Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Есүс Лазарыг амилуулахаасаа өмнө уйлсныг Иохан 11:35-д бичсэн байдаг. Яагаад уйлсан бэ?

Хайртай дотны хүнээсээ хагацахыг хэн ч хүсдэггүй. Тийм учраас уйлж гашууддаг. Есүс анд Лазартаа хайртай байсан. Гэхдээ түүнийг нас барсанд бус, харин төрөл төрөгсөд, найз нөхдийг нь өрөвдсөндөө уйлсныг Иоханы бичсэнээс мэдэж болно (Иох. 11:36).

Есүс Лазарын өвчтэй байгааг сонссон ч эдгээх гэж яараагүй. Библид «Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа хоёр хонов» хэмээн бичжээ (Иох. 11:6). Юуны учир алгуурласан юм бол? Тодорхой зорилготой байлаа. Тэрбээр: «Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм» гэж хэлсэн (Иох. 11:4). Есүс энэ явдлыг ашиглан Бурхныг алдаршуулахыг хүсжээ. Чухам яаж? Ер бусын гайхамшиг үйлдэж, хайртай найзыгаа амилуулах гэж байв.

Энэ үеэр Есүс шавь нартайгаа ярилцаж байхдаа үхлийг нойртой зүйрлэсэн байдаг. Тийм учраас, Лазарыг «нойрноос нь сэрээхээр явна» гэж хэлсэн (Иох. 11:11). Есүсийн хувьд Лазарыг амилуулна гэдэг бол дуг хийж буй хүнийг сэрээхтэй адил байв. Тиймээс андыгаа нас барлаа гэж гашуудах шаардлагагүй байсан юм.

Тэгвэл яагаад уйлсан бэ? Хам сэдвээс нь үзье. Есүсийг ирэхэд Лазарын дүү Мариа болон төрөл төрөгсөд нь уйлж байжээ. Уй гашууд автсан тэднийг хараад «сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлсөн». Хайртай найзууд нь ямар их уй гашуу болж байгааг харахад үнэхээр өрөвдмөөр байлаа. Тийм учраас уйлсан аж (Иох. 11:33, 35).

Есүс хайртай хүмүүсийг маань шинэ ертөнцөд амилуулж, эрүүл саруул болгох чадалтай, мөн үхэл хагацал амсаж буй хүний сэтгэлийг маш сайн ойлгодог нь эндээс харагдаж байна. Түүнчлэн дотны хүнээ үхэлд алдаад гашуудаж буй хүмүүсийг өрөвдөх хэрэгтэйг энэ түүх хэлж өгдөг.

Есүс Лазарыг амилуулах гэж байсан хэр нь найзуудаа өрөвдөж хайрласандаа уйлсан билээ. Бид ч бас өрөвч сэтгэлдээ хөтлөгдөөд «уйлж буй хүмүүстэй хамт уйлдаг» (Ром 12:15). Энэ нь нас барагсад ирээдүйд амилна гэдэгт итгэдэггүйн шинж биш юм. Есүс Лазарыг амилуулах гэж байсан атлаа гашуудан уйлсан. Үүгээрээ, хагацал үзэж байгаа хүмүүсийг өрөвдөх хэрэгтэйг бидэнд хэлж өгч байна.