Skip to content

Гарчиг руу орох

Эрик Эми хоёр

Тэд сайн дураараа үйлчилдэг—Ганад

Тэд сайн дураараа үйлчилдэг—Ганад

ЭХ НУТГАА орхиод дэлгэрүүлэгч хэрэгтэй газарт нүүж очсон итгэл нэгтнээ та мэдэх үү? «Тэд яагаад хилийн чанадад үйлчлэх болов? Бэлтгэлээ хэрхэн базаасан бол? Би бас тэгж үйлчлэх боломжтой юу?» гэж бодож байсан уу? Дэлгэрүүлэгч хэрэгтэй газарт нүүж очсон итгэл нэгтнүүдтэйгээ ярилцвал асуултынхаа хариуг мэдэж авна. Тэдний яриаг сонирхъё.

ТЭД ЯАГААД НҮҮСЭН БЭ?

Та яагаад дэлгэрүүлэгч хэрэгтэй газар очиж үйлчилье гэж бодсон бэ? АНУ -аас ирсэн, одоо 30 гарч яваа Эми: «Өөр улсад очиж үйлчилье гэж олон жил бодсон. Гэхдээ зорилго маань хэзээ ч биелэхгүй юм шиг санагддаг байсан» гэлээ. Эми яаж зорилгодоо хүрсэн бэ? «Белиз улсад үйлчилдэг нөхөр эхнэр хоёр 2004 онд намайг урьсан юм. Тэдэнтэй хамт нэг сар эхлэгчээр үйлчилсэн чинь үнэхээр таалагдсан. Тэгээд жилийн дараа би Гана руу нүүж эхлэгчээр үйлчлэх болсон» гэж Эми ярьж байна.

Аарон Стефани хоёр

Одоо 20 хол давсан Стефани ч бас АНУ-аас иржээ. Тэрээр хэдэн жилийн өмнө өөрийнхөө талаар нухацтай бодож үзээд «Би эрүүл саруул, татлаа түлхээгүй. Еховагийн төлөө одоогийнхоосоо илүү ихийг хийх боломжтой юм байна» гэж дүгнэсэн гэнэ. Тэгээд үйлчлэлээ өргөжүүлэхээр энд ирсэн ажээ. Эхлэгч хос Филип Аида хоёр дунд эргэм настай. Тэд Даниас ирсэн. Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэх нь тэдний мөрөөдөл байв. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд янз бүрийн арга хайжээ. Филип: «Боломж бүрдмэгц Ехова бидэнд “Яваарай” гэж хэлж байгаа юм шиг санагдсан» гэв. Тэд 2008 онд Ганад нүүж ирээд гурван жил гаруй үйлчилжээ.

Брүүк Хаанс хоёр

Гучаад настай Хаанс Брүүк хоёр АНУ-д эхлэгчээр үйлчилдэг байв. Тэд 2005 онд Катрина хар салхинд нэрвэгдэгсдэд тусалжээ. Дараа нь олон улсын барилгын ажилд оролцох анкет бөглөсөн ч уригдсангүй. Хаанс: «Бид чуулганд очоод Давид хааны тухай илтгэл сонссон юм. Ехова сүм барихыг Давидад зөвшөөрдөггүй. Тэгэхээр нь Давид зорилгоо өөрчилдөг. Бид бас өөр зорилго тавьж болох юм байна гэдгийг энэ илтгэлээс ойлгосон» гэлээ (Ш.дээд 17:1–4, 11, 12; 22:5–11). Брүүк: «Биднийг өөр хаалга тогшоосой гэж Ехова хүссэн» хэмээн нэмж хэлсэн юм.

Гадаадад үйлчилдэг найзуудаасаа сэтгэл хөдөлгөм явдлуудын талаар сонсоод Хаанс Брүүк хоёр хилийн чанадад эхлэгчээр үйлчлэх хүсэлтэй болов. 2012 онд Гана улсад очиж дохионы хэлний хуралд дөрвөн сар үйлчилжээ. Нутагтаа буцаж ирсэн ч Ганад үзэж туулсан бүхнээ санаад Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавихыг улам их хүсэх болов. Тэгээд Микронезид салбарын барилга барих ажилд оролцжээ.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХ АЛХМАА ХИЙСЭН НЬ

Ямар бэлтгэл базаасан бэ? Стефани: «Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхтэй холбоотой олон өгүүллийг “Харуулын цамхаг”-аас судалсан. Бас ахлагчид, дүүргийн харгалзагчид болон тэдний эхнэрүүдтэй ярилцсан. Хамгийн гол нь Ехова Бурханд зорилгынхоо талаар байнга хэлж залбирдаг байсан» гэж ярив. Мөн энгийн амьдарч байсан учир гадаадад үйлчлэх мөнгө хадгалж чаджээ.

Хаанс: «Бид хоёр Еховагийн заасан газар луу явахыг хүсэж байсан болохоор удирдлага заавар гуйн залбирдаг байсан. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд яг хэзээ явмаар байгаагаа тодорхой хэлж залбирсан» гэлээ. Тэгээд дөрвөн улс дахь салбарт захидал бичжээ. Гана улс дахь салбараас нааштай хариу ирсэн учир тэнд очоод хоёр сар үйлчлэхээр болжээ. Хаанс: «Эндхийн хурлынхантай хамт үйлчлэх үнэхээр сайхан байсан. Тийм болохоор үлдэхээр шийдсэн» хэмээн ярьж байна.

Эйдрия Жорж хоёр

Канадаас ирсэн Жорж Эйдрия хоёр 30 хол давсан хүмүүс. Ехова үнэнч үйлчлэгчдийнхээ санасан хэргийг бүтээж өгдгийг энэ хос мэддэг болохоор зорилгодоо хүрэх янз бүрийн алхам хийжээ. Ганад үйлчилдэг Гэрч эмэгтэйтэй холбоо барьж, мэдээлэл авав. Бас Канад, Гана дахь салбаруудад захиа бичсэн байна. Эйдрия: «Бид амьдралаа энгийн болгосон байсан ч бүр илүү энгийн болгохыг хичээсэн» гэв. Ингээд 2004 онд Гана улс руу нүүжээ.

БЭРХШЭЭЛЭЭ ДАВСАН НЬ

Шинэ газар очоод ямар бэрхшээлтэй тулгарсан бэ? Яаж давсан бэ? Эмигийн хувьд бүх юм шинэ байсан болохоор гэрээ маш их санадаг байжээ. Энэ бэрхшээлээ хэрхэн давсан бол? «Манай гэрийнхэн утсаар ярьж, энд үйлчилж байгааг маань магтахлаар би урамшаад, ирсэн зорилгоо санадаг байсан. Сүүлд гэрийнхэнтэйгээ скайпаар, нүүр нүүрээ харж ярьдаг болсон болохоор гэрийнхнээсээ хол юм шиг санагдахаа больсон» гэж Эми хэлсэн юм. Тэрээр шинэ хурлынхаа туршлагатай эгчтэй найз болжээ. Нутгийн ахуй соёлыг тэр найзаасаа мэдэж авдаг болов. Эми: «Нутгийн хүмүүс яагаад ингэдгийг ойлгохгүй үедээ би найзаасаа л асууна. Тэр маань амьд лавлах л гэсэн үг. Би яах ёстой, яах ёсгүйгээ мэдэж аваад дэлгэрүүлэх ажлаа баяр хөөртэй хийдэг болсон» гэлээ.

Жорж Эйдрия хоёр Ганад нүүж ирснийхээ дараа буцаад явчихмаар санагддаг байсан гэнэ. Эйдрия: «Угаалгын машин байхгүй болохоор хувинд хувцсаа угаана. Хоол хийхэд урьдынхаасаа арав дахин их цаг зарцуулах хэрэгтэй юм шиг санагддаг байсан. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн бидэнд амьдралын сургууль болсныг ойлгосон» хэмээн ярьсан юм. Брүүк: «Эхлэгчдэд янз бүрийн бэрхшээл тулгардаг л юм. Гэхдээ бид сэтгэл хангалуун амьдардаг. Бидэнд тохиолдсон тэр бүх явдлыг эргээд бодоход сайхан дурсамжтай байдаг» гэлээ.

ШАГНАЛ

Та дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхийг бусад итгэл нэгтэндээ яагаад уриалдаг вэ? «Үнэнийг мэдэх чин хүсэлтэй, Библийг өдөр бүр заалгах дуртай хүмүүс амьдардаг хэсгээр явахлаар ямар гоё гэж санана! Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхээр шийдсэн маань амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр» гэж Стефани ярьж байна. Стефани 2014 онд Ааронтай гэрлэжээ. Одоо тэд Гана улс дахь салбарт ажиллаж байна.

Германаас ирсэн, 30 гарч яваа Кристин гэдэг эхлэгч бүсгүй: «Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэх үнэхээр сайхан» гэв. Кристин Ганад ирэхээсээ өмнө Боливид үйлчилж байжээ. Тэрээр цааш нь «Би гэрийнхнээсээ хол амьдардаг болохоор үргэлж Еховагаас тусламж гуйдаг. Ехова миний хувьд өмнөхөөсөө илүү бодитой болсон. Бас Еховагийн ард түмэн хэчнээн эв нэгдэлтэй байдгийг мэдэрсэн. Хэрэгцээтэй газар үйлчлээд миний амьдрал баян болсон» гэж ярьсан юм. Кристин саяхан Гидеонтой гэрлэж хамтдаа Ганад үйлчилж байна.

Кристин Гидеон хоёр

Филип Аида хоёр Еховатай дотно болоход нь суралцагчдадаа хэрхэн тусалдгаа ийн ярьж байна. «Бид хоёр урьд нь 15, түүнээс ч олон суралцагчтай байсан. Харин одоо 10-аас хэтрүүлдэггүй болсон. Хичээлээ илүү чанартай заахын тулд тоог нь багасгасан юм» гэжээ. Үр дүн нь юу байсан бэ? Филип: «Би Майкл гэдэг залууд Библи заадаг байсан. Тэр, өдөр бүр хичээл хийнэ. Хичээлдээ ч сайн бэлдэнэ. Майкл маань нэг сарын дотор “Библийн сургаал” номыг үзэж дуусгаад дэлгэрүүлэгч болов. Дэлгэрүүлэх анхны өдрөө надад “Суралцагчидтайгаа хичээл хийхэд минь туслаач” гэхэд нь би гайхаж орхив. Майкл гурван суралцагчтай болсноо, тэдэнд хичээл заахад тусламж хэрэгтэй байгаагаа хэлсэн» гэлээ. Суралцагчид нь хүртэл өөрсдөө Библи заадаг гээд бодохлоор багш нар их хэрэгтэй байгаа биз!

Аида Филип хоёр

Дэлгэрүүлэгч үнэхээр хэрэгтэй байгааг мэдэрсэн тухайгаа Эми: «Ганад ирсний дараа бид нэг жижигхэн тосгоноор дэлгэрүүлээд сонсголгүй хүмүүсийг хайв. Тэгтэл нэг ч биш, бүр найман хүнийг ганцхан тэр тосгоноос олсон гээд бод доо!» гэж ярьж байна. Дараа нь Эми Эриктэй гэрлэж, хоёулаа тусгай эхлэгчээр томилогджээ. Тэд дохионы хэлний хуралд үйлчилж байна. Ганад 300 гаруй сонсголгүй дэлгэрүүлэгч болон сонирхогчид байдаг. Жорж Эйдрия хоёр Ганад үйлчлээд миссионерын амьдралыг зах зухаас нь мэдэрчээ. Дараа нь Гилеад сургуулийн 126 дахь ангид суралцах урилга аваад бөөн баяр болжээ! Одоо тэр хоёр Мозамбик улсад миссионероор үйлчилж байна.

ХАЙРЫН ХҮЧ

Олон Гэрч нутгаа орхиод өөр улсад очиж итгэл нэгтнүүдтэйгээ хамт ургац хураах ажилд оролцож буйг харах хэчнээн сайхан бэ! (Иох. 4:35). Гана улсад долоо хоногт дунджаар 120 хүн баптисм хүртдэг. Энд нүүж ирсэн энэ арван долоон хүнээс гадна өөр олон мянган итгэл нэгтэн маань Еховаг хайрлах хайрандаа хөтлөгдөөд дэлгэрүүлэгч хэрэгтэй газар «сайн дураараа» үйлчилдэг. Ехова Бурхан сэтгэл зүтгэлтэй тэдгээр үйлчлэгчээ хараад ямар их баярладаг бол оо! (Дуу. 110:3; Сур. 27:11).