Египетээс гарсан нь 36:1–38

  • Хэтэрхий их хандив авчрав (1-7)

  • Шүтлэгийн асартай хамаатай юмсыг хийв (8-38)

36  Безалел, Охолиаб болон ур дүйтэй бүх хүн ариун үйлчлэлд хэрэгтэй бүх зүйлийг Еховагийн тушаасан ёсоор хийнэ. Ехова тэдэнд ажлаа сайтар хийж гүйцэтгэх мэргэн ухааныг өгсөн» гэжээ. 2  Тэгээд Мосе Безалел Охолиаб хоёрыг болон Еховагаас мэргэн ухаан авсан, уг ажлыг хийхээр зүрх сэтгэл нь хөдөлсөн ур дүйтэй бүх хүнийг дуудав. 3  Тэд Мосегоос ариун үйлчлэлтэй хамаатай эд зүйлсийг хийхэд зориулж израйлчуудын өргөсөн хандивыг хүлээн авав. Гэсэн хэдий ч ард олон өглөө бүр сайн дурын өргөлүүдээ авчирч байлаа. 4  Тэгэхэд асартай хамаатай ариун ажлыг хийж байсан урчууд нэг нэгээрээ ирж 5  Мосед «Хүмүүс Еховагийн хий гэж тушаасан ажилд шаардлагатай юмыг хэтэрхий их авчирч байна» гэлээ. 6  Ингээд Мосе: «Израйлчууд аа, ариун асрын төлөө хандив авчрахаа болигтун» гэсэн тунхаг гаргаж хуаран даяар зарлуулан ард олныг нэмж хандив авчрахыг нь болиулав. 7  Хүмүүсийн авчирсан юм бүх ажилд хангалттай хүрэлцэхүйц байлаа. Бүр илүү гарч байв. 8  Ур дүйтэй бүх хүн шүтлэгийн асарт зориулан сайн чанарын маалинган утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утсаар 10 бүрээс хийв. Тэрбээр* дээр нь херубуудыг урлаж шаглажээ. 9  Асрын бүрээс бүрийн урт нь 28 тохой*, өргөн нь 4 тохой байв. Бүгд нэг хэмжээтэй байлаа. 10  Тэрбээр асрын бүрээснүүдийг тав таваар нь нийлүүлэв. 11  Дараа нь эхний бүрээсний нэг захад хөх утсаар гогцоонууд хийжээ. Тэдгээртэй харалдаа байхаар нөгөө бүрээснийх нь захад бас гогцоонууд гаргажээ. 12  Эхний залгаа бүрээсэнд 50 гогцоо, нөгөө залгаа бүрээсний захад 50 гогцоо байв. Хоёр бүрээсний гогцоонууд нэг нэгнийхээ харалдаа байлаа. 13  Тэгээд 50 алтан гархи хийгээд тэр гархинуудаараа бүрээснүүдийг холбож, асрыг бүтээх нэг бүтэн бүрээс болгожээ. 14  Дараа нь тэрбээр ямааны хялгасаар шүтлэгийн асрыг бүтээх бүрээснүүдийг хийжээ. Нийт арван нэгэн бүрээс хийв. 15  Бүрээс бүрийн урт нь 30 тохой, өргөн нь 4 тохой бөгөөд арван нэгэн бүрээс бүгд ижил хэмжээтэй байв. 16  Таван бүрээс нь залгаа бөгөөд нөгөө зургаа нь ч мөн залгаа байв. 17  Дараа нь тэрбээр хоёр залгаа бүрээсийг нийлүүлэхийн тулд эхний залгаа бүрээсний арын захад 50 гогцоо, нөгөө залгаа бүрээсний урд захад 50 гогцоо хийв. 18  Бас бүрээснүүдийг холбож асрыг бүтээх нэг бүтэн бүрээс болгохын тулд 50 зэс гархи хийжээ. 19  Мөн тэрбээр улаан өнгөнд оруулсан хуцын арьсаар бүрээс хийжээ. Дээгүүр нь бүтээх далайн хавын арьсан бүрээсийг бас хийв. 20  Асрын яс модон хүрээнүүдийг хуайс модоор хийж босоогоор нь байрлуулжээ. 21  Яс модон хүрээ бүрийн өндөр нь 10 тохой, өргөн нь нэг тохой хагас байв. 22  Хүрээ бүр хоёр углууртай* бөгөөд тэдгээр нь зэрэгцсэн байлаа. Тэрбээр асрын бүх яс модон хүрээг ийнхүү хийв. 23  Ингэхдээ асрын өмнө талыг босгохын тулд 20 яс модон хүрээ хийжээ. 24  Мөн яс модон хүрээний доорх хоёр углууранд зориулж хоёр углуурга, дараагийнх нь хүрээний хоёр углууранд зориулж хоёр углуурга гэх маягаар 20 хүрээнд зориулж 40 мөнгөн углуурга хийв. 25  Асрын нөгөө тал буюу хойд талыг босгоход зориулж 20 яс модон хүрээг 26  дөчин мөнгөн углуургатай нь хийжээ. Яс модон хүрээний доорх хоёр углууранд зориулж хоёр углуурга, дараагийнх нь хүрээний хоёр углууранд зориулж хоёр углуурга гэх маягаар хийсэн юм. 27  Асрын ард тал буюу баруун зүг рүү харсан хэсгийг зургаан яс модон хүрээ босгож хийжээ. 28  Тэрбээр асрын арын хоёр буланд тулгуур болгон хоёр яс модон хүрээ нэмж хийв. 29  Хүрээ бүр доороосоо орой хүртлээ үргэлжилсэн хоёр модтой байсан бөгөөд тэдгээр нь дээд үзүүр дээрээ нийлж, эхний гархитай холбогдож байлаа. Булангийн хоёр тулгуурыг ингэж хийсэн юм. 30  Эдгээр найман яс модон хүрээний доор тус бүрд нь хоёр углуурга буюу нийт 16 мөнгөн углуурга байв. 31  Дараа нь тэрбээр асрын нэг талын яс модон хүрээнүүдэд зориулж хуайс модоор таван хөндлөвч мод, 32  нөгөө талынх нь яс модон хүрээнүүдэд зориулж таван хөндлөвч мод, мөн баруун зүг рүү харсан хэсэг буюу асрын ард талын хүрээнүүдэд зориулж тавыг хийв. 33  Яс модон хүрээнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх голын хөндлөвч модыг хийжээ. 34  Яс модон хүрээнүүд болон хөндлөвч моддыг алтаар бүрэв. Хөндлөвч моддыг тогтоох гархинуудыг алтаар хийсэн юм. 35  Тэгээд тэрбээр хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар хөшиг хийжээ. Хөшгөн дээрээ херубуудыг урлаж шагласан юм. 36  Тэгээд хөшгөнд зориулж дөрвөн хуайс модон багана хийж алтаар бүрээд алтан дэгээнүүд хийв. Мөн багануудад зориулж дөрвөн мөнгөн углуурга цутгав. 37  Бас мөргөлийн асрын үүдний хөшгийг хийв. Хөшгийг хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар нэхэж хийжээ. 38  Мөн таван багана, дэгээнүүдийг нь хийв. Тэрбээр баганын орой, холбоосуудыг нь алтаар бүрсэн бөгөөд таван углуурга нь зэс байлаа.

Зүүлт

Безалелыг хэлсэн бололтой.
1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Эсвэл «босоо модтой»