Еврейчүүдэд бичсэн захидал 4:1–16
4 Бурхны амралт руу орох амлалт хүчинтэй хэвээрээ учир та нар амралт руу орох зохисгүй хүн болохгүйн тулд болгоомжтой бай*.
2 Учир нь тэдэнд тунхагласан сайн мэдээг бидэнд бас тунхагласан. Гэхдээ сонссон үг нь тэдэнд тус болоогүй. Учир нь тэд дуулгавартай байсан тэр хүмүүс шиг бат итгэлтэй байгаагүй юм.
3 Харин итгэдэг бид түүний амралт руу ордог. Бурхан ертөнцийн суурийг тавьж, ажлаа дуусгаад байсан ч тэдний тухайд «Тэгээд би хилэгнэн “Тэд миний амралт руу орохгүй” гэж тангарагласан» хэмээсэн.
4 Тэрээр долоо дахь өдрийн тухай Судрын нэг хэсэгт «Бурхан бүх ажлаа дуусгаад долоо дахь өдөр амарсан» гээд
5 бас тэнд «Тэд миний амралт руу орохгүй» хэмээсэн байдаг.
6 Орох хүмүүсийн хувьд энэ амлалт хэвээрээ байгаагийн зэрэгцээ сайн мэдээг анх сонссон хүмүүс нь дуулгаваргүйгээсээ болж ороогүй учир
7 тэрээр: «Өнөөдөр та нар дууг минь сонссон бол бүү зөрүүдэл» гэж айлдсантайгаа адил олон жилийн дараа Давидаар бичүүлсэн дуулалд «Өнөөдөр» хэмээн нэг өдрийг дахин онцолсон юм.
8 Хэрэв Иошуа тэднийг тэр амралт руу оруулсан бол Бурхан өөр нэг өдрийн талаар айлдахгүй байх байсан.
9 Тэгэхээр Бурхны ард түмэнд амралтын өдөр байгаа юм.
10 Бурхны амралт руу орсон хүн Бурхан ажлаа дуусгаад амарсан шиг ажлаа дуусгаад амардаг.
11 Тиймээс тэр амралт руу орохын тулд бүгдээрээ чадах бүхнээ хийе. Тэгвэл хэн ч дуулгаваргүй байхын тэр жишээг дагахгүй.
12 Бурхны үг амьд бөгөөд хүчтэй. Хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц. Хүний гүн рүү нэвтэрч, гаднах* болон доторх* хүнийг илчилдэг. Үе мөч болон чөмөг рүү нэвтэрдэг, зүрхний бодол болон хандлагыг ялгаж салгаж чаддаг.
13 Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин биднээс тайлан авах эрхтэй тэр нэгний мэлмийд бүх юм нүцгэн бөгөөд ил байдаг.
14 Бидэнд Бурхны Хүү Есүс буюу тэнгэр өөд одсон агуу тэргүүн тахилч байгаа учир түүнийг тунхагласаар байцгаая.
15 Учир нь бидэнд байгаа нь мөхөс байдлыг маань ойлгож өрөвдөх чадалгүй тэргүүн тахилч биш, харин юм юмаар бидэнтэй адил соригдсон ч нүгэл үйлдээгүй нэгэн билээ.
16 Тиймээс хэрэгтэй цагт өршөөл, нигүүлсэл хүртэхийн тулд энэрч нигүүлсдэг Бурхны сэнтий* рүү ойртон очиж, итгэлтэйгээр залбиръя.
Зүүлт
^ Үгч. «зохисгүй хүн болохоос эмээж бай»
^ Грекээр «психе». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.
^ Грекээр «пневма». Үгийн тайлбараас «Хүч»-ийг үзнэ үү.
^ Үгч. «энэрэл нигүүлслийн сэнтий»