Skip to content

Гарчиг руу орох

«Гэрэлтүүлэгч» хөлөг үнэний гэрлийг түгээсэн нь

«Гэрэлтүүлэгч» хөлөг үнэний гэрлийг түгээсэн нь

 1930-аад оны эхэнд Индонез, Малайз, одоогийн Папуа Шинэ Гвинейн оршин суугчдын дийлэнх нь Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлдэг мэдээг хараахан сонсоогүй байв. Эдгээр улсад сайн мэдээг хэрхэн хүргэсэн бол? Австрали салбар (одоогийн Австралази салбар) 16 метрийн урттай, 2 шурагтай дарвуул бүхий моторт завь худалдан авчээ. Эхлэгчдээс a бүрдсэн баг алс холын нутгуудад үнэний гэрлийг түгээх гэж байсан учраас завиа «Гэрэлтүүлэгч» гэж нэрлэв (Матай 5:14–16).

Шинэ Гвиней

 1935 оны 2 дугаар сард долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Австралийн зүүн эрэг дэх Сидней хотоос хойд зүгт, Шинэ Гвиней улсын Порт-Морсби хотыг зорин хөдөлжээ. Зам зуураа загас барьж явснаас гадна түлш авах, хүнс нөөцлөх, завиндаа засвар хийхээр нэлээд хэдэн боомтод зогссон байна. 1935 оны 4 дүгээр сарын 10-нд Квийнслэндийн Күүктаунаас хөдлөв. Тэд аюул осол ихтэй Их Шүрэн Далангаар явахдаа завиныхаа хөдөлгүүрийг ажиллуулжээ. Гэтэл хөдөлгүүр нь хачин дуугараад байсан тул арга буюу унтраав. Одоо яах вэ? Замаасаа буцах уу эсвэл Шинэ Гвиней рүү залуурдах уу? Ахмад Эрик Юүинсийн хэлснээр хэн ч буцахыг хүсээгүй ажээ. Ингээд «Гэрэлтүүлэгч» маань урагш давшсаар 1935 оны 4 дүгээр сарын 28-нд Порт-Морсби хотод эсэн мэнд хүрчээ.

«Гэрэлтүүлэгч» хөлгийн баг (зүүнээс баруун): Виллиам Хантер, Чарлз Харрис, Алан Бакнелл (урд), Алфред Роу, Фрэнк Дьюар, Эрик Юүинс, Ричард Натли.

 Засварчин хөдөлгүүрийг нь засах зуур Фрэнк Дьюараас бусад нь Порт-Морсбид сайн мэдээгээ дэлгэрүүлэв. «Дайчин эхлэгч» гэж нэгнийх нь нэрлэсэн Фрэнк: «Би баахан ном аваад арлын гүн рүү 30 юм уу түүнээс ч олон километр явган явахдаа тэндхийн хүмүүст дэлгэрүүлсэн» гэж ярьжээ. Тэрбээр өөр замаар буцахдаа матартай жижигхэн голыг гаталсан байна. Болгоомжтой явсан тулдаа эсэн мэнд буцаж иржээ. Багийнхны гаргасан хичээл зүтгэл талаар болсонгүй. Тэднээс ном хэвлэл авсан зарим хүн хожим нь Еховагийн Гэрч болжээ.

Ява

 Хөдөлгүүрийг засаж дуусахад «Гэрэлтүүлэгч» хөлөг Порт-Морсбигоос хөдөлж, Нидерландын Дорно Энэтхэгийн (одоо ихэнх хэсэг нь Индонез улсынх) Ява арлыг зорьжээ. Хоол хүнс, түлш нөөцлөхөөр нэлээд хэдэн удаа зогссоны эцэст 1935 оны 7 дугаар сарын 15-нд Батавиа (одоогийн Жакарта) хотод буудаллав.

 Тэнд очоод багийн гишүүн Чарлз Харрис хөлгөө орхин Ява арал дээр үлдэхээр шийджээ. Тэрбээр энэ аралд сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсэн юм. «Тэр үед манай Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэлийг нэг хотод тарааж дуусахаараа дараагийн хотод очиж дэлгэрүүлдэг байлаа. Би араб, хятад, нидерланд, англи, индонез хэлээр гарсан хэвлэл авч явдаг байв. Хүмүүс хэвлэлийг маань дуртайяа авна. Би жилийн дотор 17 000 ширхгийг тараасан» гэж Чарлз ярьсан байдаг.

Бүх дарвуулаа дэлгэсэн «Гэрэлтүүлэгч» хөлөг

 Хичээл зүтгэлтэй Чарлз Нидерландын эрх баригчдын анхаарлыг татжээ. Нэг удаа албаны хүн Явад дэлгэрүүлж байсан Гэрчээс Явагийн зүүн хэсэгт хэдэн Гэрч байгааг асуужээ. Тэнд Чарлз дэлгэрүүлж байжээ. Мөнөөх Гэрч: «Ганцхан» гэж хариулав. Албаны хүн: «Чи намайг итгэнэ гэж бодоо юу?» хэмээн сүржигнэснээ, «Хэвлэл тараасан байдлыг харахад тэнд танайхны бүхэл бүтэн арми байх шиг байна» гэсэн гэдэг.

Сингапур ба Малайз

 «Гэрэлтүүлэгч» хөлөг Индонезээс гарч, Сингапурт 8 дугаар сарын 7-нд очив. Ах нар зогсоолуудад зогсох бүрдээ завиныхаа өсгөгч болон чанга яригчаар илтгэлийн бичлэг сонсгож байлаа. Сайн мэдээ тунхаглах энэ арга олны анхаарлыг татсан юм. Сингапурын нэг сонинд «Лхагва гаргийн орой чанга дуу усан дээгүүр нүргэлэв» гээд цааш нь «Энэ бол Австралиас Сингапурт ирсэн цагаасаа “Харуулын цамхаг”-ийн нэвтрүүлгийг дамжуулж буй “Гэрэлтүүлэгч” хөлгөөс сонсогдсон онцгой илтгэл байлаа» хэмээн бичжээ (Singapore Free Press). Мөн «Тэнгэр сайхан байхад тийм нэвтрүүлэг гурав дөрвөн километрийн зайд тод сонсогддог» гэсэн байна.

 «Гэрэлтүүлэгч»-ийг Сингапурт зогсож байх үед Фрэнк Дьюар шинэ томилолт авчээ. Тэрбээр хөлгөө орхисон тухайгаа дурсахдаа «Бид Сингапурт байхдаа завин дээрээ амьдрангаа эхлэгчээр үйлчилж эхэлсэн. “Гэрэлтүүлэгч”-ийг явах болоход Эрик Юүинс: “За, Фрэнк минь, чи Сиамд (одоогийн Тайланд) дэлгэрүүлэх юм сан гээд байсан шүү дээ. Одоо ингээд зам салж дээ. Урагшаа!” гэж хэлэхэд гайхах баярлах зэрэгцэж “Гэхдээ би Сиамыг хэр хол байгааг мэдэхгүй шүү дээ” гэж бувтнасан» гэжээ. Эрик түүнд Куала-Лумпураас (одоогийн Малайзын нийслэл) галт тэргээр явж очихыг зөвлөжээ. Фрэнк ч дуулгавартай нь аргагүй Куала-Лумпурыг зорьж, тэндээсээ хэдэн сарын дараа Тайландад очсон байна.

 «Гэрэлтүүлэгч» Малайзын баруун эрэг дагуу явахдаа Жохор Бару, Муар, Малакка, Кланг, Порт-Светтенхам (одоогийн Порт-Кланг), Пенанг боомтуудад зогсжээ. Хөлгийн багийнхан боомт бүрд завиныхаа чанга яригчаар Библийн лекц сонсгож байлаа. Тэр үед Индонезид үйлчилж байсан Жин Дешамп гэдэг Гэрч эмэгтэйн хэлснээр «хүмүүсийн анхаарлыг нисдэг таваг ч тэгтлээ их татахгүй байсан байх». Багийнхан бичлэгээ сонсгочихоод завинаасаа буун, сонирхсон хүмүүст хэвлэл өгдөг байв.

Суматра

 Хөлгийнхөн Пенангаас гарч, Малаккийн хоолойгоор дамжин Суматрад (одоо Индонезийн нэг хэсэг) байдаг Меданыг чиглэн явлаа. Эрик Юүинс: «Медан мужид үнэхээр сайхан, бас сонирхолтой байсан. Сайн мэдээг нааштай хүлээж авсан хүн олон байсан» гэж дурсжээ. Ах нар тэнд 3 000 орчим хэвлэл тараасан байна.

 «Гэрэлтүүлэгч» өмнө зүгийг чиглэн хөвсөөр. Багийнхан Суматрагийн зүүн талд байдаг томоохон зогсоолуудад дэлгэрүүлж явлаа. 1936 оны 11 дүгээр сард дарвуулт завь Сингапурт буцаж ирэв. Эрик Юүинс тэндээ үлджээ. Хэдхэн 7 хоногийн дараа мань хүн Сингапурт амьдардаг Ирин Страус гэдэг Гэрч бүсгүйтэй гэрлэв. Эрик Ирин хоёр Суматрад эхлэгчээр үйлчилжээ. «Гэрэлтүүлэгч» хөлөгт шинэ ахмад хэрэгтэй болов.

Борнео

 Мэргэжлийн залуурчин Норман Сениор хөлгийн ахмад болов. Тэрбээр 1937 оны 1 дүгээр сард Сиднейгээс ирсэн ажээ. Хөлгийн баг Сингапураас хөдөлж, эхлээд Борнео, дараа нь Селебес (одоогийн Сулавеси) аралд буув. Тэнд очоод нутгийн гүн рүү 480 километр хүртэл явж эрчимтэй дэлгэрүүлжээ.

 «Гэрэлтүүлэгч»-ийг Борнео арлын Самаринда хотод ирэхэд боомтын дарга нь нутгийн хүмүүст дэлгэрүүлэхийг зөвшөөрсөнгүй. Харин Норманыг дэлгэрүүлэх ажлынхаа талаар тайлбарлахад тэр хүн бодлоо өөрчилснөөр барахгүй хэдэн хэвлэл авчээ.

 Тэндхийн нэг пастор Норманыг уриад үг хэлэхийг гуйжээ. Харин Норман өөрөө ярихын оронд пянз тоглуулагчаар таван илтгэл сонсгоход пастор ихэд таашаав. Тэр ч байтугай найзууддаа өгөхөөр хэдэн хэвлэл авчээ. Гэхдээ сүмийнхнээс нааштай хүлээж авсан нь ганцхан тэр пастор байлаа. Бусад нь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаанд таагүй ханджээ. Тэд чин зоригтой дэлгэрүүлж байсан хөлгийнхөнд уурлан хорссондоо эрх баригчдад шахалт үзүүлэн, өөр боомтуудад зогсохыг хориглох шийдвэр гаргуулсан байна.

«Гэрэлтүүлэгч»-ийн аяллын маршрут. Газрын зураг дээр тэр үеийн нэрээр тэмдэглэсэн

Австрали руу буцсан нь

 Эрх баригчид сүмийнхний шахалтаар хориг тавьсны улмаас «Гэрэлтүүлэгч» хөлөг 1937 оны 12 дугаар сард Австрали руу буцжээ. Багийнхан 1938 оны 4 дүгээр сард болох Еховагийн Гэрчүүдийн чуулганаас өмнө амжиж Сиднейд очсон байна. «Гэрэлтүүлэгч» хөлөг Сиднейгээс гараад 3 жил гаруй явжээ. Завийг 1940-өөд оны эхээр буюу Австрали дахь Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглосны дараа худалджээ. Юүинс ах: «Завь маань үүргээ сайн биелүүлсэн» гэжээ. Тэрбээр «Гэрэлтүүлэгч» завиар явж үйлчилсэн он жилүүдээ «Амьдралын минь хамгийн жаргалтай үе» гэсэн байдаг.

Үнэний гэрэл түгэн түгсээр

 «Гэрэлтүүлэгч» хөлгийн баг хүн ам олонтой өргөн уудам нутагт Хаант төрийн үрийг тарьсан. Эсэргүүцэл гарсан ч тэдний ажил аажимдаа үр дүнгээ өгсөн юм (Лук 8:11, 15). Тэр эхлэгчдийн дэлгэрүүлсэн нутгуудад одоо 40 000 гаруй дэлгэрүүлэгч байна. «Гэрэлтүүлэгч» хэмээн оновчтой нэрлэсэн завиараа хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсэн энэ зоригт эрчүүд үнэхээр гайхалтай ажил хийж, бидэнд сайхан жишээ үлдээжээ!

a Эхлэгч гэдэг нь сайн мэдээг бүрэн цагаар дэлгэрүүлдэг Еховагийн Гэрч юм.