Уншигчдын асуулт
Шарил чандарлах нь христиан хүнд зохистой юу?
Шарил чандарлахыг хориглосон хууль тушаал Бурхны Үгэнд байдаггүй.
Хүмүүсийн цогцос, ясыг шатааж байсан тухай Библид гардаг (Иош. 7:25; Ш.дэд 34:4, 5). Тэд булшинд оршуулахад зохисгүйд тооцогдсон хүмүүс байсан бололтой. Гэхдээ үнэ хүндгүй хүмүүсийн цогцсыг л чандарладаг байсан гэсэн үг биш байв.
Саул хаан болон гурван хүүг нь амь үрэгдсэний дараа юу болсноос үүнийг мэдэж болно. Тэр дөрөв филистчүүдтэй тулалдаж яваад амь насаа алджээ. Саулын гурван хүүгийн нэг нь Ионатан бөгөөд Давидын сайн найз, үнэнч анд байв. Иабеш-Гилеадын зоригт израильчууд болсон явдлыг сонсоод тэр дөрвийн шарилыг олж авч шатаагаад оршуулжээ. Давид хожим нь энэ тухай мэдээд тэднийг магтсан байдаг (1 Сам. 31:2, 8–13; 2 Сам. 2:4–6).
Бурхан нас барагсдыг амилуулахаа амлаж Библид бичүүлжээ. Хүн амьд байхдаа юу бодож сэтгэдэг, ямар зан чанартай байсан, яг тийм байдлаар амилна гэсэн үг. Шарилыг нь чандарласан эсэхээс үл хамааран Ехова тэр хүнийг шинэ биетэй болгон амилуулах чадвартай. Үнэнч гурван еврей залууг галтай зууханд хаяхыг Небухаднезар хаан тушаажээ. Шатаж үхлээ ч Бурхан амилуулна гэдэгт тэр гурав огт эргэлзээгүй (Дан. 3:16–18). Бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан олон Гэрчийн амийг нацистууд хөнөөж, цогцсыг нь шатаасан байдаг. Тэдгээр үнэнч үйлчлэгчээ Ехова амилуулах нь дамжиггүй. Дэлбэрэлтэд өртөх гэх зэргээр амиа алдсан үнэнч Гэрчүүдийг ч гарцаагүй амилуулна (Илч. 20:13).
Ехова хүнийг амилуулахдаа өмнө байсан бие цогцсыг нь эвлүүлдэггүй. Тослогдсон христиануудыг тэнгэрт амилуулдаг нь үүний баталгаа юм. Тэд «сүнс дотор амилуулагдсан» Есүсийн адилаар сүнсэн биетэй болж амилдаг бөгөөд урьдын бодол санаа, зан чанар, дурсамж дурдатгал нь хэвээрээ байдаг. Гэхдээ махан биеэрээ тэнгэрт очдоггүй (1 Петр 3:18; 1 Кор. 15:42–53; 1 Иох. 3:2).
Шарилыг чандарласан эсэхээс үл хамааран тэр хүн амилна гэдэгт бид итгэдэг. Учир нь Ехова нас барагсдыг амилуулах чадалтай бөгөөд хүсэлтэй (Үйлс 24:15). Эрт үед Бурхан үхэгсдийг амилуулахдаа юу хийж байсныг, ирээдүйд юу хийхийг бид яг таг мэдэхгүй. Гэхдээ л Еховад бүрэн дүүрэн найддаг. Тэрбээр Есүсийг амилуулж нотолгоо өгсөн (Үйлс 17:31; Лук 24:2, 3).
Христианууд талийгаачийн шарилыг хэрхэх талаар шийдэхдээ нийгмийн чиг хандлага, сэтгэлгээ болон тухайн улсын хуулийн шаардлагыг тооцож үзэх нь зүйтэй (2 Кор. 6:3, 4). Дүгнэж хэлэхэд, нас барсан хүний шарилыг чандарлах эсэхийг хувь хүн юм уу гэр бүлийнхэн нь шийднэ.