заадаг (Матай 10:7, 8; 1 Тесалоник 2:13).
Алхам 2: Сурснаа ажил хэрэг болгох. Суралцаж байгаа хүмүүст хандаж Есүс: «Миний ... тушаасан бүхнийг сахин биелүүлэх» ёстой гэж бас хэлсэн (Матай 28:20). Библийн хичээл хийнэ гэдэг нь мэдлэг мэдээлэл олж авах төдий зүйл биш ээ. Мэдлэгтэй болоод хүн үзэл бодол, биеэ авч явах байдлаа мэдэгдэхүйц өөрчилдөг (Үйлс 10:42; Эфэс 4:22–29; Еврей 10:24, 25). Есүсийн сургаалыг сахидаг хүмүүс Ехова Бурханд амьдралаа зориулж, Есүсийг дагах шийдвэр гаргадаг (Матай 16:24).
Алхам 3: Баптисм хүртэх. (Матай 28:19) Баптисм хүртэнэ гэж яахыг хэлэх вэ? Хүн баптисм хүртэхдээ бүтэн биеэрээ усанд шумбадаг. Энэ нь амьдралынхаа хуучин хэв маягийг бүрмөсөн орхиж, амьдралаа шинээр эхэлнэ гэсэн үг (Ром 6:2–4-тай харьцуулаарай). Баптисм хүртсэнээрээ дээрх хоёр алхмыг хийсэн гэдгээ, Бурхнаас цэвэр мөс чанартай болгож өгөхийг гуйсан болохоо олонд харуулдаг (Еврей 9:14; 1 Петр 3:21).
Баптисм хүртэхэд бэлэн эсэхээ яаж мэдэх вэ?
Хурлын ахлагчидтай яриарай. Тэд таныг баптисм хүртэхийн учрыг ойлгосон эсэхийг, сурч мэдсэнээ хэр хэрэгжүүлдгийг мөн өөрөө хүсээд Бурханд өөрийгөө зориулсан эсэхийг тань нягталж ярилцана (Үйлс 20:28; 1 Петр 5:1–3).
Гэрч аав ээжтэй хүүхдүүд ч дээрх алхмуудыг хийх ёстой юу?
Тийм. Бид «Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүл» гэсэн Библийн тушаалыг дагадаг (Эфэс 6:4). Хүүхдүүд өсөж том болоод баптисм хүртэх шаардлага хангахын тулд Библийг сурч мэдэх, сурснаа хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхээ өөрөө шийднэ (Ром 12:2). Эцэст нь хэлэхэд, шашин шүтлэгийн талаар яахаа хүн өөрөө шийдэх ёстой (Ром 14:12; Галат 6:5).