Skip to content

Гарчиг руу орох

Ертөнцийн сүнсийг бус, Бурхны сүнсийг хүлээн авагтун

Ертөнцийн сүнсийг бус, Бурхны сүнсийг хүлээн авагтун

Ертөнцийн сүнсийг бус, Бурхны сүнсийг хүлээн авагтун

«Бурханы бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм» (1 КОР. 2:12).

1, 2. а) Жинхэнэ христианууд ямар дайнд оролцдог вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ЖИНХЭНЭ христианууд бид дайнд оролцдог! Бидний дайсан хүчтэй, зальтай, туршлагатай. Зэгсэн сайн зэвсэгтэй учраас хүн төрөлхтний ихэнхийг эрхэндээ оруулжээ. Гэсэн ч бид хүчээр мөхөс, ялагдана гэж бодож болохгүй (Ис. 41:10). Учир нь ямар ч довтолгоог няцааж чадах, хэнд ч үл дийлдэх хамгаалалт бидэнд бий.

2 Бид сүнслэг дайнд оролцож, Сатан Диавол хэмээх дайсантай тулалддаг. Тэрбээр «ертөнцийн сүнс» хэмээх зэвсгийг голчлон хэрэглэдэг (1 Кор. 2:12). Сатаны довтолгоог няцаах бидний гол хамгаалалт бол Бурхны сүнс юм. Энэ дайнд үрэгдэлгүй, сүнслэгээр хүчтэй хэвээрээ байя гэвэл Бурхны сүнсийг гуйж, түүний үр жимс болох сайхан чанарыг амьдралдаа илэрхийлэх хэрэгтэй (Гал. 5:22, 23). Тэгвэл «ертөнцийн сүнс» гэж юу вэ? Ертөнцийн сүнс тийм их тархсан байдгийн учир юу вэ? Ертөнцийн сүнсний нөлөөнд автсан эсэхээ яаж мэдэх вэ? Есүсийг дууриан Бурхны сүнсийг хүлээн авч, ертөнцийн сүнсийг эсэргүүцэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Ертөнцийн сүнс тийм их тархсан байдгийн учир

3. Ертөнцийн сүнс гэж юу вэ?

3 «Ертөнцийн захирагч» Сатанаас үүдэлтэй энэ ертөнцийн сүнс Бурхны ариун сүнсийг эсэргүүцдэг (Иох. 12:31; 14:30; 1 Иох. 5:19). Ертөнцийнхний дунд давамгайлж буй хандлагыг ертөнцийн сүнс гэдэг. Энэ сүнсний нөлөөнд байдаг хүн төрөлхтөн Бурхны хүсэл таалал, санаа зорилгын эсрэг зүйл хийдэг.

4, 5. Сатаны дэвэргэдэг сүнс тийм их тархсан байдгийн учир юу вэ?

4 Сатаны дэвэргэдэг энэ сүнс тийм их тархсан байдгийн учир юу вэ? Еден цэцэрлэгт Сатан эхлээд Еваг хууран мэхэлж, Бурхнаас хараат бус байвал амьдрал нь дэвжин дээшилнэ гэсэн итгэл төрүүлжээ (Эх. 3:13). Ямар худалч этгээд вэ! (Иох. 8:44). Ингэж эхнэрээр нь дамжуулан Адамыг аргандаа оруулж Еховад үнэнч бус болгосон. Адамын гаргасан шийдвэрийн улмаас хүн төрөлхтөн нүглийн боол болж, Сатаны сүнсний нөлөөнд автан, дуулгаваргүй байх хандлагатай болжээ (Ефес 2:1–3-ыг уншина уу).

5 Бас Сатанд уруу татагдсан олон тооны тэнгэр элч чөтгөр болсон (Илч. 12:3, 4). Тэд Ноагийн үед усан галав юүлэхээс өмнө Бурханд ийнхүү тэрсэлжээ. Эдгээр тэнгэр элч тэнгэр дэх байр сууриа орхин, гаж хүслээ даган дэлхийд бууж ирэхийг илүүд үзсэн (Иуда 6). Сатан тэнгэрт буцаж очсон эдгээр чөтгөртэй хамсан нийлж «бүх ертөнцийг мэхэлж» байна (Илч. 12:9). Харамсалтай нь, чөтгөрүүд хүмүүст яаж нөлөөлдгийг хүн төрөлхтний ихэнх нь мэддэггүй (2 Кор. 4:4).

Ертөнцийн сүнс танд нөлөөлж байна уу?

6. Ертөнцийн сүнсний нөлөөнд автах эсэх нь ганцхан хэнээс шалтгаалах вэ?

6 Сатаны нөлөөг олон хүн үл анзаардаг байхад, жинхэнэ христианууд бид түүний арга залийг Библиэс мэддэг (2 Кор. 2:11). Ертөнцийн сүнсний нөлөөнд автах уу, үгүй юү гэдэг нь биднээс л шалтгаална. Бурхны сүнсээр удирдуулж байна уу, эсвэл ертөнцийн сүнсний нөлөөнд автаж байна уу гэдгээ мэдэхэд туслах дөрвөн асуултыг авч үзье.

7. Сатан биднийг Еховагаас холдуулахын тулд ямар арга хэрэглэдэг вэ?

7 Амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг маань миний талаар юу хэлдэг вэ? (Иаков 3:14–18-ыг уншина уу). Сатан биднийг Бурхнаас холдуулахын тулд хүчирхийлэлд дуртай болгох гэж оролддог. Ехова хүчирхийлэлд дурладаг хэнийг ч болов жигшин зэвүүцдэгийг Диавол мэддэг (Дуу. 11:5). Тийм учраас, ном хэвлэл, кино, дуу хөгжим болон садар самуун, харгис хэрцгий үйлдэл хийж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг компьютерийн тоглоомоор далимдуулан махан биеийн хүслийг дэвэргэдэг. Сатан зөвийг хайрладаг христиануудын зүрхэнд мууг хайрлах сэтгэлийг өчүүхэн ч гэсэн төрүүлж чадвал баярладаг (Дуу. 97:10).

8, 9. Амралт, чөлөөт цагаа өнгөрөөхдөө өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

8 Харин Бурхны сүнсийг авсан хүн ариун, амар тайван, өршөөлөөр дүүрэн байх хүсэлтэй болдог. Бид өөрсдөөсөө: «Амралт чөлөөт цагаараа үзэж харахаар сонгосон зүйл маань сайхан зан чанар хөгжүүлэхэд тус болдог уу?» гэж асуух хэрэгтэй. Дээрээс ирэгч мэргэн ухаан «хоёр нүүр гаргадаггүй». Цэвэр ариун, амар тайван байхыг бусдад тунхаглачихаад, гэртээ ирж харгис хэрцгий, садар самуун явдлыг үзэж зугаацдаг хүнийг Бурхны сүнсийг хүлээн авдаг гэж хэлж болохгүй.

9 Ехова зөвхөн өөрт нь чин үнэнч байгаасай гэж хүсдэг. Харин Сатан биднийг өөрт нь ганц л удаа мөргөөсэй гэж хүсдэг. Есүсээс бас үүнийг хүссэн (Лук 4:7, 8). Дараах асуултыг өөрөөсөө асууж болно. «Амралт, чөлөөт цагаараа үзэж харахаар сонгосон зүйл маань зөвхөн Бурханд чин үнэнч байхад тусалдаг уу? Ертөнцийн сүнсийг эсэргүүцэхэд тус болдог уу, ус болдог уу? Хойшид сонирхож сонгох юмаа өөрчлөх хэрэгтэй юү?»

10, 11. а) Ертөнцийн сүнсэнд автвал эд хөрөнгөнд хэрхэн ханддаг болох вэ? б) Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн Библи ямар хандлагатай байхыг бидэнд уриалдаг вэ?

10 Би эд хөрөнгөнд хэрхэн ханддаг вэ? (Лук 18:24–30-ийг уншина уу). Ертөнцийн сүнс «нүдний хүсэл тачаал»-ыг хөдөлгөн эдийн шуналтай болгодог (1 Иох. 2:16). Үүний уршгаар олон хүн баяжих гэж улайрдаг (1 Тим. 6:9, 10). Энэ сүнсний нөлөөнд автсан хүн эд хөрөнгө хураасан цагт ирээдүйд айх аюулгүй, амар тайван амьдарна гэж итгэдэг (Сур. 18:11). Гэтэл эд мөнгийг Бурхнаас илүү хайрлавал Сатанд ялагдах нь тэр ээ. Тэгэхлээр, «Би баян тансаг, амар тайван амьдрахад л хамаг анхаарлаа чиглүүлдэг болсон юм биш биз?» гэж бодох хэрэгтэй.

11 Харин Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн Библи биднийг мөнгө төгрөгний талаар зөв үзэлтэй байж, өөрийгөө болон гэр бүлээ хэрэгцээний юмаар хангах зорилгоор ажил хөдөлмөр эрхлэхийг уриалдаг (1 Тим. 5:8). Бурхны сүнсийг хүлээн авдаг хүн өгөөмөр сэтгэлтэй Ехова Бурхнаа дууриан өглөгч болдог. Тэд эд хөрөнгийг бус, хүнийг эрхэмлэн үзэж, боломж бололцоотой үедээ байгаа юмаа дуртайяа хуваалцдаг (Сур. 3:27, 28). Бас Бурханд үйлчлэхээ хойш тавин байж, мөнгөний хойноос хөөцөлддөггүй.

12, 13. Бурхны сүнс бидэнд хэрхэн сайнаар нөлөөлдөг вэ?

12 Миний зан чанар, биеэ авч явах байдлаас аль сүнсний нөлөө харагддаг вэ? (Колоссай 3:8–10, 13-ыг уншина уу). Ертөнцийн сүнс махан биеийн үйлсийг хөхүүлдэг (Гал. 5:19–21). Аль сүнсээр удирдуулдаг маань ямар үед илэрдэг вэ? Бүх юм болж бүтэж байхад мэдэгдэхгүй. Харин итгэл нэгтэн маань биднийг үл тоомсорлох, гомдоох, тэр байтугай бидний эсрэг нүгэл үйлдэх үед тодорхой харагддаг. Түүнээс гадна, аль сүнсээр удирдуулдаг маань гэртээ ганцаараа байхад илэрдэг. Дараах асуултаар өөрийгөө шалгах нь зүйтэй. «Сүүлийн зургаан сард би Христийн зан чанарыг илүү сайн илэрхийлдэг болсон уу, эсвэл муу үг хэлж, биеэ зохисгүй авч явах зэргээр хуучин зуршлаа давтдаг болсон уу?»

13 Бурхны сүнс бидэнд «хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж, шинэ хүнийг өмсөхөд» тусалдаг. Үүний үрээр бусдыг илүү их хайрлаж, энэрч сурдаг. Уурлаж гомдох шалтгаан байлаа ч гомдоосон хүнээ уучилдаг болно. Шударга бус загнасныг нь мэдлээ ч «хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг» гаргахын оронд «энэрэн уян зөөлөн сэтгэлээр» хандахыг хичээнэ (Еф. 4:31, 32).

14. Олон хүн Бурхны Үгэнд хэрхэн ханддаг вэ?

14 Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг би хайрлаж, хүндэтгэдэг үү? (Сургаалт үгс 3:5, 6-г уншина уу). Ертөнцийн сүнс Бурхны Үгийг эсэргүүцэх хандлагатай. Энэ сүнсний нөлөөнд автсан хүн хэрэгжүүлэхэд амаргүй мэт санагддаг Библийн зарим зүйлийг үл тоомсорлон, хүний зохиосон ёс заншил, гүн ухааныг илүүд үздэг (2 Тим. 4:3, 4). Зарим хүн Бурхны Үгийг огт хэрэгсдэггүй. Тийм хүмүүс Библийн ач холбогдол, үнэн зөвд эргэлзэн, өөрөө өөрийнхөө нүдэнд мэргэн болдог. Завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах, гэр бүл салахтай холбоотой Бурхны тогтоосон өндөр хэм хэмжээг уландаа гишгэдэг. «Мууг сайн, сайныг муу» гэж заадаг (Ис. 5:20). Бид ийм нөлөөнд автаагүй биз? Бэрхшээл тулгарахад хүний мэргэн ухаанд, тухайлбал өөрийн бодолд найддаг уу? Эсвэл Библийн зөвлөгөөг дагахыг хичээдэг үү?

15. Өөрийн мэргэн ухаанд найдахын оронд яах хэрэгтэй вэ?

15 Бурхны сүнс Библийг дээдлэх сэтгэл төрүүлдэг. Бид дуулалчийн адилаар Бурхны Үгийг хөл дэх дэнлүү, зам дахь гэрэл гэж үздэг (Дуу. 119:105). Тиймд өөрийн мэргэн ухаанд бус, зөв бурууг ялгахад тусалдаг Бурхны Үгэнд итгэж найддаг. Библийг дээдлээд зогсохгүй, хайрлаж сурдаг (Дуу. 119:97).

Есүсийг дууриагтун

16. «Христийн оюун ухаан»-ыг хэрхэн олж авах вэ?

16 Бурхны сүнсийг авъя гэвэл «Христийн оюун ухаан»-ыг өөрийн болгох хэрэгтэй (1 Кор. 2:16). Христ Есүстэй «нэг бодол санаатай» байхын тулд хэрхэн бодож сэтгэн, хийж үйлдэж байсныг нь судалж мэдээд, дууриах шаардлагатай (Ром 15:5; 1 Петр 2:21). Хэдэн жишээ авч үзье.

17, 18. а) Залбирах талаар Есүсээс юу сурч болох вэ? б) Цөхрөлтгүй гуйх хэрэгтэйн учир юу вэ?

17 Бурхны сүнсийг гуйн залбирагтун. Есүс сорилтод орохын өмнө Бурхнаас сүнсээ өгч туслахыг гуйн залбирчээ (Лук 22:40, 41). Бид ч бас Бурхнаас ариун сүнсийг нь гуйх хэрэгтэй. Итгэлтэйгээр гуйдаг хэн бүхэнд Ехова ариун сүнсээ харамгүй өгдөг (Лук 11:13). Есүс: «Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ» гэж хэлжээ (Мат. 7:7, 8).

18 Еховагаас сүнснийх нь тусламжийг гуйсаар байгаарай. Тийм амархан бүү шантраарай. Илүү шаргуу, илүү удаан залбирах хэрэгтэй ч байж магадгүй. Заримдаа Ехова ариун сүнс гуйдаг хүмүүсийн залбиралд хариулахын өмнө хэр их хүсэж, хэр зэрэг бат итгэлтэй байгаагаа харуулах боломжийг олгодог. *

19. Есүс цаг ямагт юу хийдэг байсан бэ? Бид түүнийг дууриах хэрэгтэйн учир юу вэ?

19 Еховад бүрэн дуулгавартай байгтун. Есүс цаг ямагт Эцгийнхээ таалалд нийцдэг зүйлийг үйлддэг байжээ. Өөрийнх нь хүсэл Эцгийнх нь хүсэл таалалтай зөрчилдсөн тохиолдол гарахад ч Есүс Эцэгтээ: «Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг» хэмээн итгэлтэй хэлсэн (Лук 22:42). Тэгэхлээр, «Хуулийг нь сахихад хэцүү үед ч Бурханд дуулгавартай байдаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Бурханд дуулгавартай байх эсэх нь амь настай холбоотой чухал асуудал юм. Бүтээгч, Амь Өгөгч, амийг Тэтгэгч Еховадаа бид бүрэн дуулгавартай байх учиртай (Дуу. 95:6, 7). Дуулгавартай байдлыг юугаар ч орлуулж болдоггүй. Учир нь, Бурхны тааллыг олъё гэвэл дуулгавартай байх зайлшгүй шаардлагатай.

20. Есүс юуг амьдралынхаа гол зүйл болгож байсан бэ? Түүнийг хэрхэн дууриах вэ?

20 Библийн мэдлэгээ гүнзгийрүүлэгтүн. Есүс итгэлийг нь эвдэн бусниулах гэсэн Сатаны шууд довтолгоог сөрөн зогсохдоо Бурхны Үгийг иш татаж байсан (Лук 4:1–13). Шашны удирдагчдын эсэргүүцлийг Судрын үндэстэйгээр няцааж байв (Мат. 15:3–6). Тэрбээр Бурхны хуулийг мэдэж, сахихыг амьдралынхаа гол зүйл болгожээ (Мат. 5:17). Бид ч мөн ялгаагүй, итгэл бэхжүүлэх Бурхны Үгээр оюун ухаанаа цэнэглэсээр байх ёстой (Флп. 4:8, 9). Гэр бүлээрээ юм уу бие даан судлах цаг зарим хүнд тийм амар гарахгүй байж болох юм. Гэвч цаг зав гарахыг хүлээх бус зориуд гаргах хэрэгтэй (Еф. 5:15–17).

21. Бурхны Үгийг илүү сайн ойлгож мэдээд, амьдралдаа хэрэгжүүлэхэд тус болох ямар арга хэмжээ байдаг вэ?

21 «Итгэмжит ухаалаг боол» гэр бүлээрээ болон бие даан судлах цаг гаргахад туслах үүднээс долоо хоног тутам «Гэр бүлийн Библийн хичээл» хийх зөвлөмж гаргасан билээ (Мат. 24:45). Та энэ зөвлөмжийг дагадаг уу? Христийн оюун ухааныг олж авахын тулд нэг сэдэв сонгоод, тэр сэдвийн талаар Есүс юу гэж заасныг эрэмбэ дараатай судлах хуваарь гаргаж болно биз дээ? Жишээлбэл, «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2009 оны 2-р сарын 15-ны дугаарын цуврал дөрвөн өгүүллийг судалж болно. Эдгээр өгүүлэлд Есүсийн «Ууланд айлдсан номлол»-ыг авч үзсэн бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг тайлбарласан. Гэр бүлийн хичээлийнхээ хөтөлбөрт энэ мэтийн өгүүллээс үе үе оруулан судалж болохгүй нь юу билээ?

Бид ертөнцийг ялж чадна

22, 23. Ертөнцийг ялахын тулд яах ёстой вэ?

22 Бурхны сүнсээр удирдуулъя гэвэл ертөнцийн сүнсийг эсэргүүцэх ёстой. Энэ нь тийм ч амар биш ээ. Их хүчин чармайлт гаргаж, тэмцэх шаардлагатай (Иуда 3). Гэхдээ бид ялж чадна! Есүс шавь нартаа: «Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» гэж айлджээ (Иох. 16:33).

23 Бид ч бас ертөнцийн сүнсийг эсэргүүцэж, Бурхны сүнсийг хүлээн авахын төлөө чадах бүхнээ хийвэл ялалт байгуулна. Тэгээд ч, «Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?» (Ром 8:31). Бурхны сүнсийг авч, Библид бичсэн удирдамж зааврыг дагавал одоо сэтгэл хангалуун, амар тайван, аз жаргалтай амьдарч, удахгүй бий болох шинэ ертөнцөд мөнх амьдарна.

[Зүүлт]

Та санаж байна уу?

• Ертөнцийн сүнс тийм их тархсан байдгийн учир юу вэ?

• Ямар дөрвөн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй вэ?

• Бурхны сүнсийг авахын тулд Есүсээс ямар гурван зүйл сурч болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[8-р хуудасны зураг]

Зарим тэнгэр элч яагаад чөтгөр болсон бэ?

[10-р хуудасны зураг]

Сатан хүмүүсийг эрхэндээ оруулахын тулд ертөнцийн сүнсийг ашигладаг ч үүний нөлөөнд автахгүй байх боломжтой