Эхлэл 13:1–18
13 Тэгээд Абрам эхнэр болон хамаг бүхнээ аваад Лоттой хамт Египетийг орхин Негев рүү өгсөн явжээ.
2 Абрам мал сүрэг, алт мөнгө ихтэй асар баян хүн байв.
3 Тэрбээр Негевээс Бетел хүртэл нүүж сууж явсаар Бетел Аи хоёрын дунд өмнө нь майхнаа барьж байсан газартаа хүрч иржээ.
4 Тэнд өмнө нь тахилын ширээ босгож байсан билээ. Абрам тэнд Еховагийн нэрийг дуудав*.
5 Абрамтай хамт яваа Лот бас маш олон хонь, үхэр, майхантай байлаа.
6 Иймээс тэр газар нь тэднийг нэг дор байхад хүрэлцэхгүй байв. Тэдний мал хөрөнгө арвин их болсон учир хамт байхад бэрх болжээ.
7 Үүнээс болж Абрамын болон Лотын малчдын хооронд маргаан гарчээ. (Тэр үед канаанчууд, перизчүүд уг нутагт суудаг байв.)
8 Иймд Абрам Лотод «Чи бид хоёрын хооронд, танай манай малчдын хооронд маргаан гарах учиргүй. Бид чинь ах дүүс шүү дээ.
9 Чи энэ нутгийн хаана амьдармаар байна, тэр газраа сонгоод ав. Тусдаа амьдарцгаая. Чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя» гэж хэлжээ.
10 Лот алсын барааг харахад Зоар хүрдэг Иорданы ай сав нь бүхэлдээ ус элбэгтэй (Ехова Содом, Гоморраг устгахаас өмнө ийм байжээ), Еховагийн цэцэрлэг мэт, Египетийн нутаг мэт байлаа.
11 Тэгээд Лот Иорданы ай савыг бүхлээр нь сонгож аваад зүүн зүгт нүүв. Ийнхүү Абрам Лот хоёр тус тусдаа амьдрах болжээ.
12 Абрам Канаан нутагт, Лот Иорданы ай сав дахь хотуудаас холгүй амьдрах болов. Хожим нь Лот Содомын ойролцоо майхнаа босгожээ.
13 Содомын хүмүүс Еховагийн хувьд асар их нүгэлтэй, хорон муу хүмүүс байв.
14 Лотыг нүүсний дараа Ехова Абрамд «Байгаа газраасаа урд, хойд, баруун, зүүн зүг рүү хар даа.
15 Би чиний харж байгаа газар нутгийг тэр чигээр нь чамд болон чиний үр хүүхдэд үүрдийн эзэмшил болгож өгнө.
16 Би чиний үр удмыг шорооны ширхэг мэт тоолшгүй олон болгоно. Хүн шорооны ширхгийг тоолж чадахгүй шиг чиний үр удмыг ч тоолж чадахгүй.
17 Энэ нутгаар хөндлөн гулд явж харагтун. Би чамд энэ нутгийг өгнө» гэж айлджээ.
18 Ингээд Абрам аян замдаа гарч, цаашдаа ч майханд амьдарчээ. Хожим нь тэрбээр Хеброн дахь Мамрегийн том моддын дунд амьдран суух болов. Тэнд Еховад зориулж тахилын ширээ босголоо.
Зүүлт
^ Еврей үг нь Бурхнаас тусламж хүсэн нэрийг нь дуудах, түүнд итгэж найдах, нэрийг нь тунхаглах гэсэн санаа агуулдаг.