Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 36

ДУУ 120 Дуулгавартай байж, ивээл хүртье

«Бурхны үгийг ажил хэрэг болгогч бай»

«Бурхны үгийг ажил хэрэг болгогч бай»

«Зүгээр нэг сонсогч биш, Бурхны үгийг ажил хэрэг болгогч бай» (ЯАК. 1:22).

ГОЛ САНАА

Бурхны Үгийг өдөр бүр уншихаас гадна уншсанаа эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлэх хүслийг бадраахад энэ өгүүлэл тустай.

1, 2. Бурхны үйлчлэгчдийг яагаад аз жаргалтай гэж хэлэх вэ? (Яаков 1:22–25).

 ЕХОВА болон хайрт Хүү нь биднийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Дуулал 119:2-т «Түүний гэрчлэлүүдийг сахин, Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!» гэж байдаг. Есүс бас «Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» гэсэн (Лук 11:28).

2 Еховагийн үйлчлэгч бид аз жаргалтай хүмүүс. Ингэж хэлэх олон шалтгаан бий. Нэг гол шалгаан нь Бурхны Үгийг тогтмол уншиж, уншсанаа хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг (Яаков 1:22–25-ыг уншина).

3. Бурхны Үгнээс уншсанаа амьдралдаа хэрэгжүүлээд бид ямар ач тус хүртдэг вэ?

3 «Бурхны үгийг ажил хэрэг болгогч» олон ач тус хүртдэг. Жишээлбэл Үгийг нь судлаад амьдралдаа хэрэгжүүлэхэд Ехова баярладаг. Бид үүнийг мэдрэхээрээ өөрсдөө ч жаргалтай болдог (Ном. 12:13). Бас Библийн зөвлөгөөг дагаснаар гэр бүлийнхэн болон хурлынхантайгаа илүү сайн харьцаатай болдог. Та ч үүнийг амьдрал дээрээ мэдэрсэн байх. Түүнчлэн Еховагийн тушаалыг дагадаггүй хүмүүст тулгардаг олон бэрхшээлээс зайлсхийж чаддаг. Давидын хэлсэн үгтэй бид санал нийлдэг. Тэрбээр дуулалдаа Еховагийн хууль, тушаал, тогтоолын тухай дурдаад «Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг» гэжээ (Дуу. 19:7–11).

4. Бурхны Үгнээс уншсанаа хэрэгжүүлэхэд дандаа амар байдаггүйн учир юу вэ?

4 Бид завгүй амьдардаг тул Бурхны Үгийг тогтмол уншиж, судлах амар байдаггүй. Гэхдээ Ехова биднээс юу хүсдэгийг мэдэхийн тулд цаг гаргах ёстой. Библийг тогтмол уншихад тус болох зарим зөвлөгөөг одоо ярилцъя. Мөн уншсанаа хэрхэн эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлэхийг мэдэж авъя.

УНШИХ ЦАГ ГАРГАХ

5. Бид ямар үүрэг даалгавар биелүүлэхдээ олон цаг зориулдаг вэ?

5 Еховагийн үйлчлэгчдийн ихэнх нь маш завгүй амьдардаг. Бид Бурхны чухал гэж үздэг үүргийг биелүүлэхэд чамгүй их цаг зориулдаг. Жишээлбэл өөрийгөө болон гэрийнхнийгээ тэжээхийн тулд ажил хийх шаардлагатай хүн цөөнгүй бий (1 Тим. 5:8). Олон хүн өвчтэй, өндөр настай гэрийнхэн юм уу хамаатан саднаа асардаг. Мөн бид бүгдээрээ цаг гарган эрүүл мэндээ анхаарах шаардлагатай. Энэ бүхний дээр бас хуралдаа үүрэг даалгавар биелүүлдэг. Нэг чухал үүрэг бол сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох юм. Эдгээрийг бодохоор хэрхэн цаг гаргаад Библийг тогтмол уншиж, уншсанаа эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлэх вэ?

6. Библи уншихыг хуваарьтаа хэрхэн оруулах вэ? (Бас зургийг үзээрэй).

6 Библи унших нь бидний хийдэг «илүү чухал юмны» нэг учраас хуваарьтаа заавал оруулах ёстой (Флп. 1:10). «Дуулал» номын эхэнд аз жаргалтай хүний тухай «Тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг» гэжээ (Дуу. 1:1, 2). Эндээс Библи унших цаг гаргах хэрэгтэйг ойлгож болно. Таны хувьд хэзээ унших нь хамгийн тохиромжтой вэ? Үүнд хүн бүр янз янзаар хариулах байх. Гэхдээ гол нь тогтмол уншиж чадах цагийг сонгох хэрэгтэй. Виктор гэдэг Гэрч эрэгтэй: «Би Библиэ өглөө эрт уншдаг. Уг нь эртэч хүн биш л дээ. Гэхдээ энэ үеэр саад болох юм бараг байдаггүй. Бас тархи толгой сэргэг, анхаарал төвлөрөхөд ч амар байдаг» гэжээ. Танд ч ингэж санагдаж болох юм. Өөрөөсөө «Миний хувьд Библи уншихад хэзээ хамгийн тохиромжтой вэ?» гэж асуугаарай.

Өдрийн аль үед Библи унших хамгийн тохиромжтой вэ? Сонгосон цагтаа өдөр бүр унших боломжтой юу? (6-р догол мөрийг үзээрэй)


УНШСАНАА ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ

7, 8. Бүрэн дүүрэн ач тус хүртье гэвэл уншихаас гадна яах ёстой вэ? Жишээгээр тайлбарлана уу.

7 Библи уншихыг хуваарьтаа оруулсан ч санах ёстой зүйл бий. Ямар нэг юм уншсаныхаа дараа юу ч санахгүй байх тохиолдол танд гарч байсан уу? Бүгдэд л ийм юм тохиолддог. Библи уншихад ч мөн адил. Жишээ нь өдөр бүр хэд хэдэн бүлэг унших зорилго тавьдаг. Энэ нь магтууштай. Учир нь бид зорилго тавьж, биелүүлэхийг хичээх ёстой (1 Кор. 9:26). Гэхдээ Библи уншиж эхлэх нь сайн ч зөвхөн эхлэл төдий юм. Бурхны Үгнээс бүрэн дүүрэн ач тус хүртэхийн тулд ингээд болчихгүй.

8 Дараах жишээг бодъё. Ургамалд ус зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ богино хугацаанд усархаг бороо ороход газрын хөрсөн дээр тогтож, ургамал ургахад нэмэр болохгүй. Борооны ус хөрсөнд шингэж, ургамал ногоо ургахад хугацаа хэрэгтэй. Үүнтэй адилаар бид эргэцүүлэх цаг гаргах ёстой. Харин яаран унших учиргүй. Эс тэгвэл уншсанаа ойлгохгүй, санахгүй, бас амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй (Яак. 1:24).

Борооны ус хөрсөнд шингэж ач тусаа өгөхөд хугацаа хэрэгтэй байдаг шиг Бурхны Үгнээс уншсанаа эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэй (8-р догол мөрийг үзээрэй)


9. Библийг гүйлгэн унших зуршилтай бол яах хэрэгтэй вэ?

9 Та заримдаа гүйлгэн уншчихдаг уу? Тэгвэл яах вэ? Арай удаан уншаарай. Уншиж буй эсвэл уншсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодохыг хичээгээрэй. Ингэх нь тийм ч хэцүү биш. Тэгэхээр Библи унших цагаа уртасгаарай. Нөгөөтээгүүр Библийн зүйлээ цөөлж, үлдсэн хугацаанд нь эргэцүүлж болох юм. Дээр дурдсан Виктор: «Би ерөнхийдөө нэг бүлэг л уншдаг. Өглөө эрт уншдаг болохоор уншсанаа өдөржингөө эргэцүүлэн бодоод явдаг» гэжээ. Та өөрөө шийдэх ч, аль болох их ач тус хүртэхийн тулд хэр ихийг уншихаа тохируулах нь чухал шүү (Дуу. 119:97;  «Эргэцүүлэн бодох асуултууд» гэсэн хавсралтыг үзээрэй).

10. Уншсанаа хэрхэн хэрэгжүүлж болохыг жишээгээр тайлбарлана уу (1 Тесалоник 5:17, 18).

10 Библийг хэзээ уншиж, хэр их хугацаа зориулахаас илүү уншсанаа хэрхэн хэрэгжүүлэхийг бодох нь чухал. Та өөрөөсөө «Уншиж байгаа зүйлээ одоо эсвэл ойрын ирээдүйд хэрхэн хэрэгжүүлэх вэ?» гэж асуугаарай. Жишээ нь 1 Тесалоник 5:17, 18-ыг уншиж байна гэж төсөөлье (уншина). Үүнийг уншсаны дараа хэсэг зогсоод хэр олон удаа, хэр утга учиртай залбирдгаа бодоорой. Мөн баярлаж явдаг зүйлийнхээ тухай эргэцүүлээрэй. Тэгээд Еховад залбирахдаа тодорхой 3 зүйлийн төлөө талархаж байхаар шийдэж болох юм. Ийнхүү та хэдхэн минут эргэцүүлэн бодоод сурчихвал Бурхны Үгийг сонсогч төдийгүй ажил хэрэг болгогч болно. Ийм маягаар Библиэ өдөр бүр уншиж, хэрэгжүүлээд байвал яваандаа Еховагийн илүү сайн үйлчлэгч болно. Гэсэн ч сайжруулах хэрэгтэй зүйл их байна гэж санагдвал яах вэ?

БИЕЛҮҮЛЖ ЧАДАХ ЗОРИЛГО ТАВИХ

11. Бид заримдаа яагаад сэтгэлээр унаж магадгүй вэ? Жишээ хэлнэ үү.

11 Библи уншаад сайжруулах хэрэгтэй юм маш их байгаагаа анзаарвал сэтгэлээр унаж мэднэ. Жишээгээр бодъё. Өнөөдөр та, бусдыг алаг үзэхгүй байх талаар зөвлөгөө уншжээ (Яак. 2:1–8). Үүнийг хэрэгжүүлж өөрчлөгдье гэж бодсон. Үнэхээр сайн байна! Маргааш нь, үг хэлээ захирахын чухлыг онцолсон хэсгийг уншив (Яак. 3:1–12). Заримдаа сөрөг юм ярьчихдагаа анзаараад аль болох өөдрөг, дэм болох юм яръя гэж шийдсэн. Мөн нөгөөдөр нь, ертөнцтэй нөхөрлөж болохгүй гэсэн сануулгыг уншаад үзэж харах зүйлээ зөв сонгох талаар илүү нухацтай бодох хэрэгтэйгээ ойлгоно (Яак. 4:4–12). Ийнхүү сайжруулах юм их байгаагаа анзаарахаар сэтгэлээр унаж магадгүй.

12. Библи уншаад өөрчлөх хэрэгтэй юм их байгаагаа анзаарсан ч сэтгэлээр унах хэрэггүйн учир юу вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

12 Сайжруулах хэрэгтэй юм их байсан ч сэтгэлээр бүү унаарай. Ийнхүү анзаарах нь даруу, зөв хандлагатай хүний шинж юм. Даруу хүн юугаа сайжруулахаа анхаарч уншдаг. a Бас үргэлж хичээсээр байвал аажимдаа «шинэ хүнийг өмсөнө» гэдгийг санаарай (Кол. 3:10). Бурхны Үгийг хэрэгжүүлэгч байхад тань юу тус болох вэ?

13. Биелүүлж чадах зорилго хэрхэн тавих вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Мэдэж авснаа нэг дор бүгдийг нь хэрэгжүүлэх гэж зүтгэхийн оронд биелүүлж чадах зорилго тавиарай (Сур. 11:2). Дараах аргыг туршиж үзээрэй. Сайжруулах ёстой зүйлээ жагсаагаад эхлээд нэг юм уу хоёрыг сонгож, үлдсэнийг нь дараа бага багаар хэрэгжүүлж болно. Тэгвэл алинаас нь эхлэх вэ?

Мэдэж авснаа нэг дор бүгдийг нь хэрэгжүүлэх гэж зүтгэхийн оронд биелүүлж чадах зорилго тавьж болохгүй нь юу билээ? Нэг юм уу хоёр зүйлийг хэрэгжүүлэх гэж хичээж болох юм (13, 14-р догол мөрийг үзээрэй)


14. Та аль зорилгоосоо эхлэх вэ?

14 Та биелүүлэхэд дөхөм эсвэл хамгийн түрүүнд сайжруулах шаардлагатай гэсэн зүйлээсээ эхэлж болох юм. Ийнхүү зорилгоо тодорхой болгоод байгууллагын ном хэвлэл, тухайлбал «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» юм уу «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» ашиглан судалгаа хийгээрэй. Зорилгоо биелүүлэхийн тулд «бүх юмыг хийх хүсэл төрүүлдэг, хүч чадал хайрладаг» Еховад залбирч тусламж гуйгаарай (Флп. 2:13). Тэгээд ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Эхний зорилгоо биелүүлчихвэл дараагийн зорилгоо биелүүлэх урамтай болно. Христийн дагалдагчдад байх зохистой нэг зан чанарыг хөгжүүлбэл цаашдаа ч өөрчлөгдөх хүсэлтэй болно, бас хялбар ч болно.

«БУРХНЫ ҮГ ТА НАРТ НӨЛӨӨЛӨГ»

15. Еховагийн үйлчлэгчид Библи уншдаг олон хүнээс ямар ялгаатай вэ? (1 Тесалоник 2:13).

15 Зарим хүн Библийг маш олон удаа уншсан гэдэг. Гэхдээ тэд Библид үнэхээр итгэдэг үү? Сурч мэдсэнээ хэрэгжүүлж, шаардлагатай өөрчлөлт хийдэг болов уу? Үнэндээ ихэнх нь тэгдэггүй. Харин Еховагийн үйлчлэгчид тэс өөр! Бид Христийн I зууны дагалдагчдын адилаар Библийг «үнэхээр байгаагаар нь Бурхны үг гэж хүлээж авдаг». Үүнээс гадна амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг (1 Тесалоник 2:13-ыг уншина).

16. Бурхны Үгийг ажил хэрэг болгогч байхад юу тус болох вэ?

16 Бурхны Үгийг уншиж, амьдралдаа хэрэгжүүлэх нь тэр бүр амар байдаггүй. Унших цаг гаргах хэцүү санагддаг байж болох юм. Эсвэл гүйлгэн уншиж, эргэцүүлэн боддоггүй юм уу сайжруулах шаардлагатай зүйл их байгаагаа анзаараад сэтгэлээр унаж мэднэ. Ямар ч байсан эдгээр бэрхшээлийг Еховагийн тусламжтайгаар давж чадна. Тиймээс тусламжийг нь хүлээн авч, мартамхай сонсогч бус, харин Үгийг нь ажил хэрэг болгогч байхаар бат шийдэцгээе. Бид Бурхны Үгийг хэдийчинээ уншиж, амьдралдаа хэрэгжүүлнэ, төдийчинээ аз жаргалтай байна (Яак. 1:25).

ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном

a jw.org веб сайтаас «Үеийн найзууд чинь ярьж байна—Библи унших» видеог үзээрэй.