Skip to content

Гарчиг руу орох

Хүүхэд залуус аа, Еховад үйлчлэх хүслээ оргилуулагтун

Хүүхэд залуус аа, Еховад үйлчлэх хүслээ оргилуулагтун

Хүүхэд залуус аа, Еховад үйлчлэх хүслээ оргилуулагтун

«Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» (НОМ. 12:1).

1. Израилийн хүүхэд багачууд ямар арга хэмжээнд уригдсан бэ?

 ОДООГООС 3 500 жилийн өмнө Еховагийн зөнч Мосе Израилийн тахилчид болон ахмадуудад хандан: «Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд[ыг] ... цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго» хэмээн тушаажээ (Д.хууль 31:12). Энэ заавар ёсоор хэн хэн цуглах ёстой байсныг анхаараарай. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд гэжээ. Хүүхдүүд хүртэл Еховагийн заавар зөвлөгөөг сонсон, сурч мэдээд, сахин биелүүлэх ёстой байж шүү дээ.

2. Ехова эртний христиан хурлын хүүхэд залууст хэрхэн санаа тавьдаг байсан бэ?

2 Ехова І зуунд ч бас өөрт нь үйлчилдэг хүүхэд залууст санаа тавьж байсан. Тухайлбал, хурлуудад илгээсэн элч Паулын захидлын заримд хүүхэд залууст зориулж заавар зөвлөгөө бичүүлжээ (Ефес 6:1; Колоссай 3:20-ийг уншина уу). Залуу христианууд уг зөвлөгөөг хэрэгжүүлсний дүнд тэнгэрийн халамжит Эцгээ бүр ч их хүндэтгэдэг болж, улмаар ивээл хүртсэн.

3. Хүүхдүүд Бурханд үйлчлэхийг хүсдэгээ хэрхэн харуулдаг вэ?

3 Хамт цуглаж Еховаг шүтэх үүд хаалга орчин үеийн хүүхэд залуусын өмнө нээлттэй байна. Паулын: «Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүний зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя» хэмээсэн уриалгыг дэлхийн өнцөг булан бүрд буй өчнөөн олон залуу христиан зүрх сэтгэлээрээ хүлээн авч байгааг ажигласан Бурхны үйлчлэгчид бүгдээрээ баяр хөөрөөр бялхдаг (Евр. 10:24, 25). Түүнчлэн, эцэг эхтэйгээ хамт Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхагладаг хүүхэд олон бий (Мат. 24:14). Бас жил бүр олон мянган хүүхэд Еховад чин сэтгэлээсээ хайртайгаа харуулан баптисм хүртэж, Христийн шавь болдог. Энэ нь тэдэнд их ивээл авчирдаг​(Мат. 16:24; Марк 10:29, 30).

Урилгыг одоо авагтун

4. Бурханд үйлчлэх урилгыг хүүхэд залуус хэзээнээс хүлээн авч болох вэ?

4 Номлогчийн үгс 12:1-д: «Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» гэж байдаг. Еховаг шүтэн, түүнд үйлчил хэмээсэн чин сэтгэлийн урилгыг хэдэн настайгаасаа хүлээн авч болох вэ? Библид нас заагаагүй. Тиймээс, та нар өөрсдийгөө Еховагийн үгийг анхааралтай сонсож, түүнд үйлчлэхэд хэтэрхий залуу байна гэж бодоод зүрхшээх хэрэггүй. Та нар хэдэн ч настай бай хамаагүй, урилгыг даруйхан аваарай.

5. Эцэг эхчүүд үр хүүхдээ сүнслэгээр өсөхөд нь хэрхэн тусалж болох вэ?

5 Эцэг эхийнхээ хоёулангийнх нь, эсвэл аль нэгнийх нь тусламжтайгаар сүнслэгээр өссөн хүүхэд та нарын дунд олон бий. Үүгээрээ та нар Библи бичигдэж байх үед амьдарч байсан Тимоттой адил юм. Тимотыг бүр бага байхаас нь ээж Юник, эмээ Лой нар нь Ариун Бичээсийг зааж өгчээ (2 Тим. 3:14, 15). Үүнтэй адил, эцэг эх чинь та нартай Библи судалж, хамтдаа залбиран, Бурхны ард түмний дунд зохиогддог цуглаан, чуулганд авч очин, дэлгэрүүлэх ажилд дагуулж явах зэргээр та нарыг сургаж байгаа. Үнэндээ та нарт Бурхны замуудыг зааж өгөх маш чухал үүргийг Ехова өөрөө эцэг эхэд чинь өгсөн билээ. Та нар эцэг эхийнхээ хайр халамжийг үнэлдэг үү? (Сур. 23:22).

6. а) Дуулал 110:3-т бичсэнээр ямар шүтлэг Еховад таалагддаг вэ? б) Одоо юун тухай үзэх вэ?

6 Гэхдээ Ехова хүүхдүүд та нарыг том болохынхоо хэрээр «Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг» өөрөө өөртөө батлаасай гэж хүсдэг. Тимот ч бас тийнхүү баталсан (Ром 12:2). Хэрэв та нар Бурхны хүслийг өөртөө баталбал зөвхөн эцэг эх чинь хүссэн учраас бус, харин та нар өөрсдөө Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг хүссэндээ христиан үйл хэрэгт оролцох болно. Та нар дуртайяа үйлчилбэл Еховад таалагдана (Дуу. 110:3). Тэгвэл Еховаг сонсож, тушаал зааврыг нь дагах хүслээ оргилуулъя гэвэл яах хэрэгтэй вэ? Та нарын хийж чадах гурван зүйл буюу судлах, залбирах, биеэ авч явах тухай ярилцъя. Эдгээрийг нэг нэгээр нь авч үзье.

Еховаг сэтгэл мэдрэмжтэй Нэгэн гэдгийг мэдэгтүн

7. Есүс Судрыг уншиж судлах талаар ямар жишээ үзүүлсэн бэ? Есүст хэн, яаж тусалсан бэ?

7 Еховад үйлчлэх хүслээ оргилуулах эхний арга нь Библийг өдөр бүр унших явдал юм. Бурхны Үгийг тогтмол уншвал сүнслэг хэрэгцээгээ хангаж, Библийн үнэт мэдлэг олж авна (Мат. 5:3). Энэ талаар Есүсээс сурах юм их бий. Нэгэн удаа эцэг эх нь 12 настай Есүсийг сүмд «багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь» олжээ (Лук 2:44–46). Есүс бүр хүүхэд байхаасаа л Судрыг уншихын хүслэн болдог байсан бөгөөд сайн ойлгодог байжээ. Яаж тийм болсон бэ? Эх Мариа, хойд эцэг Иосеф нь их чухал үүрэг гүйцэтгэсэн байж таарна. Бурхны үйлчлэгч байсан тэд Есүсийг бүр бага байхаас нь Бурхны тухай зааж өгчээ ​(Мат. 1:18–20; Лук 2:41, 51).

8. а) Бурхны Үгийг хайрлах хайрыг үр хүүхдэдээ бий болгохын тулд эцэг эхчүүд хэзээнээс анхаарах хэрэгтэй вэ? б) Хүүхдээ бүр багаас нь сургахын чухлыг батлах жишээ хэлнэ үү.

8 Орчин үед ч, Бурхнаас эмээдэг эцэг эхчүүд Библийн үнэнийг мэдэх хүслийг үр хүүхдийнхээ зүрх сэтгэлд бүр багаас нь төрүүлэхийн чухлыг ойлгодог (Д.хууль 6:6–9). Рүби гэдэг христиан эмэгтэй анхны хүү Иосефоо төрсний дараагаас л энэ алхмыг хийжээ. Хүүдээ өдөр бүр «Библийн тухай өгүүлдэг миний ном»-оос уншиж өгдөг байв. Арай том болохлоор нь Библиэс янз бүрийн ишлэл цээжлүүлдэг болов. Энэ арга хүүд нь тус болсон уу? Иосеф хэлд ормогцоо Библийн олон түүхийг өөрийн үгээр ярьж байжээ. Таван настайдаа Теократ үйлчлэлийн сургуулийн анхны даалгавраа биелүүлсэн гэнэ.

9. Библи уншиж, эргэцүүлэн бодох нь яагаад чухал бэ?

9 Хүүхдүүд та нар сүнслэгээр өсөхийн тулд өдөр бүр Библи уншихыг хэвшил болгох хэрэгтэй. Тэгвэл шилжилтийн насандаа ч, бүр хожим ч энэ зуршлаа орхихгүй (Дуу. 71:17). Библи уншиж хэвших нь сүнслэгээр өсөхөд яагаад тусална гэж? Есүс Эцэгтээ залбирахдаа юу хэлснийг анхаараарай. «Цорын ганц үнэн Бурхан Таныг ... мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн (Иох. 17:3). Еховагийн тухай хэдийчинээ ихийг мэднэ, Еховаг бодитойгоор оршдог, сэтгэл мэдрэмжтэй Нэгэн гэдгийг төдийчинээ тодорхой ойлгож, түүнийг улам их хайрладаг болно (Евр. 11:27). Тийм учраас, Библийн аль нэг хэсгийг унших бүрдээ Еховагийн тухай илүү ихийг мэдэж авч байгаарай. «Энэ үйл явдал сэтгэл мэдрэмжтэй Бурхан Еховагийн талаар юу өгүүлж байна вэ? Бурхан намайг хайрладаг, надад санаа тавьдаг нь энэ түүхээс хэрхэн харагддаг вэ?» гэх зэргийн асуултыг өөртөө тавиад, зав гарган эргэцүүлж бодвол Еховагийн бодол санаа, сэтгэл мэдрэмж болон Ехова та нарыг юу хийгээсэй гэж хүсдэгийг мэдэж авна (Сургаалт үгс 2:1–5-ыг уншина уу). Тэгээд залуу Тимотын адилаар Судраас мэдэж авсан зүйлдээ бат «итгэж», Еховаг чин сэтгэлээсээ шүтэх хүсэл төрнө ​(2 Тим. 3:14).

Залбирлын ачаар Еховаг хайрлах хайр гүнзгийрдэг

10, 11. Бурханд үйлчлэх хүслийг улам оргилуулахад залбирал хэрхэн тусалдаг вэ?

10 Еховад чин сэтгэлээсээ үйлчлэх хүслээ оргилуулах хоёр дахь арга нь залбирах юм. Дуулал 65:2-т: «Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг» гэж бичжээ. Израилийг Бурхантай гэрээ байгуулсан ард түмэн байх тэр цагт ч харийн хүмүүс Еховад залбирахаар сүмд нь ирж болдог байжээ (Х.дээд 8:41, 42). Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Тийм учраас, хууль тушаалыг нь сахидаг хүмүүсийн залбирлыг Бурхан сонсоно гэдэгт итгэж болно (Сур. 15:8). «Бүх хүн» гэдэгт хүүхдүүд та нар ч ордог нь мэдээж.

11 Жинхэнэ нөхөрлөл дотно харьцаан дээр тогтдог гэдгийг та нар мэднэ. Та нар юу бодож санаж, юунд санаа зовж, яаж сэтгэж мэдэрч байгаагаа дотнын найзтайгаа хуваалцах дуртай биз дээ. Түүнтэй адил, чин сэтгэлээсээ залбирдаг бол Агуу Бүтээгчтэйгээ ярилцаж байгаа хэрэг юм (Фил. 4:6, 7). Хайртай аав ээж юм уу дотнын найздаа сэтгэлээ уудалдаг шигээ Еховатай тийн харьцаж байгаарай. Залбирахдаа юу гэж хэлэх нь Еховагийн талаар юу бодож, юу мэдэрч байгаатай нягт холбоотой. Ехова та хоёрын нөхөрлөл зузаарахын хэрээр залбирал чинь илүү утга төгөлдөр болж байгааг аяндаа мэдэрнэ.

12. а) Утга төгөлдөр залбирахад үгнээс гадна өөр юу чухал бэ? б) Ехова ойр байдгийг юунаас ойлгож болох вэ?

12 Гэхдээ утга төгөлдөр залбирах гэдэг нь зөвхөн үг хэлэх төдий юм биш гэдгийг санаарай. Дотоод сэтгэл туйлын чухал. Залбирахдаа халуун хайр илэрхийлж, гүн хүндэтгэлтэй байн, Еховад бүрэн дүүрэн найддагаа харуулаарай. Залбиралд тань Ехова хэрхэн хариулдгийг мэдэрвэл «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд ... ойр байдаг» гэдгийг та нар өөрсдөө урьдынхаасаа илүү сайн ойлгоно (Дуу. 145:18). Үнэхээр Ехова та нарт ойртон, Диаволыг эсэргүүцэх хүч өгч, амьдралдаа зөв шийдвэр гаргахад тань тусална ​(Иаков 4:7, 8-ыг уншина уу).

13. а) Бурхантай тогтоосон харьцаа нь нэгэн Гэрч бүсгүйд хэрхэн тус болсон бэ? б) Хүүхдүүд та нар Бурхантай анд нөхөд болсны ачаар үеийнхнийхээ дарамт шахалтыг хэрхэн тэсвэрлэдэг вэ?

13 Шери гэдэг христиан Еховатай ойр дотно харьцаатай байсныхаа ачаар хэрхэн эрч хүчтэй болсныг ярилцъя. Тэрбээр ахлах ангид байхдаа онц сурч, спортод гарамгай амжилт гаргадаг байсан учир шагнуулж байжээ. Сургуулиа төгсөх үед нь дээд боловсрол эзэмших сайхан боломж олдож, их сургуулийн урилга иржээ. Шери: «Үнэхээр хорхой хүрмээр урилга байсан. Багш, дасгалжуулагч, ангийн хүүхдүүд тэр урилгыг авчих гэж намайг их ятгаж байв» хэмээн ярьсан юм. Гэхдээ Шери боловсролын хойноос явбал ихэнх цагаа сурч судлах, спортын тэмцээнд бэлтгэх гэх зэрэгт зориулснаас болж Еховад үйлчлэх цаг бараг гарахгүй гэдгийг ойлгожээ. Тэгээд яасан бол? Тэрбээр: «Би Еховад залбирсныхаа дараа урилга авахаас татгалзаж, байнгын эхлэгчээр үйлчилдэг болсон» гэж ярьсан юм. Шери байнгын эхлэгчээр үйлчлээд таван жил болж байна. «Би ерөөсөө харамсдаггүй. Еховад таалагдах шийдвэр гаргасандаа харин ч жаргалтай байдаг. Бурхны Хаанчлалыг эн тэргүүнд тавивал бусад бүх зүйлийг нэмж өгнө гэдэг яг үнэн» гэжээ ​(Мат. 6:33).

Биеэ зөв авч явдаг хүн «ариун зүрхтэй»

14. Та нарын биеэ зөв авч явахыг Ехова яагаад чухал гэж үздэг вэ?

14 Еховад чин сэтгэлээсээ үйлчилдгээ батлах гурав дахь арга нь биеэ зөв авч явах юм. Ёс суртахууны хувьд ямагт цэвэр байдаг хүүхэд залуусыг Ехова ивээдэг (Дуулал 24:3–5-ыг уншина уу). Самуел бага байхдаа тэргүүн тахилч Елигийн завхай зайдан явдалтай хоёр хүүгийн нөлөөнд автаагүй юм. Тийнхүү биеэ зөв авч явдгийг нь хэн хүнгүй анзаардаг байсан. Библид: «Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНд болон хүмүүст хайрлагдав» гэж бичжээ ​(1 Сам. 2:26).

15. Биеэ үргэлж зөв авч явах ямар ямар шалтгаан байдаг вэ?

15 Өнөөдөр бид өөрсдийгөө хайрладаг, их зантай, эцэг эхдээ захирагддаггүй, талархдаггүй, ариун бус, хэрцгий, биеэ тоодог, Бурхныг хайрлахаас илүү зугаа цэнгэлийг хайрладаг хүмүүсээр дүүрсэн ертөнцөд амьдарч байна. Энэ бол Паулын дурдсан зан авирын зарим нь юм (2 Тим. 3:1–5). Ийм муухай орчинд биеэ үлгэр жишээ авч явна гэдэг та нарын хувьд үнэхээр амаргүй байж магадгүй. Гэхдээ та нар зөв юм хийж, буруу үйл хэргээс зайлсхийх бүрдээ орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлаар Еховагийн талд зогсож байгаагаа баталдаг (Иов 2:3, 4). Бас, «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» хэмээсэн Еховагийн халуун сэтгэлийн уриалгыг хүлээн авч байна гэж бодоод сэтгэл хангалуун байдаг биз ээ (Сур. 27:11). Түүнчлэн, Еховагийн сайшаалыг хүлээдэг гэдгээ ойлгодог бол түүнд үйлчлэх хүсэл тань улам оргилох болно.

16. Нэгэн христиан эмэгтэй Еховаг яаж баярлуулсан бэ?

16 Карол гэдэг христиан эмэгтэй дунд сургуульд байхаасаа л Библийн зарчмаар амьдардаг байсан бөгөөд биеэ зөв авч явдаг нь хүмүүст анзаарагддаг байжээ. Чухам юу болсон бэ гэвэл, янз бүрийн баяр тэмдэглэх, эх оронч үзлийн илэрхийлэл болсон ёслол үйлдэх зэргийг Библиэр сургасан мөс чанар нь зөвшөөрдөггүй байсан учраас түүнийг ангийнх нь хүүхдүүд дооглож тохуурхдаг байв. Тийм үед итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарлах тохиолдол ч гардаг байж. Олон жилийн дараа Карол ангийнхаа охиноос ил захидал авчээ. Тэнд: «Би чамтай холбоо барьж, талархлаа илэрхийлэх юмсан гэж үргэлж боддог байлаа. Чиний биеэ зөв авч явж, христиан хүүхэд ямар байх ёстойг үлгэрлэн үзүүлж, баяр ёслолын үед байр сууриа чанд баримталж байсан чинь анзаарагдалгүй өнгөрөөгүй юм шүү. Чи бол надтай учирсан хамгийн анхны Еховагийн Гэрч» гэж бичсэн байлаа. Каролын үлгэр жишээч байдал тийм гүн сэтгэгдэл төрүүлсэн учир ангийн охин нь хожим Библи судалсан ажээ. Тэрбээр Каролд илгээсэн захидалдаа, баптисм хүртсэн Гэрч болоод 40 гаруй жил өнгөрсөн тухайгаа дурдсан байв! Библийн зарчмыг чанд баримталдаг хүүхдүүд та нар Каролын адилаар, чин сэтгэлтэй хүмүүст Еховагийн тухай мэдэх хүсэл төрүүлж болох шүү дээ.

Еховаг магтдаг хүүхэд залуус

17, 18. а) Та хурлынхаа залуу Гэрчүүдийн талаар юу гэж боддог вэ? б) Бурхнаас эмээдэг хүүхэд залуусыг ямар ирээдүй хүлээж байна вэ?

17 Еховагийн олон улсын байгууллагын гишүүд бид бүгдээрээ мянга мянган залуу Гэрчийн идэвх зүтгэлтэй үйлчлэхийг хараад сэтгэл хөдөлдөг! Тэд өдөр бүр Библи унших, залбирах, Бурхны хүслийн дагуу биеэ авч явах гэх зэргээр Еховаг шүтэх хүслээ оргилуулдаг. Ийнхүү үлгэр дууриал болдог учир тэдний эцэг эх болон Еховагийн бусад бүх үйлчлэгчийн сэтгэл өндөр байдаг ​(Сур. 23:24, 25).

18 Үнэнч залуус ирээдүйд, Бурхны амласан шинэ ертөнцөд эсэн мэнд очих хүмүүсийн дунд байх болно (Илч. 7:9, 14). Тэнд тэд Еховад улам бүр талархаж, үгээр хэлшгүй их ивээл хүртэн, Еховаг мөнхөд магтан алдаршуулна (Дуу. 148:12, 13).

Тайлбарлана уу

• Хүүхэд залуус Еховаг хэрхэн шүтэх хэрэгтэй вэ?

• Библи уншаад ач тусыг нь хүртэхийн тулд эргэцүүлэн бодох нь яагаад чухал бэ?

• Еховатай ойр дотно болоход залбирал ямар ач холбогдолтой вэ?

• Христиан ёсоор биеэ зөв авч явбал ямар үр дүнд хүрдэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны зураг]

Чи өдөр бүр Библи уншиж хэвшсэн үү?