Skip to content

Гарчиг руу орох

ТАНЫ АСУУЛТАД ХАРИУЛЪЯ

Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? (2-р хэсэг)

Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? (2-р хэсэг)

Еховагийн Гэрчүүд хүмүүсийн асуултад хэрхэн хариулдгийг дараах харилцан яриагаар жишээ болгон сонирхуулъя. Еховагийн Гэрч Ганбаатар, Мөнх-Эрдэнэ гэдэг хүний гэрт иржээ гэж бодъё.

НЕБУХАДНЕЗАРЫН ЗҮҮДНИЙ ТУХАЙ ТОВЧ ДАВТЪЯ

Ганбаатар: Сайн байна уу? Мөнх-Эрдэнэ ах аа. Тантай долоо хоног бүр ингэж уулзаад Библийн тухай ярих сайхан байна. * Танаар сонин сайхан юу байна даа?

Мөнх-Эрдэнэ: Юмгүй тайван.

Ганбаатар: Түрүүчийн удаа хоёулаа, 1914 онд Бурхны Хаанчлал байгуулагдсан гэдэгт Еховагийн Гэрчүүд бид яагаад итгэдэг тухай ярилцсан. * Гол нотолгоо нь Библийн «Даниел» номын 4-р бүлэгт байдгийг үзсэн. Тэр бүлэгт юун тухай гардгийг та санаж байна уу?

Мөнх-Эрдэнэ: Небухаднезар хааны зүүдэлсэн том модны тухай гардаг.

Ганбаатар: Тийм, яг зөв. Небухаднезар зүүдэндээ тэнгэрт тулам өндөр мод зүүдэлдэг. Тэгээд модыг цавчиж унага, хожуулыг нь үндэстэй нь хамт газар үлдээ гэж Бурхны элчийн хэлэхийг сонсдог. Долоон цаг үе өнгөрсний дараа мод дахин ургадаг. * Энэ зөгнөл хоёр удаа биелэх ёстойн учрыг та бид хоёр ярьсан. Анх яаж биелсэн билээ?

Мөнх-Эрдэнэ: Небухаднезар долоон жил эрүүл ухаангүй байсан.

Ганбаатар: Зүйтэй. Небухаднезар хаан хэсэг хугацаанд эрүүл ухаанаа алдсан болохоор засаглал нь завсарладаг. Бурхны засаглал завсарлаад долоон цаг үеийг өнгөрөөж энэ зөгнөл өргөн хүрээнд биелсэн. МЭӨ 607 онд Иерусалимыг устгагдахад долоон цаг үе эхэлсэн. Тэр үеэс эхлээд нэг ч хаан Ехова Бурхныг төлөөлж ард түмнийг нь захираагүй. Гэхдээ долоон цаг үеийг төгсөхөд Бурхан ард түмнээ захируулах нэгэн шинэ Захирагчийг томилсон. Өөрөөр хэлбэл, долоон цаг үеийн төгсгөл нь Бурхны Хаанчлал захирч эхэлснийг илтгэдэг. Долоон цаг үе хэдийд эхэлснийг хоёулаа ярьсан. Хэр удаан үргэлжилснийг нь бодоод олчихвол Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн нь тодорхой болно гэж ярьсан шүү дээ.

Мөнх-Эрдэнэ: Аан нээрээ тийм. Одоо саналаа.

Ганбаатар: За тэгвэл, долоон цаг үе хэр удаан үргэлжилснийг ярилцъя. Би энэ сэдвээр судалгаа хийгээд ирлээ. Танд чадахаараа тайлбарлахыг хичээе.

Мөнх-Эрдэнэ: За.

ДОЛООН ЦАГ ҮЕ ДУУСАЖ, ЭЦСИЙН ӨДРҮҮД ЭХЭЛСЭН НЬ

Ганбаатар: Энэ зөгнөл Небухаднезар дээр эхний удаа биелэхэд долоон цаг үе нь долоон жил байсан. Гэхдээ Бурхны Хаанчлалд хамаатай, өргөн утгаар биелэхэд долоон цаг үе нь долоогоос олон жил байх ёстой.

Мөнх-Эрдэнэ: Ингэж үзэх ямар үндэс байна аа?

Ганбаатар: Иерусалимыг МЭӨ 607 онд устгагдахад долоон цаг үе эхэлсэн шүү дээ. Энэ оноос эхлээд долоон жилийг тооцвол МЭӨ 600 он болно. Гэхдээ тэр жил ямар ч онцгой юм болоогүй. Бас, хэдэн зууны дараа, Есүсийг дэлхий дээр байх үед долоон цаг үе үргэлжилж байсан гэж түрүүчийн удаа хоёулаа ярьсан.

Мөнх-Эрдэнэ: Нээрээ тийм л дээ.

Ганбаатар: Тэгэхлээр долоон цаг үе гэдэг нь долоон жил биш, илүү урт хугацаа гэсэн үг.

Мөнх-Эрдэнэ: Хэр урт хугацаа юм бол?

Ганбаатар: «Даниел» номтой холбоотой «Илчлэлт» номд долоон цаг үе хэр удаан үргэлжлэх тухай гардаг. Энэ номд гурав ба хагас үе нь 1 260 хоногтой тэнцүү гэж байдаг. * Тэгэхлээр гурав ба хагас үе нь 1 260-тай тэнцдэг юм бол гурав ба хагас үеийг хоёроор үржүүлээд долоон цаг үе нь 2 520 өдөр болно. Ойлгомжтой байна уу?

Мөнх-Эрдэнэ: Ойлгож байна аа. Гэхдээ энэ чинь Бурхны Хаанчлал 1914 онд захирч эхэлсэнтэй ямар холбоотой юм бэ?

Ганбаатар: Ямар холбоотойг нь одоо ярилцъя. Библийн зарим зүйлд нэг өдрийг нэг жил гэсэн байдаг. * Нэг өдрийг нэг жилээр бодвол долоон цаг үе нь 2 520 жилтэй тэнцэнэ. МЭӨ 607 оноос хойш 2 520 жилийг тооцвол 1914 он болно. * Тэр жил долоон цаг үе дуусаж, Есүс, Бурхны Хаанчлалын Хаан болж захирч эхэлсэн. 1914 оноос хойш эцсийн өдрүүд эхэлж Библид зөгнөсөн ёсоор том том үйл явдал болсон.

Мөнх-Эрдэнэ: Ямар, ямар үйл явдал болсон гэж?

Ганбаатар: Матай 24:7-д Есүс юу гэж хэлснийг ярилцъя. Есүс захирч эхлэх үеийнхээ тухай ингэж хэлсэн: «Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно». Өлсгөлөн, газар хөдлөлт болно гэж хэлсэн байгаа биз. Өнгөрсөн зуунд дэлхий дахинд ийм гамшиг их болсон.

Мөнх-Эрдэнэ: Тийм шүү.

Ганбаатар: Бас Хаанчлалын Хаан болоод захирч байхад нь дайн болно гэж бичсэн байна. «Илчлэлт» номд, иргэний дайн биш, дэлхий дахиныг хамарсан дайн төгсгөлийн цаг үед болно гэж зөгнөсөн байна. * Дэлхийн нэгдүгээр дайн хэзээ болсон билээ?

Мөнх-Эрдэнэ: 1914 онд. Яг чиний хэлээд байгаа, Есүсийг захирч эхэлдэг жил юм байна шүү дээ. Би урьд нь ингэж холбож бодож байгаагүй юм байна.

Ганбаатар: Долоон цаг үеийн тухай зөгнөл болон эцсийн өдрүүдийн тухай зөгнөлүүд хоорондоо холбоотой байгаа биз. Есүс 1914 онд Бурхны Хаанчлалын Хаан болсон, бас тэр жил эцсийн өдрүүд эхэлсэн гэдэгт Еховагийн Гэрчүүд бид итгэдэг. *

Мөнх-Эрдэнэ: Бүгдийг нь сайн ойлгоход хэцүү л юм.

Ганбаатар: Таныг ойлгож байна аа. Би ч гэсэн энэ бүгдийг шууд нэг дор ойлгочихоогүй. Ямар ч байсан, Библид 1914 он гэж байдаггүй ч Еховагийн Гэрчүүдийн итгэж үнэмшдэг зүйл Библид үндэслэдэг гэдгийг та ойлгосон байх аа.

Мөнх-Эрдэнэ: Тийм шүү. Та нар юу ч ярьсан, дандаа Библиэс хариулдгийг би үнэхээр биширдэг. Санаанаасаа зохиож ярьдаггүй. Гэхдээ Бурхан яагаад зүгээр шууд, Есүс 1914 онд захирч эхэлнэ гээд Библид бичүүлчихэж болоогүй юм бэ?

Ганбаатар: Та их бодууштай, зөв асуулт тавилаа. Библид шууд биччихээгүй юм олон байдаг. Библийг ойлгоход яагаад ингэж хүчин чармайлт гаргах хэрэгтэй байдаг тухай дараа ярилцъя.

Мөнх-Эрдэнэ: За, тэгье.

Танд Библийн холбогдолтой асуулт байдаг уу? Та Еховагийн Гэрчүүдийг юунд итгэдэг юм бол гэж боддог уу? Дараа Гэрчүүдтэй уулзахдаа нэрэлхэлгүй асуугаарай. Тэд таны асуултад дуртайяа хариулна.

^ д/м 5 Еховагийн Гэрчүүд Библийг системтэй, үнэ төлбөргүй заадаг.

^ д/м 7 Энэ сэтгүүлийн 2014 оны 10–12-р сарын дугаарын «Таны асуултад хариулъя—Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? 1-р хэсэг» гэсэн гарчигтай өгүүллийг үзнэ үү.

^ д/м 9 Даниел 4:23–25.

^ д/м 22 Илчлэлт 12:6, 14-ийг үзнэ үү.

^ д/м 24 Тооллого 14:34; Езекиел 4:6-г үзнэ үү.

^ д/м 24 «Небухаднезарын зүүдэлсэн мод» гэсэн хүснэгтийг үзнэ үү.

^ д/м 28 Илчлэлт 6:4-ийг үзнэ үү.

^ д/м 30 Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 9-р бүлгээс үзнэ үү. www.ps8318.com/mn сайтаас татаж авах боломжтой.