ХЭСЭГ 6
Хүүхэдтэй болоход амьдрал өөрчлөгддөг
«Үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг» (Дуулал 127:3).
Хүүхэдтэй болсон хүн баяр баясгалан ч эдэлдэг, хариуцлагаа ч улам бүр ухамсарладаг. Хүүхэд өсгөж бойжуулна гэдэг их хүч хөдөлмөр, цаг зав шаардсан ажил байдгийг шинэхэн эцэг эх өөрсдөө үзээд ирэхлээрээ гайхдаг. Нойр дутуу, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг нь нөхөр эхнэрийн харьцаанд муугаар нөлөөлдөг. Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ бие биетэйгээ улам дотносохын тулд хэвшиж дадсан амьдралаа өөрчлөх хэрэг хэн хэнд нь гарна. Ийм өөрчлөлтийг амжилттай давахад Библийн зөвлөгөө ямар ач тустай вэ?
1 ХҮҮХЭДТЭЙ БОЛОХОД АМЬДРАЛ ӨӨРЧЛӨГДДӨГИЙГ ОЙЛГОХ
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй. ... Өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй» (1 Коринт 13:4, 5). Эхнэр нь нялх үрдээ хамаг бүхнээ зориулахлаар нөхөрт нь хайхрах хүнгүй болсон мэт санагдаж мэднэ. Тиймээс нөхрөө халамжлахаа бүү мартаарай. Тэвчээр гарган, сайхан сэтгэлээр хандаж, хэрэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлж, хүүхдээ хамт өсгөж бойжуулаарай.
«Нөхрүүд ээ, ... эхнэртэйгээ ойлголцож амьдар» (1 Петр 3:7). Эхнэр тань ихэнх цагаа хүүхдэдээ зориулна гэдгийг ойлгоорой. Сэтгэл тавгүйтэх, ядарч сульдах, бүр сэтгэл гутралд автах явдал шинэхэн эхэд тохиолдож мэднэ. Заримдаа танд уураа гаргаж ч магадгүй. Тэгэхэд нь тайван байхыг хичээгээрэй. «Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр» гэдэг (Сургаалт үгс 16:32). Ухаалаг байж, эхнэртээ тус дэм болоорой (Сургаалт үгс 14:29).
ЗӨВЛӨГӨӨ
-
Эцгүүдэд: Хүүхдээ өсгөж бойжуулахад нь эхнэртээ тусалж, шөнө босож байгаарай. Эхнэр, хүүхдэдээ илүү их цаг гаргахын тулд бусад юманд зориулдаг цагаа багасгаарай.
-
Эхчүүдэд: Нөхөр тань туслах гэвэл туслуулаарай. Санаанд хүрэхээр хийж чадахгүй бол шүүмжлэхийн оронд яаж хийдгийг нь зааж өгөөрэй.
2 ХАНЬТАЙГАА УЛАМ БҮР ДОТНОСОХ
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Тэр хоёр нэгэн бие болох ажгуу» (Эхлэл 2:24). Танайх шинэ хүнтэй болсон ч та хоёр «нэгэн бие» хэвээрээ шүү дээ. Дотно сайн харьцаатай байхын тулд чадах бүхнээ хийгээрэй.
Эхнэрүүд ээ, нөхөр тань тусалж дэмжихэд талархаж байгаарай. Баярлаж талархсанаа илэрхийлэх нь «илааршлыг авчирна» (Сургаалт үгс 12:18). Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлаж, эрхэмлэдгээ хэлж байгаарай. Гэр бүлийнхнээ анхааран халамжилдгийг нь магтаж сайшаагаарай (Сургаалт үгс 31:10, 28).
«Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эр» (1 Коринт 10:24). Ханийнхаа сайн сайхныг үргэлж бодож байгаарай. Зав гарган ярилцаж, ханийнхаа урмыг сэргээж, нэг нэгнээ сонсож байгаарай. Бэлгийн амьдралын асуудлаар хувиа бүү бодоорой. Ханийнхаа хэрэгцээ шаардлагыг бодож байгаарай. «Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо» гэж Библид байдаг (1 Коринт 7:3–5). Тиймээс энэ асуудлыг ний нуугүй ярилцаарай. Тэвчээртэй байж, ханиа ойлгодог бол та хоёр улам дотносно.
ЗӨВЛӨГӨӨ
-
Хоёулхнаа байх цаг заавал гаргаж байгаарай.
-
Ханьдаа зурвас бичих, үнэтэй, том биш ч бэлэг өгөх гэх зэргээр хайраа илэрхийлж байгаарай.
3 ХҮҮХДЭДЭЭ ЗААЖ СУРГАХ
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон» (2 Тимот 3:15). Хүүхдэдээ юуг, яаж заахаа төлөвлөөрэй. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа ч юм сурч чаддаг нь гайхалтай. Эцэг эхийнхээ дууг ялгаж таньдаг, баярлах гуниглах, өөртэй нь ярих гэх зэргийг мэдэрдэг. Нялх байхаас нь ном уншиж өгөөрэй. Юу уншиж байгааг тань ойлгохгүй ч гэсэн номонд дуртай хүн болох биз ээ.
Хүүхдэдээ Бурхны тухай ярихад хэзээ ч эртдэхгүй. Еховад хамт залбирч байгаарай (Дэд хууль 11:19). Хүүхэдтэйгээ тоглохдоо ч Бурхны бүтээлийн тухай ярьж өгөөрэй (Дуулал 78:3, 4). Хүүхэд өсөж томрохын хэрээр Еховад хичнээн хайртайг тань мэдэрч, өөрөө ч Еховаг хайрладаг болно.
ЗӨВЛӨГӨӨ
-
Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд мэргэн ухаан гуйж тодорхой залбираарай.
-
Хүүхдийг багаас нь сургахын тулд гол үг, гол санааг давтаж хэлж байгаарай.