Матайн бичсэн сайн мэдээ 12:1–50
12 Нэгэн Амралтын өдөр* Есүс тариан талбайгаар явж байлаа. Шавь нар нь өлссөндөө тариан түрүү шувтран идэж эхлэв.
2 Үүнийг харсан фарисайчууд: «Таны шавь нар Амралтын өдөр хийж болдоггүй юм хийж байна» гэхэд
3 Есүс: «Давид болон хамт явсан хүмүүс нь өлсөөд яасныг та нар уншаагүй юм уу?
4 Давид Бурхны өргөөнд орж, Бурханд өргөсөн талх аваад хүмүүстэйгээ хамт идсэн биш үү? Тэр талхыг тахилчид л иддэг байсан биз дээ?
5 Бас Амралтын өдөр сүмд ажилласан тахилчдыг буруутайд тооцдоггүй байсныг та нар Хуулиас уншаагүй юм уу?
6 Харин энд сүмээс илүү агуу нэгэн байна.
7 “Би та нараас тахил өргөхийг бус, бусдыг энэрэхийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг ухаарсан бол та нар гэмгүй хүмүүсийг буруушаахгүй байх байсан.
8 Хүний Хүү Амралтын өдрийн Эзэн мөн» гэж хэлжээ.
9 Тэрээр тэндээс явж синагогт очиход
10 хатангир гартай хүн байжээ. Фарисайчууд Есүсийг сорин «Амралтын өдөр хүн эдгээх нь зөв үү?» гэсэнд
11 «Нэг хонь нь Амралтын өдөр нүхэнд унахад гаргаж авахгүй хүн та нарын дунд байна уу?
12 Хүн хониноос илүү эрхэм биш үү? Тэгэхээр, Амралтын өдөр сайныг үйлдэх нь Хуульд нийцнэ» хэмээгээд
13 өнөөх хүнд хандан «Гараа тэнийлгэ» гэж хэлэв. Тэр хүн гараа тэнийлгэсэнд өвчтэй гар нь нөгөө гар шигээ болж эдгэжээ.
14 Тэгтэл фарисайчууд гадагш гарч, Есүсийг алахаар хуйвалджээ.
15 Есүс үүнийг мэдээд тэндээс явав. Олон хүн түүнийг дагалаа. Тэрээр өвчтэй бүгдийг эдгээсэн ажээ.
16 Гэхдээ өөрийнх нь талаар ярихгүй байхыг хатуу анхааруулав.
17 Ийнхүү зөнч Исаиагийн хэлсэн нь биелжээ.
18 Исаиа: «Энэ бол миний сонгосон, миний хайртай, таалан соёрхдог хүү минь юм. Би түүнд агуу хүчээ өгнө. Шударга ёс гэж юу болохыг тэрээр үндэстнүүдэд ойлгуулна.
19 Тэрээр маргахгүй, хашхирахгүй, гол гудамжнуудад дуу нь хэнд ч сонсогдохгүй.
20 Тэрээр шударга ёсыг тогтоотлоо гэмтсэн зэгсийг хугалахгүй, бөхөж буй зулыг унтраахгүй.
21 Үндэстнүүд түүний нэрэнд найдна» гэж зөгнөсөн билээ.
22 Хүмүүс түүн дээр чөтгөрт эзэмдүүлсний улмаас сохор, хэлгүй болсон эрэгтэйг авчрахад эдгээв. Өнөөх эрэгтэй хараа орж, ярьдаг болжээ.
23 Олон түмэн гайхан биширч, «Энэ хүн Давидын Хүү биш байгаа?» гэж ярьж эхлэв.
24 Фарисайчууд үүнийг дуулаад «Энэ хүн чөтгөрүүдийг өөрөө хөөдөггүй. Харин захирагч Бээлзэбүлээр* нь хөөлгөдөг юм» гэцгээлээ.
25 Есүс тэдний юу бодож байгааг мэдээд тэдэнд «Ямар ч улс хуваагдвал мөхнө. Ямар ч хот эсвэл айл гэр хуваагдвал сүйрнэ.
26 Үүнтэй адилаар, хэрэв Сатан өөрийгөө хөөвөл өөрийнхөө эсрэг байна гэсэн үг бөгөөд засаглал нь хэрхэн оршин тогтнох билээ?
27 Түүнээс гадна, хэрэв би чөтгөрүүдийг Бээлзэбүлээр хөөлгөдөг юм бол танай хүмүүс хэнээр хөөлгөдөг вэ? Ингэхлээр, тэд та нарын бурууг баталж байна даа.
28 Харин Бурхны хүчээр би чөтгөрүүдийг хөөдөг бол Бурхны Хаант төр энд байгаа хэрэг.
29 Бяртай эрийн гэрт орж, тоноё гэвэл эхлээд түүнийг хүлж байж л гэрийг нь тононо.
30 Миний талд байдаггүй хэн боловч намайг эсэргүүцэгч, надтай хамт хүмүүсийг цуглуулдаггүй хэн боловч тараан бусниулагч юм.
31 Тиймээс хүний үйлдсэн аливаа нүгэл, хэлсэн аливаа доромжлолыг Бурхан уучилна. Харин агуу хүчийг нь муугаар хэлсэн* хэнийг ч уучлахгүй.
32 Тухайлбал, хүний Хүүг доромжилсон хэнийг ч уучилна. Харин Бурхны агуу хүчийг муугаар хэлсэн* хэнийг ч өнөө үед* ч, ирээдүйд ч уучлахгүй.
33 Та нар сайн жимс ургуулдаг сайн мод тарьж болно. Эсвэл муу жимс ургуулдаг муу мод ч тарьж болно. Модны сайн мууг жимс нь таниулдаг.
34 Хорт могойн удам аа, та нар хорон муу байтлаа сайн юм ярьж чадна гэж үү? Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг.
35 Сайн хүний зүрх сэтгэл сайн юмаар дүүрэн байдаг учир сайн юм ярьдаг, муу хүний зүрх сэтгэл муу юмаар дүүрэн байдаг учир муу юм ярьдаг.
36 Хүн хэлсэн дэмий хоосон үг бүрийнхээ төлөө Шүүх өдөр хариуцлага хүлээнэ.
37 Учир нь үг яриагаар чинь Бурхан нэг бол шударга сайн гэж үзнэ, үгүй бол буруутгана» гэж хэлэв.
38 Тэгтэл хуулийн багш нар, фарисайчуудын зарим нь түүнд «Багш аа, таныг Бурхан илгээсэн гэдгийг баталж гайхамшиг үзүүлээч» гэсэнд
39 «Бузар муу, завхай* үеийнхэн гайхамшиг үзэх гэдэг. Гэхдээ зөнч Ионагийн үзсэн гайхамшгаас өөр гайхамшгийг тэдэнд үзүүлэхгүй.
40 Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсан шиг хүний Хүү газрын хэвлийд гурван өдөр, гурван шөнө байна.
41 Шүүх өдөр болоход Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт амилж эдний бурууг батална. Учир нь Ниневегийн хүмүүс Ионагийн тунхагласан мэдээг сонсоод гэмшсэн юм. Харин энд Ионагаас агуу нэгэн байна.
42 Шүүх өдөр болоход өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт амилж эдний бурууг батална. Учир нь тэр хатан хаан Соломоны мэргэн үгийг сонсох гэж газрын хязгаараас ирсэн юм. Харин энд Соломоноос агуу нэгэн байна.
43 Чөтгөр хүнээс гараад усгүй газраар хэрэн хэсэж, амрах газар хайж яваад юу ч олсонгүй.
44 Тэгээд “Гэртээ харья” гээд эргэж иртэл гэр нь эзгүй, цэвэрлэсэн, гоёсон байхыг үзжээ.
45 Тэгэхээр нь явж, өөрөөсөө илүү хорон муу долоон чөтгөрийг дагуулж ирээд дотор нь орж, тэндээ амьдарна. Ийнхүү өнөөх хүний байдал өмнөхөөсөө дордоно. Ёс бус энэ үеийнхэн ч ийм байх болно» хэмээжээ.
46 Есүсийг олон түмэнд ярьж байхад ээж, дүү нар нь уулзах гээд гадаа хүлээж байв.
47 Нэг хүн: «Багш аа, ээж, дүү нар тань тантай уулзах гээд гадаа хүлээж байна» гэж хэлэхэд
48 Есүс: «Хэн миний ээж, дүү нар юм бэ?» гэж тэр хүнээс асууснаа
49 шавь нараа заан «Эд бол миний ээж, дүү нар!
50 Учир нь тэнгэр дэх Эцгийн минь хүслийг биелүүлдэг хэн боловч миний ах, эгч, дүү, ээж мөн» гэж хэлэв.
Зүүлт
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Сатаны өөр нэр
^ Үгч. «доромжилсон»
^ Үгч. «доромжилсон»
^ Үгийн тайлбараас «Үе»-ийг үзнэ үү.
^ буюу үнэнч бус