Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн амлалтад итгэдгээ үйл хэргээрээ харуулцгаая

Еховагийн амлалтад итгэдгээ үйл хэргээрээ харуулцгаая

«Итгэл бол ... харагдахгүй зүйлсийн баталгаа мөн» (ЕВР. 11:1).

ДУУ: 54, 43

1. Бид итгэлийг юу гэж үзэх ёстой вэ?

ИТГЭЛ бол Бурхны үйлчлэгчдэд байдаг маш үнэтэй зүйл юм. «Бүх хүн итгэлтэй биш» гэж Библид бичжээ (2 Тес. 3:2). Бурхан үйлчлэгч бүрдээ итгэлийг «ногдуулдаг» (Ром 12:3; Гал. 5:22). Итгэлтэй байдаг маань Еховагийн ач юм.

2, 3. а) Итгэлтэй хүмүүс ямар ивээл хүртэх боломжтой вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултыг авч хэлэлцэх вэ?

2 Тэнгэрийн Эцэг маань хүмүүсийг Есүс Христээр дамжуулан өөртөө татдаг (Иох. 6:44, 65). Хэрэв хүн Есүст итгэвэл нүглээ уучлуулах боломжтой болно. Улмаар Еховагийн үүрдийн анд нөхөр болох үүд хаалга нээгдэнэ (Ром 6:23). Хүн төрөлхтөн ийм ивээл хүртэх гавьяатай юу? Үгүй. Харин ч нүгэлтэй учраас хүртвэл зохих ганц зүйл нь үхэл юм (Дуу. 103:10). Гэвч Ехова бидний чадавхыг олж хараад нигүүлсэнгүй сэтгэлдээ хөтлөгдөн зүрхийг маань нээж сайн мэдээг ойлгуулж өгсөн. Үүний ачаар бид Есүст итгэн мөрөөр нь дагадаг болж мөнх амьдрахыг тэсэн ядан хүлээдэг болсон (1 Иохан 4:9, 10-ыг уншина).

3 Тэгвэл итгэл гэж яг юу вэ? Бурхан бидний төлөө юу хийсэн, ирээдүйд юу хийхийг мэддэг байх нь хангалттай юу? Өөр яах хэрэгтэй вэ?

«ЗҮРХЭНДЭЭ ИТГЭХ НЬ»

4. Итгэлтэй хүн яадаг вэ?

4 Ехова Есүс хоёрт итгэдэг бол бидний төлөө юу хийсэн, юу хийх гэж байгааг зүгээр оюун ухаанаараа хүлээж аваад л болчихгүй. Харин хүсэл тааллынх нь дагуу амьдрахыг хичээнэ. Бас Ехова Есүс хоёрын талаар хүмүүст мэдүүлнэ. Элч Паул: «Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн, зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн, авралд хүрнэ» хэмээн хэлжээ (Ром 10:9, 10; 2 Кор. 4:13).

5. Итгэл маш чухал гэхийн учир юу вэ? Бат итгэлтэй байхын тулд яах вэ? Жишээгээр тайлбарлана уу.

5 Тэгэхлээр Бурхны байгуулах шинэ ертөнцөд мөнх амьдрах эсэх маань бат итгэлтэй юү, үгүй юү гэдгээс шалтгаалах нь тодорхой. Шинэ ертөнцөд мөнх амьдаръя гэвэл итгэлээ үргэлж бэхжүүлэх ёстой. Итгэлийг ургамалтай зүйрлэж болно. Ургамал ургахад ус маш чухал үүрэгтэй. Байнга услахгүй бол чийг дутсанаас болоод хатаж үхнэ. Бидний итгэл бас адилхан. Тоохгүй яваад байвал итгэл суларна. Яваандаа бүр итгэлгүй болно (Лук 22:32; Евр. 3:12). Харин зохих ёсоор анхаарч явдаг бол итгэл маань «үлэмж нэмэгдэж», бид «итгэл ... дотор эрүүл байна» (2 Тес. 1:3; Тит 2:2).

БИБЛИД ИТГЭЛИЙГ ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛДОГ ВЭ?

6. Еврей 11:1-д итгэлийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

6 Итгэл гэж чухам юу вэ гэдгийг Еврей 11:1-д хоёр янзаар тодорхойлсон байдаг (Уншина). Нэгдүгээрт итгэлийг «бидний найддаг зүйлсийн бодит байдал» гэжээ. «Бидний найддаг зүйлс» гэдэгт ирээдүйд болох үйл явдал орно. Жишээлбэл Ехова муу муухай бүхнийг газрын хөрснөөс арчиж, дэлхийг диваажин болгоно. Хоёрдугаарт итгэл бол «харагдахгүй зүйлсийн баталгаа» юм. Ехова Бурхан, Есүс Христ, тэнгэр элчүүд болон Бурхны Хаанчлалыг бид нүдээрээ хараагүй ч бодитой оршин байдагт нь огтхон ч эргэлздэггүй (Евр. 11:3). Бурхны Үгэнд бичигдсэн үл үзэгдэх бүхэн үнэн бодитой бөгөөд заавал биелнэ гэдэгт итгэдгээ хэрхэн батлах вэ? Үг яриа, үйл хэргээрээ харуулах учиртай.

7. Ноагийн жишээнээс харвал итгэлтэй байна гэж яахыг хэлдэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

7 Итгэлтэй байх талаар эртний үнэнч үйлчлэгч Ноагаас юу сурах вэ? Еврей 11:7-д «Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн» хэмээн бичжээ. Ноа аварга том хөвөгч авдар хийж итгэлээ үйл хэргээрээ баталсан. Яагаад ийм нүсэр авдар хийж байгааг хөршүүд нь Ноагаас асуудаг байсан нь эргэлзээгүй. Ноа хариуд нь юу ч хэлэхгүй юм уу та нарт хамаагүй гэж хэлдэг байсан болов уу? Яалаа гэж дээ! Харин ч бат итгэлтэй байсан учраас зоригтой гэрчилж, Бурхан муу муухай бүхнийг устгах гэж байгааг анхааруулж байсан. «Газар дэлхий мах цустай бүхнээс болж, хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж ... Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ» хэмээн айлдсан Еховагийн үгийг дамжуулж байсан биз ээ. Бас аврагдахын тулд хийх ёстой цорын ганц зүйл бол «тэр хөвөгч авдарт орох» юм хэмээн тайлбарлаж байсан нь лавтай. Ийнхүү «зөвт байдлыг» тунхаглан итгэлээ үйл хэргээрээ баталжээ (Эх. 6:13, 17, 18; 2 Петр 2:5).

8. Жинхэнэ итгэлийн талаар Иаков юу хэлсэн бэ?

8 Элч Паулыг итгэлийн тухай тодорхойлоод удаагүй байхад Иаков бас жинхэнэ итгэл үйл хэрэгтэй холбоотойг захидалдаа бичжээ. Тэрээр: «Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя» гэжээ (Иак. 2:18). Зүгээр итгэх, итгэлээ үйл хэргээрээ харуулах хоёр эрс ялгаатайг цааш нь тайлбарлажээ. Чөтгөрүүд хүртэл Бурхныг оршин байдагт итгэдэг ч тэдний итгэл үнэндээ жинхэнэ биш юм. Тэд Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд нь ширүүн эсэргүүцэж саад хийдэг (Иак. 2:19, 20). Гэтэл жинхэнэ итгэлтэй хүн Бурханд таалагдахын тулд сайн үйл хийдэг. Тэдний нэг бол Абрахам юм. Иаков: «Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр өөрийн хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна» хэмээн бичжээ. Дараа нь тэрээр итгэл нь үйл хэргээр илрэх ёстойг онцлохын тулд «Сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой» гэжээ (Иак. 2:21–23, 26).

9, 10. Элч Иоханы бичсэнээр жинхэнэ итгэлтэй хүн яадаг вэ?

9 Иаковыг захидлаа бичсэнээс хойш гуч гаруй жилийн дараа элч Иохан сайн мэдээний нэг ном болон гурван захидлаа бичжээ. Иохан бас жинхэнэ итгэл гэж юу болохыг сайн ойлгодог байв. «Итгэлээ үйл хэргээрээ харуулах» гэж заримдаа орчуулагддаг грек үйл үгийг тэрээр олон удаа бичжээ.

10 Жишээлбэл «Хүүд итгэдэг [буюу итгэлээ үйл хэргээрээ харуулдаг] хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг» хэмээн бичсэн (Иох. 3:36). Тэгэхлээр жинхэнэ итгэлтэй хүн Есүсийн тушаалыг дагадаг ажээ. Хүн итгэлээ үйл хэргээрээ байнга харуулах ёстой гэж Есүсийн хэлснийг Иохан олон удаа эш татсан байдаг (Иох. 3:16; 6:29, 40; 11:25, 26; 14:1, 12).

11. Үнэнийг мэдүүлсэн Еховадаа талархдаг бол яах хэрэгтэй вэ?

11 Ехова үйлдэх хүчээрээ бидэнд үнэнийг ойлгуулж, сайн мэдээнд итгэдгээ үйл хэргээрээ харуулах боломжийг нээж өгсөнд талархаад баршгүй (Лук 10:21-ийг уншина). «Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох» Хүүгээрээ дамжуулан биднийг өөртөө татсанд нь үргэлж талархаж явцгаая (Евр. 12:2). Хэрэв бид итгэлээ бэхжүүлэхийн тулд тогтмол залбирч, Бурхны Үгийг судалдаг бол нигүүлсэнгүй сэтгэлийнх нь төлөө Бурхандаа талархаж байна гэсэн үг (Еф. 6:18; 1 Петр 2:2).

Сайн мэдээ дэлгэрүүлэх боломж бүрийг ашиглаж итгэлээ үйл хэргээрээ харуулаарай (12-р догол мөрийг үзээрэй)

12. Итгэлээ үйл хэргээрээ яаж харуулах вэ?

12 Бид Еховагийн амлалтад бат итгэдгээ үйл хэргээрээ үргэлж харуулах ёстой. Жишээлбэл Бурхны Хаанчлалын тухай тунхаглаж, шавь бэлдэх ажилд оролцох хэрэгтэй. Бас «бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдсээр» байцгаая (Гал. 6:10). Түүнээс гадна «хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлахыг» хичээцгээе. Тэгдэг бол Еховатай тогтоосон харьцаанд сэв суулгах алив бүхний эсрэг тэмцэж байна гэсэн үг (Кол. 3:5, 8–10).

БУРХАНД ИТГЭХ ИТГЭЛ БОЛ СУУРИЙН НЭГ ХЭСЭГ МӨН

13. «Бурханд итгэх итгэлийг» маш чухал гэхийн учир юу вэ? Итгэлийг юутай зүйрлэдэг вэ? Суурь гэж юу вэ?

13 «Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» гэж Библид бичжээ (Евр. 11:6). «Бурханд итгэх итгэлийг» «суурийн» нэг хэсэг гэж Библид тодорхойлсон байдаг. Христийн жинхэнэ дагалдагч болж, тэр замаараа тууштай явахад хэрэгтэй зүйлийг «суурь» гэсэн хэрэг (Евр. 6:1, 2). Ехова Бурхантай анд нөхөр болж, андын энэ холбоогоо үргэлж нандигнаж явахад итгэлээс гадна өөр олон зан чанар бидэнд хэрэгтэй (2 Петр 1:5–7-г уншина; Иуда 20, 21).

14, 15. Хайр итгэлээс илүү чухал гэхийн учир юу вэ?

14 Итгэл үнэхээр чухал учраас Библийг бичигчид энэ чанарыг хэдэн зуун удаа онцолсон байдаг. Итгэлийг бусад зан чанараас илүү олон удаа дурджээ. Тэгвэл Гэрч хүний хувьд итгэл хамгийн чухал гэсэн үг үү?

15 Паул итгэлийг хайртай харьцуулан «Хэрэв би ... уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш» хэмээн бичжээ (1 Кор. 13:2). «Хууль дахь агуу тушаал нь аль вэ?» гэсэн асуултад Есүс хариулахдаа Бурхныг хайрлах хайр гэсэн (Мат. 22:35–40). Бурханд таалагдах олон сайхан зан чанарыг өөртөө бий болгоход, түүний дотор итгэлтэй болоход хайр чухал үүрэгтэй. Хайр «бүгдэд итгэдэг» гэж Библид байдаг. Тэгэхлээр Бурхны Үгэнд бичигдсэн бүхэнд итгэхэд хайр маш чухал байх нь ээ (1 Кор. 13:4, 7).

16, 17. Хайр итгэл хоёрын талаар Библид юу гэж байдаг вэ? Аль нь хамгийн агуу нь вэ? Яагаад?

16 Хайр итгэл хоёр хоёулаа чухал учраас Библийг бичигчид энэ хоёрыг олон удаа зэрэгцүүлж бичсэн байдаг. Паул итгэл нэгтнүүддээ «итгэлийн ба хайрын хуягийг ... өмсөхийг» уриалжээ (1 Тес. 5:8). Петр: «Та нар [Есүсийг] хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг» хэмээн бичсэн (1 Петр 1:8). Иаков тослогдсон итгэл нэгтнүүдээсээ «Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү?» хэмээн асуусан байдаг (Иак. 2:5). «Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, ... бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм» гэж Иохан бичжээ (1 Иох. 3:23).

17 Ирээдүйд Бурхны санаа зорилго гүйцэлдэж, бидний итгэж найддаг байсан зүйл биеллээ олох болохоор цаашид итгэл хэрэггүй болно. Харин Бурхныг болон хөршөө хайрлах хайр хэзээ ч дуусахгүй. Тиймээс Паул: «Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн» хэмээн бичжээ (1 Кор. 13:13).

ИТГЭЛИЙН ҮР ДҮН

18, 19. Бурхны үйлчлэгчдийн итгэлийн үр дүн юу вэ?

18 Еховагийн орчин үеийн үйлчлэгчид Бурхны Хаанчлалыг дэмжиж ажиллахын зэрэгцээ бие биеэ хайрладаг. Бурхны үйлдэх хүчээр удирдуулж амьдардаг учраас тэр юм (Гал. 5:22, 23). Үүний үрээр дэлхий дахинд буй 8 сая гаруй Гэрч мөр зэрэгцэн, эв нэгдэлтэй үйлчилж байна. Тэдэнд жинхэнэ итгэл, хайр байгаа нь тодорхой!

19 Бурхан л туслахгүй бол бид ийм эв нэгдэлтэй байж чадахгүй. Үүний төлөө Ехова Бурхнаа магтан алдаршуулах учиртай (Ис. 55:13). «Итгэлээрээ аврагдах» боломжтой болсон маань үнэхээр «Бурханы бэлэг» юм (Еф. 2:8). Ехова цаашид ч илүү олон хүнд үнэнийг ойлгуулна. Эцэст нь Еховаг мөнхөд алдаршуулах төгс, үнэнч, жаргалтай хүмүүсээр дэлхий дүүрнэ. Тиймээс Еховагийн амлалтад бат итгэдгээ үйл хэргээрээ харуулж явцгаая!