Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн нэрд хоргодогтун

Еховагийн нэрд хоргодогтун

Еховагийн нэрд хоргодогтун

«Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж, тэд ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] нэрд хоргодох болно» (ЗЕФ. 3:12).

1, 2. Удахгүй салхи шуурга шиг ямар үйл явдал хүн төрөлхтнийг нэрвэх вэ?

 ААДАР БОРОО эсвэл ширүүн мөндөр ороход та гүүрэн доор хоргодно биз дээ? Харин маш хүчтэй шуурга юм уу хар салхи дэгдвэл гүүр сайн хоргодох газар болох нь юу л бол.

2 Тун удахгүй дэлхийн бүх хүний амь насанд аюултай, өөр нэг шуурга дэгдэх гэж байна. Энэ бол хүн төрөлхтнийг бүхэлд нь нэрвэх «эвдрэлийн өдөр», «ЭЗЭНий агуу өдөр» юм. Гэхдээ бидэнд хоргодох газар бий (Зефаниа 1:14–18-ыг уншина уу). Тэр хоргодох газар орж, «ЭЗЭНий хилэнгийн өдрийг» эсэн мэнд давахын тулд яах вэ?

Эрт үед дэгдсэн «салхи шуурга»

3. Израилийн арван овогт хаант улсад «шуурган мөндөр»-тэй зүйрлэм юу болсон бэ?

3 Дэлхий дээрх бүх хуурамч шашны тогтолцоо устгагдсанаар Еховагийн өдөр эхэлнэ. Тэр үед хаана хоргодох вэ гэдэг асуултад хариулахын тулд Бурхны эртний ард түмний түүхийг сөхье. МЭӨ VIII зуунд амьдарч байсан Исаиа Израилийн арван овогт тэрслүү хаант улсыг шийтгэсэн Еховагийн өдрийг хэн ч зогсоож чадамгүй «шуурган мөндөртэй» зүйрлэсэн (Исаиа 28:1, 2-ыг уншина уу). МЭӨ 740 онд ассиричууд Израилийн арван овогт хаант улсын газар нутагт халдахад энэ зөгнөл анх биелжээ. *

4. МЭӨ 607 онд «ЭЗЭНий агуу өдөр» болоход Иерусалим яасан бэ?

4 Үнэнч бус Израилийг ийнхүү шийтгэсний дараа МЭӨ 607 онд Иудагийн хаант улс болон Иерусалимд «ЭЗЭНий агуу өдөр» болсон. Учир нь Иудагийн ард түмэн бас Бурхнаас урван тэрсэлсэн юм. Небухаднезар тэргүүтэй вавилончууд Иуда болон түүний нийслэл Иерусалим руу довтлох гэж байлаа. Тэгэхэд нь иудейчүүд «худлын хоргодох газар» буюу улс төрийн холбоотон болох Египетээс тусламж хүсжээ. Гэлээ ч гэсэн вавилончууд тэр «хоргодох газрыг» хүчит шуурга шиг сүйрүүлсэн (Ис. 28:14, 17).

5. Бүх хуурамч шашин устгагдах үед Бурхны ард түмэн бүхэлдээ яах вэ?

5 Иерусалимыг устгасан Еховагийн агуу өдөр нь тэрслүү христ шашны ертөнцийг өнөө үед шүүн шийтгэхийн үлгэр загвар болдог. Дараа нь бүх хуурамч шашны ертөнц буюу «Агуу Вавилоны» үлдсэн хэсгийг устгаж, эцэст нь Сатаны ёс бус тогтолцооны бусад хэсгийг газрын хөрстэй тэгшилнэ. Харин Бурхны ард түмэн бүхэлдээ эсэн мэнд үлдэнэ. Учир нь тэд Еховаг хоргодох газраа болгодог (Илч. 7:14; 18:2, 8; 19:19–21).

Сүнслэг ба бодит хоргодох газар

6. Еховагийн ард түмэн яавал сүнслэг хоргодох газарт байх вэ?

6 Төгсгөлийн цаг үед амьдарч байгаа Бурхны ард түмэн одоо ч гэсэн хоргодох газарт байдаг. Тэгж хэлж болохын учир юу вэ? Тэд «[Бурхны] нэрийг үнэлж», өөрт нь хичээл зүтгэлтэй үйлчилдэг учир сүнслэг утгаар аюулгүй байдаг гэсэн үг (Малахи 3:16–18-ыг уншина уу). Гэхдээ нэрийг нь зүгээр нэг үнэлэх нь учир дутагдалтай. Библид: «Эзэний [«Еховагийн», ШЕ] нэрээр дуудах хэн ч аврагдах болно» гэж бичсэн байдаг (Ром 10:13). Еховагийн нэрийг дуудаж байж л аврагдах ажээ. Бас Бурхны нэрийг «үнэлж», Гэрч нь болж үйлчилдэг жинхэнэ христианууд болон Бурханд үйлчилдэггүй хүмүүсийн ялгаа чин сэтгэлтэй хүмүүст харагдана.

7, 8. I зууны христианууд хэрхэн аврагдсан бэ? Орчин үед үүнтэй төстэй юу болох вэ?

7 Гэхдээ Бурхан ард түмнээ сүнслэг утгаар аюулгүй байлгаад зогсохгүй, бодит утгаар ч аврахаа амласан. МЭ 66 онд Цести Галлаар удирдуулсан Ромын арми Иерусалим руу довтолсны дараах үйл явдал Бурхан үйлчлэгчдээ бодит утгаар авардгийг баталдаг. Тэрхүү гамшгийн өдрүүдийг «богиносгох» тухай Есүс зөгнөсөн (Мат. 24:15, 16, 21, 22). Санаандгүй байтал Ромын цэргүүд бүслэлтээ зогсоон, хотыг орхин явсан нь зарим «махан бие» буюу жинхэнэ христиануудад «аврагдах» боломж өгчээ. Тэд хот болон хотын ойр орчмоос зугтаж амжсан. Зарим нь Иордан голыг гатлан, голын зүүнтээх ууланд хоргоджээ.

8 Эртний христианууд болон орчин үеийн Бурхны ард түмний хооронд адил төстэй тал байгааг харж болно. Нэгдүгээр зууны христианууд аврагдах гэж хоргодох газар луу явсан. Бурхны орчин үеийн ард түмэн ч бас ялгаагүй . Гэхдээ жинхэнэ христианууд дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг тул тодорхой нэг газар нутаг руу зугтахгүй. Тэглээ ч гэсэн, «сонгогдогсод» болон тэдний үнэнч нөхөд Ехова болон уултай зүйрлэм байгууллагад нь хоргоддог учир тэрслүү христ шашны ертөнцийн төгсгөлөөр бөөнөөрөө эсэн мэнд үлдэнэ.

9. Хэн Бурхны нэрийг мартуулах гэж хичээдэг вэ? Жишээ хэлнэ үү.

9 Нөгөөтэйгүүр, христ шашны ертөнц сүсэгтнүүдээ сүнслэгээр харанхуй байлгаж, Бурхны нэрийг цээрлэдэг учир устгагдвал зохино. Дундад зууны үед өрнийн орнуудад Бурхны нэрийг харьцангуй өргөн дэлгэр мэддэг байжээ. Тетраграмматон гэгддэг дөрвөн еврей үсгээс бүрддэг, латинаар YHWH (буюу JHVH) гэж бичдэг энэ нэрийг зоос, байшин, ном, Библи, тэр байтугай, католик, протестант шашны сүм хийдүүдээс харж болно. Гэвч сүүлийн үед Бурхны нэрийг Библийн орчуулгаас авч хаях юм уу өөр янз бүрийн байдлаар хэрэглэхээ болих хандлагатай болжээ. Үүний нэг баталгаа нь 2008 оны 6 дугаар сарын 29-нд болсон, «Бурхны нэр» гэсэн сэдэвтэй хамба лам нарын бага хуралд илгээсэн албан захидал юм. Уг захидалд янз бүрийн орчуулгад байгаа тетраграмматоныг «Эзэн» гэдэг үгээр солих нь зүйтэй гэж үзжээ. Тиймд, Ватиканаас католик сүмийн цуглааны үеэр магтуу дуулах, залбирахдаа Бурхны оноосон нэрийг дурдах, дуудах ёсгүй гэсэн захирамж гаргасан байна. Түүнээс гадна, христийн болон бусад шашны удирдагчид жинхэнэ Бурхан гэж чухам хэн болохыг сая сая сүсэгтнээс нуудаг.

Нэрийг нь ариусгадаг хүмүүсийг Бурхан хамгаалдаг

10. Өнөөдөр хэн Бурхны нэрд хүндэтгэлтэй ханддаг вэ?

10 Еховагийн Гэрчүүд Бурхны нэрд хүндэтгэлтэй хандаж, магтан алдаршуулдгаараа бусад шашнаас эрс ялгаатай. Тэд Бурхны нэрийг эрхэмлэн дээдэлж, ариунаар дуурсгадаг. Еховад найддаг, шаардлагатай үед ард түмнээ ивээж хамгаална гэдэгт нь итгэдэг хүмүүс тааллыг нь олдог. «Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг» (Нах. 1:7; Үйлс 15:14).

11, 12. Эртний Иудад хэн Еховад үнэнч хэвээрээ байсан бэ? Өнөөдөр хэн үнэнчээр үйлчилдэг вэ?

11 Эртний Иудад ихэнх хүн Бурханд тэрсэлсэн ч цөөн хэдэн хүн «ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] нэрд хоргодсон» (Зефаниа 3:12, 13-ыг уншина уу). Бурхан үнэнч биш Иудаг шийтгэж, газар нутаг, ард түмнийг нь вавилончуудад нь олз болгон өгөхдөө Иеремиа Барух Ебед-мелех нарын хүмүүсийг аварчээ. Тэдний зарим нь тэрслүү ард түмнийхээ «дунд», нөгөө зарим нь харийн боолчлолд байхдаа Еховад үнэнч хэвээрээ байсан. МЭӨ 539 онд Меде Персийн армийн жанжин Кореш Вавилоныг эзлэн авсныхаа дараа иудейчүүдийг эх нутагтаа эргэж очихыг зөвшөөрч, зарлиг гаргажээ.

12 Жинхэнэ шүтлэг сэргэхийг үзэх хүмүүсийн талаар Зефаниа зөгнөхдөө, Ехова тэднийг аврах бөгөөд тэдэнд баярлана гэжээ (Зефаниа 3:14–17-г уншина уу). Энэ зөгнөл өнөөдөр ч биелж байна. Бурхны Хаанчлал тэнгэрт байгуулагдсаны дараа Ехова дэлхий дэх үнэнч тослогдогсдоо Агуу их Вавилоны сүнслэг боолчлолоос чөлөөлсөн. Тэрбээр өнөөг хүртэл тэдэнд баярладаг.

13. Үндэстэн бүрийн хүмүүс юунаас чөлөөлөгдөж байна вэ?

13 Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс ч бас Агуу их Вавилоноос гарч, хуурамч шашны сургаалаас чөлөөлөгдсөн (Илч. 18:4). Зефаниа 2:3-т байдаг: «Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай» гэсэн зөгнөл өнөөдөр бүрэн биелж байна. Бүх үндэстний даруу хүмүүс тэнгэрт амьдрах ч бай, дэлхийг өвлөх ч бай, Еховагийн нэрд хоргодож байна.

Бурхны нэр сахиус биш

14, 15. а) Зарим хүн юуг сахиус болгодог байсан бэ? б) Юуг сахиус гэж үзэж болохгүй вэ?

14 Зарим израильчууд сүмийг, дайснаас хамгаалах сахиус гэж үздэг байжээ (Иер. 7:1–4). Үүнээс бүр өмнө израильчууд гэрээний авдрыг дайн байлдааны үед хамгаалах сахиус болгодог байв (1 Сам. 4:3, 10, 11). Их Константин тулалдааны үед цэргүүдийг нь хамгаална гэж найдаад, «Христ» гэдэг цолын эхний хоёр үсэг буюу грек цагаан толгойн «хи», «ро» үсгийг бамбайн дээр нь бичүүлжээ. Бас Гучин жилийн дайнд оролцсон Шведийн хаан II Адольф Густав 7-р хуудсанд үзүүлсэн хуягийг өмсдөг байсан бололтой. Хуягийн урд хэсэгт «Iehova» (Иехова) гэдэг нэр сийлсэн байна.

15 Бурхны зарим үйлчлэгч чөтгөрүүдийн довтолгоонд өртөхлөөрөө нэрийг нь чанга дуудан, Еховад хоргоддог. Гэхдээ Бурхны нэр бүхий ямар нэг зүйлийг далдын хүч агуулсан хамгаалах увдистай сахиус гэж үзэн, өдөр тутам хэрэглэх ёсгүй. Ингэх нь Еховагийн нэрд хоргодож байгаа хэрэг биш юм.

Өнөөдөр хаана хоргодох вэ?

16. Яавал сүнслэг хоргодох газарт байж чадах вэ?

16 Бурхны ард түмний дунд байдаг сүнслэг аюулгүй орчин бидний хувьд хоргодох газар болдог (Дуу. 91:1). «Итгэмжит, ухаалаг боол» болон хурлын ахлагчид энэхүү аюулгүй орчинд заналхийлж болзошгүй ертөнцийн хандлагаас биднийг сэрэмжлүүлдэг (Мат. 24:45–47; Ис. 32:1, 2). Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөхийн аюулаас хэчнээн олон удаа сэрэмжлүүлж байсныг, түүний ачаар хэрхэн сүнслэг гамшигт өртөөгүйгээ бодоод үз дээ. Бас Еховад үйлчлэх идэвхийг сулруулдаг амарлингуй байдлыг бодъё. Бурхны Үгэнд: «Мунхгийн маадгар [«амарлингуй», ШЕ] байдал тэднийг устгана. Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна» гэж бичсэн байдаг (Сур. 1:32, 33). Ёс суртахууны хувьд цэвэр ариун байхыг хичээх нь ч бас сүнслэгээр аюулгүй байхад тустай.

17, 18. Олон сая хүн юуны ачаар Еховагийн нэрийг хоргодох газраа болгож байна вэ?

17 Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар тунхагла хэмээсэн Есүсийн тушаалыг сахихыг итгэмжит боол бидэнд уриалдгийг бас бодоорой (Мат. 24:14; 28:19, 20). Зефаниа нэгэн өөрчлөлтийн тухай зөгнөжээ. Уг өөрчлөлтийн дүнд хүмүүс Бурхны нэрд хоргодох аж. Тэнд: «Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэл», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм» гэжээ (Зеф. 3:9).

18 Цэвэр хэл гэж юу вэ? Ехова Бурхан болон түүний санаа зорилгын тухай Библийн үнэн юм. Та Бурхны Хаанчлал гэж юу болох, энэ нь Еховагийн нэрийг хэрхэн ариусгах тухай зөвөөр ойлгоод бусадтай хуваалцаж, Бурхны хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөхийн чухлыг онцолж, үнэнч хүмүүс үүрдийн ивээл хишиг хүртэх тухай хөөр баяр болон ярьдаг бол цэвэр хэлээр ярьж байна гэсэн үг. Олон хүн энэхүү бэлгэдлийн хэлээр ярьдаг болсны үр дүнд «ЭЗЭНий нэрийг дуудаж», «мөр зэрэгцэн Түүнд үйлчлэх» хүний тоо нэмэгдэж байна. Дэлхий даяар олон сая хүн Еховаг хоргодох газраа болгож байна (Дуу. 1:1, 3).

19, 20. Эрт цагт хүмүүс «худлын хоргодох газарт» найдаад хэрхэн хохирсон бэ?

19 Ер нь хүмүүс давахын аргагүй өндөр уул мэт бэрх асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Гэвч чадал хүрэхгүйгээ мэдэхлээрээ төгс бус хүнд хандах нь цөөнгүй. Эсвэл тэд улс төрийн байгууллагуудад найддаг. Энэ нь эртний израильчууд хөрш оронтойгоо холбоо тогтоон, дэмжлэг туслалцаа хүсдэг байсантай адил юм. Тэглээ гээд Израильд ямар ч тус нэмэр болоогүйг та бид мэдэх билээ. Өнөөдөр ч бас аль нэг улс орон, тэр байтугай, Нэгдсэн Үндэстний Байгууллага хүн төрөлхтнийг зовлон бэрхшээлээс нь бүрэн ангижруулж чадахгүй. Тэгэхлээр, улс төрийн байгууллагууд, эвсэл холбоог хоргодох газраа болгох хэрэг байна уу? Библид тэдгээрийг «худлын хоргодох газар» хэмээн зөгнөсөн байдаг. Тэдэнд найддаг бүх хүн эцэстээ цөхрөнгөө барах учир тэгж үзэх нь ч зөв юм (Исаиа 28:15, 17-г уншина уу).

20 Тун удахгүй догшин шуургатай зүйрлэм Еховагийн өдөр болоход дэлхий бүхэлдээ нэрвэгдэнэ. Хүний зохиосон, аюулаас хамгаалах төлөвлөгөө бүтэлгүйтэж, цөмийн хөнөөлөөс хоргодох байр, эд хөрөнгөний аль нь ч тус болохгүй. Исаиа 28:17-д бичсэнээр, «худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө».

21. 2011 оны уриаг дагавал ямар ач тустай вэ?

21 Эдүгээ төдийгүй ирээдүйд ард түмэн нь Ехова Бурхныхаа хамгаалалд хоргодож, жинхэнэ ёсоор аюулгүй байна. Зефаниагийн нэр «Ехова нуудаг» гэсэн утгатай бөгөөд энэ нь биднийг нуудаг жинхэнэ Аврагч хэн болохыг хэлж өгдөг. Тэгэхлээр, «Еховагийн нэрд хоргодогтун» хэмээсэн ухаалаг зөвлөгөөг 2011 оны уриа болгосон нь тохирч байна (Зеф. 3:12, ШЕ). Бид одоо ч Еховад бүрэн найдаж, нэрд нь хоргодож болно, хоргодох ч ёстой (Дуу. 9:10). «ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна» хэмээн Бурхны удирдлагаар бичигдсэн үгийг өдөр бүр санаж явцгаая (Сур. 18:10).

[Зүүлт]

^ Израилийн арван овогт хаант улсын хамгийн нөлөө бүхий овог нь Ефраим байжээ. Тийм учраас, Библид Израилийн арван овогт хаант улсыг «Ефраим»-аар төлөөлүүлдэг.

Та санаж байна уу?

• Еховагийн нэрийг одоо яаж хоргодох газар болгох вэ?

• «Худлын хоргодох газарт» найдах ёсгүйн учир юу вэ?

• Ирээдүйн үйл явдлаас хамгаалагдахын тулд хаана хоргодох вэ?

[Догол мөрийн асуулт]

[6-р хуудасны товчлол]

2011 оны уриа: «Еховагийн нэрд хоргодогтун» (Зефаниа 3:12, ШЕ).

[7-р хуудасны зураг эзэмшигч]

Thüringer Landesmuseum Heidecksburg Rudolstadt, Waffensammlung “Schwarzburger Zeughaus”