Еврейчүүдэд бичсэн захидал 1:1–14
1 Эрт цагт Бурхан зөнчдөөрөө дамжуулан манай өвөг дээдэст олон удаа, олон янзын аргаар үгээ айлджээ.
2 Одоо, энэ үеийн төгсгөлд Хүүгээрээ дамжуулж бидэнд үгээ айлдсан. Бурхан Хүүгээ бүх юмны өв залгамжлагчаар томилсон бөгөөд Хүү нь тэнгэр газар дээрх бүх юмыг* бүтээлцжээ.
3 Тэр бол Бурхныг яг таг дуурайсан, алдрынх нь тусгал бөгөөд хүчирхэг үгээр бүх юмыг барьж байдаг. Тэрээр биднийг нүглээс цэвэрлээд дээр оршигч Хамгийн дээд нэгний баруун талд суусан билээ.
4 Тиймээс тэнгэрийн элчүүдийнхээс эрхэм дээд нэрийг өвлөн авч тэднээс давуу болсон юм.
5 Жишээ нь, Бурхан тэнгэрийн элчүүдийн хэнд нь «Чи бол миний хүү. Өнөөдөр би чиний эцэг болсон» гэж, эсвэл «Би түүний эцэг болж, тэрээр миний хүү болно» гэж хэлж байсан бэ?
6 Бурхан Ууган хүүгээ дэлхийд дахиж авчрахдаа «Бурхны тэнгэрийн элчүүд бүгдээрээ түүнд мэхийг» гэж хэлнэ.
7 «Тэрээр тэнгэрийн элчүүдээ хүчтэй салхи*, үйлчлэгчдээ галын дөл болгодог» гэж тэрээр тэнгэрийн элчүүдийн талаар бас хэлсэн.
8 Харин Хүүгийнхээ талаар ийн хэлсэн. «Үүрд мөнх захирах эрхийг чамд өгсөн нэгэн бол Бурхан юм.* Чиний Хаант төрийн таяг бол шударга ёсны таяг.
9 Чи шударга сайныг хайрласан, ёс бусыг жигшсэн. Тиймээс Бурхан, чиний Бурхан чамайг тосоор тосолсон бөгөөд нөхдийнхөөс чинь илүү их баяр баясгаланг өгсөн».
10 Бас ингэж байдаг. «Өө, Эзэн, эхэнд та дэлхийн суурийг тавьсан. Тэнгэр бол таны мутрын бүтээл билээ.
11 Тэдгээр нь устана. Харин та мөнхөд байна. Тэдгээр нь хувцас шиг элэгдэж,
12 та тэдгээрийг нөмрөг шиг, хувцас шиг эвхэхэд тэдгээр нь өөрчлөгдөнө. Харин та үргэлж хэвээрээ байдаг бөгөөд таны он жилүүд хэзээ ч дуусахгүй».
13 Харин тэнгэрийн элчүүдийн хэнд нь тэрээр: «Чиний дайснуудыг хөл доор чинь оруултал баруун талд минь суу» гэж хэлсэн бэ?
14 Тэнгэрийн элчүүд* бүгдээрээ ариун үйлчлэлд зориулагдаагүй гэж үү? Бурхан тэднийг аврах хүмүүстээ үйлчлүүлэхээр илгээдэг.
Зүүлт
^ Эсвэл «үеийг». Үгийн тайлбараас «Үе»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «үл үзэгдэх хүч». Грекээр «пневма». Үгийн тайлбараас «Хүч»-ийг үзнэ үү.
^ Үгч. «Бурхан бол үүрд чиний сэнтий».
^ Грекээр «пневма». Үгийн тайлбараас «Хүч»-ийг үзнэ үү.