Skip to content

«Бурхан сэтгэлийн шархыг минь эдгээж байгаа»

«Бурхан сэтгэлийн шархыг минь эдгээж байгаа»

МЯНГА гаруй хүүхэд томчуудын дунд Наталья 9 настай хүү Аслантайгаа, Зарина болон түүний 12 настай охин Анжеликагийн хажууд наалдах шахам сууна. Бүрэн зэвсэглэсэн террористууд тэднийг нүд салгалгүй ажиглана.

2004 оны 9-р сарын 1-ний лхагва гаргийн өглөө хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ Оросын Алани дахь жижиг хот Бесланы нэгэн сургуулийн гадаа хичээлийн шинэ жилийг тэмдэглэхээр цугларсан байв. Гэнэт зэвсэглэсэн хүмүүс болон тэсрэх бөмбөгтэй амиа золиослогчид дээшээ хий буудан хашхирсаар гүйлдэн ирэв. 30 гаруй террористууд айдаст автсан олныг сургуулийн биеийн тамирын заал руу тууж оруулаад эргэн тойронд нь тэсрэх бөмбөг тавив.

Түгшүүртэй байсаар буудалцсан нь

Тэгээд террористууд болон тусгай албаны хүмүүсийн хооронд хэлэлцэж тохирох эсэхийг хүлээн харзнасан 3 өдөр тун түгшүүртэй байлаа. «Би урьд нь хэзээ ч ийм олон удаа залбирч байгаагүй» гэж Еховагийн Гэрчүүдээр Библи заалгаж байсан Наталья дурсан ярьжээ.

Зун дөнгөж дуусаж байсан учраас биеийн тамирын зааланд халуун бүгчим байв. Террористууд маргааш өглөөнөөс нь эхлэн барьцаанд байгаа хүмүүст идэж, уух юм өгөөгүй. Нөгөөдөр нь буюу баасан гарагт барьцаалагдсан зарим хүмүүс шээсээ ууж, багш нарт өгөх гэж авчирсан хүүхдүүдийнхээ цэцгийг идэж эхлэв. Наталья: «Миний хажууд сууж байсан нэг хүү надад навч өгөхөд нь би Анжелика Аслан хоёрт хувааж өгсөн» гэжээ.

Тэр өдөр хэсэг хугацаа өнгөрсний дараа буудалцаж эхлэв. Наталья: «Дэлбэрэлтээс болоод би шидэгдэв. Бөөн хар утаа савсаж, эргэн тойронд минь буудалцаж эхлэв» гэж ярьжээ. Буудалцаж байх үед Наталья Аслантайгаа хамт мөлхөж одов. Алан гэдэг осет хүн тэр хоёрыг аюулгүй газарт аваачив. Олон хүн аврагдаж чадаагүй.

Эмгэнэлт явдлын үр дагавар

Буудалцааны үеэр Анжелика амиа алдсан

300 гаруй хүүхэд томчууд, түүний дотор Анжелика ч амь насаа алдсан. Беслан хот хэдэн долоо хоногийн турш уй гашууд автав. Натальягийн гэрийн цонхоор сургууль харагддаг. Гэрийнх нь ойролцоо шинэ сургууль барьсан ч Аслан сургууль руу зүглэхээ больсон. Бүр гадаа тоглохоо ч болив. Наталья: «Айдас хүйдсээ давахад нь Асланд туслахыг бид Еховагаас гуйдаг байсан» гэжээ. Яваандаа Аслан айхаа больж сургуульдаа явдаг болсон.

Харин Натальягийн хувьд цуглааны танхимд байх нь хэцүү санагддаг байв. Тэрбээр: «Байшин дотор олон хүнтэй хамт байхаар довтлон түрэмгийлэх вий гэж эмээдэг болсон. Тийм учраас муу юм бүү тохиолдоосой гэж залбирдаг байсан. Хэсэг зуур би цуглаанд явахаа больсон. Бид аврагдсан ч олон хүний амь нас сүйдсэн гэж бодохоор сэтгэл тавгүйтдэг болсон» гэж ярьжээ.

Сэтгэлийн шарх эдгэрсэн нь

Наталья бас «Надад дандаа тусалж байсан хурлынхандаа баярладаг. Татьяна гэдэг Гэрч эмэгтэй манайд 2 өнжөөд ирдэг байсан. Дараа нь тэрбээр Ульяна гэдэг сайхан сэтгэлтэй, эелдэг зантай, зөөлөн дуутай Гэрч эмэгтэйтэй хамт ирдэг болсон. Ульяна намайг магтаж, анхааралтай сонсдог» гэжээ.

«Одоо би тэр өдрийн тухай айж эмээх, санаа зовох юмгүйгээр ярьж чаддаг болсон»

Тэгээд цааш нь «Ульяна надад 2 Коринт 1:9-д байдаг элч Паулын үгийг уншиж өгсөн. Азид байх үед нь тохиолдсон бэрхшээлийнхээ тухай Паул ярихдаа “Бидэнд алах ял оноосон мэт санагдаж байсан” гэжээ. Бас Ульяна Исаиа 40:31-д бичсэн “ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина” гэдгийг уншиж өгсөн. Библийн эдгээр зүйл, Ульяна болон бусад Гэрчүүдийн ачаар би хүүхдүүдтэйгээ цуглаанд дахиад очдог болсон. Гэхдээ танхимд байх нь надад эвгүй санагддаг хэвээрээ л дээ» гэж ярьжээ.

Хожим нь Зарина Еховагийн Гэрч болсон. Тэрбээр Бурхны Хаант төрийн удирлага дор амар тайван ноёлох тэр цагт үзэсгэлэнт дэлхий дээрээ охин Анжеликагаа амилахыг тэсэн ядан хүлээж байна (Матай 6:9, 10; Үйлс 24:15). Наталья хүүхдүүдтэйгээ 2009 онд баптисм хүртсэн. Тэднийх эвдэрч нурсан биеийн тамирын заалны хажууд амьдардаг хэвээрээ ч айж эмээхээ больсон. Наталья: «Одоо би тэр өдрийн тухай айж эмээх, санаа зовох юмгүйгээр ярьж чаддаг болсон. Бурхан сэтгэлийн шархыг минь эдгээж байгаа» гэжээ.