Египетээс гарсан нь 19:1–25

  • Синаи уулан дээр (1-25)

    • Израйлчууд тахилчдын хаант төр болно (5, 6)

    • Ард олон Бурхантай уулзахын тулд ариусгагдав (14, 15)

19  Израйлчууд Египетээс гараад гурав дахь сард Синаин цөлд хүрэв. 2  Тэд Рефидимээс хөдөлсөн тэр өдрөө Синаин цөлд хүрч буудаллажээ. Израйлчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллалаа. 3  Тэгээд Мосе жинхэнэ Бурхантай уулзахаар уул руу өгсөж очиход Ехова түүнийг уулаас дуудан «Иаковын үр удам болох израйлчуудад ингэж хэл. 4  “Та нарыг бүргэдийн жигүүр дээр тээх мэт өөр дээрээ авчрахын тулд египетчүүдийг яасныг минь та нар өөрсдөө харсан. 5  Одоо та нар миний үгийг дуулгавартай дагаж, гэрээг минь сахивал та нар бүх үндэстний дундах миний тусгай* эзэмшил болно. Учир нь дэлхий бүхэлдээ минийх. 6  Би та нарыг тахилчдын хаант төр, ариун үндэстэн болгоно”. Энэ үгийг израйлчуудад хэлэгтүн» гэж айлдлаа. 7  Мосе буцаж очоод Израйлын ахлагчдыг дуудуулж ирүүлээд Еховагийн тушаасан бүхнийг хэлжээ. 8  Ард олон хариуд нь дуу нэгтэйгээр «Бид Еховагийн айлдсан бүхнийг биелүүлнэ» гэцгээв. Мосе тэр даруй ард олны хариуг Еховад дамжуулжээ. 9  Тэгэхэд Ехова Мосед «Би чам руу өтгөн хар үүлэн дунд очно. Ингэснээр миний чамтай ярихыг ард олон сонсоод чамд цаашид итгэнэ» гэлээ. Мосе ард олны үгийг Еховад хэлэв. 10  Тэгээд Ехова Мосед «Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусга. Тэд хувцсаа угааг. 11  Ехова би нөгөөдөр бүх хүний нүдэн дээр Синаи уул руу бууж очих учраас ард олон бэлэн байх ёстой. 12  Чи ард түмний төлөө уулыг тойруулаад зааг тогтоо. Тэгээд тэдэнд “Уул руу гарах юм уу бэлд нь хүрч болохгүй. Ууланд хүрч очсон хэнийг ч болов заавал алах ёстой. 13  Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин чулуу шидэж юм уу харваж алах ёстой. Хүнийг ч бай, малыг ч бай хөнөөгтүн” гэж хэл. Харин хуцын эвэр бүрээ хүнгэнэхэд ууланд гарч болно» гэж айлдав. 14  Мосе уулаас буугаад ард олныг ариусгажээ. Тэд хувцсаа угаалаа. 15  Мосе ард олонд «Гурав дахь өдөрт бэлд. Эмэгтэй хүнтэй хавьтаж болохгүй» гэв. 16  Гурав дахь өдрийнх нь өглөө уулан дээр өтгөн хар үүл хуралдаж, аянга нүргэлэн цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх хүн айж чичирчээ. 17  Мосе ард түмнийг жинхэнэ Бурхантай уулзуулахаар хуарангаас дагуулан гарсан бөгөөд тэд уулын бэлд байраа эзлэв. 18  Ехова Синаи уулан дээр гал дунд бууж ирсэн учир уул утаанд автжээ. Утаа нь зуухны утаа мэт олгойдож, уул тэр чигтээ хүчтэй доргиж байлаа. 19  Бүрээн дуу чангаран чангарсаар байв. Мосе ярьж, жинхэнэ Бурхан түүнд хариулж байлаа. 20  Ехова Синаи уулын оройд буужээ. Тэгээд Ехова Мосег уулын орой руу дуудахад Мосе гарч очлоо. 21  Ехова Мосед «Бууж очоод ард түмэнд анхааруулан “Та нар Еховаг үзэх гэж дайраад олноороо үхэх вий. 22  Еховагийн өмнө байнга очдог тахилчид өөрсдийгөө ариусгаг. Тэгвэл Ехова тэднийг хөнөөхгүй” гэж хэл» хэмээн айлдав. 23  Тэгэхэд нь Мосе Еховад «Ард олон Синаи уул руу гарч чадахгүй. Учир нь та: “Уулыг тойруулан зааг тогтоож, ариусга” гэж нэгэнт бидэнд анхааруулсан билээ» гэжээ. 24  Гэтэл Ехова түүнд «Буугаад Ааронтай хамт буцаад ир. Би тахилчид болон ард түмнийг хөнөөмөөргүй байгаа учраас Ехова намайг үзэх гэж дайрахыг нь бүү зөвшөөр» гэв. 25  Мосе бууж очоод ард түмэнд Бурхны үгийг дамжууллаа.

Зүүлт

Эсвэл «эрхэм нандин»