Бурхны зөгнөлийн үгэнд анхаарагтун!
Бурхны зөгнөлийн үгэнд анхаарагтун!
«Ийнхүү бидэнд илүү баттай зөгнөлийн үг байдаг бөгөөд... та нар түүнд анхаарал тавих нь сайн хэрэг буюу» (2 ПЭТР 1:19).
1, 2. Хуурамч мэссиа нарын тухай жишээ татна уу?
ХУУРАМЧ мэссиа нар олон зууны турш ирээдүйг зөгнөх гэж оролдсоор ирсэн. МЭ V зуунд өөрийгөө Мосе хэмээн нэрийдсэн нэг хүн Крит арал дээр амьдарч байсан еврей хүмүүст би бол мэссиа, та нарыг дарлалаас чөлөөлнө гэж итгүүлжээ. Чөлөөлнө гэж товлосон өдөр болоход еврейчүүд түүнийг даган Газар дундын тэнгист байдаг өндөрлөг газар гарчээ. Тэрээр тэднийг ус уруу зөвхөн үсрэх л хэрэгтэй, харин ус тэднийг унахаас өмнө заагдана гэж хэлсэн байна. Олон хүн усанд живсэн бөгөөд тэр хуурамч мэссиа нуугдаж амжжээ.
2 XII зуунд бас нэгэн «мэссиа» Йеменд бий болжээ. Халиф буюу тэндхийн захирагч түүнээс чухам ямар тэмдгээр мэссиа гэдгээ батлахыг асууж гэнэ. «Мэссиа» толгойгоо цавчуулъя гэжээ. Учир нь тэрээр богинохон хугацааны дараа дахин амилах бөгөөд ингэж мэссиа мөн эсэхээ нотлох ёстой байв. Тэгээд халиф ч зөвшөөрч, харин «мэссиа» нэгэнт үгүй болжээ.
3. Хэн жинхэнэ Мэссиа вэ? Түүний үйлчлэл юуг баталсан бэ?
3 Хуурамч мэссиа болон тэдгээрийн зөнчид ямагт бүтэлгүйтдэг байсан. Харин бид Бурхны зөгнөлийн үгэнд анхаарах аваас итгэл хэзээ ч үл алдарна. Жинхэнэ Мэссиа болох Есүс Христ дээр Библийн олон зөгнөл биелсэн. Матай өөрийнхөө номонд Исаиагийн зөгнөлөөс иш татан: «„Иорданы тэртээгээс тэнгис хүрэх зам дээрх Забүлооны болоод Нэфталийн нутаг, харь үндэстнүүдийн Галил, харанхуйд суугч хүмүүс агуу их гэрлийг харж, үхлийн нутаг ба сүүдэрт суугчдыг гэрэл гийгүүлэв“ Тэр цагаас эхлэн Есүс „Тэнгэрийн хаанчлал ойрхон байна. Гэмшицгээ“ гэж тунхаглаж эхлэв» хэмээн бичжээ (Матай 4:15–17; Исаиа 9:1, 2). «Агуу их гэрэл» нь Есүс байсан бөгөөд үйлчлэл нь түүнийг Мосегийн зөгнөн хэлсэн Зөнч мөн байсан гэдгийг баталсан. Есүст үл захирагдагсад устгагдах ёстой байлаа (Дэд хууль 18:18, 19; Үйлс 3:22, 23).
4. Исаиа 53:12-ын зөгнөл Есүс дээр хэрхэн биелсэн бэ?
4 Есүс дээр: «Тэр өөрийн амийг үхэл уруу асгаж, нүгэлтэнд тооцогдсон юм. Харин Тэр олон хүний нүглийг Өөртөө авч, хилэнцтэнүүдийн төлөө зуучилсан» гэсэн Исаиа 53:12-ийн зөгнөл мөн биелсэн. Хүмүүн амиа удахгүй золиос болгон өгнө гэдгээ мэдэж байсан Есүс шавь нарынхаа итгэлийг бэхжүүлсэн (Марк 10:45). Шавь нарынхаа итгэлийг бэхжүүлсэн нэгэн гайхамшигтай жишээ бол түүний хувирч өөрчлөдсөн явдал юм.
Христийн «хувирч өөрчлөгдсөн нь» итгэлийг бэхжүүлдэг
5. Христийн «хувирч өөрчлөгдсөнийг» өөрийн үгээр тайлбарлан хэлнэ үү?
5 Христийн «хувирч өөрчлөдсөн нь» зөгнөлийн утгатай байлаа. Есүс: «Хүний Хүү тэнгэрэлчүүдийн хамт Эцгийнхээ алдраар ирнэ... Үнэнээр Би та нарт хэлнэ. Энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг хартал үхлийг үл амсах болно» гэсэн байдаг (Матай 16:27, 28). Үнэхээр элч нарын хэн нэг нь Есүсийг «хаанчлалынхаа дотор ирэхийг» харсан уу? Матай 17:1–7-д: «Тэгээд зургаан өдрийн дараа Есүс Пэтр, Иакоов болон түүний дүү Иохан гурвыг дагуулан өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв» гэж байдаг. Юутай гайхалтай сонин үйл явдал вэ! «Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа. Харагтун. Моосэ, Элиа хоёр Түүнтэй ярилцаж байна». Түүнээс гадна, «гэрэлтсэн үүл тэднийг бүрхэн авч», тэд «Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнд Миний таалал бий. Түүнийг сонсогтун» хэмээн Бурхан өөрөө хэлэхийг нь сонсжээ. «Дагалдагчид үүнийг сонсоод нүүрээрээ газар унаж, ихэд айв. Есүс тэдэн дээр ирээд гар хүрч, „Бос, бүү ай“ гэлээ».
6. а) «Хувирч өөрчлөгдсөн үйл явдлыг» Есүс ямар учраас «үзэгдэл» гэж нэрлэсэн бэ? б) Христийн «хувирч өөрчлөгдсөн нь» юуг урьдаас мэдэх боломж олгов?
6 Айдас бишрэл төрүүлсэн энэхүү сүрлэг үзэгдэл Есүсийн, гурван элчийнхээ хамт шөнийг өнгөрүүлсэн Хермоны нэгэн салбар ууланд болсон бололтой. Христ шөнө хувирч өөрчлөгдсөн учраас онцгой хурцаар гэрэлтэн байжээ. Есүс болж өнгөрсөн үйл явдлыг «үзэгдэл» хэмээх болсон нэгэн шалтгаан нь Моосэ [Мосе] Элиа [Елиа] хоёр аль эрт нас барсан байсан бөгөөд тэнд бодит дүрээрээ байгаагүйд оршиж байна. Тэнд бодитой биеэрээ байсан нь зөвхөн Есүс юм (Матай 17:8, 9). Нүд сохлом байдлаар «хувирч өөрчлөгдсөн нь» Пэтр Иакоов Иохан гуравт хааны эрх мэдлийг хүлээн авсан Христийн агуу дүр төрхийг урьдчилан харах боломжийг олгосон юм. Мосе Елиа хоёр түүний тослогдсон хам өмчлөгчдийг бэлэгдсэн ажээ. Мөн түүнчлэн уг үзэгдэл нь Хаанчлалын тухай болон Хаан болж захирах ирээдүйн засаглалынх нь талаарх Есүсийн гэрчлэлийг үнэмшилтэйгээр баталсан юм.
7. Христийн үзэгдэл Пэтрийн санаанд тодхон байжээ гэдэг нь юунаас харагддаг вэ?
7 Христийн «хувирч өөрчлөгдсөн нь» хэтдээ христосын шашинтны хурлын үйл ажиллагааг удирдах ёстой байсан гурван элчийн итгэлийг бэхжүүлэхэд дөхөмтэй болсон. Есүсийн гэрэлтэн буй царай, гялтганан гялалзах хувцас, Есүсийг элч нарын захирагдах ёстой миний хайртай Хүү гэж хэлсэн Еховагийн өөрийнх нь дуу хоолой, энэ бүхэн чухам ямар учраас үзэгдлийг үзүүлэх болсон тэр зорилгыг юу юунаас илүүтэйгээр биелүүлжээ. Гэвч элч нар энэ талаар Есүсийг дахин амилахаас нааш хэнд ч ярих ёсгүй байлаа. Барагцаагаар 32 жилиийн дараа гэхэд Христийн «хувирч өөрчлөгдсөн» тэр үзэгдэл Пэтрийн санаанд тов тодхон хэвээрээ байжээ. Тэрбээр үзэгдлийн ач холбогдолд анхаарлаа хандуулан: «Учир нь бид та нарт бидний Эзэн Есүс Христийн хүч чадал болоод ирэхийг нь мэдүүлэхдээ зальжин арга замаар зохиогдсон үлгэр домгуудыг үл дагасан билээ. Харин бид Түүний сүр хүчийг нүдээр гэрчлэгчид байсан. Учир нь Эцэг Бурхнаас хүндлэл ба алдрыг Тэр хүлээн авахад агуу их алдраас „Энэ бол Миний хайртай Хүү. Түүний дотор Би таашаагдсан байсан“ гэсэн дуу гарав. Тэнгэрээс гарсан энэ дууг бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа сонссон билээ» гэж бичжээ (2 Пэтр 1:16–18).
8. а) Хүүгийнхээ талаар Бурхны хэлсэн үгс юунд анхаарал хандуулсан бэ? б) Христийг «хувирч өөрчлөгдөх» үеэр гарсан үүл юу заадаг вэ?
8 Бурхны: «Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнд Миний таалал бий. Түүнийг сонсогтун» гэж айлдсан нь хамгаас чухал байсан юм. Эдгээр үгэнд Бурхан, Есүсийг хаан ширээнд залан суулгасан бөгөөд түүнд орчлонт ертөнц захирагдах ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ. Гэрэлтсэн үүл байсан нь уг үзэгдэл үл үзэгдэх байдлаар биелнэ гэдгийг заажээ. Есүс хаанчлалдаа үл үзэгдэх байдлаар «залран байх шинж тэмдгийг» ялгаж чадсан хүмүүс л Христийг ухааны мэлмийгээр харах болно (Матай 24:3, ШЕ). Харин Есүс элч нартаа үзэгдлийн талаар дахин амилтал нь ярихгүй байхыг тушаасан нь Есүс дахин амилсныхаа дараа өргөмжлөгдөн алдарших ёстой байсныг харуулдаг.
9. Христийн «хувирч өөрчлөгдсөн нь» ямар учраас бидний итгэлийг бэхжүүлэх ёстой вэ?
9 Христийн хувирч өөрчлөгдсөн талаар дурдсаныхаа дараа элч Пэтр: «Ийнхүү бидэнд илүү баттай зөгнөлийн үг байдаг бөгөөд үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийтэл, түнэр харанхуй газар гэрэлтэгч дэнлүү мэтээр та нар түүнд анхаарал тавих нь сайн хэрэг буюу. Харин юуны түрүүнд үүнийг мэдтүгэй. Юу гэвээс Бичээсийн нэг ч зөгнөлийг амин хувийн шийдэл болгож үл болно. Учир нь зөгнөл нь хэзээ ч хүний хүслээр хэлэгдсэнгүй, харин Ариун Сүнсээр хөтлөгдсөн хүмүүс Бурхнаас айлджээ» гэж тэмдэглэжээ (2 Пэтр 1:19–21). Христийн хувирч өөрчлөгдсөн нь Бурхны зөгнөлийн үгийн найдвартайг онцлон тэмдэглэдэг. Тэгээд ч бид зөвхөн энэ үгэнд анхаарах ёстой болохоос Бурхнаас гардаггүй, түүнд таалагддаггүй «зальжин арга замаар зохиогдсон үлгэр домгуудад» үнэмших учиргүй. Есүсийн хувирч өөрчлөгдсөн нь зөгнөлийн үгэнд итгэх бидний итгэлийг бэхжүүлэх ёстой бөгөөд хааны эрх мэдлээ авсан Есүсийн алдрын урьдчилсан дүр зураг байсан энэхүү үзэгдэл нь эдүгээ бодит зүйл болжээ. Тийм ээ, өнөөдөр Есүс тэнгэрийн хүчирхэг Хаан болон заларч байгаагийн маргашгүй нотолгоо бидэнд буй.
«Үүрийн цолмон» хэрхэн гийх нь
10. Пэтрийн дурссан «үүрийн цолмон» гэдэг нь хэн эсвэл юу вэ? Хариултаа баримттай хэлнэ үү.
10 Пэтр: «Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийтэл, түнэр харанхуй газар гэрэлтэгч дэнлүү мэтээр та нар түүнд [зөгнөлийн үгэнд] анхаарал тавих нь сайн хэрэг буюу» хэмээн бичжээ. «Үүрийн цолмон» гэж хэн, эсвэл юу вэ? «Үүрийн цолмон» гэдэг үг нь Библид ганцхан л удаа гардаг бөгөөд «өглөөний од» гэдэгтэй ижил утгатай юм. Илчлэлт 22:16 (ШЕ)-д Есүс Христийг «өглөөний гэрэлт од» гэж нэрлэсэн байдаг. Тийм одод нь жилийн тодорхой үед дорно зүгийн тэнгэрийн хаяанд сүүлчийнх нь болж гийдэг. Тэдгээр нь нар цухуйхын өмнөхөн гийдэг бөгөөд ийм маягаар шинэ өдрийн эхлэлийг зарлан тунхагладаг байна. Пэтр «үүрийн цолмон» гэдэг үгийг хааны эрх мэдлийг хүлээж авсных нь дараа Есүст хамааруулж хэрэглэсэн. Тийм ээ, тэр үед Есүс манай дэлхийг багтаасан бүх орчлонт ертөнцийн дээр «гийсэн» юм! Энэхүү хаант «үүрийн цолмон» дуулгавартай бүх хүний шинэ «өдрийн» буюу шинэ эрин зууны эхлэлийг зарлан тунхагладаг.
11. а) Яагаад 2 Пэтр 1:19-д «үүрийн цолмон» хүний бодит зүрхэнд гийнэ гэсэн утга байхгүй байна вэ? б) 2 Пэтр 1:19-ийг та хэрхэн зөв тайлбарлах вэ?
11 2 Пэтр 1:19-д бичигдсэн элч Пэтрийн үг хүний бодит зүрхэнд хамаатай гэдгийг Библийн олон орчуулгаас ойлгож болно. Насанд хүрсэн хүний зүрх 200—300 грамм байдаг. Есүс одоо тэнгэрт байгаа, үхэшгүй мөнхийн алдарт сүнсэн бүтээл атал хүний тийм жижигхэн эрхтэнд яаж «гийх» юм бэ? (1 Тимот 6:16). Бид Бурхны зөгнөлийн үгийг бэлэгдлийн зүрхээрээ анхаардаг учраас тэр л зүрх маань энэ зүйлтэй холбоотой нь мэдээж. Гэхдээ та «Ариун Бичээсийн шинэ ертөнцийн орчуулга»-ын 2 Пэтр 1:19-ийг анхааралтай ажиглавал «үүр цайж, үүрийн цолмон гийтэл» гэсэн оруулга өгүүлбэр нь ишлэлийн эхний хэсгээс, мөн «зүрхэнд тань» гэдэг үгнээс таслалаар тусгаарлагдсан байгааг харах болно. Энэ зүйлийг: «Бид зөгнөлийн үгэнд илүү бат итгэлтэй байна; үүр цайж, үүрийн цолмон гийтэл, түнэр харанхуй газар буюу зүрхэнд тань гэрэлтэгч дэнлүү мэтээр та нар түүнд анхаарал тавих нь сайн хэрэг» хэмээн жаахан өөрчилж болох юм.
12. Хүмүүсийн бэлэгдлийн зүрх бүхэлдээ ямар байдалтай байгаа вэ? Тэгвэл жинхэнэ христосын шашинтнуудынх ямар вэ?
12 Нүгэлт хүмүүсийн бэлэгдлийн зүрх бүхэлдээ ямар байдалд байгаа вэ? Тэдний зүрх сүнслэг харанхуйд байна! Хэрэв бид жинхэнэ христосын шашинтнууд юм бол бидний зүрхэнд дэнлүү гэрэлтэж байгаа юм шиг байх ба тийм биш бол тэнд харанхуй байхсан. Жинхэнэ христосын шашинтнууд Бурхны гэрэлтүүлэгч зөгнөлийн үгийг анхаарч, шинэ өдөр эхэлнэ гэдгийг санаж, сэргэлэн цовоо байж чаддаг нь Пэтрийн үгнээс харагдана. «Үүрийн цолмон» хүний бие махбодын зүрхэнд биш, бүхий л орчлонт ертөнц даяар «гийсэн» нь тэдэнд тодорхой байхсан.
13. а) «Үүрийн цолмон» аль хэдийнээ гийсэн гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? б) Бидний цаг үеийн талаар Есүсийн урьдчилан хэлсэн хүнд хэцүү байдлыг христосын шашинтнууд ямар учраас тэсвэрлэж чадах вэ?
13 «Үүрийн цолмон» хэдийнээ гийчихээд байна! Үүнд бид, Есүсийн «залран байх» тухай агуу зөгнөлийг анхаарснаараа итгэлтэй байж чадна. Өнөөдөр бид энэ зөгнөлийн биелэлийг урьд хожид гарч байгаагүй дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөл болон сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлж байгаа зэрэг үйл явдлаас харж байна (Матай 24:3–14, ШЕ). Есүсийн урьдчилан хэлсэн хүнд хэцүү байдал христосын шашинтан бидэнд ч нөлөөлж байгаа боловч бид сэтгэлээрээ тайван байж, баяр хөөртэйгөөр үүнийг тэсвэрлэх чадвартай. Яагаад? Яагаад гэвэл, бид Бурхны зөгнөлийн үгийг анхаарч, ирээдүйтэй холбоотой амлалтад нь итгэдэг юм. Бид хамгийн сайн цагийн босгон дээр байгаагаа мэддэг. Учир нь «төгсгөлийн цаг үе» дуусах дөхсөн! (Даниел 12:4, ШЕ). «Үзэгтүн. Харанхуй газрыг бүрхэн, гүн харанхуй хүмүүсийг хучсан» хэмээн Исаиа 60:2-т бичсэнчлэн энэ дэлхий онц аюултай байдалд байна. Энэ харанхуйд замаа яаж олох вэ? Одоо хожимдоогүй байгаа дээрээ Бурхны зөгнөлийн үгийг даруухнаар анхаарах хэрэгтэй. Чин сэтгэлтэй хүмүүс гэрэл, амийн Эх булаг Ехова Бурханд хандах шаардлагатай (Дуулал 36:9; Үйлс 17:28). Ингэсэн цагт л жинхэнэ ёсоор гэгээрч, дуулгавартай хүн төрөлхтөнд Бурхны амласан гайхамшигт ирээдүйд итгэх итгэлтэй болно (Илчлэлт 21:1–5).
«Гэрэл дэлхийд ирсэн»
14. Библийн гайхалтай зөгнөлүүдийн биелэхийг үзэхийн тулд юу хийх ёстой вэ?
14 Есүс Христ одоо хаанчилж байгааг Ариун Бичээс тодорхой харуулдаг. Тэрбээр 1914 онд засгийн эрхэнд гарсан бөгөөд энэ нь өөр гайхалтай зөгнөлүүд биелэх учиртай гэсэн үг юм. Тэдгээр зөгнөлийн биелэлийг үзэхийн тулд бид номхон даруу хүмүүс болж, гэмт үйлдэл болон мэдэлгүй үйлдсэн нүгэлдээ гэмшин Есүс Христэд итгэх ёстой. Харанхуйд дурлагчид мөнхийн амийг авахгүй нь лавтай. Есүс: «Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл дэлхийд ирсэн боловч хүмүүсийн үйлс бузар хорон учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Бузрыг үйлдэгчид бүгдээрээ гэрэлд хорсдог, гэрэл рүү ирдэггүй. Учир нь тэд үйлсээ ил харуулахыг хүсдэггүй аж. Үйлсээ, Бурхны дотор үйлдсэнийгээ ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл рүү ирдэг» гэж хэлсэн байдаг (Иохан 3:19–21).
15. Хүүгээ бидний төлөө өгч, Бурхны боломжтой болгосон авралын арга хэмжээг үл тоомсорлрвол юу болох вэ?
15 Сүнслэг гэрлийг Есүс дэлхийд авчирсан бөгөөд Есүст захирагдах нь амин чухал зүйл мөн. Паул: «Эрт үед бидний өвөг эцгүүдэд зөнчдөөр дамжуулж олон удаа, янз бүрийн арга замаар ярьсан Бурхан, энэхүү эцсийн өдрүүдэд өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж ярив. Бурхан... Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон билээ» хэмээн бичжээ (Еврей 1:1, 2). Хүүгээ бидний төлөө өгч, Бурхны боломжтой болгосон авралын арга хэмжээг үл тоомсорлрвол юу болох вэ? Паул цааш нь: «Хэрэв тэнгэрэлчүүдээр хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа гэм буруу ба дуулгаваргүй байдал шударга хариугаа авсан бол, бид тийн агуу авралыг үл ойшоовол яаж амь аврагдах вэ? Энэхүү аврал эхлээд Эзнээр дэлгэрүүлэгдсэн бөгөөд Түүнээс сонссон хүмүүсээр бидэнд батлагдсан юм. Бас Бурхан өөрийн хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгээр тэдний хамт гэрчилсэн билээ» гэжээ (Еврей 2:2–4). Тийм ээ, Есүс зөгнөлийн үгийг зарлан тунхаглах гол үүргийг гүйцэтгэж байна (Илчлэлт 19:10).
16. Бид яагаад Ехова Бурхны бүх зөгнөлд бүрэн итгэж болох вэ?
16 Урьд нь тэмдэглэсэнчлэн, Пэтр: «Бичээсийн нэг ч зөгнөлийг амин хувийн шийдэл болгож үл болно» гэжээ. Хүмүүс жинхэнэ үнэн зөгнөлийг өөрөөсөө хэлж чадахгүй боловч харин бид Бурхны бүх зөгнөлд бүрэн итгэж болно. Тэдгээр нь Ехова Бурхнаас өөрөөс нь эхтэй. Тэрбээр үйлчлэгчдэдээ Библийн зөгнөл өнөө үед хэрхэн биелж буйг ойлгох чадварыг ариун сүнснийхээ тусламжтайгаар өгдөг. Бид, тийм олон зөгнөл 1914 оноос хойш биелж байгааг хараад Еховад талархдаг! Энэхүү эд юмсын ёс бус тогтолцооны төгсгөлийн тухай бусад зөгнөл ч бүгд биелнэ гэдэгт туйлын итгэлтэй байна. Тэр л цагт гэрлээ гэрэлтүүлэн, Бурхны зөгнөлийг анхаарч байх нь тун чухал (Матай 5:16). Өнөөдөр дэлхийг нөмрөөд байгаа «түнэр харанхуйг гэрэлтүүлэх гэрэлд» нөлөөлдөгт нь Еховад бид хэчнээн баярладаг гээч! (Исаиа 58:10).
17. Бурхнаас ирдэг сүнслэг гэрэл бидэнд яагаад хэрэгтэй вэ?
17 Гэрэл бол бидэнд юм харах боломж олгодог. Мөн биднийг төрөл бүрийн хоол тэжээлээр хангагч ургамлын өсөлтөд нөлөөлдөг. Бид гэрэлгүйгээр амьдарч чадахгүй. Тэгвэл сүнслэг гэрлийн тухайд яах вэ? Сүнслэг гэрэл нь биднийг удирддаг бөгөөд Бурхны Үг Библид бичсэн ирээдүйг бидэнд мэдүүлдэг (Дуулал 119:105). Ехова Бурхан «өөрийн гэрэл ба үнэнийг илгээдэг» (Дуулал 43:3). Энэ бүхэнд бид гүнээ талархах хэрэгтэй. Тийм учраас бэлэгдлийн зүрхээ гэрэлтүүлэхийн тулд «Бурхны алдрын мэдлэгийн» энэхүү гэрлийг аль болох идэвх чармайлттайгаар хүлээн авцгаая (2 Коринт 4:6, МАБ; Эфэс 1:18).
18. Еховагийн «үүрийн цолмон» одоо яахад бэлэн байгаа вэ?
18 1914 онд «үүрийн цолмон» Есүс Христ орчлонт ертөнц даяар «гийснийг», мөн «хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл биелж эхэлснийг мэдэх нь ямар их ивээл вэ! Тийм ээ, Еховагийн гийн мандсан «үүрийн цолмон» Бурхны санаа зорилгод нийцүүлэн энэхүү үзэгдлийг амьдралд цаашид хэрэгжүүлэхэд бэлхэн байна. Еховагийн «үүрийн цолмон» одоо «Төгс хүчит Бурхны агуу их өдрийн дайнд» ороход бэлэн (Илчлэлт 16:14, 16). Энэхүү хуучин тогтолцоог шүүрдэн цэвэрлэсний дараа Ехова «шинэ тэнгэр хийгээд шинэ газрыг» бүтээнэ гэсэн амлалтаа биелүүлнэ. Тэнд бид түүнийг орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт, жинхэнэ үнэн зөгнөлийн Бурхан хэмээн мөнхөд магтан алдаршуулах болно (2 Пэтр 3:13). Харин тэр өдөр болоогүй байгаа дээр нь Бурхны зөгнөлийн үгийг анхаарч, тэнгэрлэг гэрлээр цаашид явцгаая.
Та юу гэж хариулах вэ?
• Та Есүсийн «хувирч өөрчлөгдсөнийг» хэрхэн дүрслэх вэ?
• Христийн «хувирч өөрчлөгдсөн нь» итгэлийг хэрхэн бэхжүүлдэг вэ?
• Еховагийн «үүрийн цолмон» гэж хэн, эсвэл юу вэ? Энэ нь хэзээ гийсэн бэ?
• Бурхны зөгнөлийн үгийг ямар учраас анхаарах хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]