Хоёрдугаар Тесалоник 2:1–17
2 Ах дүү нар аа, Эзэн Есүс Христийн ирэх болон бид түүнтэй хамт байх гэж цуглах талаар захиж хэлэх юм байна.
2 Еховагийн* өдөр болчихлоо хэмээсэн зөгнөл, яриа, эсвэл биднээс явуулсан гэмээр захидал зэргээс болж зөв шүүж тунгаах чадвараа бүү алд, бүү айж түгш.
3 Та нар хэнд ч бүү мэхлэгд*. Учир нь тэр өдөр болохоос өмнө эхлээд тэрс явдал гарах бөгөөд хууль зөрчигч буюу сүйрэх хүү илчлэгдэх учиртай.
4 Тэр бол дайсан бөгөөд Бурхны сүмд заларч, өөрийгөө бурхан гэж олонд харуулахын тулд бурхан гэгддэг бүхэн болон аливаа шүтээний дээгүүр өөрийгөө өргөмжилдөг.
5 Би танай тэнд байхдаа энэ тухай ярьдаг байсныг та нар санахгүй байна гэж үү?
6 Цаг нь болохоор тэр илчлэгдэнэ. Тэр болтол хэн түүнийг хазаарлан барьж байгааг та нар мэднэ.
7 Хууль зөрчигч одоохондоо нууц бөгөөд ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ хазаарлан баригчийг явтал тийм байх юм.
8 Хууль зөрчигч илчлэгдэхэд Эзэн Есүс амныхаа амьсгалаар түүнийг үгүй хийн устгаж, ирчихээд байгаагаа тодорхой болгоно.
9 Хууль зөрчигчид Сатаны дэмээр байх үедээ янз бүрийн гайхамшиг үйлдэж, хуурамч тэмдэг үзүүлж,
10 үнэний төлөө гэсэн чин сэтгэлгүйн улмаас мөхөж байгаа буюу шийтгүүлж буй хүмүүсийг хуурч мэхэлнэ. Ийм эрхийг Сатан түүнд өгчээ. Тэд үнэний төлөө гэсэн чин сэтгэлтэй байсан бол аврагдах байв.
11 Худал хуурмагт итгэж төөрөлдөхийг нь Бурхан зөвшөөрдөг.
12 Үнэнд итгэдэггүй, харин бузар муу юманд баясдаг тэд буруутгагдана.
13 Харин бид та нарыг хайрладаг Ехова* Бурханд талархах ёстой. Учир нь Бурхан та нарыг аврахын тулд анхнаасаа сонгосон. Та нар агуу хүчээр ариусгагдсан бөгөөд үнэнд итгэсэн учир аврагдсан.
14 Та нарыг Эзэн Есүс Христтэй адил алдартай болгохын тулд сайн мэдээг биднээр та нарт тунхаглуулсан билээ.
15 Тиймээс ах дүү нар аа, тууштай байгаарай. Хэлж ярьж, эсвэл захидал бичин зааж сургасныг маань дагаж мөрдөөрэй.
16 Бидний Эзэн Есүс Христ өөрөө, бас биднийг хайрладаг, нигүүлсдэг, хэзээ ч дуусашгүй тайвшрал болон сайхан найдвар өгсөн Бурхан Эцэг
17 та нарыг тайвшруулж, үргэлж сайн юм хийж ярьдаг болгон батжуулаг.