Skip to content

Гарчиг руу орох

Есүсийг дууриан сэргэг байгтун

Есүсийг дууриан сэргэг байгтун

Есүсийг дууриан сэргэг байгтун

«Сэргэг бай, залбир» (МАТ. 26:41).

ХАРИУЛНА УУ

Сэргэг байгаа маань залбирлаас хэрхэн харагддаг вэ?

Сэргэг байгаагаа дэлгэрүүлэх ажлаараа хэрхэн харуулах вэ?

Сорилт тулгарсан үед сэргэг байх нь яагаад чухал бэ? Яавал сэргэг байх вэ?

1, 2. а) Ямар ямар асуултыг авч үзэх вэ? б) Нүгэлт хүмүүс төгс Есүсийг дууриаж чадах уу? Жишээгээр тайлбарлана уу.

 «ЕСҮС шиг сэргэг байж болно гэж үү? Есүс угаасаа төгс хүн байсан шүү дээ! Тэгээд бас ирээдүйг, хэдэн мянган жилийн дараа юу болохыг мэддэг байсан. Ер нь сэргэг байхын хэрэг Есүст байсан юм уу?» гэсэн асуулт танд төрөх байх (Мат. 24:37–39; Евр. 4:15). Эхлээд эдгээр асуултыг авч үзье. Тэгвэл энэ сэдвээр ярилцах нь хойшлуулшгүй чухал зүйл гэдгийг ойлгоно.

2 Нүгэлт хүн төгс хүнтэй адил байж чадах уу? Чадалгүй яах вэ. Хүн ер нь сайн багшаас суралцаж, үлгэр дууриал авдаг шүү дээ. Байт харваагаар хичээллэж байгаа хүнийг бодоод үзье. Эхний үед бай харваж чадахгүй ч дахин дахин заалгаж, байнгын дасгал сургууль хийдэг. Сайн харваж сурахын тулд багшийнхаа арга барилыг, тухайлбал, яаж зогсож, нум сумаа яаж барьж байгааг нь анхааралтай ажигладаг. Салхины хүчинд тааруулж, тасралтгүй сургуулилсаар нумаа эвшээлгэхэд аль хэр хүч гаргахыг яваандаа сурдаг. Багшийгаа даган дууриасаар, байны голыг онож сурна. Үүнтэй адилаар, христианууд бид төгс Есүсийг дууриан, зааврыг нь даган, ахиж дэвшихийн төлөө үргэлж чармайдаг.

3. а) Сэргэг байх шаардлага Есүст байсан нь юунаас харагддаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Ер нь Есүст сэргэг байх шаардлага үнэхээр байсан юм уу? Байсан. Жишээ нь, дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө үнэнч элч нартаа «Надтай хамт сэргэг байцгаа», «соригдохгүйн тулд сэргэг бай, залбир» гэж хэлж байсан билээ (Мат. 26:38, 41). Тэрбээр цаг үргэлж сэргэг байсан ч энэ эгзэгтэй мөчид бүр ч илүү сэрэмжтэй байн, тэнгэрийн Эцэгтэйгээ аль болохоор ойр байхыг хүссэн. Шавь нар нь бас тэр үед төдийгүй хойшид ч сэргэг байх хэрэгтэй байлаа. Есүс биднийг сэргэг байлгах гэж хүсдэгийн учрыг одоо авч үзье. Дараа нь Есүсийг дууриан сэргэг байдгаа харуулах гурван зүйлийг ярилцъя.

ЕСҮС БИДНИЙГ СЭРГЭГ БАЙЛГАХ ГЭЖ ХҮСДЭГИЙН УЧИР

4. Ирээдүйн тухай мэддэггүй маань сэргэг байхтай ямар холбоотой вэ?

4 Товчхон хэлбэл, бид зарим зүйлийг мэддэг ч зарим зүйлийг мэддэггүй. Тийм учраас Есүс биднийг сэргэг байгаасай гэж хүсдэг. Тэрбээр дэлхий дээр байхдаа ирээдүйд болох бүхнийг мэддэг байгаагүй. Тийм ч учраас «Тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ» хэмээн даруухнаар хариулсан (Мат. 24:36). «Хүү» буюу Есүс ёс бус ертөнцийн төгсгөл яг хэзээ болохыг тэр үед мэддэггүй байсан. Тэгвэл бид ирээдүйн тухай бүгдийг мэддэг бил үү? Ехова Хүүгээ яг хэзээ илгээж, ёс бус энэ ертөнцийг устгуулахыг бид мэдэхгүй! Мэддэг байсан бол сэргэг байх шаардлагатай гэж үү? Есүсийн хэлснээр, төгсгөл гэв гэнэт, хэний ч бодоогүй үед болох учир бид үргэлж сэргэг байх ёстой (Матай 24:43-ыг уншина уу).

5, 6. а) Ирээдүйн тухай, Бурхны санаа зорилгын тухай мэдлэгтэй хүн яаж сэргэг байдаг вэ? б) Бид Сатаны тухай мэддэг учраас илүү сэргэг байх ёстой гэхийн учир юу вэ?

5 Нөгөөтэйгүүр, Есүс ирээдүйн тухай олон сайхан зүйлийг мэддэг байхад, эргэн тойрных нь ихэнх хүн огт мэддэггүй байв. Есүсийн мэддэг бүхнийг бид мэдэхгүй. Гэвч түүний ачаар Бурхны Хаанчлалын тухай, ойрын ирээдүйд юу хийх тухай их зүйлийг мэддэг болсон. Сургуулийн нөхөд, ажлын хамт олон, дэлгэрүүлэхэд тааралддаг хүмүүс гээд эргэн тойронд байгаа ихэнх хүн энэ гайхам үнэнийг огт мэдэхгүй, таг харанхуй явааг анзаарахгүй байхын аргагүй. Сэргэг байх хэрэгтэйн бас нэг шалтгаан үүнд оршино. Бид Есүсийн адилаар үргэлж сэргэг байж, Бурхны Хаанчлалын тухай мэддэг бүхнээ хуваалцахыг хичээх хэрэгтэй. Олдсон боломжийг алдаж болохгүй. Хүмүүсийн амь хутганы ирэн дээр байна! (1 Тим. 4:16).

6 Сэргэг байх хэрэгтэйн бас нэг шалтгааныг Есүс мэдэж байв. Сатан түүнийг хавчиж, хорхойг нь хүргэж, үнэнч биш болгохоор шийдсэн ажээ. Энэ аюултай дайсан Есүсийг сорих «тохиромжтой цагийг» үргэлж хүлээдэг байв (Лук 4:13). Есүс анхаарлаа сулруулаагүй. Хорхой хүргэм зүйл, эсэргүүцэл, хавчлага гээд ямар ч сорилтод бэлэн байсан. Бид ч бас тэгэх хэрэгтэй биш үү? Сатан одоо ч «хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт» яваа. Тийм учраас, Бурхны Үгэнд бичсэнээр, христиан хүн бүр «эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй байх» учиртай (1 Петр 5:8). Чухам яаж?

СЭРГЭГ БАЙДАГ МААНЬ ЗАЛБИРЛААС ХАРАГДДАГ

7, 8. Есүс залбиралтай холбоотой ямар зөвлөгөө өгсөн бэ? Ямар жишээ үзүүлсэн бэ?

7 Сүнслэгээр сэргэг байх нь залбиралтай нягт холбоотойг Библи хэлж өгдөг (Кол. 4:2; 1 Петр 4:7). Есүс өөртэй нь хамт сэргэг байхыг шавь нараасаа гуйсныхаа дараахан «Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир» гэж хэлсэн (Мат. 26:41). Гэхдээ өөрсдөд нь удахгүй тулгарах аюулаас сэргийлж, тэр мөчид л сэргэг байхыг сануулсан юм биш ээ. Энэ зөвлөгөөг бид өдөр тутам сахих хэрэгтэй.

8 Есүс залбирах талаар гайхалтай жишээ үзүүлсэн. Тэрбээр нэгэн удаа Эцэгтээ шөнөжин залбирсныг та санаж байгаа байх. Энэ явдлыг төсөөлж үзье (Лук 6:12, 13-ыг уншина уу). Хавар цаг. Есүсийн амьдардаг, загас агнуурын хот Капернаумын ойролцоо. Орой болоход, Есүс уул руу явлаа. Тэндээс Галил нуур харагддаг ажээ. Үдшийн бүрийд газар нутгийн байдлыг ажвал тосон дэнгээ асаасан Капернаум хот, түүний ойр орчмын тосгод сүүмийн үзэгдэнэ. Есүс ухаан бодлоо Еховад хандуулан, шаргуу залбирч байна. Цаг хором хормоор өнгөрсөөр үдшийн гэгээ тасарч, тэнгэрт сар мэлтийхийг ч, шөнийн амьтад бут сөөгөн дунд хоолоо хайж явахыг ч Есүс бараг үл анзаарна. 12 элчээр хэнийг сонгох вэ гэсэн чухал шийдвэр гаргах гээд залбирч байгаа бололтой. Шавь нэг бүрийнхээ тухай юу бодож, юунд санаа зовж байгаагаа Эцэгтээ хэлж, удирдлага заавар, мэргэн ухаан гуйж байгааг нь төсөөлөхөд түвэггүй.

9. Шөнөжингөө залбирсан Есүсээс юу сурч болох вэ?

9 Есүсээс юу сурч болох вэ? Олон цагаар залбирах ёстой юу? Тэгэх албагүй. Есүс дагалдагчдаа ойлгодог байсан учраас «Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой» гэж хэлсэн (Мат. 26:41). Гэхдээ бид Есүсийг дууриаж чадна. Жишээ нь, гэр бүл, итгэл нэгтнүүд болон өөртөө хамаатай ямар ч шийдвэр гаргахдаа тэнгэрийн Эцэгтэйгээ зөвлөлддөг бил үү? Итгэл нэгт ах дүүсийнхээ төлөө залбирдаг уу? Чин сэтгэлээсээ залбирдаг уу, эсвэл хэлдэг хэдэн үгээ амны уншлага шиг давтаад байдаг уу? Есүс Эцэгтэйгээ аминчлан ярилцаж, сэтгэл зүрхээ уудлан залбирахыг эрхэмлэдэг байсныг анзаарсан биз дээ? Өнөөдөр хүн бүр л завгүй, яаруу сандруу болжээ. Христианууд бид тэдэнтэй адилхан болж, хамгийн чухал асуудлыг мартаж болзошгүй. Сэтгэлээ уудлан, яаралгүй залбирдаг бол сүнслэгээр илүү сэргэг байна (Мат. 6:6, 7). Бас Еховад татагдан, улам дотносохыг хичээж, андын холбоог бэхжүүлэхэд саад болох алив бүхнээс хол явна (Дуу. 25:14).

СЭРГЭГ БАЙГААГАА ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛААРАА ХАРУУЛАХ НЬ

10. Есүс сэргэг байж, дэлгэрүүлэх боломжийг алддаггүй байсныг ямар жишээ харуулдаг вэ?

10 Есүс Еховагийн даалгаврыг биелүүлэхийн тулд сэргэг байсан. Ер нь анхаарлаа сарниуллаа гээд сүйдтэй юм болдоггүй ажил байдаг ч ихэнх ажлыг хийхэд сэргэг байх зайлшгүй шаардлагатай. Дэлгэрүүлэхэд ч бас адилхан. Есүс үргэлж сэргэг байж, сайн мэдээ хуваалцах боломж бүрийг хайдаг байсан. Нэг жишээ авъя. Тэрбээр шавь нартайгаа өглөөжин явсаар Сухар хотын ойролцоо ирдэг. Шавь нар нь хүнс авахаар хот руу явж, Есүс худгийн дэргэд амрахаар үлдэв. Гэтэл нэгэн самари эмэгтэй ус татахаар ирлээ. Уг нь Есүс хэсэг дугхийе гэж бодоод юм ярихгүй байж болох л байсан. Гэвч эмэгтэйтэй ярьж, үр өгөөжтэй дэлгэрүүлсний ачаар хотын олон хүн үнэнийг хүлээж авсан (Иох. 4:4–26, 39–42). Бид Есүс шиг сэргэг байн тааралддаг хүмүүстээ сайн мэдээ дэлгэрүүлэх боломжийг хайдаг уу?

11, 12. а) Дэлгэрүүлэх ажлаас нь хөндийрүүлэх гэсэн хүмүүст Есүс юу гэж хариулсан бэ? б) Есүс ажилдаа хэрхэн дүн нуруутай ханддаг байсан бэ?

11 Заримдаа хүмүүс Есүсийг дэлгэрүүлэх ажлаас нь хөндийрүүлэх гэж оролдсон нь хар буруу санасных биш байсан. Капернаум хотынхон гайхамшгаар өвчин эдгээж байгаа Есүсийг хараад явуулахыг хүсээгүй. Арга ч үгүй биз. Гэхдээ Есүс ганц нэг хотын хүмүүст биш, харин «Израилийн гэрийн ... алдагдсан хонинуудад» бүгдэд нь дэлгэрүүлэх даалгавартай байсан (Мат. 15:24). Тийм учраас, тэр хүмүүст «Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн» гэж хэлдэг (Лук 4:40–44). Есүс дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа гол зорилго болгож байсан нь тодорхой харагдаж байна. Тэрбээр юунд ч сатаараагүй.

12 Есүс дэлгэрүүлэхийн хэнээтэй юм уу хүнээс гажууд амьдралтай даяанч байсан уу? Аль эсвэл гэрээ мартсан гэсэр байсан уу? Үгүй ээ. Харин ч дүн нуруутай байхын төгс жишээ үзүүлсэн. Тэрбээр бусдын адил амьдарч, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан. Гэр бүлийг эрхэмд үздэг, хүмүүст юу хэрэгтэй, ямар зовлонтойг нь анзаарч сэтгэлийнхээ угаас өрөвддөг, хүүхэд багачуудыг хайрлан энхрийлдэг хүн байсан (Марк 10:13–16-г уншина уу).

13. Дэлгэрүүлэх ажилд Есүс шиг дүн нуруутай хандахын тулд яах вэ?

13 Есүс шиг сэргэг байя гэвэл дүн нуруугаа алдах ёсгүй. Энэ ертөнц биднийг христиан үйлчлэлээс хөндийрүүлэх гээд байдаг. Жишээ нь, найз нөхөд, хамаатан садан маань идэвхтэй дэлгэрүүлэхэд саад болж, бусадтай адил жирийн амьдрахыг хар буруу саналгүй ятгаж болох юм. Тийм үед Есүсийн адилаар дүн нуруутай байхын тулд христиан үйлчлэлээ хоол шиг үзэх учиртай (Иох. 4:34). Энэ л ажлын хүчинд бид сүнслэгээр тэтгэгдэж, баяр баясгалантай явдаг шүү дээ. Нөгөөтэйгүүр, дэлгэрүүлэхээс өөр юу ч чухал биш гэж туйлшрах юм уу амьдралаас хэт тасархай байх ёсгүй. Есүс жаргалтай Бурхны баяр баясгалантай, дүн нуруутай үйлчлэгч байсан. Бид ч бас тийм байхыг хүсдэг (1 Тим. 1:11, ШЕ).

СОРИЛТЫН ҮЕД СЭРГЭГ БАЙХ НЬ

14. Сорилт тулгарвал ямар хандлагатайгаа тэмцэх хэрэгтэй вэ? Яагаад?

14 Есүс өөрөө маш хүнд сорилтод орчихоод байхдаа сэргэг байхыг уриалсныг дээр ярилцсан (Марк 14:37-г уншина уу). Бидэнд ямар нэг бэрхшээл тулгарах үед Есүсийн сануулга тун их хэрэг болдог. Сорилтод орохлоороо олон хүн нэг чухал зүйлийг мартдаг. «Сургаалт үгс» номд «Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг» гэж хоёр ч удаа бичжээ (Сур. 14:12; 16:25). Ялангуяа бэрхшээл тулгарахын цагт өөрийнхөөрөө шийдвэл өөртөө ч, дотны хүмүүстээ ч гай болно.

15. Мөнгө төгрөгөөр гачигдах үед өрхийн тэргүүнд ямар сорилт тулгарч болзошгүй вэ?

15 Жишээ нь, өрхийн тэргүүнүүд «өөрийнхнийгөө» тэтгэх ёстой гээд сэтгэлийн дарамтад орж болох юм (1 Тим. 5:8). Нэг ажилд орох гэтэл цуглаанд явах, Гэр бүлийн Библийн хичээл удирдах, дэлгэрүүлэх боломжгүй болж магадгүй. Зөвхөн хүний үзэл бодлын үүднээс хандвал энэ ажилд орох нь яах аргагүй зөв юм шиг санагдаж мэднэ. Гэхдээ ингэвэл сүнслэгээр өвдөж, бүр үхэж ч магадгүй. Сургаалт үгс 3:5, 6-г дагах нь хэчнээн ухаалаг хэрэг вэ! Соломон: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж бичжээ.

16. а) Есүс өөрийн ойлголтод түшиглэлгүй, Еховагийн мэргэн ухаанд найддагаа хэрхэн харуулсан бэ? б) Хэцүү үед өрхийн тэргүүнүүд Есүсийг дууриан Еховад хэрхэн найддаг вэ?

16 Есүс соригдож байхдаа өөрийнхөө ойлголтод огт түшиглээгүй. Нэгэн цагт амьдарч байсан хамгийн мэргэн ухаантай хүн өөрийнхөө бодлоор хариулаагүйг анхаараарай! Жишээ нь, Есүс Сатанд соригдох болгондоо «гэж бичигдсэн байдаг» хэмээн хариулдаг (Мат. 4:4, 7, 10). Сатан өөртөө байдаггүй даруу занг үзэн яддаг. Харин Есүс сорилтыг давахын тулд Эцгийнхээ мэргэн ухаанд найдан даруу зан гаргасан. Бид яадаг вэ? Сэргэг байсан Есүсийг дууриадаг өрхийн тэргүүн хэцүү үед ч Бурхны Үгийг удирдлага болгодог. Дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган өрхийн тэргүүнүүд энэ л жишгээр явдаг. Тэд мөнгө төгрөгөөр гачигдсан ч Бурхны Хаанчлалын төлөө тууштай явж, цэвэр шүтлэгийг эн тэргүүнд тавьдаг. Ийнхүү гэр бүлдээ дээд зэргээр санаа тавьдаг. Ехова гэр бүлээ тэжээх гэж зүтгэж яваа тэднийг ивээж, амлалтаа биелүүлдэг (Мат. 6:33).

17. Та ямар учраас Есүсийг дууриан сэргэг байхыг хүсдэг вэ?

17 Есүс үнэхээр сэргэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үлдээсэн жишээ нь амьдралд ойрхон, ашиг тустай төдийгүй түүн шиг сэргэг байхыг хичээдэг бол аврагдана. Сатан таныг сүнслэгээр бүүвэйлж, итгэлийг тань сулруулан, идэвхгүй, үнэнч бус болгох гэж оролддогийг бүү мартаарай (1 Тес. 5:6). Түүнд боломж бүү олгоорой! Есүс шиг үргэлж сэргэг байдгаа залбирахдаа, дэлгэрүүлэхдээ, сорилтод орохдоо харуулаарай. Тэгсэн цагт та мөхөж буй энэ ертөнцөд ч дүүрэн жаргалтай, утга учиртай амьдарна. Түүнчлэн Эзэн тань өнөөгийн тогтолцоог устгахаар ирэхдээ Эцгийнх нь хүсэл тааллыг идэвхтэй биелүүлээд сэргэг байгаа таныг харах болно. Ехова үнэнч байсан таныг шагнахдаа хэчнээн их баярлах бол оо! (Илч. 16:15).

[Догол мөрийн асуулт]

[6-р хуудасны зураг]

Есүс худгийн дэргэд нэгэн эмэгтэйд дэлгэрүүлсэн. Та дэлгэрүүлэх ямар боломжийг ашигладаг вэ?

[7-р хуудасны зураг]

Гэр бүлийнхээ сүнслэг байдалд санаа тавих нь сэргэг байгаагийн баталгаа мөн