Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Цайны газар хайраар бялхаж байсан

Цайны газар хайраар бялхаж байсан

ЕХОВАГИЙН үйлчлэгчдийн хувьд чуулганд сууж, Бурхныхаа үгийг сонсох нь баярт явдал мөн. Нэгэн үе чуулганд ирэгсдэд үдийн хоол өгдөг байжээ. Энэ нь баяр дээр баяр нэмдэг байв.

Библи Судлаачид 1919 оны 9 дүгээр сард АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнтод 8 өдрийн чуулган зохиожээ. Ирсэн зочдыг буудалд байрлуулж, хоол ундаар хангасан байна. Гэтэл тооцоолсноос хавьгүй олон хүн ирж ачаалал ихэссэнээс болоод зөөгчид ажлаа хаяад явчихав. Аргаа барсан менежер чуулганд ирсэн залуучуудаас тусламж хүсэхэд олон хүн дуртайяа тусалжээ. Тэдний нэг Сэйди Грийн: «Би анх удаа зөөгч хийж үзсэн. Их хөгжилтэй байсан» гэж дурсжээ.

Сьерра-Леоне, 1982 он

Түүнээс хойш чуулганы цайны газар ажиллаж ах дүүстээ сайн дураараа үйлчлэх боломж өдий төдий хүнд нээгдсэн юм. Үүний үрээр итгэл нэгтнүүдтэйгээ хамт ажиллаад сүнслэг зорилго тавьсан залуучууд олон байв. 1937 онд болсон чуулганы үеэр цайны газар ажилласан Гладис Боолтон: «Би янз бүрийн газраас ирсэн хүмүүстэй уулзаж бэрхшээлээ яаж давсныг нь сонссон. Тэгээд эхлэгч болъё гэж бодсон» гэж ярьсан юм.

Чуулганд ирсэн Бюла Кови: «Сайн дурынхан ажлаа гялалзтал хийж байсан» гэжээ. Гэхдээ цайны газрын ажил амаргүй байлаа. Жишээ нь 1969 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотын Доожер цэнгэлдэх хүрээлэнд болсон чуулганд зориулан 400 метрийн урттай суваг ухаж, хийн түлшний шугам явуулаад гал тогоотой холбожээ. Анжело Манера уг чуулганд суухаар ирээд цайны газрыг хариуцах болсноо мэдсэн гэдэг. Тэрбээр: «Би бүр балмагдаж орхисон!» хэмээн ний нуугүй хэлжээ.

Германы Франкфурт хот, 1951 он

1982 оны Сьерра-Леонегийн чуулганд оролцсон сайн дурынхан цэвэрлэгээ хийснийхээ дараа гарын доорх материалаар цайны газар барьсан гэдэг. 1951 онд Германы Франкфуртад сэргэлэн ах нар уурын тэрэг түрээсэлж аваад хоолны 40 тогоог уураар ажиллуулсан байна. Цайны газрынхан цагт 30 000 таваг хоолоор үйлчилж байв. Чуулганд ирэгсэд аяга таваг угаах тасгийн 576 ажилчны ачааг хөнгөлөхөөр халбага сэрээгээ авч иржээ. Мьянмарын Янгонд тогооч нар олон улсаас ирсэн төлөөлөгчдийг бодоод халуун ногоо багатай хоолоор үйлчилжээ.

«ЗОГСООГООРОО ИДДЭГ ЮМ БАЙНА»

1950 онд АНУ-д болсон чуулганы өдөр Ани Погенси хоолонд дугаарлан зогсож байхдаа хоёр Гэрчийн яриаг сонсоод сэтгэл нь хөдөлжээ. Тэрбээр: «Би Европоос усан онгоцоор ирсэн тэр хоёр эгчийн ярианы амтанд орчихсон байлаа» гэжээ. Чуулганд ирэхэд нь Ехова яаж тусалсныг ярилцаж байжээ. «Тэнд байсан хүмүүсээс хамгийн жаргалтай нь тэр хоёр эгч байлаа. Бүгчим халуунд урт дараалалд зогсохыг юман чинээ бодсон шинжгүй харагдсан» гэж Ани дурссан.

Өмнөд Солонгосын Сөүл хот, 1963 он

Том чуулганы үеэр асар барьж цайны газар болгоод, өндөр ширээ эгнүүлж тавьдаг байлаа. Хүмүүс ард нь зогсож хоолоо хурдхан идээд дараагийнхаа хүмүүст зай тавьж өгдөг байв. Олон мянган хүнийг хооллохын тулд ингэхээс өөр яах ч билээ? Гэрч биш нэг хүн: «Ямар сонин шашин бэ! Хүмүүс нь хоолоо зогсоогоороо иддэг юм байна» гэжээ.

Зохион байгуулалт сайтайг нь хараад албаны хүмүүс биширчээ. АНУ-ын армийн нэг дарга Янки цэнгэлдэхийн дэргэдэх манай цайны газрыг үзсэн байна. Тэгээд Британийн армийн хошууч Фолкнерт тийм газрыг үзэхийг зөвлөжээ. Тэр хошууч 1955 онд Английн Твикенхамд болсон «Яруу алдарт Хаанчлал» сэдэвтэй чуулганд эхнэртэйгээ очоод цайны газар хайраар бялхаж байгааг харснаа хэлсэн гэдэг.

Чуулганд ирэгсдэд шим тэжээлтэй, хямд төсөр хоолоор хэдэн арван жил үйлчилсэн. Гэхдээ сайн дурынхан энэ амаргүй ажлыг олон цагаар хийгээд хөтөлбөрөө бүгдийг нь сонсож чаддаггүй байв. 1970-аад оны сүүлээс цайны газрын ажлыг хөнгөвчилж эхэлсэн байна. 1995 оноос эхлээд хүмүүс хоолоо өөрсдөө авч ирдэг болсноор цайны газрыг ажиллуулах шаардлагагүй болсон. Үүний дүнд итгэл нэгтнүүдтэйгээ хамт суугаад чуулганы хөтөлбөрийг эхнээс нь дуустал нь сонсох боломж илүү олон хүнд нээгдсэн юм. *

Ах дүүсийнхээ төлөө тийнхүү нөр их хөдөлмөрлөж байсан хүмүүсийг Ехова өндөр үнэлдэг нь лавтай. Зарим хүн тэр сайхан үеэ үгүйлдэг байж мэдэх юм. Гэхдээ чуулган одоо ч хайраар бялхсан, баярт үйл явдал хэвээрээ байна (Иох. 13:34, 35).

^ д/м 12 Чуулганы бусад тасагт сайн дураараа туслах боломж одоо ч бий.