Еврейчүүдэд бичсэн захидал 2:1–18
2 Тиймээс урсаад явчихгүйн тулд сонссон зүйлээ онцгой анхаарах шаардлагатай.
2 Тэнгэрийн элчүүдээр хэлүүлсэн үг батлагдаж, хууль зөрчиж, дуулгаваргүй байсан хүн бүрийг шударга ёсны дагуу шийтгэсэн юм бол
3 бид энэхүү агуу авралыг үл тоомсорловол шийтгэлээс яаж мултрах юм бэ? Учир нь энэ талаар Эзэн маань анх ярьсан бөгөөд сонссон хүмүүс нь үүнийг бидэнд баталдаг.
4 Бурхан ч тэмдгүүд, гайхамшгууд, янз бүрийн агуу үйлсээр, бас хүсэж таалснаараа агуу хүчээ үйлчлэгчдэдээ өгч гэрчилсэн билээ.
5 Учир нь Бурхан бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэрийн элчүүдэд захируулаагүй юм.
6 Харин нэгэн хүн ийн гэрчилжээ. «Хүн гэгч хэн болоод та түүнийг анхаардаг юм бэ? Эсвэл хүний хүү гэгч хэн болоод та түүнд санаа тавьдаг юм бэ?
7 Та түүнийг тэнгэрийн элчүүдээс арай дорд болгосон. Түүнийг алдар хүндлэлээр шагнаж, мутрынхаа бүтээлийг захируулахаар томилсон билээ.
8 Та бүх юмыг түүний хөл доор тавьсан». Бурхан бүх юмыг түүнд захируулсан. Түүнд захирагдаагүй нэг ч юм үлдээгүй. Гэхдээ бүх юм түүний мэдэлд орсныг бид хараахан үзээгүй байна.
9 Харин үхээд алдар хүндлэлээр шагнуулсан Есүсийг бид эдүгээ хардаг. Тэрээр тэнгэрийн элчүүдээс арай дорд болгогдсон нь Бурхны өршөөл нигүүлслээр бүх хүний өмнөөс үхэхийн тулд байсан юм.
10 Бүх юм түүний алдрын төлөө, түүний ачаар оршдог. Олон хөвгүүнийг алдаршуулахын тулд тэднийг аврал руу Хөтлөгч нэгэнд* зовлон үүрүүлж төгс болгохыг Бурхан зохистой гэж үзсэн. Ингэснээр тэднийг аварна.
11 Учир нь ариусгаж байгаа нэгэн ч, ариусгагдаж байгаа тэд ч нэг гаралтай. Тиймээс тэрээр тэднийг ах дүү гэж дуудахаас ичдэггүй юм.
12 Тэрээр: «Би таны нэрийг ах дүүдээ тунхаглана. Хурлын дунд би таныг магтан дуулна» хэмээдэг.
13 Бас «Би түүнд найдна», «Надад Еховагийн* өгсөн балчир хүүхдүүдтэй би хамт байдаг» гэдэг.
14 «Балчир хүүхдүүд» нь мах цустай хүмүүс учир тэрээр бас мах цустай хүн болсон билээ. Энэ нь үхэл тарьсан нэгэн буюу Диаволыг үхлээрээ үгүй хийж,
15 үхлийн айдаст насаараа боолчлогдож байсан бүх хүнийг чөлөөлөхийн тулд байсан.
16 Тэрээр тэнгэрийн элчүүдэд бус, Абрахамын үр удамд тусалж байгаа юм.
17 Тиймээс бүх юмаар «ах дүүтэйгээ» адил болж, ард түмнийхээ нүглийн төлөө эвлэрүүлэх тахил өргөхийн тулд өршөөнгүй бөгөөд Бурханд хамаатай юманд үнэнч тэргүүн тахилч болох учиртай байв.
18 Тэрээр өөрөө соригдож зовлон үүрсэн учир соригдож байгаа хүмүүст туслах чадвартай.