Еховагийн зүрхийг баярлуулсан эмэгтэйчүүд
Еховагийн зүрхийг баярлуулсан эмэгтэйчүүд
«ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. ...ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай!» (РУТ 2:12).
1, 2. Библид тэмдэглэсэн, Еховагийн зүрхийг баярлуулсан эмэгтэйчүүдийн жишээг авч үзэх нь ямар ач холбогдолтой вэ?
БУРХНААС эмээдэг учраас хоёр эмэгтэй фараоны тушаалыг зөрчжээ. Итгэлдээ хөтлөгдсөн янхан эмэгтэй хоёр израиль туршуулыг хамгаалахын тулд амиараа дэнчин тавьжээ. Аюул тулгарсан үед нэг эмэгтэй хэрсүү ухаан, даруу зангаараа олон хүний амийг аварч, Израилийн ирээдүйн хааныг цус урсгахаас сэргийлжээ. Ехова Бурханд итгэдэг, зочломтгой зантай нэгэн бэлэвсэн эх сүүлчийн хоолоороо Бурхны зөнчийг дайлжээ. Эдгээр нь Библид тэмдэглэсэн, Еховагийн зүрхийг баярлуулсан эмэгтэйчүүдийн цөөн хэдэн жишээ юм.
2 Еховагийн тэдэнд хандсан байдал болон өгсөн шагналаас харахад Бурханд хүний хүйс нь бус, харин сүнслэг чанар нь чухал байдаг аж. Өнгө, мөнгийг дээдэлдэг болсон өнөөгийн ертөнцөд сүнслэг зүйлийг чухалд үзэх амаргүй. Гэхдээ үүний боломжтойг Еховагийн орчин үеийн ард түмний дийлэнх хэсгийг бүрдүүлдэг, Бурхнаас эмээдэг сая сая эмэгтэй харуулдаг. Тэд Библид гардаг, Бурхнаас эмээдэг эмэгтэйчүүдийн итгэл, хэрсүү ухаан, зочломтгой зан болон бусад сайн чанарыг дуурайдаг. Христиан эрчүүд ч гэсэн эрт цагийн тэр эмэгтэйчүүдийн үзүүлсэн сайхан чанарыг дуурайх ёстой нь ойлгомжтой. Илүү сайн дуурайхын тулд өгүүллийн эхэнд дурдсан эмэгтэйчүүдийн тухай Библид юу гэж бичсэнийг дэлгэрэнгүй авч үзье (Ром 15:4; Иаков 4:8).
Фараоны тушаалыг зөрчсөн хоёр эмэгтэй
3, 4. а) Фараон шинэ төрсөн еврей үндэстэн эрэгтэй хүүхдүүдийг толгой дараалан алахыг тушаахад Шифра Пуа хоёр яагаад биелүүлээгүй вэ? б) Ехова хоёр эх баригчийг өөрөөс нь эмээх сэтгэл болон эр зоригийнх нь төлөө хэрхэн шагнасан бэ?
3 Дэлхийн хоёрдугаар дайны дараа Германы Нюрнберг хотноо болсон шүүх хурал дээр, хүнийг үй олноор нь хоморголон устгасан хэрэгт буруутгагдсан хүмүүс дээд газраас өгсөн тушаалыг л биелүүлсэн хэмээн гэмт үйлдлээ цагаатгахыг оролдож байв. Тэгвэл тэднийг эртний Египетийн нэр нь үл мэдэгдэх, харгис фараоны үед амьдарч байсан Шифра, Пуа гэдэг эх баригч хоёр еврей эмэгтэйтэй харьцуулъя. Фараон еврейчүүдийн тоо өсөж байгаагаас айсандаа шинэ төрсөн еврей үндэстэн эрэгтэй хүүхдүүдийг толгой дараалан алахыг тэдэнд тушаажээ. Хоёр эмэгтэй энэ харгис тушаалд хэрхэн хандсан бэ? «Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв». Хүнээс айгаагүйнх нь учир юу вэ? Тэд «Бурхнаас эмээж» байжээ (Египетээс гарсан нь 1:15, 17; Эхлэл 9:6).
4 Тийм ээ, эх баригчид Еховад «хоргодсон» бөгөөд Ехова ч хариуд нь тэднийг фараоны уур хилэнгээс хамгаалан, «бамбай» болсон (2 Самуел 22:31; Египетээс гарсан нь 1:18–20). Гэхдээ Еховагийн шагнал үүгээр дуусаагүй юм. Шифра Пуа хоёрт «гэр бүл бий болгон өгөв». Түүнчлэн, Бурхан тэднийг хүндэтгэн, хойч үеийнхэнд уншуулахаар тэдний нэрийг, үйл хэргийнх нь тухай онгод оруулан бичүүлсэн Үгэндээ буулгасан байхад фараоны нэр цагийн урсгалд замхран арилжээ (Египетээс гарсан нь 1:21; 1 Самуел 2:30б; Сургаалт үгс 10:7).
5. Өнөөдөр олон христиан эмэгтэй Шифра Пуа хоёрынх шиг сэтгэлгээг хэрхэн харуулдаг вэ? Ехова тэднийг яаж шагнах вэ?
5 Тэгвэл өнөөдөр Шифра Пуа хоёр шиг эмэгтэйчүүд байна уу? Байлгүй яах вэ! Амь аврах Библийн мэдээ дэлгэрүүлэхийг «хааны зарлигаар» хориглосон улс орнуудад тэдэн шиг олон мянган эмэгтэй жил болгон эрх чөлөө, тэр бүү хэл, амиараа дэнчин тавьж, Бурханд зоригтой үйлчилдэг (Еврей 11:23; Үйлс 5:28, 29). Еховаг болон хүмүүсийг хайрлах хайрандаа хөтлөгдсөн тэр зоригт эмэгтэйчүүд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг бусадтай хуваалцах ажлыг нь зогсоохыг хэнд ч зөвшөөрдөггүй. Үүнийхээ төлөө олон христиан эмэгтэй эсэргүүцэл, хавчлагатай тулгардаг (Марк 12:30, 31; 13:9–13). Ехова Шифра Пуа хоёрт хандсан шигээ, өнөөгийн зоригт эмэгтэйчүүдийн үйл хэргийг бүрэн анхаарч байдаг бөгөөд хэрэв тэднийг төгсгөл хүртэл тэвчин, үнэнч хэвээрээ байвал нэрийг нь «амийн номд» бичин, тэднийг хайрладгаа харуулна (Филиппой 4:3; Матай 24:13, «эцсээ» [«төгсгөл, ШЕ]).
Янхан байсан эмэгтэй Еховагийн зүрхийг баярлуулсан нь
6, 7. а) Рахаб Ехова болон ард түмнийх нь тухай юу мэдэж байсан бэ? Энэ мэдлэг нь хэрхэн нөлөөлсөн бэ? б) Бурхны Үгэнд Рахаб ямар хүндтэй байр эзэлдэг вэ?
6 МЭӨ 1473 онд Рахаб гэгч янхан эмэгтэй Канаан нутгийн Иерихо хотод суудаг байв. Рахаб ихийг сонсож мэдсэн хүн байсан нь илэрхий. Израилийн хоёр туршуул гэрт нь нуугдахад тэрээр израильчууд Египетээс гайхамшгаар гарсан тухай бүр 40 жилийн өмнөх түүхт явдлыг дэлгэрэнгүй ярьсан! Түүнээс гадна, аморичуудын хоёр хаан Сихон Ог нарыг израильчууд ялаад удаагүй байсныг ч мэдэж байв. Мэдлэг нь түүнд хэрхэн нөлөөлснийг анхаараарай. Тэрээр туршуулуудад: «ЭЗЭН [«Ехова», ШЕ] энэ газрыг та нарт өгснийг... би мэдэж байна. [...] Учир нь та нарын Бурхан ЭЗЭН [«Ехова», ШЕ] бол дээд тэнгэр дэх хийгээд доод газар дахь Бурхан мөн билээ» гэж хэлдэг (Иошуа 2:1, 9–11). Тийм ээ, Еховагийн тухай болон Израилийн төлөө Бурхны хийсэн үйл хэргийн тухай мэдсэн нь Рахабын зүрхэнд хүрч, улмаар Еховад итгэх итгэл төрүүлжээ (Ром 10:10).
7 Итгэл нь Рахабыг үйл хэрэгт хөтөлжээ. Израилийн туршуулуудыг «амар тайван» хүлээн авч, израильчуудыг Иерихо уруу довтлоход өгсөн зааврыг нь дуулгавартай дагаж, эсэн мэнд үлдсэн (Еврей 11:31; Иошуа 2:18–21). Рахабын итгэлийн үйлс Еховагийн зүрхийг баярлуулсан нь лавтай. Учир нь Ехова христиан шавь Иаковт онгод оруулан, Рахабын нэрийг анд нөхөр Абрахамынхаа нэртэй зэрэгцүүлэн, христиануудад үлгэр жишээ болгон бичүүлсэн юм. Иаков: «Мөн үүний адилаар, янхан эм Рахаб элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?» хэмээн бичжээ (Иаков 2:25).
8. Ехова Рахабыг итгэл болон дуулгавартай байдлынх нь төлөө хэрхэн шагнасан бэ?
8 Ехова Рахабыг олон удаа шагнасан билээ. Юуны түрүүнд, Бурхан түүнийг гэрт нь хоргодсон бүх хүний хамт буюу «түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг» гайхамшгаар аварсан. Түүнчлэн, «Израилийн дунд» нутгийн уугуул иргэн мэт суухыг нь зөвшөөрсөн (Иошуа 2:13; 6:22–25; Левит 19:33, 34). Үүгээр зогсохгүй, бас өөр шагнал өгсөн ажээ. Бурхан Рахабт Есүс Христийн элэнц эмэг болох хүндтэй завшаан оноосон. Нэгэн цагт хуурамч бурхдыг шүтдэг байсан канаан эмэгтэйд Бурхан хайр энэрлээ юутай харамгүй үзүүлээ вэ! * (Дуулал 130:3, 4).
9. Ехова Рахаб болон садар самуун амьдралаа орхисон, нэгдүгээр зууны христиан эмэгтэйчүүдэд хандсан байдал нь одоогийн зарим эмэгтэйд хэрхэн урам хайрладаг вэ?
9 Нэгдүгээр зуунаас өнөөдрийг хүртэл зарим христиан эмэгтэй Бурханд таалагдахын тулд Рахабын адилаар садар самуун амьдралаа орхижээ (1 Коринт 6:9–11). Тэдний зарим нь садар самуун явдал газар авсан, тэр бүү хэл, жирийн явдалд тооцогддог байсан эртний Канааных шиг орчинд өсөж хүмүүжсэн нь эргэлзээгүй. Гэсэн ч Библийн нарийн зөв мэдлэгт үндэслэн, Бурханд итгэдэг болж, амьдралаа өөрчилжээ (Ром 10:17). Ийм учраас тийм эмэгтэйчүүдийн тухайд «Бурхан нь тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ тэднээс ичдэггүй» гэж хэлж болно (Еврей 11:16). Юутай завшаантай хэрэг вэ!
Хэрсүү ухаанаараа шагнал хүртсэн нь
10, 11. Набал Давид хоёртой холбоотой ямар явдал Абигаилийг үйл хэрэгт татан оруулсан бэ?
10 Эрт цагт олон үнэнч эмэгтэй гайхамшигтай хэрсүү ухаан гаргаж байсан бөгөөд үүгээрээ тэд Еховагийн ард түмний дунд хүндтэй байр эзэлж байв. Тийм эмэгтэйчүүдийн нэг бол газрын эзэн, Набал гэдэг чинээлэг израиль хүний эхнэр Абигаил юм. Абигаилын хэрсүү ухаан олон хүний амийг аварч, Израилийн ирээдүйн хаан Давидыг цус урсгасан буруутан болохоос сэргийлсэн билээ. Абигаилын тухай «1 Самуел» номын 25-р бүлгээс мэдэж болно.
11 Бүлгийн эхэнд бичсэнээр, Давид хүмүүстэйгээ хамт Набалын мал сүргийн дэргэд буудаллан, түүнийг элэг нэгт израиль хүн хэмээн сайхан сэтгэлээр хандан, сүргийг нь үнэ хөлс нэхэлгүй, өдөр шөнөгүй хамгаалдаг байв. Давид хоол хүнсээ барагдах үес Набал уруу арван хүн явуулж, хүнс гуйжээ. Набалын хувьд Давидад талархаж, түүнийг Еховагийн тосолсон нэгэн хэмээн хүндэтгэх аятай боломж гараад байлаа. Гэтэл Набал огт өөрөөр хандав. Уурын мунхгаар Давидыг доромжлон, хүмүүсийг нь гар хоосон буцаах нь тэр. Давид үүнийг дуулаад, 400 хүн цуглуулж зэвсэглэн, өшөө авахаар мордов. Абигаил нөхрийнхөө яхир хариу өгснийг мэдсэн даруйдаа Давидыг тайвшруулахын тулд их хэмжээний хоол хүнс илгээн, ухаалаг арга хэмжээ авчээ. Тэгээд өөрөө Давидтай уулзахаар замд гарав (2–20-р зүйл).
12, 13. а) Абигаил хэрсүү ухаанаа, Еховад болон тосолсон нэгэнд нь үнэнчээ хэрхэн харуулсан бэ? б) Абигаил харьж ирээд юу хийсэн бэ? Байдал түүний хувьд хэрхэн сайнаар эргэсэн бэ?
12 Абигаил Давидтай уулзаад даруухнаар өршөөл эрсэн нь Еховагийн тосолсон нэгэн буюу хаанаар сонгосон хүнийг гүнээ хүндэтгэдгийг нь харуулдаг. Тэрээр: «ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь ЭЗЭНий дайныг хийж байгаа билээ» хэмээгээд Ехова Давидыг Израилийн удирдагч болгохыг хэлэв (28–30-р зүйл). Түүний зэрэгцээ, Абигаил зориг гарган, өшөө авах гэж ухаангүй улайрах нь цус урсгах явдалд хүргэхийг сануулсан (26, 31-р зүйл). Абигаилын даруу зан, гүн хүндэтгэл, хурц ухааны ачаар Давид сэхээ оржээ. Тэгээд: «Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай» гэж хэлдэг (32, 33-р зүйл).
13 Абигаил гэртээ харьж ирээд, Давидад бэлэг сэлт өгснөө нөхөртөө зориглон хэлэх гэтэл нөхөр нь «ихэд согтуу байсанд» эрүүл болсных нь дараа хэлжээ. Набал үүнийг дуулаад яасан бэ? Гайхан цочирдож, саа туссан мэт, таг хөшиж орхижээ. Арав хоногийн дараа тэрээр Бурхны гарт үхэв. Набалын үхсэнийг дуулаад, Давид гүн хүндэтгэж, бахархан биширч байсан эмэгтэйгээ буюу Абигаилыг эхнэрээ болохыг гуйв. Абигаил ч зөвшөөрдөг (34–42-р зүйл).
Та Абигаил шиг болж чадах уу?
14. Абигаилын ямар ямар чанарыг илүү сайн хөгжүүлэхийг хүсэж болох вэ?
14 Та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Абигаилын илэрхийлсэн олон сайхан чанарыг өөртөө илүү сайн хөгжүүлэхийг хүсэж байна уу? Хэцүү цагт илүү хэрсүү ухаантай байхыг хүсдэг байж болох юм. Эсвэл эргэн тойрны тань хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байхад та тайван байдлаа алдалгүй, ухаалаг ярихыг хүсдэг үү? Тийм бол, энэ тухайгаа Еховад залбирч болохгүй гэж үү? «Итгэлээрээ гуйдаг» хэнд ч болов мэргэн ухаан, тунгаан бодох чадвар, хэрсүү чанар өгөхөө Бурхан амласан билээ (Иаков 1:5, 6; Сургаалт үгс 2:1–6, 10, 11).
15. Христиан эмэгтэйчүүд ямар ямар нөхцөлд Абигаилынх шиг чанар илэрхийлэх нь онцгой чухал бэ?
15 Ийм сайн чанарууд нь Библийн зарчмыг ойшоодоггүй эсвэл огт анхаардаггүй Гэрч бус нөхөртэй эмэгтэйчүүдэд онцгой чухал байдаг. Нөхөр нь согтууруулах ундаа хэтрүүлэн уудаг байж магадгүй. Гэхдээ тийм нөхрүүдийг өөрчлөгдөнө гэж бид найддаг. Эхнэрийнхээ даруу байдал, гүн хүндэтгэл, журамт байдлыг хараад өөрчлөгдсөн хүн олон бий (1 Петр 3:1, 2, «эелдэг зан байдал» [«гүн хүндэтгэл», ШЕ], 4).
16. Ар гэрийнх нь байдал ямар ч байсан христиан эмэгтэй Еховатай тогтоосон харьцаагаа бүхнээс илүү үнэлдгээ хэрхэн харуулж болох вэ?
16 Та ар гэртээ ямар ч хүнд байдлыг тэвчих хэрэгтэй болсон, Ехова таныг дэмжихэд үргэлж бэлэн байдгийг санаарай (1 Петр 3:12). Тиймээс өөрийгөө сүнслэгээр бэхжүүлэхийг хичээж, мэргэн ухаан болон амар тайвныг гуйж залбирагтун. Библи тогтмол судлан, залбирч, уншсан зүйлээ эргэцүүлэн бодож, мөн итгэл нэгтнүүдтэйгээ дотно харьцан, Еховад улам ойртогтун. Абигаилын, Бурхныг хайрлах хайр болон Бурхны тосолсон үйлчлэгчид хандах хандлагад нөхрийнх нь сүнслэг бус үзэл бодол нөлөөлөөгүй. Тэрээр зөвт зарчмыг баримталсан. Бурхны үлгэр жишээ үйлчлэгч нөхөртэй христиан эхнэр ч сүнслэг байдлаа хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө өөрөө байнгын хүчин чармайлт гаргах ёстойгоо ойлгодог. Нөхөр нь Судрын дагуу эхнэрийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангах үүрэгтэй ч, эцсийн дүнд эхнэр нь «өөрийн авралыг айдас ба чичрэлээр» өөрөө олж авах учиртай (Филиппой 2:12; 1 Тимот 5:8).
«Зөнчийн шагналыг» хүртсэн эмэгтэй
17, 18. а) Зарефатын бэлэвсэн эмэгтэй итгэлийн ямар өвөрмөц сорилтод орсон бэ? б) Эмэгтэй Елиагийн хүсэлтийг хэрхэн хүлээн авсан бэ? Үүнийх нь төлөө Ехова хэрхэн шагнасан бэ?
17 Зөнч Елиагийн үеийн нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйд Ехова хэрхэн санаа тавьсан нь жинхэнэ шүтлэгийг хамаг чадлаараа, мөн хөрөнгө мөнгөөрөө дэмждэг хүмүүсийг өндөр үнэлдгийг нь харуулдаг. Елиагийн үед ган тайлагдалгүй удсанаас олон хүн өлсгөлөнгийн аюулд орсны дотор Зарефат хотод хүүтэйгээ хамт суудаг нэгэн бэлэвсэн эмэгтэй байлаа. Эцсийн атга гурилтайгаа үлдээд байхад нь нэг гийчин ирсэн нь зөнч Елиа байв. Зөнч их өвөрмөц хүсэлт тавьжээ. Эмэгтэйн тарчиг байдлыг мэдсэн хэрнээ, байгаа гурил, тосоо хамаад «жижигхэн гурилан боов» хийж өгөхийг гуйв. Гэхдээ: «Яагаад гэвэл Израилийн Бурхан ЭЗЭН: „ЭЗЭН энэ газрын гадарга уруу дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл хул аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй“ гэж айлдсан юм» гэж нэмж хэлжээ (Хаадын дээд 17:8–14).
18 Та тийм өвөрмөц хүсэлтийг яаж хүлээн авах байсан бэ? Зарефатын бэлэвсэн эмэгтэй, «Елиагийн үгээр үйлдсэн» нь түүнийг Еховагийн зөнч гэж таньсных бололтой. Зочломтгой зангийнх нь төлөө Ехова хэрхэн шагнасан бэ? Ган тайлагдтал Бурхан эмэгтэйг хүүтэй нь, бас Елиаг гайхамшгаар хоол хүнсээр хангасан (Хаадын дээд 17:15, 16). Тийм ээ, Зарефатын бэлэвсэн эмэгтэй израиль хүн биш байсан ч, Ехова түүнд «зөнчийн шагнал» хүртээсэн билээ (Матай 10:41, МБОХ, 1996). Бурхны Хүү ч өөрт нь итгээгүй нутаг нэгтнүүд болох Назар хотын хүмүүст энэ эмэгтэйг жишээ болгон ярихдаа түүнийг магтан алдаршуулсан юм (Лук 4:24–26).
19. Өнөөдөр олон христиан эмэгтэй Зарефатын эмэгтэйг хэрхэн дуурайдаг вэ? Ехова тийм хүмүүст хэрхэн ханддаг вэ?
19 Өнөөдөр олон христиан эмэгтэй Зарефатын бэлэвсэн эмэгтэйг дуурайдаг. Жишээлбэл, өгөөмөр сэтгэлтэй христиан эгч нар маань долоо хоног бүр явуулын харгалзагчдыг гэргийнх нь хамт зочлон дайлдаг. Тийм эгч нарын ихэнх нь бэл бэнчин тааруу, бас санаа тавих гэр бүлтэй байдаг. Зарим нь хурлынхаа бүрэн цагийн үйлчлэгчидтэй хоол ундаа хуваалцан, гачигдалтай хүмүүст туслах юм уу Хаанчлалын үйл хэргийг дэмжихийн тулд өөрсдийгөө болон хөрөнгө мөнгөө ямар нэгэн байдлаар зориулдаг (Лук 21:4). Үүнийг Ехова анзаардаг болов уу? Тэгэлгүй яах вэ! «Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» билээ (Еврей 6:10).
20. Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?
20 Нэгдүгээр зуунд, Бурхнаас эмээдэг зарим эмэгтэйд Есүс болон элч нарт үйлчлэх завшаан олджээ. Тэд Еховагийн зүрхийг яаж баярлуулсныг болон хэцүү нөхцөлд ч Еховад чин сэтгэлээсээ үйлчилдэг орчин үеийн эмэгтэйчүүдийн жишээг дараагийн өгүүллээр авч үзнэ.
[Зүүлт]
^ «Матай» номын дагуу Есүсийн угийн бичигт дөрвөн эмэгтэйг нэрээр нь бичсэн байдаг. Тэд нь: Тамар Рахаб Рут Мариа нар юм. Тэд бүгдээрээ Бурхны Үгэнд хүндтэй байр эзэлдэг (Матай 1:3, 5, 16).
Давтах асуулт
• Дараах эмэгтэйчүүд Еховагийн зүрхийг хэрхэн баярлуулсан бэ?
• Шифра Пуа хоёр...
• Рахаб...
• Абигаил...
• Зарефатын бэлэвсэн эмэгтэй...
• Энэ эмэгтэйчүүдийн жишээг эргэцүүлэн бодох нь бидэнд ямар ач холбогдолтой вэ? Жишээ татна уу.
[Догол мөрийн асуулт]