Дэд хууль 5:1–33
5 Тэгээд Мосе израйлчуудыг бүгдийг нь дуудаж цуглуулаад «Израйлчууд аа, миний өнөөдөр тунхаглаж байгаа хууль тушаал, шийдвэрүүдийг сонсогтун. Тэдгээрийг сурч мэдээд хичээнгүйлэн дагаж мөрд.
2 Ехова Бурхан маань Хоребт бидэнтэй гэрээ байгуулсан билээ.
3 Ехова энэ гэрээг эцэг өвгөдтэй маань байгуулаагүй. Харин өнөөдөр амьд байгаа бидэнтэй байгуулсан.
4 Ехова уулан дээр галан дундаас та нартай нүүр тулан ярьсан.
5 Та нар галаас айгаад уул өөд гарахгүй байсан учраас тэр үед би Еховагийн үгийг дамжуулахаар Ехова болон та нарын дунд зогсож байсан. Тэрбээр:
6 “Би бол та нарыг Египетээс авчирч, боолчлолын гэрээс чөлөөлсөн та нарын Бурхан Ехова.
7 Та нар надаас өөр бурхныг хэзээ ч шүтэж болохгүй.
8 Та нар өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, усан доторх ямар ч юмны дүрсийг бүү хий.
9 Та нар тэдэнд мөргөж, тэднийг шүтэж болохгүй. Учир нь та нарын Бурхан Ехова би бол чин үнэнч байхыг шаарддаг Бурхан. Намайг үзэн ядагч эцгүүдийн үйлдсэн нүглийн үр дагаврыг би тэдний үр хүүхэд, гурав, дөрөв дэх үеийнхэнд нь амсуулна.
10 Харин намайг хайрлаж, тушаалуудыг минь сахидаг хүмүүсийн тухайд би мянга дахь үеийнхнийг нь хүртэл үнэнчээр хайрлана.
11 Ехова Бурхныхаа нэрийг буруугаар бүү ашигла. Учир нь Ехова нэрийг нь буруугаар ашигладаг хүнийг шийтгэлгүй орхихгүй.
12 Ехова Бурхныхаа тушааснаар Амралтын өдрийг ариун хэмээн үзэж, сахиж байгтун.
13 Зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа амжуул.
14 Харин долоо дахь өдөр бол та нарын Бурхан Еховад зориулсан Амралтын өдөр учраас ямар ч ажил хийж болохгүй. Чи, чиний хүү, охин, зарц, шивэгчин болон үхэр, илжиг гээд өөр ямар ч мал амьтан, хотуудад чинь оршин суугаа гаднын хүн ч ялгаагүй. Зарц шивэгчнээ өөрсдийнхөө адил амраа.
15 Та нар Египетэд боол байснаа, бас Ехова Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа та нарыг тэндээс гаргасныг санагтун. Тиймээс Ехова Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг та нарт тушаасан билээ.
16 Ехова Бурхныхаа тушааснаар эцэг эхээ хүндэл. Тэгвэл та нар Ехова Бурхныхаа өгч байгаа нутагт урт удаан, сайн сайхан амьдарна.
17 Хүний амь бүү хөнөө.
18 Бүү завхайр.
19 Хулгай бүү хий.
20 Бусдын эсрэг хуурамч мэдүүлэг бүү өг.
21 Бусдын эхнэрт бүү шуна. Гэр орон, талбай, зарц, шивэгчин, үхэр, илжиг гээд юунд нь ч бүү шуна” гэж айлдсан.
22 Ехова уулан дээр хуран цугласан та нарт гал, үүл, түнэр харанхуйн дундаас чанга дуугаар айлдаж эдгээр тушаалыг өгөөд өөр юу ч нэмээгүй. Тэгээд тэдгээрийг хоёр чулуун хавтан дээр бичээд надад өгсөн.
23 Гэхдээ уул шатаж байхад түнэр харанхуйн дундаас та нарт дуу сонсогдмогц танай овгуудын бүх тэргүүн, ахлагчид над руу дөхөж ирээд
24 “Ехова Бурхан маань бидэнд цог жавхлан, агуу байдлаа харууллаа. Бид галан дундаас дууг нь сонслоо. Бурхан хүнтэй ярихад тэр хүн амьд үлдэж болдгийг өнөөдөр бид харлаа.
25 Тэглээ ч гэсэн бид үхэх вий гэж айж байна. Энэ их гал биднийг шатаах нь! Бид энэ чигээрээ Ехова Бурхныхаа дууг сонсоод байвал гарцаагүй үхнэ.
26 Галан дундаас амьд Бурхны дууг сонсоод бидэн шиг амьд үлдсэн хүн хэн байна вэ?
27 Та өөрөө явж, Ехова Бурхны маань айлдах бүхнийг сонсоно уу. Тэгээд Ехова Бурхны маань үгийг бидэнд дамжуулж хэлээч. Бид сонсоод дагаж мөрдье” гэсэн.
28 Та нарыг надтай ярьж байхад Ехова үгийг чинь сонссон. Тэгээд Ехова надад “Энэ ард түмний чамд хэлсэн үгийг би сонслоо. Тэд зөв юм хэллээ.
29 Тэд үргэлж надаас эмээх сэтгэлтэй байж, миний бүх тушаалыг сахиасай. Тэгвэл тэд ч, үр удам нь ч үүрд сайхан амьдарна.
30 Явж тэдэнд «Майхнууд руугаа буцацгаа» гэж хэл.
31 Харин чи эндээ үлдэгтүн. Би чиний тэдэнд заах ёстой бүх тушаал, зарлиг, шийдвэрийг чамд хэлж өгье. Тэгээд тэд миний өөрсдөд нь эзэмшүүлэхээр өгч байгаа нутагт үүнийг даган мөрдөг” гэж хэлсэн.
32 Тиймээс та нар Ехова Бурхныхаа тушаалыг чанд сахигтун. Баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй.
33 Эзэмших нутагтаа сайн сайхан, урт удаан амьдрахын тулд Ехова Бурхныхаа тушаасан замаар үргэлж яваарай.