Skip to content

Гарчиг руу орох

Сэтгэл санаа

Сэтгэл санаа

Аливаад хандах, аливааг хүлээж авахдаа сөрөг биш эерэг байхыг Библи уриалдаг.

УУР УЦААР

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр» (Сургаалт үгс 16:32).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Сэтгэл хөдлөлөө барьж, дийлдэг байвал бидэнд л тустай. Уурлахгүй байхын аргагүй үе хааяа байдаг ч ухаан жолоогүй уурлавал хохирол амсана. Уур хилэн нь ид дүрэлзэж байх үед хүн эрүүл ухаанаа алддаг, хожим амаа барих юм хэлэх юм уу хийчихдэг гэж судлаачид хэлжээ.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Уур хилэндээ дийлдэлгүй уураа барьж сураарай. Зарим хүн ухаангүй ууртай хүнийг зоригтой, хүчтэй гэж боддог. Гэвч үнэндээ энэ нь хулчгар, сул доройн шинж юм. «Өөрийгөө захирдаггүй хүн ханан хэрэмгүй, нурсан хот мэт болой» (Сургаалт үгс 25:28, АБН 2013). Юуны түрүүнд уурлалгүй, уураа барих нэг сайн арга нь хэргийн учрыг нягталж үзэх юм. «Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг» (Сургаалт үгс 19:11). Сонсож дуулсан зүйлээ нэг талаас нь дүгнэхгүй байвал хэрсүү байж, сэтгэл хөдлөлөө барихад тустай.

ТАЛАРХАХ СЭТГЭЛ

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Үргэлж талархаж бай» (Колосай 3:15).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Талархах сэтгэлтэй хүнийг л жаргалтай гэлцдэг. Дотнын хүнээ алдсан, эсвэл гарз хохирол амссан хүмүүс хүртэл энэ үгний үнэнийг хэлдэг. Хэцүү үеийг давж сэтгэл санааны хувьд тогтвортой байж чадсаныгаа тэд алдсан юмаа биш, одоо байгаа юмаа бодон талархахтай холбон тайлбарлажээ.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Талархууштай зүйлээ өдөр бүр жагсааж бичээрэй. Заавал том юм байх албагүй. Мандаж байгаа нарыг харсандаа, хайртай хүнтэйгээ сайхан ярьсандаа, эсвэл зүгээр л шинэ өдөртэй золгосондоо талархаарай. Цаг гаргаж эдгээрийг бодож талархвал сэтгэл санаа тайван байна.

Гэр бүл, найз нөхдөдөө яагаад талархдагаа бодох нь ихээхэн тустай. Хэн нэгэнд талархах шалтгаан байвал уулзаж хэлэх юм уу, захидал, эсвэл э-мэил, мессеж бичиж талархлаа илэрхийлээрэй. Ингэвэл бусадтай сайн харьцаатай байхаас гадна өгөхийн жаргалыг эдэлнэ (Үйлс 20:35).

БИБЛИЙН БУСАД ЗАРЧИМ

Сонсдог Библи татаж аваарай. Манай jw.org сайтад 40 орчим хэлээр бий

МАРГААНААС ХОЛ БАЙ.

«Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун» (СУРГААЛТ ҮГС 17:14).

БОЛООГҮЙ ЮМАНД ДЭМИЙ БҮҮ САНАА ЗОВ.

«Маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» (МАТАЙ 6:34).

АЛИВААД СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ХАНДАХЫН ОРОНД САЙН БОДОЖ БАЙ.

«Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална» (СУРГААЛТ ҮГС 2:11).