Skip to content

Гарчиг руу орох

Бурхан аль нэг үндэстэн юм уу арьсны өнгийг бусдаас нь илүүд үздэг үү?

Бурхан аль нэг үндэстэн юм уу арьсны өнгийг бусдаас нь илүүд үздэг үү?

Уншигчдын асуулт

Бурхан аль нэг үндэстэн юм уу арьсны өнгийг бусдаас нь илүүд үздэг үү?

▪ Үгүй ээ. Библид: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гэж тодорхой бичсэн байдаг (Үйлс 10:34, 35).

Энэ асуудалд Бурхан төгс бус хүнээс огт өөрөөр ханддаг. Олон хүн нэг үндэстэн юм уу арьсны өнгийг (ихэнхдээ өөрийнхөө) илүү гэж боддог. Энэ үзэл нь «Ирээдүйд нэгэн цагт ... соёл иргэншилт үндэстнүүд зэрлэг бүдүүлэг үндэстнүүдийг бараг тэр чигээр нь устгаж, ноёлно» гэж бичсэн Чарльз Дарвины үзлийг тусгадаг. Арьсны өнгөөрөө бусдаас илүү гэж үздэг хүмүүсээс болж олон хүн зовж шаналсан нь харамсалтай.

Аль нэг үндэстэн юм уу арьсны өнгийг бусдаас нь илүү гэж үзэх нь хэр зэрэг үндэслэлтэй вэ? Жишээлбэл, зарим үндэстэн бусдаасаа ген сайтай байдаг гэж шинжлэх ухаан баталсан уу? Оксфордын их сургуулийн профессор, ген судлаач эрдэмтэн Брайн Сайкс: «Генийн талаас үзвэл арьсны өнгө юм уу үндэстэн ястнаар нь нарийн ялгаж хуваах үндэс байдаггүй. . . . Грек ДНХ эсвэл итали ген гэж байдаг уу гэж олон хүн надаас асуудаг. Мэдээж тийм юм байдаггүй. ... Хүмүүс олон юмаараа адилхан» хэмээн хэлжээ.

Шинжлэх ухааны энэ тайлбар Библид бичсэнтэй тохирдог. Бурхан ердөө ганц эрэгтэй, ганц эмэгтэй хүнийг бүтээж, тэднээс хүн төрөлхтөн гарсан тухай Библид бичсэн байдаг (Эхлэл 3:20; Үйлс 17:26). Бурхан арьсны өнгө юм уу үндэстнээр нь хүнийг ялгаварладаггүй.

Ехова хүний арьсны өнгө, гадаад төрхийг чухалд үздэггүй. Харин бэлгэдлийн зүрх буюу дотор хүнийг хамгийн чухалд тооцдог. Тэрбээр: «Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг» гэж хэлсэн (1 Самуел 16:7). Энэ үг бидэнд урам хайрладаг. Ингэж хэлэхийн учир юу вэ?

Арьсныхаа өнгөнөөс үл хамааран, царай зүсэндээ сэтгэл дундуур явдаг хүн олон. Царай зүсээ өөрчлөх бараг боломжгүй. Харин түүнээс илүү чухал зүйл буюу үзэл бодлоо өөрчлөх боломжтой (Колоссай 3:9–11). Өөрийгөө шударгаар шалгаж үзээд бусад үндэстнээс бага ч болов дээгүүр тавьдгаа эсвэл дорд үздэгээ ухаарч болох юм. Ийм үзлийн аль нь ч Бурхны үзэл бодолд нийцдэггүй. Тиймээс энэ үзлээ бүрмөсөн хаяхын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй (Дуулал 139:23, 24).

Өөртөө болон бусдад Еховагийн үзэл бодлоор хандаж байхыг хичээвэл Ехова бидэнд заавал тусална. Бурхны Үгэнд: «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг» гэж байдаг (Шастирын дэд 16:9). Бурхан арьсны өнгө, үндэстнээр нь ялгалгүй хэнийг ч дэмжихэд бэлэн.