Тооллого 20:1–29
20 Израйлын чуулган нэг дэх сард Зиний цөлд очоод Кадешт суув. Тэнд Мириам нас барж, түүнийг оршуулжээ.
2 Тэнд чуулганд уух ус олдоогүй тул тэд Мосе Аарон хоёрыг эсэргүүцэн цуглав.
3 Ард олон Мосетой сөргөлдөж «Ах дүү нар маань Еховагийн өмнө үхэхэд бид бас үхсэн ч байсан болоосой!
4 Та Еховагийн ард түмнийг яах гэж энэ цөлд авчирсан юм бэ? Биднийг мал сүрэгтэй маань энд үхүүлэх гээ юү?
5 Биднийг яах гэж Египетээс гаргаж энэ аймшгийн газар авчирсан юм бэ? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар биш байна. Уух ус ч алга» гэцгээв.
6 Тэгэхэд нь Мосе Аарон хоёр ард олноос салж яван цугларалтын асрын үүдэнд очоод сунаж унав. Еховагийн цог жавхлан тэдэнд үзэгджээ.
7 Ехова Мосед
8 «Чи таягаа аваад ах Ааронтайгаа чуулганыг цуглуул. Хаднаас ус гаргахын тулд тэдний нүдэн дээр хадтай ярь. Хаднаас гаргасан усаараа чуулган болон мал амьтныг нь ундаал» гэлээ.
9 Тиймээс Мосе яг тушаасных нь дагуу Еховагийн өмнө байсан таягаа авав.
10 Тэгээд Мосе Аарон хоёр ард олныг хадны өмнө цуглуулаад «Тэрслэгчид ээ, сонсоцгоо! Бид хоёр та нарт зориулж энэ хаднаас ус гаргаж өгөх ёстой болж байна уу?» гэв.
11 Тэр даруй Мосе гараа өргөөд хадыг таягаараа хоёр удаа цохиход ус олгойдон гарч чуулган болон мал сүрэг нь ундааллаа.
12 Дараа нь Ехова Мосе Аарон хоёрт «Та нар надад итгээгүйгээр үл барам израйлчуудын өмнө намайг ариун гэж хүндэтгээгүй учраас миний тэдэнд өгөх нутагт та нар тэднийг аваачихгүй» хэмээн айлдав.
13 Тэр нь Мерибагийн* ус байв. Тэнд израйлчууд Еховатай сөргөлдөхөд тэрбээр ариун гэдгээ тэдэнд баталсан юм.
14 Дараа нь Мосе Кадешаас Едомын хаан руу элчүүд явуулж «Таны ах дүүс болох израйлчууд ингэж хэлүүлж байна. “Бидний үзэж туулсан бүх зовлонг та сайн мэднэ.
15 Өвөг дээдэс маань Египет рүү явж, бид тэнд олон жил амьдран суусан. Египетчүүд биднийг ч, эцэг өвгөдийг маань ч дарлан зовоосон.
16 Эцэст нь бид Еховагаас тусламж гуйн хашхирахад тэрбээр биднийг сонсож, тэнгэрийн элчээ явуулж Египетээс гаргасан юм. Одоо бид танай хилийн хот болох Кадешт ирээд байна.
17 Танай нутгаар дамжин өнгөрөхийг зөвшөөрөөч. Бид тариалангийн талбай, усан үзмийн талбайгаар чинь дайрахгүй. Аль ч худгаас чинь ус уухгүй. Бид танай нутгаас гаран гартлаа Хааны замаар л явна. Баруун тийшээ ч, зүүн тийшээ ч хазайхгүй”» гэж хэлүүлэв.
18 Харин Едомын хаан түүнд «Та нар манай нутгаар дайрч гарч болохгүй. Хэрвээ тэгвэл өөдөөс чинь илд агсаад очно гэж мэд!» гэхэд нь
19 израйлчууд: «Бид Их замаар л явна. Хэрвээ бид, бас мал сүрэг маань танай уснаас уувал төлбөрийг нь өгнө. Нутгаар тань явган явж өнгөрөхийг зөвшөөрнө үү. Бид өөр юу ч хүсэхгүй» гэлээ.
20 Гэсэн ч Едомын хаан: «Та нарыг явуулахгүй» гээд хүчирхэг их цэрэгтэйгээ өөдөөс нь гарав.
21 Едомын хаан ийнхүү израйлчуудыг газар нутгаараа явуулаагүй учраас тэд өөр тийшээ явжээ.
22 Израйлын чуулган буюу Израйлын ард түмэн Кадешаас хөдөлж Хор ууланд хүрэв.
23 Тэгэхэд нь Ехова Едомын хилийн дэргэдэх Хор ууланд Мосе Аарон хоёрт
24 «Аарон эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсоно. Миний израйлчуудад өгөх нутагт тэр орохгүй. Яагаад гэвэл та хоёр Мерибагийн усны талаарх миний өгсөн тушаалыг дагалгүй тэрсэлсэн.
25 Аароныг хүү Елеазартай нь Хор ууланд аваач.
26 Аароны хувцсыг тайлж хүү Елеазарт нь өмсгөгтүн. Аарон тэнд амьсгал хураана» гэжээ.
27 Ингээд Мосе Еховагийн тушаалыг ёсчлон биелүүлж, тэд чуулганы нүдэн дээр Хор ууланд гарав.
28 Тэгээд Мосе Аароны хувцсыг тайлж хүү Елеазарт нь өмсгөжээ. Аарон уулын орой дээр нас барлаа. Дараа нь Мосе Елеазар хоёр уулаас буув.
29 Израйлын чуулган Аароныг нас барсныг мэдээд Аароны хойноос бүгдээрээ 30 өдөр гашууджээ.
Зүүлт
^ «Маргаан» гэсэн утгатай.