Skip to content

Гарчиг руу орох

Елиша «галт морьд, тэргийг» харсан. Та бас хардаг уу?

Елиша «галт морьд, тэргийг» харсан. Та бас хардаг уу?

Арамын хаан Елиша зөнчийн мөрийг мөшгөсөөр, толгодын орой дээрх хэрэм бүхий Дотан хотод байгааг нь мэджээ. Тэгээд морьд, тэрэгнүүд болон асар их цэргээ Дотан руу илгээж үүр цайхын алдад хотыг бүсэлжээ (Х.дэд 6:13, 14).

Елишагийн зарц өглөө эрт босоод гадагш гартал, эргэн тойронд нь дайсны үй олон цэрэг харагдав. Зарц ихэд айн «Аяа, эзэн минь! Бид яах билээ?» хэмээн дуу алдахад Елиша: «Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм» гэж хэлээд, «Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч» хэмээн залбирлаа. «ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв» (Х.дэд 6:15–17). Энэ явдлаас юу мэдэж болох вэ?

Елиша Еховад бүрэн дүүрэн найддаг, хамгаалах чадалтайг нь биеэрээ үзсэн учир Арамын цэрэгт бүслэгдсэн ч тайван байсан. Бид өнөөдөр ер бусын гайхамшиг үзнэ гэж боддоггүй ч Ехова ард түмнээ нийтээр нь хамгаалж байгааг тодорхой хардаг. Эргэн тойронд маань галт морьд, тэрэг байгаа гэлтэй. Хэрэв тэдгээрийг итгэлийн нүдээр «харж», Бурхандаа үргэлж найддаг бол ивээлийг нь хүртэж, «аюулгүйгээр аж төрнө» (Дуу. 4:8). Елишад тохиолдсон бусад явдал бидэнд ямар ач холбогдолтойг үзье.

ЕЛИША ЕЛИАГИЙН ТУСЛАГЧ БОЛСОН НЬ

Нэг удаа Елишаг газар хагалж байтал зөнч Елиа хүрч ирээд түүнд нөмрөгөө нөмөргөжээ. Энэ нь туслагч минь болооч гэж хэлсэн хэрэг байлаа. Елиша найз нөхдөө урин найр хийж, эцэг эхтэйгээ салах ёс гүйцэтгээд, Елиагийн туслагч болохоор гэрээсээ явав (Х.дээд 19:16, 19–21). Өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн байсан учир Ехова түүгээр янз бүрийн үүрэг гүйцэтгүүлжээ. Хожим нь Елиагийн оронд зөнч болгосон.

Елиша, зөнч Елиад зургаан жил үйлчилсэн бололтой. Энэ хугацаанд «Елиагийн гар дээр ус асгадаг байсан» гэж Библид бичжээ (Х.дэд 3:11). Тэр үеийн заншлаар хоолыг халбага сэрээгээр бус, гараараа иддэг байсан тул хоолоо идэж дууссаных нь дараа эзнийхээ гар дээр зарц нь ус хийж өгдөг байжээ. Елиша энэ мэтээр Елиагийн гар хурууны үзүүрт зарагддаг байсан ч үүнийгээ завшаан гэж үздэг байв.

Орчин үед олон христиан Ехова Бурхандаа бүрэн цагаар үйлчилж, янз бүрийн үүрэг даалгавар биелүүлдэг. Еховад итгэж найдан, түүний төлөө чадах бүхнээ хийхийг хүсдэг учраас тэр юм. Зарим нь Бетелд үйлчлэх, барилга дээр ажиллахын тулд орон гэрээ орхиж явах шаардлагатай болдог. Тэдний хийдэг ажлыг олон хүн хар бор гэж үздэг. Харин христианууд тэгж бодох ёсгүй. Учир нь Ехова тийм ажлыг өндөр үнэлдэг (Евр. 6:10).

ЕЛИША ШАНТРААГҮЙ

Бурхан «Елиаг хуй салхиар тэнгэр өөд авахаасаа» өмнө эхлээд түүнийг Гилгалаас Бетел рүү явуулахаар болжээ. Елиа тийшээ ганцаараа явах бодолтой байсан ч Елиша түүнээс салахыг хүссэнгүй. Замд явж байхдаа Елиа дахин хоёр ч удаа, түүнийг үлд гэж ятгасан боловч дагасаар байлаа (Х.дэд 2:1–6). Рут Наомигаас салаагүй шиг, Елиша Елиагаас салсангүй (Рут 1:8, 16, 17). Яагаад тэр вэ? Елиад туслахыг завшаан гэж үзжээ. Учир нь энэ даалгаврыг Бурхан түүнд оноосон юм.

Елиша бидэнд сайхан жишээ үлдээжээ. Хэрэв бид Еховад үйлчилж байгаа гэдгээ байнга санадаг бол байгууллагаас нь өгсөн ямар ч даалгаврыг өндөр үнэлнэ. Үүнээс илүү завшаан байхгүй (Дуу. 65:4; 84:10).

«ЧИНИЙ ТӨЛӨӨ БИ ЮУ ХИЙХ ЁСТОЙГ ГУЙГТУН»

Замдаа Елиа Елишад «Би чамаас авагдахаас өмнө чиний төлөө би юу хийх ёстойг гуйгтун» гэж хэлэв. Хариуд нь Елиша: «Таны сүнсийг хоёр дахин илүүгээр [«та сүнснээсээ хоёр хэсгийг», ШЕ] над дээр байлгаач» гэлээ. Еховад илүү сайн үйлчлэхийн тулд ийн гуйжээ. Олон жилийн өмнө Соломон хаан үүнтэй төстэй зүйлийг Бурхнаас гуйсан билээ (Х.дээд 3:5, 9; Х.дэд 2:9). Мосегийн хуулиар, ууган хүү нь эцгийнхээ өмч хөрөнгөнөөс хоёр дахин ихийг хүртэх эрхтэй байжээ (Д.хууль 21:15–17). Энэ дагуу, Елиша өөрийн эзэн Елиагийн өв залгамжлагч болж халааг нь авахыг хүссэн аж. Бас Елиагийн адилаар Еховад эр зоригтой, идэвх зүтгэлтэй үйлчлэхийг хүссэн нь илэрхий (Х.дээд 19:13, 14).

Елишагийн гуйлтад Елиа юу гэж хариулсан бэ? «Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг харвал энэ нь чиний төлөө биелнэ. Харин харахгүй бол энэ нь биелэхгүй» гэв (Х.дэд 2:10). Елиагийн хэлсэн үг хоёр утгатай байлаа. Нэгдүгээрт, Елишагийн хүсэлтийг биелүүлэх эсэхийг Бурхан л мэднэ. Хоёрдугаарт, Елиша хоёр дахин их сүнстэй болохыг үнэхээр хүсэж байгаа бол юу ч тохиолдсон Елиатай хамт байх учиртай байв.

ЕЛИША ХАРЖЭЭ

Ехова Елишагийн хүсэлтийг хүлээн авч Елиагийнхаас хоёр дахин илүү сүнс өгсөн үү? «Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галт тэрэгнүүд болон галт морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов. Елиша үүнийг харсан» хэмээн Библид бичсэн байдаг. * Эндээс үзвэл Ехова Елишагийн хүсэлтийг биелүүлжээ. Елиаг хуй салхиар тэнгэр өөд одохыг Елиша харсан учраас хоёр дахин их сүнс авч зөнчийн өв залгамжлагч болсон (Х.дэд 2:11–14).

Елиагийн нөмрөг газар унахад Елиша авч нөмрөв. Хүмүүс нөмрөгөөр нь Елишаг Бурхны зөнч гэж таньдаг болжээ. Хожим нь тэрбээр Иордан голыг хоёр хувааж, зөнч гэдгээ дахин баталсан.

Елиа хуй салхиар тэнгэр өөд одсон нь Елишад гүн сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай. Гал дөл бадарсан морьд, тэрэгнүүдийг харсан хэн боловч гайхахаас ч яах вэ! Елишагийн хүсэлтийг биелүүлснээ баталж Ехова тэдгээрийг харуулсан юм. Өнөөдөр Бурхан бидний залбиралд хариулахдаа иймэрхүү гайхамшиг үзүүлдэггүй. Гэхдээ агуу хүчээ ашиглаж хүсэл тааллаа биелүүлдэг нь тодорхой. Ехова байгууллагынхаа дэлхий дэх хэсгийг ивээж байгааг бид хардаг. Энэ нь тэнгэрийн тэрэг хөдөлж байгааг «харж» байна гэсэн үг (Езе. 10:9–13).

Ехова агуу хүчтэйг Елиша амьдралдаа олон удаа үзжээ. Тэрбээр Бурхны ариун сүнсний хүчээр Елиагийн үйлдсэнээс хоёр дахин олон буюу 16 гайхамшиг үйлдсэн. Дотан хотод Арамын цэрэгт бүслүүлчихээд байхдаа үзэгдэл үзсэнийг өгүүллийн эхэнд дурдсан. Энэ нь түүний хувьд галт морьд, тэрэгнүүдийг үзсэн хоёр дахь тохиолдол юм.

ЕЛИША ЕХОВАД НАЙДДАГ БАЙСАН

Елиша Еховад бат итгэдэг байсан учир дайсанд бүслэгдээд байхдаа ч айж түгшээгүй. Бид бас бат итгэлтэй байх ёстой. Тиймд Бурхнаас ариун сүнс гуйцгаая. Тэгвэл итгэлтэй болохын зэрэгцээ ариун сүнсний үр жимсний хэсэг болсон бусад зан чанарыг ч илэрхийлдэг болно (Лук 11:13; Гал. 5:22, 23).

Дотанд болсон явдлаас хойш Елиша Еховад болон тэнгэрийн армид нь улам бүр итгэдэг болсон нь дамжиггүй. Бурхан Дотан хотыг хамгаалуулахаар тэнгэр элчүүдээ илгээжээ. Дараа нь хотыг бүсэлсэн дайснуудыг хараагүй болгож, Елишаг зарцынх нь хамт аварсан (Х.дэд 6:17–23). Ийм эгзэгтэй үед ч, өөр бусад үед ч Елиша Еховад бат найддаг байсан.

Елишагийн адилаар Ехова Бурхандаа найдацгаая (Сур. 3:5, 6). Тийнхүү найддаг бол «Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөнө» (Дуу. 67:1). Эргэн тойронд маань галт морьд, тэрэгнүүд байдаггүй нь үнэн. Гэхдээ Ехова удахгүй болох «агуу их гай гамшгийн» үеэр ард түмнээ аварна (Мат. 24:21; Илч. 7:9, 14). Тэр болтол нэг зүйлийг үргэлж санаж явцгаая. Тийм ээ, «Бурхан бидэнд хоргодох газар» билээ (Дуу. 62:8).

^ Елиа тэнгэр өөд одсон гэдэг нь Ехова ба тэнгэр элчүүдийн байдаг газар очсон хэрэг биш юм. Түүнээс хойш олон жил өнгөрсний дараа тэрбээр Иудагийн хаан Иехорамд захидал бичсэн байдаг. Энэ нь түүнийг дэлхий дээр байсныг гэрчилж байна (Ш.дэд 21:1, 12–15; Иох. 3:13).