Skip to content

Гарчиг руу орох

Сонгох эрх чөлөөгөө эрхэмлээрэй

Сонгох эрх чөлөөгөө эрхэмлээрэй

«Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг» (2 КОР. 3:17).

ДУУ: 31, 32

1, 2. а) Сонгох эрх чөлөөгөө эдлэх талаар хүмүүс ямар бодолтой байдаг вэ? б) Сонгох эрх чөлөөний талаар Библид юу гэж байдаг вэ? Энэ өгүүллээр ямар асуултыг ярилцах вэ?

НЭГ бүсгүй хувийн асуудлаа шийдэх болов. Тэгээд найздаа «Би юу ч бодмооргүй байна. Зүгээр л юу хийхийг минь хэлээд өг. Энэ нь амар» гэжээ. Бүтээгчийнхээ бэлэглэсэн сонгох эрх чөлөөг эдлэхийн оронд юу хийхээ хэлүүлэх нь дээр гэж үзжээ. Та яадаг вэ? Өөрөө асуудлаа шийддэг үү эсвэл бусдаар шийдүүлэх дуртай юу? Сонгох эрх чөлөөгөө эдлэх талаар ямар бодолтой явдаг вэ?

2 Хүмүүс энэ асуудлаар олон зууны турш маргаж байна. Бурхан хүний үйл хөдлөл бүрийг урьдаас зурчихсан байдаг болохоор сонгох эрх чөлөө байхгүй гэж зарим нь боддог. Хязгааргүй эрх чөлөөтэй болсон цагт л сонгох эрх чөлөөг жинхэнэ утгаар эдэлнэ гэж зарим нь мэтгэдэг. Харин Библид, Ехова хүнийг сонгох эрх чөлөөтэй байхаар бүтээсэн гэж байдаг. Хүн өөрөө зөв шийдвэр гаргах чадвартай, эрхтэй гэсэн үг (Иошуа 24:15-ыг уншина). Бас дараах асуултын хариу бий. «Сонгох эрх чөлөө хязгаартай юу? Шийдвэр гаргахдаа үүнийгээ хэрхэн ашиглах вэ? Бидний гаргасан шийдвэр Еховад үнэхээр хайртайг хэрхэн илчилдэг вэ? Бусдын шийдвэрийг хүндэлдгээ яаж харуулах вэ?».

ЕХОВА ЕСҮС ХОЁРООС СУРАЛЦЪЯ

3. Ехова эрх чөлөөгөө хэрхэн эдэлдэг вэ?

3 Ехова ганцаараа хязгааргүй эрх чөлөөтэй. Эрх чөлөөгөө хэрхэн эдэлдэг нь бидэнд үлгэр дуурайл болдог. Жишээ нь израиль үндэстнийг «Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн» болгохоор сонгожээ (Д.хууль 7:6–8). Ингэж сонгох шалтгаан байв. Ехова хэдэн зууны өмнө өөрийн анд Абрахамд өгсөн амлалтаа биелүүлэхийг хүссэн (Эх. 22:15–18). Түүнээс гадна тэрээр эрх чөлөөгөө эдлэхдээ хайрандаа хөтлөгдөн, шударга ёсонд нийцүүлдэг. Энэ нь израильчуудыг дуулгаваргүй загнахад хэрхэн сахилгажуулснаас харагддаг. Тэднийг чин сэтгэлээсээ гэмшихэд хайр энэрлээ харамгүй үзүүлдэг байв. Ехова: «Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана» гэжээ (Хос. 14:4). Эрх чөлөөгөө бусдын сайн сайхны төлөө эдлэх талаар сайхан жишээ үзүүлжээ.

4, 5. а) Бурхнаас хэн анх сонгох эрх чөлөө гэдэг бэлгийг авсан бэ? Түүнийгээ хэрхэн эдэлсэн бэ? б) Хүн бүр өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

4 Ехова тэнгэрийн элчүүд болон хүмүүсийг бүтээхдээ сонгох эрх чөлөөг бэлэг болгон өгсөн. Энэ бэлгийг хамгийн анх «Бурханы дүр» болох ууган Хүү нь авчээ (Кол. 1:15). Есүс дэлхийд ирэхээсээ бүр өмнө Эцэгтээ үнэнч байж, Сатаны хамсаатан болохгүй гэж бат шийдсэн. Хожим нь дэлхий дээр байхдаа сонгох эрх чөлөөгөө зөв эдлэн Сатаны сорилтод бууж өгөөгүй (Мат. 4:10). Амиа алдахынхаа өмнөх шөнө шаргуу залбирахдаа Бурхны хүсэл тааллын дагуу явна гэдгээ батлан хэлсэн. Тэрээр: «Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг» гэжээ (Лук 22:42). Бид бас Еховаг алдаршуулж, хүсэл тааллынх нь дагуу явахын тулд сонгох эрх чөлөөгөө эдэлцгээе! Гэхдээ ингэх боломжтой юу?

5 Тийм ээ, Есүсийг дуурайх боломжтой. Яагаад гэвэл бид Бурхны дүр төрхийн дагуу, Бурхантай адилхан бүтээгдсэн (Эх. 1:26). Гэхдээ бидэнд Еховагийнх шиг хязгааргүй эрх чөлөө байхгүй. Ехова эрх чөлөөнд маань хил хязгаар тавьсан бөгөөд бид тэр хязгаараас хэтэрч болохгүйг Библи хэлж өгдөг. Жишээлбэл эхнэр нь нөхөртөө, хүүхдүүд нь эцэг эхдээ захирагдах ёстой (Еф. 5:22; 6:1). Сонгох эрх чөлөөгөө эдлэхэд иймэрхүү хориг саадууд хэрхэн нөлөөлөх бол? Энэ асуултын хариу мөнхийн ирээдүйг маань тодорхойлно.

СОНГОХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЗӨВ БА БУРУУ ЭДЛЭХ НЬ

6. Бидэнд байгаа сонгох эрх чөлөө яагаад хязгаартай байх ёстойг жишээгээр хэлнэ үү.

6 Хязгаартай эрх чөлөөг жинхэнэ эрх чөлөө гэж хэлж болох уу? Тийм ээ, болно! Хүний эрх чөлөөг хязгаарлах нь хамгаалалт болдог. Жишээ нь та холын аянд машинаар явж байна гэж бодъё. Гэтэл таны явж буй зам дээр замын хөдөлгөөний дүрэм огт үйлчилдэггүй, хүн болгон ямар хурдаар, аль талаар нь явахаа дураараа шийддэг бол яах вэ? Та тайван явж чадах уу? Мэдээж чадахгүй. Хязгаарлалт байхгүй бол бүх хүн жинхэнэ эрх чөлөөг эдлэх боломжгүй. Еховагийн тавьсан хориг хязгаар бидэнд ямар ач тустайг харуулах өөр жишээг Библиэс үзье.

7. а) Адам болон амьтдын хоорондох нэг ялгаа юу байсан бэ? б) Адам сонгох эрх чөлөөгөө эдэлж байсныг харуулах жишээ хэлнэ үү.

7 Бурхан анхны хүн Адамыг бүтээгээд тэнгэрийн элчүүдэд өгсөнтэйгөө ижилхэн бэлгийг түүнд өгчээ. Тэр нь сонгох эрх чөлөө байлаа. Зөнгөөрөө амьдардаг амьтдаас Адам ийнхүү ялгарчээ. Тэрээр сонгох эрх чөлөөгөө хэрхэн зөв эдэлж байсныг авч үзье. Ехова анхны хүмүүн хүүгээрээ амьтдад нэр өгүүлэхээр болов. «Адам тэдгээрийг хэрхэн яаж нэрлэхийг үзэхээр тэднийг түүнд авчирч өгчээ» гэж Библид байдаг. Адамыг амьтан бүрийг ажиглаад тохирох нэр өгөхөд нь Ехова хажуунаас нь оролцоогүй, бас өгсөн нэрийг нь голоогүй. «Адамын амьтан бүрд өгсөн нэр нь тэдний нэр болжээ» (Эх. 2:19).

8. Адам сонгох эрх чөлөөгөө хэрхэн буруу эдэлсэн бэ? Үр дүн нь юу байсан бэ?

8 Ехова Адамд дэлхийг арчилж тордон бүхэлд нь диваажин болгох даалгавар өгөхдөө «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир» хэмээн айлджээ (Эх. 1:28). Гэвч Адам даалгавартаа сэтгэл дундуур байсан учир Еховагийн хориглосон жимснээс идчихдэг. Ийнхүү Еховагийн тавьсан хориг хязгаарыг үл тоомсорлосон. Адам сонгох эрх чөлөөгөө буруу эдэлсний гайгаар үр удам нь хэдэн мянган жил зовж зүдэрч байна (Ром 5:12). Адамын шийдвэр ямар үр дагаварт хүрснийг үргэлж санаж явцгаая. Ингэвэл бид сонгох эрх чөлөөгөө зөв эдэлж, Еховагийн тогтоосон хил хязгаарыг давахгүй амьдарч чадна.

9. Ехова Израилийн ард түмэнд ямар боломж олгосон бэ? Тэд хэрхэн хүлээж авсан бэ?

9 Бүх хүн Адам, Ева гэдэг дуулгаваргүй өвөг дээдсээсээ төгс бус байдал, үхлийг өвлөн авсан билээ. Гэлээ ч сонгох эрх чөлөө эдлэх эрхтэй хэвээрээ байна. Бурхан Израилийн ард түмэнтэй яаж харьцаж байснаас үүнийг мэдэж болно. Еховагийн тусгай эзэмшил болох уу, татгалзах уу гэдгээ шийдэх боломж израильчуудад олдсон (Ег. 19:3–6). Тэд Еховад юу гэж хариулсан бэ? «ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ» хэмээн хариулж Бурхны нэрээр овоглосон ард түмэн болохоор шийджээ (Ег. 19:8). Харамсалтай нь тэд яваандаа сонгох эрх чөлөөгөө буруу эдэлдэг болж амласнаасаа няцсан. Эртний израильчуудаас сургамж авцгаая. Сонгох эрх чөлөөгөө байнга эрхэмлэж, Еховатай улам дотносон хууль тушаалыг нь сахиж явцгаая (1 Кор. 10:11).

10. Төгс бус хүн сонгох эрх чөлөөгөө зөв эдлэх боломжтойг ямар жишээ харуулдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

10 Сонгох эрх чөлөөгөө зөв эдлэн Еховагийн тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхаар шийдсэн 16 хүний нэр «Еврей» номны 11 дүгээр бүлэгт гардаг. Тэр хүмүүс арвин их ивээл хүртэж, сайхан ирээдүйтэй болсон. Жишээлбэл агуу итгэлтэй Ноа Еховагийн зааврыг дагаж гэр бүлээ болон ирээдүйн хүн төрөлхтнийг аврах хөвөгч авдар хийхээр шийдсэн (Евр. 11:7). Абрахам Сара хоёр Бурхны үгэнд орж, амласан газар луу нь явсан. Урт аялалд гарсны дараа ч хөгжин цэцэглэсэн Ур хот руугаа «буцах боломж» байсан. Гэхдээ тэд ирээдүйд биелэх Бурхны амлалтыг анхаарч, «үлэмж дээр нутагт» очжээ (Евр. 11:8, 13, 15, 16). Мосе Египетийн эд баялгийг үл тоомсорлосон. «Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм» (Евр. 11:24–26). Агуу итгэлтэй энэ хүмүүсийн жишээгээр, сонгох эрх чөлөөгөө Бурхны хүслийн дагуу эдэлж, үнэлж эрхэмлэж явцгаая.

11. а) Сонгох эрх чөлөөтэй байдгийн маань нэг давуу тал юу вэ? б) Та сонгох эрх чөлөөгөө яагаад зөв эдлэхээр шийдсэн бэ?

11 Өөрийнхөө асуудлыг хүнээр шийдүүлэх нь илүү амархан мэт санагдаж болох юм. Гэхдээ ингэвэл нэг чухал ивээлийг хүртэж чадахгүй. Энэ ивээлийн тухай Дэд хууль 30:19, 20-д бичсэн байдаг (уншина). 19 дүгээр зүйлд Бурхан израильчуудаар юу сонгуулахаар болсныг бичжээ. Зүрх сэтгэлдээ юу байгааг үзүүлэх ховорхон боломжийг Ехова тэдэнд өгснийг 20 дугаар зүйлээс уншиж болно. Бид бас Еховаг шүтэхээр шийдэх боломжтой. Еховад хайраа илэрхийлж, түүнийг магтан алдаршуулахын тулд сонгох эрх чөлөө гэдэг бэлгээ ашиглах нь хамгийн их утга учиртай!

СОНГОХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ БҮҮ БУРУУ ЭДЛЭЭРЭЙ

12. Сонгох эрх чөлөө гэдэг бэлгээ яаж болохгүй вэ?

12 Та найздаа үнэтэй бэлэг өгчээ гэж бодъё. Гэтэл бэлгийг тань хогийн саванд хаячихсаныг эсвэл бүр тэр зүйлээр хүн гэмтээснийг мэдвэл та яах вэ? Маш их гутрах байх. Өнөөдөр олон хүн сонгох эрх чөлөөгөө буруу эдэлж, тэр байтугай бусдыг хохироож байгааг Ехова хараад ямар их гутардаг бол оо! «Эцсийн өдрүүдэд» хүмүүс «үл талархагч» болно гэж Библид зөгнөсөн нь үнэхээр биелж байна (2 Тим. 3:1, 2). Ийм үнэтэй бэлэг өгсөн Еховадаа талархдагаа хэрхэн харуулах вэ? Сонгох эрх чөлөөгөө буруу эдлэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

13. Сонгох эрх чөлөөгөө буруу эдлэхгүй байх нэг арга юу вэ?

13 Хүн болгон найз нөхөд, хувцас хунар, үзэж харах зүйлээ сонгох эрхтэй. Үс зүсээ яаж янзлах нь ч хувь хүний хэрэг. Гэхдээ махан биеийнхээ хүслийг дагах юм уу ертөнцийнхний зан авир, хэв маягийг дуурайдаг бол «эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон» ашиглаж байна гэсэн үг (1 Петр 2:16-г уншина). Бид «эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгохын» тулд бус, харин «Бурханы алдрын төлөө бүхнийг хийхийн» тулд эдлэх учиртай (Гал. 5:13; 1 Кор. 10:31).

14. Сонгох эрх чөлөөгөө эдлэхдээ яагаад Еховад найдах хэрэгтэй вэ?

14 Сонгох эрх чөлөө гэдэг бэлгээ хайрлах өөр нэг арга нь Еховад найдаж, тогтоосон хил хязгаараас нь хэтрэхгүй байх юм. Зөвхөн Ехова л бидэнд тустайг сургаж, биднийг явах ёстой замаар маань удирддаг (Ис. 48:17). Хүн амьдралын замаа өөрөө чиглүүлж чадахгүй хэмээн Иеремиагийн бичсэнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой (Иер. 10:23). Адам болон тэрслүү израильчууд Еховагийн тогтоосон хил хязгаарыг давж, өөрсдөдөө найдсан. Тэдний муу жишээг дагахгүй байцгаая. Өөртөө найдахын оронд «бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэж» явцгаая (Сур. 3:5).

БУСДЫНХАА СОНГОХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮНДЛЭЭРЭЙ

15. Галат 6:5-д байдаг зарчмаас юу ойлгох хэрэгтэй вэ?

15 Бид бусдын шийдвэр гаргах эрхийг хүндлэх ёстой. Яагаад? Хүн болгон сонгох эрх чөлөө гэдэг бэлэгтэй. Хоёр Гэрч дандаа л яг ижилхэн шийдвэр гаргана гэж байхгүй. Биеэ авч явах байдал, шүтлэгтэй холбоотой шийдвэр гаргасан ч мөн адил. Галат 6:5-д байдаг зарчмыг саная (уншина). Есүсийн дагалдагч бүр «өөрийн ачааг үүрэх» ёстой гэсэн зарчмыг ойлговол бусдыг хүндэлж сонгох эрх чөлөөгөө эдлэх эрхтэйг нь хүлээн зөвшөөрнө.

Бид шийдвэр гаргахдаа бусдад саналаа тулгах учиргүй (15-р догол мөрийг үзээрэй)

16, 17. а) Сонгох эрх чөлөөтэй холбоотой ямар асуудал Коринт дахь хуралд гарсан бэ? б) Паул итгэл нэгтнүүддээ хэрхэн тусалсан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?

16 Мөс чанартай холбоотой шийдвэр гаргахдаа ах дүүгийнхээ эрх чөлөөг хүндлэх хэрэгтэй. Үүнийг харуулсан жишээг Библиэс үзье. Хиймэл шүтээнүүдэд өргөөд, дараа нь зах дээр зарсан махыг идэх идэхгүй талаар Коринт дахь Христийн дагалдагчид маргалджээ. Зарим нь: «Хиймэл шүтээн бол хоосон зүйл. Тийм болохоор юу ч бодолгүйгээр энэ махыг идэж болно» гэж үзэж байлаа. Харин зарим хүн өмнө нь тэдгээр шүтээнд мөргөдөг байсан учраас тэр махыг идвэл шашны зан үйл үйлдэж байгаагаас өөрцгүй болно гэж боджээ (1 Кор. 8:4, 7). Энэ нь хурлынхныг талцахад хүргэсэн ноцтой асуудал байлаа. Бурхны үзэл бодлоор ханддаг болоход нь Паул Коринт дахь дагалдагчдад яаж тусалсан бол?

17 Нэгдүгээрт, Бурхантай ойр дотно болоход нь хоол хүнс тус болохгүйг хэн хэнд нь сануулжээ (1 Кор. 8:8). Дараа нь, сонгох эрхээ буруу эдлэн «мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу» болохгүй байхыг хатуу анхааруулсан (1 Кор. 8:9). Эцэст нь, шүтээнд өргөсөн мах идэхээр шийдсэн хүмүүсийг шүүхгүй байхыг хэт мэдрэг мөс чанартай хүмүүст захисан (1 Кор. 10:25, 29, 30). Шүтлэгтэй холбоотой энэ чухал асуудлаар дагалдагч бүр дор дороо шийдвэр гаргах хэрэгтэй байжээ. Тэгвэл бид ч бас ах дүүгийнхээ гаргасан том жижиг аливаа шийдвэрийг хүндлэх ёстой бус уу? (1 Кор. 10:32, 33).

18. Та сонгох эрх чөлөөгөө эрхэмлэдгээ хэрхэн харуулмаар байна вэ?

18 Ехова бидэнд сонгох эрх чөлөө гэдэг үнэтэй бэлэг өгсөн (2 Кор. 3:17). Бид үүнийгээ эрхэмлэн нандигнадаг. Яагаад гэвэл энэ бэлэг маань Еховаг хэр их хайрладгаа харуулах боломж олгодог. Тиймээс цаг үргэлж Еховаг алдаршуулах шийдвэр гаргаж явцгаая. Бусдынхаа сонгох эрх чөлөөг хүндэлж, энэ бэлгээ зөв ашиглахад нь тусалцгаая.