«Энэ газар нутгаар... явж үз»
«Энэ газар нутгаар... явж үз»
«Энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз» (ЭХЛЭЛ 13:17).
1. Бурхан Абрахамд ямар сонин заавар өгсөн бэ?
ОЛОН оронд хүмүүс амралтаараа машинаа унаад, байгалийн үзэсгэлэнт газраар аялах дуртай байдаг. Зарим хүн биед тустайг нь бодоод, бас сайхан газар орныг аажуу тайван харж сонирхох гэхдээ дугуйгаар явахыг илүүд үздэг. Харин зарим нь нутаг устай танилцаж, сэтгэлээ баясгахын тулд явган аялал хийх сонирхолтой байдаг. Ер нь иймэрхүү аялал удаан үргэлжилдэггүй. Гэтэл Бурхныг: «Босоод, энэ газар нутгаар... явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө» гэж айлдахад Абрахамд ямар санагдаж байсныг төсөөлөөд үзээрэй (Эхлэл 13:17).
2. Абрахам Египетээс гараад, хаашаа явсан бэ?
2 Энэ зүйлийн хам сэдвийг харъя. Абрахам авааль эхнэр, хамаатан садантайгаа хамт Египетэд түр сууж байжээ. «Эхлэл» номын 13-р бүлэгт тэднийг мал сүргээ аваад Египетээс гарч, «Негев» уруу нүүсэн гэж өгүүлдэг. Дараа нь Абрахам «Негевээс гараад Бетел хүртэл аялсан». Өөрийнх нь болон ач дүү Лотынх нь малчдын хооронд маргаан гарч, тус тусдаа бэлчээр нутаг хайх шаардлагатай болоход Абрахам уужим сэтгэл гарган, Лотод түрүүлж сонгох эрхийг өгдөг. Лот «ЭЗЭНий цэцэрлэг шиг» үржил шимтэй нутаг «Иорданы тал хөндийг» сонгон, Содомд амьдрах болжээ. Харин, Бурхан Абрахамд: «Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүг уруу харагтун» гэж хэлдэг. Тэгэхэд нь Абрахам Бетел хавийн өндөрлөг газраас ч юм уу тэр нутгийг бүхэлд нь харжээ. Гэхдээ ингээд л болчихоогүй. Бурхан түүнийг «энэ газар нутгаар явж үзэж», байгаль орчинтой нь танилцаасай гэж хүссэн.
3. Абрахамын хэрхэн аялсныг төсөөлөхөд яагаад амаргүй байж болох вэ?
3 Абрахам Хебронд очтолоо тэр нутгаар явах гэж хэр их зам туулсан нь тодорхойгүй ч, Амласан газрыг биднээс илүү сайн мэддэг байсан нь лавтай. Энд дурдсан Негев, Бетел, Иордан голын хөндий, Хеброн гэх зэрэг нутгийн талаар бодож үзье. Энэ газрууд хаана байсныг төсөөлөхөд хэцүү байна уу? Олон хүнд амаргүй санагддаг. Учир нь Еховагийн үйлчлэгчдээс цөөхөн хүн Библид дурдсан газар орноор хөндлөн гулд аялж үзсэн байдаг. Гэхдээ л тэр газруудын талаар мэдэх гэж сонирхох хэрэгтэй. Яагаад?
4, 5. а) Библид дурдсан газар нутгийг мэдэж, ойлгох хэрэгтэйг Сургаалт үгс 18:15 хэрхэн харуулдаг вэ? б) «Зефаниа» номын 2-р бүлэгт юу гардаг вэ?
4 «Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг» хэмээн Бурхны Үгэнд тайлбарладаг (Сургаалт үгс 18:15). Хүний олж авч болох олон зүйлийн мэдлэг байдаг ч хамгийн чухал нь Ехова Бурхан болон түүний үйл хэрэгтэй холбоотой нарийн зөв мэдлэг юм. Ийм мэдлэгтэй болохын тулд Библийг унших зайлшгүй шаардлагатай (2 Тимот 3:16). Гэхдээ «хэрсүү» буюу ойлгох чадвартай байхын чухлыг тэмдэглэх хэрэгтэй. Энэ нь алив юмны утга санааг тунгаан бодож, бүхэлдээ жижиг хэсгүүдтэйгээ ямар холбоотойг ухаарах буюу олж харах чадвар юм. Библид дурдсан газар нутгийн тухай уншихдаа ч бас ингэж хандах нь зүйтэй. Тухайлбал, бидний ихэнх нь Египет хаана байдгийг мэддэг ч, Абрахамыг Египетээс Негев хүрээд, дараа нь Бетел, тэгээд Хеброн хүртэл явсныг уншихад ямар төсөөлөл буудаг билээ? Эдгээр газар хоорондоо аль хэр зайтай байсныг та төсөөлж байна уу?
5 Та гаргасан хуваарийнхаа дагуу Библи унших явцдаа «Зефаниа» номын 2-р бүлгийг уншсан байх. Тэнд хот, үндэстэн, газар орны нэр бий. Газ, Ашкелон, Ашдод, Екрон, Содом, Ниневе, мөн Канаан, Моаб, Аммон, Ассири бүгд тэр ганцхан бүлэгт гардаг. Бурхны хэлсэн зөгнөл өөрсөд дээр нь биелсэн түүхэн бодит хүмүүсийн оршин сууж байсан тэдгээр нутгийг та хэр сайн төсөөлж байна вэ?
6. Зарим хүн ямар учраас газрын зургийн ач холбогдлыг ойлгох болсон бэ? (Хавсралт үзнэ үү.)
6 Бурхны Үгийг судалдаг олон хүний хувьд Библид дурдсан нутгуудын газрын зураг ихээхэн тус болдог байна. Тэрхүү газрын зургийг зөвхөн гоё сайханд нь болж л ашигладаг юм биш. Харин түүнийг ашиглахад Бурхны Үгийн тухай мэдлэг нь улам гүнзгийрдэг байна. Түүнчлэн, энэ нь шинээр мэдсэн зүйлээ урьдын мэдлэгтэй нь ямар холбоотойг харж, ойлгох чадвараа хөгжүүлэхэд нь тусалдаг. Хэдэн жишээ үзсэний дараа та ч гэсэн Еховаг бүр их хайрлаж, түүний Үгэнд юу өгүүлснийг илүү сайн ойлгох буй заа. (14-р хуудасны хавсралтыг үзнэ үү.)
Зайг мэдэх нь ойлгох чадварыг нэмэгдүүлдэг
7, 8. а) Самсон Газад ямар гайхалтай юм хийсэн бэ? б) Самсоны үйл хэргийг шал өөрөөр харахад ямар мэдээлэл тусалдаг вэ? в) Самсонд тохиолдсон энэ явдлыг мэдэж, ойлгох нь ямар ач холбогдолтой вэ?
7 Шүүгч Самсон Газад ирсэн талаар Шүүгчид 16:2-т гардаг. Газ гэдэг нэрийг орчин үед мэдээ сурвалжлагаар их дурсдаг учир Самсоныг Газрын дундад тэнгисийн эрэг хавийн Филистийн нутагт очсоныг ерөнхийд нь төсөөлж болно [11]. Одоо Шүүгчид 16:3-ыг харъя. Тэнд: «Самсон шөнө дунд хүртэл унтаад, шөнө дөлөөр босож, хотын хаалга болон хоёр баганыг нь авч, цуурга модтой нь хамт сугалж, мөрөн дээрээ тавин, Хеброны харалдаах уулын оройд үүрэн аваачив» хэмээн бичжээ.
8 Газ мэтийн бэхлэлт бүхий хотын хаалга, баганууд том, хүнд байсан нь эргэлзээгүй. Тэдгээрийг авч явах гэж байна гээд төсөөл дөө! Самсон тэднийг авч явсан. Харин хаашаа, ямар замаар явах хэрэгтэй байсан бэ? Газ далайн түвшинтэй ойролцоо өндөртэй эрэг дээр оршдог [15]. Гэтэл Хеброн Газаас зүүн тийш, далайн түвшнээс дээш 900 метрийн өндөрт байдаг. Явж очиход төвөгтэй, эгц өгсүүр газар ажээ! «Хеброны харалдаах уул» яг хаана байдаг нь тодорхойгүй ч Хеброн хот Газаас 60 орчим километр зайтай бөгөөд тийшээ явахын тулд өгсүүр замаар явдаг байжээ! Ийнхүү газрын байршлыг мэдсэнээр Самсоны хийсэн үйл хэргийг шал өөрөөр төсөөлж байгаа биз дээ? Бас Самсон юуны учир ийм гавьяат үйлс бүтээснийг анхааръя. «ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр буудаг» байсан (Шүүгчид 14:6, 19; 15:14). Өнөөдөр христианууд бид Бурхны ариун сүнсний тусламжтайгаар ер бусын хүч чадалтай болно гэж найддаггүй. Гэсэн хэдий ч, тэр хүчирхэг сүнс бидэнд гүн гүнзгий сүнслэг асуудлыг улам сайн ойлгуулж, «доторх хүнийг» маань хүчтэй болгодог билээ (1 Коринт 2:10–16; 13:8; Ефес 3:16; Колоссай 1:9, 10). Тийм ээ, Самсонд тохиолдсон явдлыг ойлговол Бурхны сүнс бидэнд ч бас тусална гэдэгт итгэлтэй болдог.
9, 10. а) Мидианчуудыг ялсан Гидеоны ялалтад ямар ямар үйл явдал ордог вэ? б) Энэ түүхийг илүү сайн ойлгоход газарзүйн мэдлэг хэрхэн туслах вэ?
9 Мидианчуудыг ялсан Гидеоны ялалт бол газрын байршлыг мэдэхийн ач холбогдлыг онцолдог бас нэг тохиолдол юм. Библи уншдаг ихэнх хүн шүүгч Гидеоныг 300 байлдагчийнхаа хамт Морегийн толгодын дэргэдэх Иезреелийн талд хуарагнан буудалласан мидианчууд, амалекчүүд болон бусад үндэстэн нийлсэн 135 000 цэргийг ялсныг мэднэ [18]. Гидеоны цэргүүд эвэр бүрээ үлээн, бамбар хийсэн домбоо хагалж: «ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө илд» хэмээн хашгиралдахад нь дайснууд үймэлдэн сандарч, айн балмагдсандаа өөр хоорондоо тулалдаж эхэлдэг (Шүүгчид 6:33; 7:1–22). Ийм том үйл явдал ганцхан шөнийн дотор болсон хэрэг үү? «Шүүгчид» номын 7, 8-р бүлгийг уншвал, Гидеон давшилтаа цааш нь үргэлжлүүлснийг ойлгож болно. Энд дурдсан олон газрын заримынх нь байрлалыг тодорхойлоход хэцүү байдгаас Библийн газрын зурагт тэмдэглээгүй юм. Гэсэн ч, олон газрын байрлал тодорхой учраас Гидеоны үйл хэргийг ажиглах бүрэн боломжтой.
10 Гидеон холбоотны цэргийн үлдэгдлийг Бет-шитта өнгөрч, дараа нь өмнийг чиглэн Иорданы ойролцоох Абел-мехола хүртэл нэхсэн (Шүүгчид 7:22–25). Сударт: «Гидеон гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав. Тэд ядарч эцсэн боловч мөрдөлтөө үргэлжлүүлсээр байв» гэж өгүүлдэг. Израильчууд Иордан голыг гатлаад дайснуудаа, өмнө зүг Иаббокийн ойролцоох Пенуел, Суккот хүртэл, дараа нь Иогбехагийн толгод (одоогийн Иордан улсын нийслэл Аммантай ойрхон) хүртэл мөрдсөн. Ийнхүү мөрдөж, тулалдаж явсаар 80-аад километр зам туулжээ. Гидеон мидианчуудын хоёр хааныг барьж алаад, дараа нь тулалдаан анх болсон газрын ойролцоо байдаг төрөлх хот Офрадаа эргэж ирсэн (Шүүгчид 8:4–12, 21–27). Тэгэхлээр, Гидеоны байгуулсан гавьяа зүгээр л эвэр бүрээ үлээх, бамбараар дохио өгөх, хашгирах гээд хэдхэн хормын үйлдлээр хязгаарлагдаагүй нь тодорхой байна. Энэ тухай бодвол, үнэнч эрчүүдийн талаар: «Хэрэв би Гидеон [болон бусад хүний] тухай яривал надад цаг хүрэлцэхгүй. Тэд буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулаанд зоригжин байлаа» хэмээн хэлснийг илүү сайн ойлгоно (Еврей 11:32–34). Христианууд ч бас ядардаг боловч Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ шантрахгүй байх нь нэн чухал. Тийм биз дээ? (2 Коринт 4:1, 16; Галат 6:9).
Хүмүүс хэрхэн бодож, үйлддэг вэ?
11. Израильчууд Кадешт яаж хүрсэн бэ? Мөн Кадешаас явахдаа ямар аялал хийсэн бэ?
11 Зарим хүн тухайн нутгийн байршлыг тодорхой мэдэх гэж Библийн газрын зураг үздэг. Гэтэл газрын зураг хүмүүсийн бодол санааг ойлгоход тусалж чадах болов уу? Израильчууд Синаи уулнаас хөдөлж, Амласан газрын зүг явсныг жишээ болгон авъя. Тэд зам зуураа буудаллан явсаар Кадешт (буюу Кадеш-барнеад) ирдэг [9]. Дэд хууль 1:2-т үүнийг 11 өдрийн, 270 орчим километр зайтай аялал байсныг харуулдаг. Тэндээс Мосе Амласан газар уруу 12 туршуул явуулжээ (Тооллого 10:12, 33; 11:34, 35; 12:16; 13:1–3, 25, 26). Туршуулууд хойд зүгийг чиглэн явж Негев хүрээд, эхлээд Беершеба, дараа нь Хеброноор дайрч гарсан бололтой. Тэгээд Амласан газрын хойд хилд хүрчээ (Тооллого 13:21–24). Израильчууд арван туршуулын таагүй мэдээг хүлээж авснаасаа болоод 40 жил цөлөөр тэнүүчилсэн билээ (Тооллого 14:1–34). Энэ нь тэдний итгэл болон Еховад найдахад бэлэн байдаг эсэх талаар юу өгүүлнэ вэ? (Дэд хууль 1:19–33; Дуулал 78:22, 32–43; Иуда 5).
12. Израильчуудын итгэлийн талаар ямар дүгнэлт хийж болох вэ? Энэ талаар анхаарч бодох хэрэгтэйн учир юу вэ?
12 Үүнийг газарзүйн үүднээс бодоод үзье. Хэрэв израильчууд Бурханд итгэдгээ харуулж, Иошуа Калеб хоёрын зөвлөгөөг авсан бол Амласан газар хүртэл тийм удаан аялах байсан болов уу? Кадеш, Исаак Ребека хоёрын амьдарч байсан Беер-лахаи-роигоос 16 орчим километр зайтай байсан [7]. Харин Амласан газрын өмнөд хил гэгддэг Беершеба хүртэл 95 км-ээс бага зайтай байв (Эхлэл 24:62; 25:11; 2 Самуел 3:10). Израильчууд Египетээс Синаи уул хүртэл явж, дараа нь Кадеш хүртэл 270 км аялсны эцэст, бараг л, Амласан газрын босгонд тулж ирчихээд байсан. Тэгвэл бид Бурхны амласан Диваажингийн босгон дээр зогсож байгаа билээ. Израильчуудад тохиолдсон явдлаас ямар сургамж авч болох вэ? Элч Паул израильчуудын дуулгаваргүй байдал юунд хүргэснийг сануулж: «Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе» хэмээн зөвлөсөн (Еврей 3:16–4:11).
13, 14. а) Гибеончууд ямар нөхцөлд зоригтой алхам хийсэн бэ? б) Гибеончуудын хандлага юу хэлдэг вэ? Бид үүнээс ямар сургамж авах хэрэгтэй вэ?
13 Бурханд итгэх итгэл хийгээд хүсэл тааллыг нь гүйцэлдүүлэх талаар бас өөр хандлага байсан нь гибеончуудын тухай Библид бичигдсэн түүхээс харагддаг. Израильчууд Иошуагийн удирдлагаар Бурхны, Абрахамын гэрийнхэнд амласан нутагт орохоор Иордан голыг гаталсны дараа тэндээс канаанчуудыг хөөж гаргах хэрэгтэй болсон (Дэд хууль 7:1–3). Гибеончуудыг ч бас хөөх хэрэгтэй байв. Израильчууд Иерихо болон Гаиг бут цохисныхоо дараа Гилгалаас холгүйхэн хуарагнан буужээ. Гибеончууд хараал хүртсэн канаанчууд шиг үхэхийг хүсээгүй учраас Гилгалд буй Иошуа уруу элч нараа илгээжээ. Тэд израильчуудтай найрамдлын гэрээ байгуулахын тулд Канаанаас алс хол оршдог нутгаас ирсэн дүр эсгэсэн аж.
14 Элч нар ирээд: «Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ» хэмээн хэлжээ (Иошуа 9:3–9). Хувцас хунар, хоол хүнс нь тэднийг алс холоос ирсэн гэж үнэмшихээр байсан ч төрөлх хот Гибеон нь Гилгалаас 30 орчим километр зайтай байжээ [19]. Тэдэнд итгэсэн Иошуа болон ард түмний удирдагчид Гибеонтой болон Гибеонд хамаарах хотуудтай найрамдлын гэрээ байгуулжээ. Гибеончууд заль зохиосон нь ял шийтгэлээс л зайлсхийх гэсэн хэрэг байсан уу? Үгүй ээ. Энэ бол Израилийн Бурхны ивээлд багтах гэсэн хүслийнх нь илэрхийлэл байжээ. Гибеончууд Еховагийн тааллаар «чуулганы болон... Түүний тахилын ширээний түлээ бэлтгэгч болон ус зөөгч» болжээ (Иошуа 9:11–27). Түүнээс хойш гибеончууд Еховад үйлчлэхтэй холбоотой ямар ч даалгаврыг даруухнаар дуртайяа биелүүлсээр байсан билээ. Тэдний зарим нь Вавилоноос буцаж ирээд, сүм барихад тусалж байсан «сүмийн үйлчлэгчдийн» тоонд орсон бололтой (Езра 2:1, 2, 43–54; 8:20). Бид тэднийг дуурайж, Бурхантай тогтоосон найрамдалт харьцаагаа хадгалан, түүнд үйлчлэхтэй холбоотой ямар ч даалгаврыг дуртайяа биелүүлэх хэрэгтэй.
Өөрийгөө золиослон, холын аянд явсан нь
15. Христиан Грек Судрыг уншихдаа газар орны нэр мэдэх хэрэгтэйн учир юу вэ?
15 Христиан Грек Сударт, тухайлбал, Есүс Христ болон элч Паулын үйлчилж явсан тухай түүхийг бичсэн хэсгүүдэд газар орны нэр олон тааралддаг (Марк 1:38; 7:24, 31; 10:1; Лук 8:1; 13:22; 2 Коринт 11:25, 26). Дараах түүхийг ярилцахдаа зарим аяллын маршрутыг төсөөлөн бодохыг хичээцгээе.
16. Берой хотын христианууд Паулыг хайрлаж, хүндэтгэж байгаагаа яаж харуулсан бэ?
16 Паул миссионерийн хоёр дахь аяллынхаа үеэр Филиппойд (одоо Грекийн нутаг) ирсэн [33]. Тэнд дэлгэрүүлснээсээ болж шоронд орсон ба суллагдсаныхаа дараа Тесалоник уруу явжээ (Үйлс 16:6–17:1). Иудейчүүдийг үймээн самуун дэгдээхэд Тесалоникийн ах дүүс Паулыг 65 км зайтай байдаг Берой хот уруу явуулсан аж. Паул Беройд амжилттай дэлгэрүүлсэн. Гэвч, иудейчүүд ирж, ард олныг түүний эсрэг турхирчээ. Тийм учраас, «ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулсан» ба «Паулыг гаргаж өгсөн хүмүүс түүнийг Афин хүртэл хүргэж өгчээ» (Үйлс 17:5–15). Зарим шинэ итгэгчид 40 км явган алхан Эгейн тэнгис хүрээд, тэндээсээ хөлөг онгоцонд мөнгө төлөн, тэнгисээр 500 км аялахад ч бэлэн байсан бололтой. Тийм аялал эрсдэл ихтэй ч ах дүү нар Бурхны тэрхүү явуулын үйлчлэгчтэй илүү олон цагийг хамт өнгөрөөхийн тулд тийм аюулыг юман чинээ бодохгүй байлаа.
17. Милет, Ефес хотын хоорондох зайг бодож үзвээс юуг сайн ойлгож болох вэ?
17 Паул гурав дахь аяллаараа боомт хот Милетэд хүрч ирсэн. Тэгээд 50 орчим км зайтай оршдог Ефес хотын хурлын ахлагчдыг хүрч ирээч гэж хэлүүлэв. Ахлагчид хамаг ажлаа зогсоогоод Паул дээр ирцгээжээ. Тэд ирэх замдаа, болох цуглааныхаа талаар сэтгэл догдлон ярилцаж явсан биз ээ. Цуглааны дараа залбирахад нь «тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч, дахин дахин үнсэцгээж байлаа». Дараа нь «Паулыг усан онгоц хүртэл дагалдаж», Иерусалим явах замд нь үдэж гаргав (Үйлс 20:14–38). Тэд Ефес уруу буцах замдаа ихийг бодож, ярилцаж амжжээ. Зөвлөгөө өгч, зоригжуулах чадвартай явуулын үйлчлэгчтэй хамт байхын тулд тийм хол газрыг дуртайяа явган туулж, сүнслэг зүйлийг үнэлэн, хайрлаж байсан нь таны сэтгэлийг хөдөлгөхгүй гэж үү? Таны хувьд эндээс эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлмээр зүйл байна уу?
Амласан газар ба биднийг юу хүлээж байгаа тухай мэдэгтүн
18. Библид дурдсан газар нутгийн талаар яах нь зөв бэ?
18 Өмнө өгүүлсэн жишээнүүд израильчуудад Бурхны өгсөн газар нутгийн талаар илүү сайн мэдэх нь хэчнээн тустай болохыг харуулдаг. Энэ газар нутаг Библид бичсэн олон үйл явдалтай холбоотой билээ. (Бид Библид дурдсан бусад газар нутгийн талаар мэдэж аван, мэдлэгийн хүрээгээ тэлж болно шүү дээ.) Амласан газрын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, түүнийг сайн ойлгодог болбол, израильчууд ямар үндсэн шаардлагыг хангаснаар «сүү балаар бялхсан тэр газарт» орж, тэндээ амьдран суудаг болсныг бид ухаардаг болно. Тэд Еховагаас эмээж, тушаалуудыг нь сахих ёстой байжээ (Дэд хууль 6:1, 2; 27:3).
19. Бид ямар хоёр диваажинд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?
19 Бид ч гэсэн тэр шаардлагын дагуу Бурхнаас эмээж, замаар нь явах хэрэгтэй. Тэгэх аваас, эдүгээ дэлхий дахины христиан хуралд байгаа сүнслэг диваажингийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр болно. Бас тэр диваажингийн онцлог болон түүнтэй холбоотой ивээлийн талаарх мэдлэг маань улам нэмэгдэнэ. Түүнээс гадна, өмнө маань илүү агуу ирээдүй хүлээж байгааг бид мэддэг. Иошуа израильчуудыг удирдан Иордан голыг гаталж, үржил шимтэй, үзэсгэлэнтэй сайхан нутагт аваачсан. Эдүгээ биднийг «сайхан газар» буюу бодит Диваажин хүлээж байгаа гэдэгт итгэх бүрэн үндэс бий.
Та санаж байна уу?
• Библид дурдсан газар нутгийн талаарх мэдлэг хийгээд ойлгох чадвараа гүнзгийрүүлэх хүсэлтэй байх ёстойн учир юу вэ?
• Энэ өгүүллээр үзсэн газарзүйн ямар хэсэг таны сонирхлыг онцгой татсан бэ?
• Библид бичсэн зарим нэг үйл явдлыг газарзүйн талаас нь авч үзсэнээр та ямар сургамж авсан бэ?
[Догол мөрийн асуулт]
[14-р хуудасны хавсралт/зураг]
«„Сайхан газрыг“ харагтун»
2003, 2004 оны чуулган дээр Еховагийн Гэрчүүд «„Сайхан газрыг“ харагтун» нэртэй товхимлыг баяртайгаар хүлээн авсан билээ. 80 орчим хэлээр гарсан энэ шинэ хэвлэлд Библид дурдагддаг газар орныг, ялангуяа, Амласан газар янз бүрийн цаг үед ямар байсныг өнгөөр ялган дүрсэлсэн газрын зураг олон байдаг.
Эл өгүүлэлд ишлэл болгон авсан зарим газрын зураг товхимлын хэддүгээр хуудсанд байгааг заан [15] гэх мэтээр тод хараар тэмдэглэсэн буй. Хэрэв танд тийм шинэ товхимол байгаа бол түүний онцлогтой танилцахын тулд цаг гаргаарай. Энэ нь Бурхны Үгийг илүү сайн мэдэж, ойлгоход тустай.
1) Олон зураг дээр тусгай тодруулга тайлбар бүхий хайрцаг байгаа [18]. 2) Ихэнх зураг дээр миль болон километрээр илэрхийлсэн масштаб байх бөгөөд энэ нь зай, хэмжээг тогтооход тустай [26]. 3) Хойд зүгийг заасан сум зүг чигийн талаар баримжаа авахад тустай [19]. 4) Зураг дээр газрын гадаргын хотгор гүдгэрийг янз бүрийн өнгөөр ялган тодруулсан буй [12]. 5) Зургийн хүрээгээр үсэг, тоо байх бөгөөд тэдгээрийн огтолцлоор үүссэн дөрвөлжингөөр хот болон бусад зүйлийг олж болно [23]. 6) Зургийн, хоёр хуудас бүхий товъёгт [34, 35] тод хараар бичсэн хуудасны дугаарын хамт үсэг тоо хоёрын огтолцлоор үүсдэг дөрвөлжин (А2) байна. Эдгээр онцлогийг ашиглаж эхэлснээр та Библийн үнэний тухай мэдлэг хийгээд ойлгох чадвараа гүнзгийрүүлэхэд хэчнээн тустай болохыг мэдээд гайхах биз ээ.