Та утгыг нь ойлгодог уу?
«Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв» (ЛУК 24:45).
1, 2. Есүс амилсан өдрөө шавь нараа хэрхэн зоригжуулсан бэ?
ЕСҮСИЙН амилсан өдөр байлаа. Хоёр шавь нь Иерусалимаас 11,2 километрт байдаг тосгон руу явж байв. Тэд Багшийнхаа амилсныг мэдсэнгүй. Тийм болохоор их л гунигтай алхах ажээ. Гэнэт Есүс гарч ирэн, тэдэнтэй цуг алхав. Тэгээд «Мосегоос эхлэн, бүх эш үзүүлэгч, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлаж» эхлэв (Лук 24:13–15, 27). Хоёр шавийнх нь сэтгэл онгойлоо. Есүс Судрыг тодорхой тайлбарласан учраас тэдний зүрх сэтгэл «шатжээ» (Лук 24:32).
2 Хоёр шавь оройн хэрд Иерусалим руу буцлаа. Тэнд очмогцоо элч нарыг эрж олоод замд тохиолдсон явдлыг ярив. Тэднийг ярьж байх зуур Есүс гарч ирэн, бүгдэд нь харагдав. Гэвч элч нар айж, Есүсийг мөн эсэхэд эргэлзэж байлаа. Есүс шавь нараа хэрхэн зоригжуулсан бол? «Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв» гэж Библид байдаг (Лук 24:45).
3. Заримдаа бид яагаад сэтгэлээр унадаг вэ? Үргэлж баяр хөөртэй үйлчлэхэд тус болох нэг арга юу вэ?
3 Бидэнд ч бас Есүсийн эртний шавь нар шиг шаналж цөхрөх үе бий. Еховад хэчнээн идэвх зүтгэлтэй үйлчиллээ ч үр дүн нь харагдахгүй бол сэтгэлээр унадаг (1 Кор. 15:58). Библийн хичээл заалгадаг хүмүүс маань ахиц дэвшил гаргахгүй байгаа юм шиг санагдаж болох юм. Тэр байтугай зарим нь Еховагаас нүүр буруулдаг. Еховадаа үргэлж баяр хөөртэй үйлчлэхийн тулд яах вэ? Нэг арга нь Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэлийн утгыг сайн ойлгох явдал юм. Гурван сургаалт зүйрлэлийг үзэж, тэндээс юу сурч болохыг ярилцъя.
ТАРИАЧИН УНТСАН НЬ
4. Тариачин унтдаг тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ?
4 Марк 4:26–29-ийг уншина уу. Тариачин унтдаг тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ? Тэр тариачин Хаанчлалын тухай мэдээ тунхаглагчийг төлөөлдөг. Үр нь чин сэтгэлтэй хүмүүсийн хүлээж авдаг Хаанчлалын тухай сайн мэдээ юм. Тариачин бусдын л адил «шөнө нь унтаж, өдөр нь босдог». Үр суулгасан цагаас ургац хураах хүртэл хугацаа хэрэгтэй байдаг. Тэр хугацаанд үр аажим аажмаар, тодорхой үе шаттайгаар «урган өсдөг». Үүнтэй адилаар, Еховатай дотносоход цаг хугацаа хэрэгтэй. Энэ үйл явц аажим аажмаар, тодорхой үе шаттайгаар болдог. Тэгээд хүн Бурханд үйлчлэх хүсэлтэй болохлоороо өөрийгөө зориулж, баптисм хүртдэг.
5. Есүс яагаад тариачин унтдаг тухай сургаалт зүйрлэл хэлсэн бэ?
5 Есүс яагаад энэ сургаалт зүйрлэлийг хэлсэн бэ? Чин сэтгэлтэй хүмүүсийн дотор суулгагдсан үнэний үрийг Ехова ургуулдгийг ойлгуулах гэсэндээ хэлсэн ажээ (Үйлс 13:48; 1 Кор. 3:7). Бид үнэний үрийг хүний зүрх сэтгэлд тарьж, түүнийгээ усалдаг ч хүссэнээрээ хурдан ургуулж чадахгүй. Үр яаж өсөж ургаж байгааг мэддэггүй тэр тариачинтай бид адилхан. Өдөр тутмын ажил, амьдрал гэсээр байтал хүний зүрх сэтгэлд тарьсан Хаанчлалын үр яаж ургаж байгааг ихэнхдээ анзаарахгүй өнгөрчихдөг. Гэтэл нэг л мэдэхэд тэр үр ургаж, жимс гаргадаг. Ингээд шавь болсон хүн бидэнтэй хамт ургац хураах ажилд оролцдог (Иох. 4:36–38).
6. Бид юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?
6 Энэ сургаалт зүйрлэлээс юу сурах вэ? Юуны түрүүнд, суралцагч маань хэр зэрэг хурдан ахиж дэвших нь бидний хүссэнээр болохгүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид тэдний төлөө чадах бүхнээ хийх нь зүйн хэрэг. Гэхдээ баптисм хүрт гэж шавдуулах юм уу дарамталж болохгүй. Бурханд амь амьдралаа зориулах эсэхээ тухайн хүн өөрөө шийдэх эрхтэйг ойлгох нь зүйтэй. Бурхныг сэтгэл зүрхнийхээ угаас хайрладаг болсон хүн л өөрийгөө зориулахаар шийддэг. Ехова зөвхөн тийм хүнийг хүлээж авна (Дуу. 51:12; 54:6; 110:3).
7, 8. а) Есүсийн ярьсан тариачны тухай сургаалт зүйрлэлээс өөр юу ойлгож болох вэ? Жишээ хэлнэ үү. б) Эндээс Ехова Есүс хоёрын талаар юу мэдэж авах вэ?
7 Хоёрдугаарт, ажлын маань үр дүн шууд харагдахгүй үед сэтгэлээр унахгүй. Бид тэвчээртэй байх ёстой (Иак. 5:7, 8). Суралцагчдаа чадах ядахаараа тусалсан ч үнэний үр тэр хүний зүрх сэтгэлд ургаагүй бол бидний муугаас болсон гэсэн үг биш юм. Ехова өөрчлөгдөхөд бэлэн даруу хүний дотор л үнэний үрийг ургуулдаг (Мат. 13:23). Тиймээс бид хэдэн хүнд баптисм хүртээсэн гэдгээр ажлынхаа амжилтыг дүгнэх учиргүй. Библи заалгаж байгаа хүмүүс маань хэр ахиж дэвшиж байгаагаар Ехова бидний ажлын амжилтыг тодорхойлдоггүй. Харин биднийг хэр зэрэг үнэнч, хичээл зүтгэлтэй байгааг үнэлдэг (Лук 10:17–20; 1 Коринт 3:8-ыг уншина уу).
8 Гуравдугаарт, хүн дотроо хэр их өөрчлөгдөж байгаа нь бидэнд тэр бүр харагдахгүй. Жишээ авъя. Нэг миссионерээр хичээл заалгадаг эхнэр нөхөр хоёр дэлгэрүүлэгч болохоор шийдсэнээ хэлжээ. Тэгэхэд нь миссионер тамхи татахаа болих хэрэгтэйг сануулсан байна. Гайхалтай нь нөгөө хоёр хэдэн сарын өмнөөс тамхиа хаяснаа хэлэв. Яагаад хаясан юм бол? Нууцаар тамхи татлаа ч Ехова хардгийг, бас хоёр нүүр гаргадаг хүнд дургүй байдгийг ойлгосон гэнэ. Тиймээс миссионерийн дэргэд тамхи татах эсвэл тамхинаас бүрмөсөн гарахын аль нэгийг сонгохоор шийдсэн байна. Тэд Еховаг хайрладаг болсон учраас зөв шийдвэр гаргажээ. Ямар их өөрчлөгдөж байгаа нь миссионерт шууд анзаарагдаагүй ч тэд Еховатай улам дотносож байжээ.
ЗАГАСНЫ ТОР
9. Загасны торны тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ?
9 Матай 13:47–50-ийг уншина уу. Есүсийн ярьсан загасны торны тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ? Хаанчлалын тухай мэдээг бүх хүнд дэлгэрүүлэхийг тэнгист асар том тор хаяхтай зүйрлэжээ. Торонд «төрөл бүрийн загас» их хэмжээгээр ордог шиг дэлгэрүүлэх ажлын маань үрээр олон янзын сая сая хүн ирдэг (Ис. 60:5). Манай байгууллагаас жил бүр зохиодог чуулган, Дурсах цуглаанд асар олон хүн ирж байгаа нь үүний нотолгоо юм. Тэдний заримыг «сайн» загастай зүйрлэж болно. Тэд яваандаа Ехова Бурхны үйлчлэгч болдог. Харин зарим нь «муу» загас шиг хүмүүс байдаг бөгөөд Ехова тэднийг хүлээж авдаггүй.
10. Есүс яагаад загасны торны тухай сургаалт зүйрлэл хэлсэн бэ?
10 Есүс яагаад энэ сургаалт зүйрлэлийг хэлсэн бэ? Загасыг сайн муугаар нь ялгадаг нь агуу их гай гамшгийн үед хүн төрөлхтнийг шүүж шийтгэхийг хэлсэн хэрэг биш юм. Харин Сатаны эрхшээлд байдаг энэ ертөнцийн эцсийн өдрүүдэд юу болохыг онцолсон ажээ. Хаанчлалын тухай мэдээнд дуртай хүмүүс бүгдээрээ Еховагийн үйлчлэгч болохгүй гэдгийг Есүс энэ сургаалт зүйрлэлээрээ хэлсэн. Цуглаанд ирдэг, биднээр Библийн хичээл заалгадаг хүмүүсийн дунд Еховад амь амьдралаа зориулахад бэлэн биш хүн олон бий (Х.дээд 18:21). Зарим нь бүр цуглаанд явахаа больдог. Зарим охид хөвгүүд Гэрч эцэг эхтэй ч Еховаг чин сэтгэлээсээ хайрлаж сураагүй байдаг. Аль нь ч байсан, хүн бүр яахаа өөрөө шийдэх ёстойг Есүс онцолсон. Зөв шийдвэр гаргасан хүнийг Ехова «эд баялаг» лугаа адил үнэлж эрхэмлэдэг (Хаг. 2:7).
11, 12. а) Загасны торны тухай сургаалт зүйрлэл бидэнд ямар ач тустай вэ? б) Эндээс Ехова Есүс хоёрын тухай юу мэдэж болох вэ?
11 Загасны торны тухай сургаалт зүйрлэл ямар ач тустай вэ? Энэ сургаалт зүйрлэлийн цаад санааг ойлгосон хүн суралцагчаа эсвэл үр хүүхдээ Еховад үйлчлэхийг хүсэхгүй байна гэж хэтэрхий их сэтгэлээр унахгүй. Тэдний төлөө чадах бүхнээ хийсэн байж болох юм. Гэхдээ хүн Библи судлахыг зөвшөөрсөн л бол эсвэл Гэрч эцэг эхийн гар дээр хүмүүжсэн л бол аяндаа Еховагийн анд нөхөр болчихно гэж ойлгож болохгүй. Хэмжээгүй эрх мэдэлтэй Ехова Бурханд захирагдах дургүй хүн яваандаа Бурхны ард түмнээс холддог.
12 Тэгвэл үнэний замаас гарсан хүмүүс буцаж ирж хэзээ ч болохгүй гэсэн үг үү? Эсвэл Еховад өөрийгөө зориулдаггүй хүн ямар ч найдваргүй гэсэн үг үү? Тийм биш ээ. Агуу их гай гамшиг эхлээгүй байгаа энэ үед Еховагийн анд нөхөр болох боломж тэдний өмнө нээлттэй байна. Ехова: «Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно» гэж тэдэнд хэлдэг (Мал. 3:7). Есүс замаа алдсан хүүгийн тухай сургаалт зүйрлэл хэлэхдээ энэ санааг онцолжээ (Лук 15:11–32-ыг уншина уу).
ЗАМАА АЛДСАН ХҮҮ
13. Замаа алдсан хүүгийн тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ?
13 Замаа алдсан ч гэмшээд буцаж ирсэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ? Энэ сургаалт зүйрлэлд гардаг өрөвч сэтгэлтэй аав нь халамжит тэнгэрийн Эцэг Ехова юм. Өв хөрөнгөө нэхэж аваад үрэн таран хийдэг хүүгээр Бурхны ард түмнийг орхисон хүмүүсийг төлөөлүүлжээ. Тэд «алс холын оронг зорин одсон» хүүгийн адилаар Сатаны ертөнцөд хөл тавьдаг (Еф. 4:18; Кол. 1:21). Гэхдээ хожим нь тэдний зарим нь гэмээ ухаараад Еховагийн байгууллага руу буцаж ирдэг. Даруу зантай, чин сэтгэлээсээ гэмшсэн тийм хүмүүсийг өршөөлт Эцэг маань баяртайгаар угтан авдаг (Ис. 44:22; 1 Петр 2:25).
14. Есүс яагаад замаа алдсан хүүгийн тухай сургаалт зүйрлэл хэлсэн бэ?
14 Есүс яагаад энэ сургаалт зүйрлэлийг хэлсэн бэ? Ехова үнэний замыг орхисон хүмүүсийг эргээд ирээсэй гэж хүсдэгийг энэ жишээгээр харуулжээ. Сургаалт зүйрлэлийн аав хүүгээ эргээд ирнэ гэж итгэсээр байсан. Тэгээд хүүгийнхээ ирэхийг «холоос» хармагцаа өөдөөс нь угтан гүйдэг. Үнэний замыг орхисон хүмүүс удаж алгуурлалгүй Ехова руу буцаж очих хэрэгтэйг энэ зүйрлэл хэлж өгдөг. Тэд Еховагаас холдож хөндийрсөн байж болох юм. Тиймд буцаж ирэхээсээ санаа нь зовоод хэцүү санагддаг байх. Гэхдээ тэднийг эргээд ирвэл тэнгэрт баяр хөөр болно (Лук 15:7).
15, 16. а) Замаа алдсан ч гэмшээд буцаж ирсэн хүүгийн тухай сургаалт зүйрлэлээс юу сурах вэ? Жишээ хэлнэ үү. б) Эндээс Ехова Есүс хоёрын тухай юу мэдэх вэ?
15 Замаа алдсан ч гэмшсэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл бидэнд ямар ач тустай вэ? Бид Еховаг дууриах хэрэгтэй. Гэмшсэн хүмүүсийг эргээд ирэхэд нь нүүр өгөхгүй «хэт шударга байж» хэрхэвч болохгүй. Ингэвэл Еховатай тогтоосон харьцаагаа сүйтгэнэ (Ном. 7:16). Бас хурлыг орхисон хүнийг «төөрсөн хонь» гэж үзнэ үү гэхээс, хэзээ ч буцаж ирэхгүй хүн гэж бодож болохгүй (Дуу. 119:176). Хасагдсан юм уу үнэний замыг орхисон хүнтэй таарвал та яах вэ? Еховатай дахин дотносоход нь туслахын тулд чадах бүхнээ хийх үү? Ахлагчдад нэн даруй мэдэгдэх үү? Хэрэв та энэ ёгт үлгэрийг үнэхээр сайн ойлгосон бол тийм хүнийг буцаж ирүүлэхийн тулд эдгээр алхмыг хийх нь дамжиггүй.
16 Үнэний зам дээр дахин гарсан хүмүүс энэрэнгүй сэтгэлтэй Ехова Бурхандаа болон хайраа илэрхийлж тусалж дэмжсэн хурлынхандаа талархдаг. Хурлаас хасагдаад 25 жилийн дараа эргэж ирсэн Гэрч эрэгтэй: «Эрхээ сэргээлгэсэн цагаас хойш би улам л аз жаргалтай болж байна. Яагаад гэвэл Ехова намайг “сэргээж” тайвшруулсан (Үйлс 3:19). Хүн болгон надад тусалж, намайг хайрладаг. Би одоо Еховагийн гэр бүлийн гишүүн. Энэ бол үнэхээр гайхалтай гэр бүл» гэсэн юм. Еховаг орхиж яваад таван жилийн дараа ирсэн Гэрч бүсгүй: «Есүсийн ярьсан тэр хайрыг ямар тод мэдэрч байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Еховагийн байгууллагын гишүүн байх ямар их үнэ цэнэтэй юм бэ!» гэжээ.
17, 18. а) Энэ өгүүллээр үзсэн гурван сургаалт зүйрлэлээс бид юу ойлгосон бэ? б) Та яахаар шийдсэн бэ?
17 Энэ гурван сургаалт зүйрлэлээс юу сурснаа давтъя. Нэгдүгээрт, суралцагч маань хэр хурдан ахиц дэвшил гаргахыг бид биш, Ехова шийднэ. Хоёрдугаарт, цуглаанд ирдэг, Библи судалдаг бүх хүнийг Еховад үйлчилдэг болно гэж горьдох хэрэггүй. Гуравдугаарт, зарим хүн үнэний замаас гарч, Еховагаас нүүр буруулдаг ч тэднийг хэзээ ч эргэж ирэхгүй найдваргүй хүн гэж бодохгүй байя. Бас эргээд ирэхэд нь халамжит Эцэг Еховагийн адилаар угтан авцгаая.
18 Дор бүрнээ мэдлэг, ухаарал, мэргэн ухааныг олж авахыг хичээж явъя. Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэлийг уншихдаа дараах асуултыг бодож байцгаая. Энэ сургаалт зүйрлэл ямар утгатай вэ? Үүнийг яагаад Библид бичсэн бэ? Эндээс ойлгож авсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ехова Есүс хоёрын тухай юу мэдэж болох вэ? Ингэж эргэцүүлэн боддог бол Есүсийн хэлсэн үгийн утгыг ойлгож байна гэсэн үг.