Skip to content

Гарчиг руу орох

Дэлгэрүүлэх ажилд үргэлж идэвхтэй оролцъё

Дэлгэрүүлэх ажилд үргэлж идэвхтэй оролцъё

САЙН мэдээ дэлгэрүүлэх ажил бол дэлхий дахинд өрнөж буй хамгийн чухал ажил юм. Та Еховагийн үйлчлэгч учраас шавь бэлдэх ажилд оролцохыг нэр төрийн хэрэг гэж үздэг нь лавтай. Гэхдээ үргэлж идэвх зүтгэлтэй дэлгэрүүлнэ гэдэг эхлэгч болон бусад христианд тэр бүр амаргүй байдаг. Яагаад?

Үргэлж идэвхтэй дэлгэрүүлэхэд юу туслах вэ?

Зарим газрын оршин суугчид ихэнхдээ гэртээ байдаггүй. Тийм болохоор дэлгэрүүлэгчид айлаар яваад хүнтэй таарч яриа өрнүүлэх нь тун ховор. Айлаас хүн гарч ирлээ ч Хаанчлалын тухай мэдээнд тоомжиргүй хандах юм уу Гэрчүүд рүү уурлаж хашгичих нь бий. Нөгөө талаар, дэлгэрүүлэх хэсэг нь том, хүмүүс нь нааштай ханддаг нутагт үйлчилдэг христианууд сайн мэдээг хүн бүрд хүргэж амжихгүй байх вий гэж айдаг. Харин дэлгэрүүлэх ажилд олон жил оролцож буй өөр нэг хэсэг нь төгсгөл ирэхгүй удаад байна гэж бодоод сэтгэлээр унадаг.

Еховагийн үйлчлэгч бидэнд янз бүрийн бэрхшээл тулгардаг. Үүнээс болоод дэлгэрүүлэх ажилдаа идэвх багатай оролцож болох юм. Бидний амьдарч буй ертөнц «муу нэгэн» буюу Сатан Диаволын гарт байдаг. Тийм учраас, сайн мэдээ дэлгэрүүлэх нь тийм ч амархан биш ээ (1 Иох. 5:19).

Та дэлгэрүүлж яваад ямар ч бэрхшээлтэй тулгарсан Еховагийн тусламжтайгаар заавал даван туулж чадна. Тэгвэл дэлгэрүүлэх ажилд илүү идэвх зүтгэлтэй оролцохын тулд яах нь зүйтэй вэ? Хэдэн зөвлөгөө авч үзье.

ШИНЭ ДЭЛГЭРҮҮЛЭГЧДЭД ТУСЛААРАЙ

Жил бүр олон мянган хүн баптисм хүртэж Еховагийн Гэрч болдог. Та Еховад өөрийгөө зориулснаа баталж саяхан баптисм хүртсэн бол олон жил дэлгэрүүлж байгаа хүмүүсээс туршлага судлаарай. Харин дэлгэрүүлэх ажил хийгээд удаж байгаа бол шинэхэн дэлгэрүүлэгчдэд тусалж, зааж сургаж болохгүй нь юу билээ? Тэгвэл та сэтгэл хангалуун явах биз ээ.

Есүс шавь нараа сайн багш болгохын тулд удирдамж заавар өгч, яаж дэлгэрүүлэхийг өөрөө үлгэрлэн үзүүлдэг байв (Лук 8:1). Өнөөдөр ч хүмүүсийг сайн дэлгэрүүлэгч болгохын тулд сургаж бэлтгэх шаардлагатай.

Шинээр дэлгэрүүлэгч болсон хүн дэлгэрүүлэх ажилд оролцоод л заах арга барил эзэмшчихнэ гэж бодож болохгүй. Тэр хүнд сайхан сэтгэлээр, хайрын үүднээс зааж сургах нь чухал. Яаж? 1) Оршил үг бэлдүүлж, дасгал сургууль хийлгэх, 2) хүмүүстэй яриулах, 3) хэвлэл өгүүлэх, 4) сонирхсон хүнтэй дахин уулзуулах, 5) Библийн хичээл эхлүүлэх хэрэгтэй. Шинэхэн дэлгэрүүлэгч туршлагатай дэлгэрүүлэгчийн хэрэглэдэг аргыг ажиглаад, дагаж дууриавал сайн үр дүнд хүрэх нь лавтай (Лук 6:40). Шаардлагатай үед тусалж дэмжих хүн хажууд байна гэж бодоод илүү тайван байх биз ээ. Туршлага багатай дэлгэрүүлэгчид магтаал урамшуулал, заавар зөвлөгөө хэрэгтэй (Ном. 4:9, 10).

ХАМТ ДЭЛГЭРҮҮЛЖ ЯВАА ХҮНТЭЙГЭЭ ЯРИЛЦААРАЙ

Хэчнээн хичээгээд хүмүүстэй яриа өрнүүлж чадаагүй байлаа ч хамт дэлгэрүүлж буй хүнтэйгээ сайхан ярилцах нь бий. Есүс дэлгэрүүлэх ажил хийлгэхээр шавь нараа «хоёр хоёроор нь» явуулсныг саная (Лук 10:1). Тэд бие биедээ урам зориг өгч байсан. Тиймээс итгэл нэгтэнтэйгээ дэлгэрүүлэхлээр «хамтдаа зоригжих» сайхан боломж олддог (Ром 1:12).

Юуны тухай ярилцах вэ? Урамтай сайхан явдал та хоёрын хэн нэгэнд саяхан тохиолдсон уу? Библи бие даан судалж байхдаа эсвэл гэр бүлийн хичээл хийж байхдаа сонирхолтой юм мэдэж авсан уу? Цуглаан дээр сонссон ямар хөтөлбөр таны итгэлийг бэхжүүлсэн бэ? Хамт яваа дэлгэрүүлэгчээ та сайн мэдэхгүй байж болох юм. Үнэнийг яаж мэдсэн бол? Энэ байгууллага үнэхээр Еховагийнх гэдэгт юуны ачаар итгэсэн бол? Ямар ивээл хүртэж байсан бол? Та бас өөрийнхөө туршлагаас ярьж болно шүү дээ. Хэсгийн хүмүүс яаж ч хүлээж авсан, хамт яваа дэлгэрүүлэгчтэйгээ ярилцаж «нэг нэгнийгээ барьж байгуулах» таатай боломж дэлгэрүүлэх ажлын үеэр олддог (1 Тес. 5:11).

СУДЛАХ ХЭВШИЛТЭЙ БАЙГААРАЙ

Байнга идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэхэд юу тус болох вэ? Судлах сайн хэвшилтэй болж, тэр хэвшлээ алдахгүй байх нь нэн чухал. «Итгэмжит ухаалаг боол» янз бүрийн сэдвээр мэдээлэл нийтэлдэг (Мат. 24:45). Тиймээс бие даан судлах сэдэв олон байна. Жишээ нь «Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажил яагаад тийм чухал юм бэ?» гэсэн сэдвийг дурдаж болно. «Үргэлж идэвхтэй дэлгэрүүлэх хэрэгтэйн учир» гэсэн гарчигтай хавсралтад зарим шалтгааныг бичсэн.

Дэлгэрүүлэх ажлаа үргэлж идэвхтэй хийх хүслээ бадраахын тулд хавсралтад бичсэн жагсаалтыг үзээрэй. Тэдгээр шалтгааныг бие даан судлаарай. Идэвхтэй дэлгэрүүлэх өөр ямар шалтгаан байгааг олохыг хичээгээрэй. Дараа нь түүнийгээ эргэцүүлэн бодоорой. Ингэвэл дэлгэрүүлэх ажилд бүр ч идэвхтэй оролцоно.

ЗӨӨЛӨН ЧИХТЭЙ БАЙГААРАЙ

Дэлгэрүүлэх ажлаа үр өгөөжтэй хийхэд туслах зорилгоор Еховагийн байгууллага заавар зөвлөгөө тогтмол өгдөг. Тухайлбал, айлаар дэлгэрүүлэхээс гадна захидлаар, утсаар, гудамжаар, олон нийтийн болон албан газраар дэлгэрүүлэх, албан бусаар сайн мэдээ хүргэхийг зөвлөдөг. Түүнчлэн ажил амьдралаа зохицуулаад дэлгэрүүлэгч бараг байдаггүй газар очиж дэлгэрүүлээрэй гэсэн зөвлөгөө өгдөг.

Та ийм зөвлөгөөг яаж хүлээж авдаг вэ? Заримаас нь туршиж үзсэн үү? Олон хүн эдгээр зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж үзээд амжилт олжээ. Гурван жишээ үзье.

Эйпрэл гэдэг Гэрч эмэгтэй Библийн хичээл хэрхэн эхлэх талаар «Христиан үйлчлэл»-д гарсан зөвлөгөөг туршиж үзэхээр шийджээ. Тэгээд ажлынхаа гурван хүнээс Библийн хичээл хийх үү гэж асуув. Гайхалтай нь гурвуулаа зөвшөөрөхөөр барахгүй цуглаанд очдог болсон байна.

Сэтгүүлээ ямар хүнд тохирохыг бодож тараагаарай гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь ач тустай. Жишээ нь, АНУ-д үйлчилдэг нэг дүүргийн харгалзагч «Сэрцгээ!» сэтгүүлд гарсан машины дугуйны тухай өгүүллийг дугуй зардаг бүх дэлгүүрийн менежерүүдэд өгчээ. Бас «Эмчийн хөдөлмөрийг үнэлээрэй» гэсэн гарчигтай цуврал өгүүллийг дүүргийнхээ 100 гаруй эмчид сонирхуулсан гэнэ. Үүний ачаар хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаа болон ном хэвлэлтэй танилцсан гэж тэрбээр ярьсан юм. Тэр хүмүүстэйгээ сайн танилцахын хэрээр илүү олон удаа уулздаг болсон ажээ.

Утсаар дэлгэрүүлсэн тухай гурав дахь жишээг үзье. Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвд Жүди гэдэг Гэрч эмэгтэйгээс захидал иржээ. Утсаар дэлгэрүүлэхийг уриалж байгаад нь талархлаа илэрхийлсэн байв. 86 настай ээж нь бие муутай ч утсаар тогтмол дэлгэрүүлдэг бөгөөд 92 настай эмэгтэйтэй Библийн хичээл эхлээд бөөн баяр болжээ!

Манай ном хэвлэлд нийтлэгддэг дэлгэрүүлэх ажлын тухай зөвлөгөө үнэхээр ашигтай. Туршаад үзээрэй! Үргэлж баяр баясгалантай, идэвх зүтгэлтэй байхад тань тус болно.

ХҮРЧ БОЛОХ ЗОРИЛГО ТАВИАРАЙ

Дэлгэрүүлэх ажлын амжилтыг хэр олон хэвлэл тараасан, хэдэн Библийн хичээлтэй, хэчнээн хүнд Еховагийн Гэрч болоход нь тусалсан гэдгээр хэмжихгүй. Ноагийн тухай бодоод үз дээ. Эхнэр, хүүхэд, бэрүүдээсээ өөр хүмүүст Еховагийн үйлчлэгч болоход нь тусалж чадсан уу? Чадаагүй. Гэсэн ч Ноа сайн дэлгэрүүлэгч байсан. Учир нь «итгэмжит байж» Еховад үнэнч үйлчилсэн (1 Кор. 4:2).

Дэлгэрүүлэх ажлаа урам зоригтой хийхийн тулд хүрч болох зорилго тавих хэрэгтэй. Ямар зорилго тавьж болох вэ? Хавсралтад бичсэнээс санаа аваарай.

Илүү их баяр хөөртэй, үр бүтээлтэй үйлчлэх арга зам зааж өгөөч гэж Еховагаас гуйгаарай. Та зорилгодоо хүрвэл сайн мэдээ дэлгэрүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсэндээ баярлаж, сэтгэл өег явах биз ээ.

Сайн мэдээ дэлгэрүүлэх нь тийм ч амархан ажил биш ээ. Гэхдээ сайн мэдээг үргэлж идэвхтэй тунхаглах боломжтой. Хамт дэлгэрүүлж яваа хүнтэйгээ урам сэргээм юм ярьж, судлах хэвшилтэй байж, итгэмжит боолын зөвлөгөөг ажил хэрэг болгож, хүрч болох зорилго тавиарай. Хамгийн гол нь, Бурхан өөрийнхөө Гэрч танд сайн мэдээ дэлгэрүүлэх агуу завшаан өгснийг бүү мартаарай (Ис. 43:10). Дэлгэрүүлэх ажлаа цаг ямагт идэвх зүтгэлтэй хийдэг бол та баяр баяслаар үргэлж бялхана!