Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 2

Даруу зан

Даруу зан

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Даруу хүн бусдыг хүндэлдэг. Бардамнан ихэрхдэггүй. Өөрийг нь онцгой чухалд үзэн харьцахыг бусдаас шаарддаггүй. Харин ч бусдыг гэсэн сэтгэлтэй, бусдаас юм сурч мэдэх дуртай байдаг.

Даруу занг хүлцэнгүй ноомойн шинж гэж андуурах нь бий. Гэтэл үнэндээ, алдаа дутагдлаа хүлээдэг, хэр чадлаа мэддэг, сэтгэлийн тэнхээтэй хүний шинж юм.

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

  • Бусадтай харьцахад сайнаар нөлөөлнө. «Ер нь даруу хүн бусадтай сайн харилцаатай байдаг. Тийм хүн, хүнтэй амархан найз нөхөр болж бусдаар хүрээлүүлдэг» хэмээн нэгэн номд бичжээ (The Narcissism Epidemic).

  • Хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө. Даруу зан хүүхдэд одоо ч, том болсон хойно нь ч хэрэгтэй. Жишээ нь, ажилд ороход амар байдаг. «Биеэ тоосон хүүхэд залуус өөрийнхөө сул талыг мэддэггүй. Тийм болохоор ажилд орох ярилцлагад тэнцэх нь юу л бол. Харин ажил олгогчийнхоо юу хүсэж байгааг мэдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг залуучуудыг ажилд авах магадлал өндөр байдаг» гэж сэтгэл зүйч, эмч Леонард Сакс бичжээ *.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өөрийнхөө талаар зөв үзэлтэй болоход нь туслаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хэн ч биш атлаа өөрийгөө чухал гэж боддог хүн өөрийгөө хуурч байгаа хэрэг» (Галат 6:3).

  • Хоосон үгээр битгий магтаарай. «Чиний хүссэн мөрөөдсөн бүхэн биелнэ» гэх юм уу «Чи юу болохыг хүснэ, тийм болж чадна» гэх нь урам зориг өгч байгаа юм шиг санагдавч бодит амьдралд нийцэхгүй. Таны хүүхэд биелүүлж болохоор зорилготой, түүнийхээ төлөө хичээж мэрийдэг бол амжилтад хүрнэ.

  • Хийсэн зүйлийг нь магтаарай. Хүү юм уу охиноо зүгээр «мундаг» гэж хэлж магтвал даруу болоход нь туслахгүй. Хийсэн тодорхой зүйлийг нь хэлж магтаарай.

  • Олон нийтийн сүлжээ хэрэглэхийг нь хязгаарлаарай. Олон нийтийн сүлжээгээр хүмүүс авьяас чадвар, амжилтаа гайхуулдаг. Энэ нь даруу байхад үнэхээр саад болдог.

  • Алдаа дутагдлаа шууд хүлээдэг болоход нь туслаарай. Хүүхэд тань буруу юм хийсэн бол түүнийг нь ойлгуулж, буруугаа хүлээдэг болоход нь туслаарай.

Талархах сэтгэлийг нь хөгжүүлээрэй.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Үргэлж талархаж бай» (Колосай 3:15).

  • Бүтээгчид талархах. Хүүхэд байгаль дэлхийд байгаа бүхэнд талархдаг, тэр бүхний ачаар амьд байгаагаа ойлгодог байх ёстой. Агаар, ус, хоол хүнс байгаа учраас хүн амьд байдаг. Эдгээрээр жишээ татан талархах сэтгэлтэй болгож, байгаль дэлхий ямар сайхан болохыг мэдрүүлээрэй.

  • Хүмүүст талархах. Хүн болгонд өөрийн гэсэн сайн хийж чаддаг зүйл байдгийг хүүхдэдээ ойлгуулаарай. Бусдын авьяас чадварт атаархалгүй харин ч тэднээс суралцдаг болоход нь туслаарай.

  • Талархлаа илэрхийлэх. Хүүхэд «баярлалаа» гэж чин сэтгэлээсээ хэлдэг байх ёстой. Чин сэтгэлээсээ талархдаг бол даруу зангаа гээхгүй.

Бусдад тустай үйл хийдэг байхыг заагаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай. Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» (Филиппой 2:3, 4).

  • Гэрийн ажил хийлгээрэй. Хүүхдээрээ гэрийн ажил хийлгэхгүй байх нь «Чи л хамгийн эрхэм учраас энэ ажлыг хийхгүй ч байсан болно» гэж хэлж байгаагаас өөрцгүй! Хүүхэд эхлээд гэрийн ажлаа хийчихээд дараа нь тоглож болно шүү дээ. Гэрийн ажил хийвэл бусдад тустайг, бусад хүн баярлаж талархдагийг хэлж ойлгуулаарай.

  • Бусдыг гэсэн сэтгэлтэй болгоорой. Ингэдэг бол хариуцлагатай хүн болоход нь тустай. Тийм болохоор хэнд тусалж болох вэ, яаж туслах вэ гэдгийг хамт ярилцаарай. Туслах гэсэн сэтгэлийг нь дэмжээд магтаад өгөөрэй.

^ д/м 8 «The Collapse of Parenting» гэсэн номоос авав.