Skip to content

Гарчиг руу орох

Та хэний эрх мэдэлд захирагдах ёстой вэ?

Та хэний эрх мэдэлд захирагдах ёстой вэ?

Бүлэг 14

Та хэний эрх мэдэлд захирагдах ёстой вэ?

1, 2. Эрх мэдлийн бүх хэлбэр хор хүргэдэг үү? Тайлбарлана уу.

 «ЭРХ МЭДЭЛ» гэдэг үг хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэх нь их байдаг. Ажил алба, гэр орон, төр засгийн аль алинд эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэх явдал олонтаа байдаг учраас энэ нь ойлгомжтой асуудал. «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж» хэмээн Библи илэн далангүй хэлдэг (Номлогчийн үгс 8:9). Үнэндээ бусдыг захирахдаа өрөвдөх сэтгэлгүйгээр, амин хувийнхаа эрх ашгийн үүднээс ханддаг хүн цөөнгүй.

2 Гэхдээ эрх мэдлийн хэлбэр болгон хор хүргэдэггүй. Жишээлбэл: Бие махбод маань амьсгалах, идэж уух хийгээд унтахыг «тушаан», биднийг удирддаг гэж хэлж болно. Тэгвэл үүнийг дарангуйлж байна гэх үү? Үгүй ээ. Эдгээр шаардлагыг биелүүлэх нь бидэнд л тус болдог. Бид бие махбодынхоо хэрэгцээ шаардлагад өөрийн эрхгүй захирагддаг хэдий ч ухамсартайгаар захирагдах ёстой эрх мэдлийн өөр хэлбэрүүд бас байдаг. Зарим жишээ авч үзье.

ХАМГИЙН ДЭЭД ЭРХ МЭДЭЛ

3. Ехова ямар учраас «Хэмжээгүй эрхт Эзэн» гэж нэрлэгдэх эрхтэй вэ?

3 Библид Еховаг 300 гаруй удаа «Хэмжээгүй эрхт Эзэн» (ШЕ) хэмээн нэрлэсэн байдаг. Хэмжээгүй эрхт гэдэг нь хамгийн дээд эрхийг баригч нэгэн гэсэн үг юм. Тийм эрх мэдлийг Еховад юу олгодог вэ? Үүний хариу нь «Илчлэлт» номын 4:11-д: «Бидний Эзэн [«Ехова», ШЕ] ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» гэж байдаг.

4. Ехова эрх мэдлээ хэрхэн ашигладаг вэ?

4 Ехова бидний Бүтээгч болохын хувьд эрх мэдлээ өөрийнхөөрөө явуулах эрхтэй. Бурхан «агуу их хүчтэй» гэдгийг тооцох аваас энэ нь бидэнд айдас төрүүлж болох юм. Түүнээс гадна түүнийг «Төгс Хүчит Бурхан» гэдэг ба энэ нь еврейгээр бүхнийг дийлэгч гэсэн санааг илэрхийлдэг байна (Исаиа 40:26; Эхлэл 17:1). Гэвч Ехова хүчээ сайн үйлийн төлөө гаргадаг. Учир нь түүний гол чанар бол хайр билээ (1 Иохан 4:16).

5. Еховагийн эрх мэдэлд захирагдах нь яагаад хэцүү биш вэ?

5 Үл гэмшигч нүгэлтнүүдийг гэсгээн цээрлүүлнэ гэж Ехова сануулсан хэдий ч Мосе түүнийг «итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад... гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг» гэж мэдэж байсан (Дэд хууль 7:9). Орчлонт ертөнцийн хамгийн дээд эрх мэдэлтэй Нэгэн өөртөө захирагдахыг бидэнд тулгадаггүй гэдгийг сайн бодоорой! Харин түүний хайр биднийг татдаг (Ром 2:4; 5:8). Еховагийн эрх мэдэлд захирагдана гэдэг бол харин ч аз завшаантай хэрэг. Учир нь түүний хууль зөвхөн бидний тусын тулд үйлчилдэг (Дуулал 19:7, 8).

6. Еден цэцэрлэгт эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудал хэрхэн үүссэн бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?

6 Бидний өвөг дээдэс Бурхны эрх мэдлээс татгалзаж, юу нь сайн, юу нь муу гэдгийг өөрсдөө шийдэхийг хүссэн (Эхлэл 3:4—6). Үүнээсээ болоод тэд диваажин гэрээсээ хөөгдсөн. Хожим нь Ехова, төгс бус ч гэлээ, эмх журамтай нийгэмд амьдраг хэмээн эрх мэдлийн янз бүрийн байгууллага байгуулахыг хүмүүст зөвшөөрчээ. Эрх мэдлийн ямар ямар хэлбэр байдаг вэ? Бурханд таалагдахын тулд тэдгээрт ямар хэмжээгээр захирагдах ёстой вэ?

«ДЭЭД ЭРХ МЭДЛҮҮД»

7. «Дээд эрх мэдлүүд» гэж юу вэ? Бурхны эрх мэдлийн хувьд эдгээр нь ямар байр суурь эзэлдэг вэ?

7 «Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурхнаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй» гэж элч Паул бичжээ. «Дээд эрх мэдлүүд» гэж юу вэ? Эдгээр нь хүний төр засгийн эрх мэдлүүд юм гэдэг нь дараа дараагийн зүйлд бичсэн Паулын үгээс харагддаг (Ром 13:1—7; Тит 3:1). Ехова хүний төр засгийн эрх мэдлийг бий болгоогүй ч тэдгээрийг оршин байхыг зөвшөөрдөг. Тийм учраас Паул: «Оршин байгаа нь Бурхнаар тогтоогдсон юм» гэж бичжээ. Дэлхийн эрх мэдлүүдийн тухайд энэ нь юу гэсэн үг вэ? Тэдгээр нь Бурхны эрх мэдэлд захирагддаг буюу түүнээс доогуур байдаг гэсэн үг юм (Иохан 19:10, 11). Тэгэхлээр хүний болон Бурхны хуулиудын хооронд зөрчилтэй асуудал гарвал христианууд Библиэр хүмүүжсэн мөс чанараа удирдлага болгох ёстой. Өөрөөр хэлбэл «хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» (Үйлс 5:29).

8. «Дээд эрх мэдлүүд» бидэнд ямар ач тус үзүүлдэг вэ? Тэдгээрт захирагддагаа хэрхэн харуулж болох вэ?

8 Гэхдээ төр засгийн «дээд эрх мэдлүүд» нь ихэнхдээ бидэнд «сайны төлөөх Бурхны үйлчлэгч юм» (Ром 13:4). Ямар байдлаар үйлчилдэг вэ? Шуудан холбоо, цагдаагийн алба, гал команд, цэвэр бохир усны систем, боловсрол эзэмших боломж гэх мэтийн «дээд эрх мэдлүүдийн» олгодог олон төрлийн үйлчилгээний талаар бодоод үз л дээ. «Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурхны зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм» гэж Паул бичсэн (Ром 13:6). Татвар болон хуулиар хүлээсэн бусад үүргийнхээ тухайд бид «үнэнч шударга байх» ёстой (Еврей 13:18, ШЕ).

9, 10. а) «Дээд эрх мэдлүүд» Бурхны байгууламжид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? б) «Дээд эрх мэдлүүдийг» эсэргүүцэх нь яагаад буруу вэ?

9 Заримдаа «дээд эрх мэдлүүд» эрхээ хэтрүүлэн хэрэглэх явдал байдаг. Энэ нь биднийг тэдгээрт захирагдах үүргээс чөлөөлөх үү? Үгүй. Тэдний буруу үйл ажиллагааг Ехова харж байдаг (Сургаалт үгс 15:3). Хүний засаглалд тэвчээртэй ханддаг нь авилгалыг нүдээ аниад өнгөрөөдөг гэсэн үг биш ээ. Тэрчлэн биднээс ийм байхыг хүсдэггүй. Үнэн хэрэгтээ Бурхан удахгүй «бүх хаанчлалыг бутлан сөнөөгөөд» оронд нь өөрийн шударга засгийн газрыг тогтооно (Даниел 2:44). Гэхдээ тэр болтол «дээд эрх мэдлүүд» үүрэг зорилгоо биелүүлсээр байх болно.

10 «Эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурхны тогтоосныг эсэргүүцдэг» гэж Паул тайлбарласан (Ром 13:2, МАБ). Бурхны «тогтоосон» нь болох «дээд эрх мэдлүүд» эмх цэгцийг тогтоон хангаж байдаг бөгөөд хэрэв тэд байхгүй бол эх захгүй, замбараагүй байдал ноёлж байх асан. «Дээд эрх мэдлүүдийг» эсэргүүцэх нь Библийн үүднээс буруу бөгөөд тэнэг хэрэг юм. Жишээ нь: Та мэс засал хийлгээд шархандаа оёдол тавиулжээ гэж бодъё. Оёдол нь бие махбодын хувьд гаднын биет хэдий ч хэсэг хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та түүнийг хугацаанаас нь өмнө аваад хаячихвал аюул болно. Түүн лүгээ адил төр засгийн эрх мэдлүүд бол Бурхны анхны санаа зорилгын хэсэг байгаагүй. Гэвч, түүний Хаанчлал дэлхийг бүхэлд нь захирах хүртэл хүний засгийн газрууд нийгмийг эдүгээ цагт Бурхны хүсэл таалалд нийцүүлэн барьж байх болно. Тийм учраас бид Бурхны хууль болон эрх мэдлийг тэргүүн зэрэгт тавьдаг ч гэсэн «дээд эрх мэдлүүдэд» захирагдах ёстой.

ГЭР БҮЛ ДЭХ ЭРХ МЭДЭЛ

11. Тэргүүллийн зарчмыг та хэрхэн тайлбарлахсан бол?

11 Гэр бүл бол хүний нийгмийн үндсэн нэгж юм. Гэр бүлд нөхөр эхнэр хоёр үр өгөөжөө өгөхүйц нөхөрсөг дотно харьцаатай байж болно. Харин хүүхдүүд насанд хүртлээ хамгаалагдсан байх боломжтой (Сургаалт үгс 5:15—21; Ефес 6:1—4). Гэр бүлийн гишүүд тийм гайхамшигтай байгууламжийг тайван амгалан, эв найртай амьдрахаар зохион байгуулах шаардлагатай. Үүнийг хангах зорилгоор Ехова 1 Коринт 11:3-т: «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн» хэмээн бичсэн тэргүүллийн зарчмыг буй болгосон.

12, 13. Гэр бүлийн тэргүүн нь хэн бэ? Есүсийн тэргүүллийн жишээнээс юунд суралцаж болох вэ?

12 Нөхөр бол гэр бүлийн тэргүүн юм. Гэхдээ нөхөр ч гэсэн тэргүүнтэй бөгөөд тэр нь Есүс Христ юм. «Нөхрүүд ээ, Христ чуулганыг [«хурлыг», ШЕ] хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» гэж Паул хэлжээ (Ефес 5:25). Есүс хурал буюу дагалдагчидтайгаа хэрхэн харьцаж байсны адил нөхөр эхнэртэйгээ тийн харьцсанаар Христэд захирагдаж байгаагаа харуулах болно (1 Иохан 2:6). Есүс асар их эрх мэдэлтэй байсан хэдий ч түүнийгээ тун дөлгөөхнөөр, хайрын үүднээс ухаалгаар хэрэглэдэг байлаа (Матай 20:25—28). Есүс хүн байхдаа эрх мэдлээ хэзээ ч хэтрүүлэн хэрэглэж байгаагүй. Тэрбээр «зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу» байсан бөгөөд дагалдагчдаа «боол» гэдэггүй, харин «анд нөхөд» хэмээн дууддаг байсан. «Би та нарыг тэнхрүүлнэ» (ШЕ) гэж Есүс тэдэнд амласан бөгөөд үнэхээр ч тэгсэн билээ (Матай 11:28, 29; Иохан 15:15).

13 Есүсийн жишээ нь тэргүүлэл бол харгис хэрцгийгээр захирах байр суурь биш гэдгийг нөхрүүдэд хэлдэг. Харин ч энэхүү тэргүүллийн зарчим нь асар их хайр хийгээд гүн хүндэтгэл илэрхийлэхийг шаарддаг. Энэ нь эхнэртэйгээ махбодоороо ч, үг хэлээрээ ч бүдүүлэг харьцаж хэрхэвч болохгүй гэсэн үг (Ефес 4:29, 31, 32; 5:28, 29; Колоссай 3:19). Хэрэв христиан эр эхнэртэйгээ зүй бусаар харьцах юм бол түүний бусад сайн үйлс нь талаар болох бөгөөд залбиралд нь «саад тотгор учирна» (1 Коринт 13:1—3; 1 Петр 3:7).

14, 15. Бурхны тухай мэдлэг эр нөхөртөө захирагдахад эхнэрт хэрхэн тусалдаг вэ?

14 Эр нөхөр нь Христийн жишээг дагах аваас Ефес 5:22, 23-т: «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы [«хурлын», ШЕ] толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм» гэж бичсэн зөвлөгөөг биелүүлэхэд эхнэрт нь хялбар байх болно. Тэгэхлээр эр хүн Христэд захирагддаг шиг эхнэр нь нөхөртөө захирагдах ёстой. Тэрчлэн арван хуруу тэгш эхнэрүүд Бурханд таалагддаг мэргэн ухаан, хөдөлмөрч чанараараа нэр төр, алдар хүндийг хүртдэг гэж Библи маш тодорхой хэлдэг (Сургаалт үгс 31:10—31).

15 Христиан эмэгтэйн нөхөртөө захирагдах тухай асуудал бол харьцангуй ойлголт. Энэ нь хэрэв ямар нэг асуудал дээр нөхөртөө захирагдахдаа Бурхны хууль зөрчихөөр байвал хүнийг дагахаасаа илүү Бурханд захирагдах ёстой гэдэг зарчмыг баримтална гэсэн үг юм. Гэхдээ, тийм үед ч гэсэн эхнэрийн энэхүү хатуу байр суурь «дөлгөөн болон даруу сүнсний» байдлаар зөөлөрсөн байх шаардлагатай. Бурхны тухай мэдлэг түүнийг сайн эхнэр болгожээ гэдэг нь илт мэдэгдэм байх ёстой (1 Петр 3:1—4). Итгэгч бус эхнэртэй христиан эрэгтэйн хувьд ч энэ нь мөн адил хамаатай. Библийн зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлснээр тэр эр сайн нөхөр болох ёстой.

16. Есүс хүүхэд байхдаа ямар жишээ үлдээсэн бэ?

16 Ефес 6:1-д хүүхдүүдийн үндсэн үүргийг тодорхойлж: «Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм» гэж бичжээ. Өсөх насандаа эцэг эхдээ дуулгавартай байсан Есүсийн жишээг хүүхдүүд дуурайх ёстой. Есүс дуулгавартай хүү байсан учраас «бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурхны болон олон түмний тааллыг олжээ» (Лук 2:51, 52).

17. Эцэг эхийн, эрх мэдлээ хэрэглэх байдал нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж болох вэ?

17 Эцэг эх өөрсдийн үүргийг хэрхэн биелүүлдгээс шалтгаалан хүүхдүүд эрх мэдлийг эсвэл хүндэтгэдэг, эсвэл эсэргүүцдэг болж өсдөг (Сургаалт үгс 22:6). Тийм учраас эцэг эхчүүд өөрсдөдөө: «Би эрх мэдлээ хатуудуулж байна уу, эсвэл хайрандаа захируулж байна уу? Би хэтэрхий зөөлөн биш байгаа даа?» зэрэг асуулт тавих хэрэгтэй. Бурхнаа дээдэлдэг эцэг эхчүүд хайртай, санаа тавимтгай байхын зэрэгцээ Библийн зарчмууд дээр хатуу байр суурь баримтлах ёстой. Чухам үүнтэй холбогдуулан Паул: «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» гэж бичжээ (Ефес 6:4; Колоссай 3:21).

18. Эцэг эх хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх ёстой вэ?

18 Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дуулгавартай байдлаар баярлан бахархдаг байхыг хүсдэг бол хүмүүжүүлэх аргынхаа талаар онцгой анхаарах хэрэгтэй (Сургаалт үгс 23:24, 25). Библид хүмүүжлийг юуны түрүүн сургамжийн хэлбэр гэж үздэг (Сургаалт үгс 4:1; 8:33). Уурлаж хашгирсан байдлаар бус харин хайрлаж, эелдэг зөөлнөөр сургах ёстой. Тийм учраас христиан эцэг эхчүүд хүүхдүүдээ зэмлэхдээ биеэ барьж, мэргэн ухаалаг ханддаг (Сургаалт үгс 1:7).

ХУРАЛ ДАХЬ ЭРХ МЭДЭЛ

19. Христиануудын хурлыг дэг журамтай байлгах талаар Бурхан хэрхэн санаа тавьсан бэ?

19 Ехова бол эмх журмын Бурхан учраас ард түмнээ сайтар зохион байгуулсан, найдвартай удирдлагаар хангах нь ойлгомжтой. Тийм ч учраас тэрбээр хурлын Тэргүүнээр Есүсийг томилсон ажээ (1 Коринт 14:33, 40; Ефес 1:20—23). Бурхан Христийн үл үзэгдэх удирдлагын дор ажиллах байгууламжийг буй болгож, тэр байгууламжийн тусламжтайгаар хурал болгонд томилогдсон ахлагч нар сүргийг сайн дураараа, хичээл зүтгэлтэйгээр, хайрлаж хариулдаг (1 Петр 5:2, 3). Мөн туслах үйлчлэгчид хуралд чухал үүрэг гүйцэтгэн, ахлагч нарт ихээхэн туслалцаа үзүүлдэг (Филиппой 1:1).

20. Томилогдсон ахлагч нарт захирагдахын учир юу вэ? Энэ нь ямар учраас бидэнд тустай вэ?

20 Ахлагч нарын талаар Паул бичихдээ: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг» гэжээ (Еврей 13:17). Бурхан ахлагч буюу харгалзагч нарт хурлын сүнслэг хэрэгцээний талаар санаа тавих үүрэг өгсөн. Тэдгээр эрчүүд бол лам хуврагууд биш. Тэд бидний Эзэн, Есүс Христийн адилаар итгэл нэгтнүүддээ санаа тавьж байдаг Бурхны үйлчлэгч, боолууд юм (Иохан 10:14, 15). Библийн шаардлагын хэмжээнд хүрч төлөвшсөн эрчүүд бидний амжилт бүтээл хийгээд сүнслэг өсөлтийн маань талаар анхаарал тавин сонирхож байдаг юм байна гэдгийг мэдэхлээрээ тэдэнд захирагдан, тэдэнтэй хамтран ажиллах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг (1 Коринт 16:16).

21. Томилогдсон ахлагч нар хурлын гишүүдэд сүнслэг ямар тусламж үзүүлэхийг хичээдэг вэ?

21 Хонь заримдаа сүргээсээ төөрөн салах юм уу эсвэл энэ ертөнцийн хөнөөлт нөлөөнд автаж болох юм. Ахлагч нар туслах хоньчны хувьд Тэргүүн Хоньчны удирдлагаар, өөрсдөд нь итгэсэн хүмүүсийн хэрэгцээ шаардлага юу байгааг мэдэрч, тэдэнд онцгой анхаарал тавьдаг (1 Петр 5:4). Тэд хурлын гишүүдийн гэр орноор эргэн очиж, урам хайрласан үг, зөвлөгөө өгдөг. Диавол Бурхны ард түмний тайван амгалан байдлыг эвдэн бусниулахыг хичээн эрмэлздэгийг мэдэх учир ахлагч нар «дээрээс ирэгч мэргэн ухааныг» ашиглан янз бүрийн асуудлыг шийдвэрлэдэг (Иаков 3:17, 18). Тэд Есүсийн залбиран гуйж байсны дагуу нэгэн итгэл, нэгдмэл санаа зорилготой байлгахын төлөө бүхий л хүчээ дайчлан ажилладаг юм (Иохан 17:20—22; 1 Коринт 1:10).

22. Хэрэв хэн нэг нь нүгэл үйлдвэл ахлагч нар ямар тусламж үзүүлдэг вэ?

22 Хэрэв христиан хүн ямар нэгэн шалтгаанаар зовж шаналах юм уу эсвэл үйлдсэн нүглээсээ болоод сэтгэл санаагаар унавал яах вэ? Сүнслэг эрүүл мэндээ сэргээхэд нь түүнд Библид үндэслэсэн тайвшруулах зөвлөгөө хийгээд ахлагч нарын чин сэтгэлийн залбирал тусалж болно (Иаков 5:13—15). Тэрчлэн ариун сүнсээр томилогдсон эдгээр эрчүүд буруу замаар орж байгаа буюу хурлын сүнслэг болон ёс суртахууны цэвэр ариун байдалд аюул занал учруулж байгаа хэнийг ч болов засаж залруулах арга хэмжээ авч, зэмлэн буруушаах эрх мэдэлтэй байдаг (Үйлс 20:28; Тит 1:9; 2:15). Хурлын цэвэр ариун байдлыг хадгалах үүднээс ноцтой нүглийн талаар ахлагч нарт мэдээлэх шаардлага гарч болох юм (Левит 5:1). Хэрэв ноцтой нүгэл үйлдсэн христиан хүн Библид үндэслэсэн засаж залруулах арга хэмжээ болон зэмлэлийг хүлээн авч, үнэн санаанаасаа гэмшиж байгаа бол түүнд тусламж үзүүлнэ. Харин Бурхны хуулийг байнга зөрчин, үл гэмшигч хүмүүсийг хурлаас хөөх болно (1 Коринт 5:9—13).

23. Хурлын тусын тулд харгалзагчид юу хийдэг вэ?

23 Бурхны ард түмнийг тайвшруулан хамгаалж, бэхжүүлэхийн тулд сүнслэг талаараа төлөвшсөн эрчүүдийг Хаан Есүс Христийн захиргаан дор томилох болно гэж Библид зөгнөсөн буй (Исаиа 32:1, 2). Тэд сайн мэдээг тунхаглагчид, хоньчид хийгээд багшийн хувьд хурлын сүнслэг өсөлтийг хангах удирдлагыг өөртөө авдаг (Ефес 4:11, 12, 16). Хэдийгээр харгалзагчид заримдаа хурлын гишүүдийг зэмлэн буруушааж, урьдчилан анхааруулдаг ч гэсэн Бурхны Үгэнд үндэслэсэн ахлагчийн эрүүл сургаалыг хэрэглэх нь амийн зам дээрээ үлдэхэд нь бүгдэд тусална (Сургаалт үгс 3:11, 12; 6:23; Тит 2:1).

ЕХОВАГИЙН ҮЗЭЛ БОДЛЫН ҮҮДНЭЭС ЭРХ МЭДЭЛД ХАНДАГТУН

24. Бид өдөр бүр ямар сорилттой тулгардаг вэ?

24 Анхны хүмүүн хос эрх мэдэлд захирагдах эсэх асуудлаар сорилтод орсон. Бид өдөр бүр тийм сорилттой тулгардаг нь гайхмаар зүйл биш. Сатан Диавол хүмүүсийг эрх мэдэлд захирагдахгүй байлгахыг эрмэлздэг (Ефес 2:2). Өөрийн эрхээр байх нь бусдын эрхшээлд байснаас хамаагүй дээр юм шиг санагддаг л даа.

25. Энэ ертөнцийнхний үл захирагдах гэсэн сэтгэлгээтэй эвлэрэхгүй байх нь яагаад тустай вэ? Бурхны ашигладаг буюу зөвшөөрсөн эрх мэдлүүдэд захирагдах нь яагаад тустай вэ?

25 Гэвч бид энэ ертөнцийнхний үл захирагдах гэсэн сэтгэлгээтэй эвлэрэх ёсгүй. Тийн байж, Бурхны шаардлагын дагуу эрх мэдлүүдэд захирагдсанаар асар их шагнал хүртдэгийг бид мэдэрнэ. Жишээ нь: Төр засгийн эрх мэдэлтэйгээ тэрсэлдсэнээс болж хэн нэгний эдэлдэг тэр зовуурь шаналгаа, зовлонт байдлыг бид амсдаггүй. Олон гэр бүлийн дотор ердийн үзэгдэл мэт байдаг хэрүүл маргааныг бид багасгана. Мөн тэрчлэн христиануудын хурлын гишүүдтэй хайр бялхсан, чин сэтгэлийн харьцаатай байж, жаргал эдэлнэ. Гэхдээ хамгийн чухал нь Бурхны шаардлагын дагуу эрх мэдлүүдэд захирагдсанаараа хамгийн дээд эрх мэдэлтэн Еховатай сайн харьцаатай болно.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

Ехова эрх мэдлээ хэрхэн ашигладаг вэ?

«Дээд эрх мэдлүүд» гэж юу вэ? Түүнд бид хэрхэн захирагддаг вэ?

Тэргүүллийн зарчим нь гэр бүлийн гишүүдэд ямар үүрэг оногдуулдаг вэ?

Хуралд захирагдаж байгаагаа бид юугаар илэрхийлэх вэ?

[Догол мөрийн асуулт]

[134-р хуудасны хавсралт]

ХУУЛИА САХИН БИЕЛҮҮЛДЭГ ИРГЭД

Еховагийн Гэрчүүд олон түмнийг хамруулсан дэлгэрүүлэх ажлаараа хүн төрөлхтний хүсэн хүлээж байдаг жинхэнэ энх тайван, аюулгүй байдлын цорын ганц найдвар бол Бурхны Хаанчлал юм гэдэгт тэдний анхаарлыг хандуулдаг. Гэвч, Бурхны засгийн газрын тухай хичээнгүйлэн дэлгэрүүлдэг эдгээр хүмүүс эрх мэдэлд нь амьдардаг засаг төрийнхөө нэр хүндийг ямар ч тохиолдолд гутаадаггүй. Харин ч Гэрчүүд бол хамгийн нэр хүндтэй, хуулиа сахин биелүүлдэг иргэдийн тоонд ордог. «Хэрэв бүх шашныхан Еховагийн Гэрчүүд шиг байдаг бол манайд хүн амины хэрэг, орон байрны хулгай, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг, шоронгийн хоригдол болон атомын бөмбөг ч байхгүй байх байсан. Хаалгаа байнга цоожлох шаардлага ч гарахгүйсэн» гэж Африкийн нэгэн орны төрийн түшмэл хүн хэлжээ.

Энэ байдлыг үндэслэн олон орны төр засгийн байгууллагууд Еховагийн Гэрчүүдэд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахыг зөвшөөрдөг. Еховагийн Гэрчүүд сайн нөлөө үзүүлдэг гэдгийг олон орны төр засаг ойлгож мэдээд, үйл ажиллагаа явуулахад нь тогтоосон хорио, хязгаарлалаа цуцалжээ. Эрх мэдэлд захирагдах талаар элч Паул: «Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно» гэж хэлсэн (Ром 13:1, 3).