Skip to content

Гарчиг руу орох

Амьдрал яагаад утга учиргүй мэт санагддаг вэ?

Амьдрал яагаад утга учиргүй мэт санагддаг вэ?

Амьдрал яагаад утга учиргүй мэт санагддаг вэ?

СОЛОМОН хааны хэлснээр «сүүдэр мэт» өнгөрдөг хүний «утгагүй амьдрал» хэзээ нэгэн цагт утга учиртай болно гэж итгэх ямар үндэс байна вэ? (Номлогчийн үгс 6:12). Бурхны Үг буюу мэдээллийн найдвартай эх сурвалж Библи ирээдүйд амьдрал үнэхээр утга учиртай болохыг амладаг (2 Тимот 3:16, 17).

Бурхан дэлхийн талаар анх ямар санаа зорилготой байсныг Библид бичсэн байдаг. Бас хүний нийгэм шударга бус явдал, дарлал мөлжлөг, зовлон бэрхшээлээр дүүрсний учрыг тайлбарладаг. Эдгээрийн учрыг мэдэх нь яагаад чухал бэ? Хүмүүс дэлхий болон хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг мэддэггүй нь эсвэл мэдэхгүй байхаар шийддэг нь амьдрал огтхон ч утга учиргүй мэт санагдах нэг гол шалтгаан юм.

Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго

Ехова Бурхан * дэлхийг диваажин байхаар бүтээжээ. Өөрөөр хэлбэл, төгс хүн жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун, аз жаргалтай, үүрд мөнх амьдрах газар байх учиртай байв. Гэтэл олон хүн Бурхан хүн төрөлхтнийг сорьж туршаад сүнсэн ертөнцөд утга учиртай амьдрах эрх олгох эсэхээ шийдэх туршилтын талбар болгон дэлхийг бүтээсэн гэж итгэдэг нь Библийн үндэслэлгүй бөгөөд үнэнд нийцдэггүй ( «Утга учиртай амьдрахын тулд тэнгэрт гарах ёстой гэж үү?» гэдэг хавсралтыг 6-р хуудаснаас үзнэ үү).

Бурхан анхны эрэгтэй эмэгтэй хүнийг өөрийнхөө дүр төрхийн дагуу буюу олон сайхан зан чанарыг нь илэрхийлэх чадвартай бүтээсэн (Эхлэл 1:26, 27). Тэд төгс хүмүүс байв. Бурхан тэдэнд үр бүтээлтэй, утга учиртай, үүрд мөнх амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг өгсөн. Бурхны санаа зорилгоор бол хүмүүс дэлхийг дүүргэж, дээр нь байгаа бүхнийг захирч, дэлхийг бүхэлд нь Еден цэцэрлэг шиг диваажин болгон хувиргах учиртай байлаа (Эхлэл 1:28–31; 2:8, 9).

Юу буруу эргэсэн бэ?

Ямар нэг юм буруу эргэсэн нь тодорхой. Хүн төрөлхтөн Бурхны зан чанарыг илэрхийлэхээ бараг больсон. Дэлхий маань диваажин биш байна. Юу болсон юм бол? Бидний өвөг дээдэс Адам Ева хоёр сонгох эрх чөлөөгөө буруу эдэлжээ. Тэд «Бурхан шиг» болж, «сайн мууг» өөрсдөө шийдэхийг хүссэн аж. Ийнхүү Бурхны эсрэг босоод байсан Сатан Диаволын тэрс явдалд нэгджээ (Эхлэл 3:1–6).

Тэгэхлээр, муу муухай явдал бол Бурхны урьдаас төлөвлөсөн учир битүүлэг юм биш. Харин эхлээд Сатан, дараа нь Адам Ева хоёр Бурхны эрх мэдлийг эсэргүүцсэнээс үүдсэн юм. Адам Ева хоёр самуун дэгдээснийхээ уршгаар төгс байдал, Диваажин гэрээ алдаж, нүгэлтэй болж эцэстээ үхжээ. Үүгээр зогсохгүй үр удамдаа буюу бүх хүн төрөлхтөнд нүгэл, үхлийг өвлүүлсэн (Эхлэл 3:17–19; Ром 5:12). Эдүгээ хүмүүс нүгэл, үхлийн үр дагаврыг үзэж туулдгаас амьдрал ямар ч утга учиргүй мэт санагддаг.

Муу муухай явдлыг яагаад тэр дор нь арилгаагүй вэ?

Бурхан яагаад самуун дэгдээсэн Сатан болон бусад этгээдийг шууд устгаад бүхнийг шинээр эхлээгүй юм бол гэж олон хүн боддог. Ингэх нь үнэхээр ухаалаг хэрэг мөн үү? Эрх мэдлийг нь эсэргүүцсэн хэнийг ч болов шууд устгачихдаг хүчирхэг засгийн газар байна гэвэл танд ямар санагдах вэ? Иймэрхүү үйлдлээс нь болж үнэнч шударга хүмүүс засгийн газраас холдож хөндийрөн, зөв бурууг тогтоох хэм хэмжээнд нь эргэлзэнэ биз дээ?

Бурхан самуун дэгдээсэн этгээдүүдийг тэр даруй устгахгүй байхаар шийдсэн. Захирах арга нь зөв эсэх талаарх Еденд дэгдсэн маргаантай асуудлыг бүрмөсөн шийдэхийн тулд хугацаа олгосон нь ухаалаг хэрэг байв.

Муу муухай бүхнийг арилгана

Бидний санаж явах ёстой нэг чухал зүйл бол Бурхан ёс бус явдлыг үүрд байлгахгүй. Тэрбээр захирах арга нь зөв эсэх талаарх маргаантай асуудлыг шийдчихээд самуун явдлаас үүдсэн гашуун үр дагаврыг арилгаж чадахаа мэдэж байсан учир ёс бусыг түр хугацаагаар хүлцэн зөвшөөрсөн юм.

Бурхан дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо мартаагүй. Ехова «газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн» Нэгэн гэдгээ зөнч Исаиагаар дамжуулан мэдэгдсэн (Исаиа 45:18). Тэрбээр удахгүй анхны санаа зорилгынхоо дагуу дэлхийг диваажин болгоно. Бурхан зөв захирдаг гэдгээ хөдөлгөөнгүй нотолсны дараа хүсэл тааллаа биелүүлж, ёс бусыг бүрмөсөн арилгахад агуу хүчээ зориулна (Исаиа 55:10, 11). Бурхан энэ алхмыг хийгээсэй гэж залбирч байхыг Есүс Христ захисан. Тэрбээр: «Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээн залбирч байхыг заажээ (Матай 6:9, 10). Тэгвэл Бурхны хүсэл таалал гэж юу вэ?

Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго

Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго биелэхэд «даруу хүн газар нутгийг өвлөнө» (Дуулал 37:9–11, 29; Сургаалт үгс 2:21, 22). Есүс Христ «гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, мөн дарлагдагчийг» аварна. Тэрбээр хүмүүсийг «дарамт ба хүчирхийллээс» аварна (Дуулал 72:12–14). Дайн дажин дахин хэзээ ч гарахгүй. Үхэл хагацал, уй гашуу, өвчин эмгэг, зовлон бэрхшээл үгүй болно (Дуулал 46:9; Илчлэлт 21:1–4). Бурхан муу муухай явдлыг тэвчиж буй энэ үед нас барсан олон тэрбум хүн дэлхий дээр амилж, ирээдүйд арвин их ивээл хүртэнэ (Иохан 5:28, 29).

Ехова Сатаны дэгдээсэн самуун явдлын хор уршгийг бүрмөсөн арилгана. Тэр цагт «урьдын юмс [өнөөгийн зовлон зүдүүр, уй гашуу авчирдаг бүхэн] санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» (Исаиа 65:16–19). Энэ бол Бурхны амлалт бөгөөд тэрбээр худал хэлдэггүй. Бурхан амласан бүхнээ биелүүлдэг. Хүн одоогийнх шиг «утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил» амьдрахгүй (Номлогчийн үгс 2:17). Хүний амьдрал жинхэнэ ёсоор утга учиртай болно.

Тэгвэл өнөөдрийн тухайд юу хэлж болох вэ? Библийн сургаалыг, дэлхийн талаарх Бурхны санаа зорилгыг мэдэж авбал одоо ч утга учиртай амьдрах арга байдаг болов уу? Энэ асуултын хариуг цуврал өгүүллийн сүүлийн хэсгээс мэдэж аваарай.

[Зүүлт]

^ Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.

[6-р хуудасны хавсралт]

 Утга учиртай амьдрахын тулд тэнгэрт гарах ёстой гэж үү?

Дэлхийн талаарх Бурхны санаа зорилгыг мэддэггүй хүмүүс жинхэнэ ёсоор утга учиртай амьдрахын тулд хүн тэнгэрт гарах ёстой гэж олон зууны өмнөөс номлож ирсэн.

Зарим хүн сүнсийг «хүний биед орохоосоо өмнө дээд төрөлд оршдог» гэж үздэг байв («New Dictionary of Theology»). Харин зарим хүнийхээр бол сүнс «тэнгэрийн оронд үйлдсэн гэм нүглийнхээ шийтгэлд хүний биед хоригддог» аж («Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature»).

Сократ Платон нарын Грекийн гүн ухаантнуудын сургаснаар, сүнс хүний мөхөс махан биеэс гарч байж л «тэнэмэл амьдрал, бодлогогүй үйлдэл, айдас хүйдсээс чөлөөлөгдөж, ой гутам хүсэл тачаал болон хүнийг эзэмддэг муу муухай бүхнээс ангижирч», «өнө мөнхөд бурхдын дунд» орших аж («Plato’s Phaedo, 81, A»).

Хожим нь христ шашны удирдагч гэгдэх хүмүүс Грекийн гүн ухаантнуудын дэвшүүлсэн «үхэшгүй мөнхийн сүнсний талаарх таамаглалыг» сургаалдаа нэвтрүүлжээ («Christianity—A Global History»).

Дээрх ойлголтыг Библийн үндсэн сургаалтай харьцуулж үзнэ үү.

1. Бурхны санаа зорилгын дагуу дэлхий бол хүн төрөлхтөн мөнх амьдрах газар болохоос бус, хүн тэнгэрт амьдрахад зохистой эсэхээ шалгуулах туршилтын талбар биш ээ. Адам Ева хоёр Бурхны хуулийг зөрчөөгүй бол диваажин дэлхийд амьдарч байх байсан (Эхлэл 1:27, 28; Дуулал 115:16).

2. Ихэнх шашин хүнд сүнс буюу хүнийг үхэхэд биеэс нь гарч үргэлжлэн амьдардаг үл үзэгдэх ямар нэгэн юм байдаг хэмээн сургадаг. Харин Библид үхсэн хүн «юу ч мэддэггүй» гэж байдаг (Номлогчийн үгс 9:5, 10). Тэгэхлээр, хүнд үхэшгүй мөнхийн сүнс гэж байдаггүй нь тодорхой. Анхны хүн Адам үхсэн гэдэг нь өөрийг нь бүтээсэн газар шороонд буцаж очсон хэрэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр оршин байхаа больсон (Эхлэл 2:17; 3:19).

3. Бидний ирээдүй хүнийг үхэхэд биеэс нь гарч, тэнгэрт очдог үхэшгүй мөнхийн сүнснээс бус, нас барагсдыг диваажин дэлхийд амилуулахаа амласан Бурхнаас шалтгаална (Даниел 12:13; Иохан 11:24–26; Үйлс 24:15).